Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0975/З |
Дугаар | 128/ШШ2024/0497 |
Огноо | 2024-06-06 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2024/0497
2024 06 06 128/ШШ2024/0497
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х*******” ХХК РД:,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Э РД:УП,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.О РД:ФБ,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.У РД:ХЗ,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хуулийн хэлтсийн шинжээч Г.Ж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хуулийн хэлтсийн хэлтсийн мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.М.
Тус шүүх хуралдаанаар “Х*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас хүчингүй болгосон нь хуульд нийцсэн эсэх талаарх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, Д.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “Х*******” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дугаар тушаалаар Налайх дүүрэг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн “Х” нэртэй газарт 8.5 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглуулахаар шийдвэрлэж ******* дугаар “Газар ашиглах эрхийн гэрчилгээ”-г олгожээ.
2. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн, 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн газрыг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр цуцалж, гэрчилгээг хүчингүй болгосон байна.
3. “Х*******” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасанд шүүх 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.
4. Нэхэмжлэгч “Х*******” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Манай компани нь Горхи Тэрэлжийн Байгалийн цогцолборт газарт хуулийн дагуу газар эзэмшиж, ашиглахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандсан ба тус яамны сайдын 2019 оны дугаар тушаалын дагуу тусгай хамгаалалттай газар нутагт 8.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар тоот гэрчилгээг гаргуулан авч тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээний дагуу газрынхаа төлбөрийг тухай бүр төлж үүргээ биелүүлж ирсэн.
Манай компани тухайн газар дээрх төслөө хэрэгжүүлэхээр эхэлж байх үед дэлхий нийтээр тархсан "Covid 19" цар тахал, хөл хорионы үе таарсан нь хугацаа алдах хамгийн том давагдашгүй хүчин зүйл болсон. Мөн тахлаас хойших эдийн засгийн болон санхүүгийн хүндрэл бэрхшээлийг даван туулж, улс орондоо аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд аялал жуулчлалын цогцолбор бүхий барилга байгууламж барихаар Тэрэлж тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу зохих төрийн байгууллагад хандан 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргуулан авч санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэн ажиллаж байх үед манай төсөл хэрэгжих газрын ашиглах эрхийг цуцалсан нь бидний хичээл зүтгэл гарган бүх тулгарч буй хүндрэлүүдийг даван туулж хийсэн ажлуудыг зогсонги байдалд оруулж, тус төсөл хэрэгжих төлөвлөгөөнд маш том хүндрэл учруулаад байна.
Мөн ашиглаж буй 8.5 га газрын зарим хэсэгт жалга болон ашиглагдахгүй газар талбай байсан тул ашиглаж буй газрынхаа кадастрын зургаа дахин боловсруулахаар хамгаалалтын захиргааны холбогдох албан тушаалтантай кадастрын зургаа хэрхэн хийх болон бусад байдлаар харьцаж гэрээний үүргээ биелүүлж ирсэн.
Гэтэл тус яамнаас Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газар ашиглаж буй аж ахуйн нэгжүүдийн газрыг цуцлах болсон тухай дам мэдээ сонсож, судлахад Горхи Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 8-р сарын 18-ны өдөр Facebook пэйж хуудсанд байршуулсныг олж мэдсэн.
Захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт гаргах, сонсох ажиллагаа явуулахдаа мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т "Хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах" гэж заасны дагуу хэрэгжүүлэх буюу мэдэгдсэнээ баримтжуулах талаар хуульчлан заасан байхад манай компанид Сонсох ажиллагааны мэдэгдлийг албан ёсооp хүргүүлээгүй.
Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 08/5684 дүгээр албан бичгээр Сайдын 2023 оны 9-р сарын 25-ны өдрийн дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.6 буюу "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй", Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар албан бичгээр ирүүлсэн санал зэргийг үндэслэн манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсан болохыг мэдсэн болно.
Иймд Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж, сонсох ажиллагааг зохих ёсоор явуулаагүй байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг хуулийн үндэслэлгүй цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг сэргээх тухай захиргааны акт, шийдвэр гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Уг тушаалыг гаргахдаа дараах нөхцөл байдлуудыг тодруулаагүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч компани нь газрыг зориулалтын дагуу буюу аялал жуулчлалын зориулалтаар ашиглах зөвшөөрөл авсан үеэс буюу 2019 оны 09 дүгээр сараас эхлэн Монголын уламжлалт гэр амралтын газрыг барьж байгуулан аялал жуулчлалын үйл ажиллагааг эхлүүлсэн байдаг. Нотлох баримтаар бид үйл ажиллагаа явуулж байсан гэсэн баримтаа гаргаад өгчихсөн байгаа. Нотлох баримт шинжлэн судлахаар энэ тухай тодорхойтой яригдана.
... Жуулчны баазыг байгуулахаар зураг төслөө эрх бүхий байгууллагуудаар батлуулаад, үзүүлээд бүтээн байгуулалтаа эхлүүлэх зорилгоор 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 23/03 дугаартай хүсэлт. Мөн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 23/19 дугаартай хүсэлтүүдийг тус тус холбогдох газруудад нь хүсэлтээ гаргаад явж байсан. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны баримтлан усны онцгой хамгаалалтын хүсэлт байгаа, үйл ажиллагаа явуулахад хязгаарлагдаад байгаа энэ газрыг хасаж өгөөч ээ. Кадастрын зургуудаар дахиж зуруулсан нөхцөлүүдийг хасуулаад бид тухайн хасуулсан газар дээрээ аялал жуулчлалын баазаа төсөлд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулъя гэдэг. Энэ хүсэлтийг удаа дараа хариуцагч байгууллагуудад гаргасан байдаг. Гэтэл энэ хүсэлтийг байгууллагууд шийдээгүй. Нэг хариу өгөхдөө танайх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д 2 жил дараалан ашиглаагүй гэдэг нөхцөл байдал байгаа тул танайхыг шийдэх боломжгүй гэсэн тул хүсэлтийг хүлээж авч шийдэх боломжгүй гэдэг хариу өгсөн байдаг. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс ковидын дараа үйл ажиллагаагаа явуулах гээд шат дараатайгаар холбогдох хүсэлт, саналуудаа гаргаад байхад төрийн байгууллага аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлаж байгаа нь үйл ажиллагаа удирдаж байгаа нэхэмжлэгч компаниудын эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл гэж үзэж байна.
Сонсох ажиллагааг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр фэйсбүүк хуудас нь нийтэлсэн байдаг. фэйсбүүк хуудас гэдэг нь сонсох ажиллагааны мэдэгдлийг хууль зүйн дагуу хүргүүлсэн гэж үзэх боломжгүй байгаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт цугларсан байгаа фэйсбүүк хуудасны мэдэгдэл дээр хавсралтад заагдсан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах зөвшөөрөл авсан боловч эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших эрхийн нөхцөл байдлыг удаа дараа зөрчсөн аж ахуйн нэгж байгууллагуудын жагсаалт байгаа. Энэ жагсаалтаас харвал, нийтдээ 22 байгаа. Гэсэн хэдий боловч доторх агуулгаас нь үзвэл, энд 19 аж ахуйн нэгж байгууллагуудын нэрс байгаа. Өөрөөр хэлбэл, жагсаалтын 9, 10 болон 11 дэх хэсэгт “Т*******” гэдэг компани 3 газар эзэмшдэг. 3 газар эзэмшигч тус бүр дээр нь мэдэгдэл хүргүүлсэн гэдэг байдлаар бичигдчихсэн. Мөн нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн 2 хэсгийн газартай тус бүр дээр биччихсэн байдлаар үзчихсэн байдаг. Эндээс дүгнэвэл, 22 аж ахуйн нэгж байгууллага, иргэн биш 19 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад мэдэгдэл хүргүүлсэн нөхцөл байдал байна. Тэхээр Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар “20 буюу түүнээс доош тооны этгээдэд сонсгохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх. Шаардлагатай тохиолдолд утас, факс, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдлээ баталгаажуулна.” гэдэг энэ заалтыг бол зөрччихсөн гэж үзэж байгаа. Тэгэхээр 2019 онд аж ахуйн нэгж байгууллагад тухайн сонсголтой холбоотой мэдэгдлийг төрийн захиргааны байгууллага маань өөрөө шууд хүргүүлэх үүрэгтэй байсан. Энэ үүргээ зөрччихсөн. Шаардлага л тохиолдолд гээд байгаа. Ямар шаардлагатай тохиолдол байгаад төрийн захиргааны байгууллага фэйсбүүк хуудсандаа сонсох ажиллагааны зараа хүргүүлээд байгаа юм бэ, гэдэг нь тодорхой бус. Шаардлагатай гэдэг баримт нь байхгүй байгаа. Тэгэхээр энэ 19 аж ахуйн нэгж байгууллага, иргэд дээрх сонсох ажиллагаатай холбоотой мэдэгдлийг шууд гардуулах үүрэг, боломж бололцоо байсаар байтал хэрэгжүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасныг зөрчсөн гэж үзэж байгаа юм.
Хариуцагч тал сая нотлох баримтаар гаргаж өгсөн байсан. 08 дугаар сарын 18-ны өдрийн сонсох ажиллагаатай холбоотой мэдэгдлийн дагуу “Х*******” ХХК-аас хариу тайлбар ирүүлчихсэн байна. Энэ бол нь сонсох ажиллагааг мэдсэн, хүлээж авсан гэдэг ийм агуулгатайгаар тайлбарлагдах байх. Хариу тайлбар ирүүлсэн нь тухайн төрийн захиргааны байгууллага нь сонсох ажиллагаа буюу Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасныг зөрчсөн гэж үзэж байгаа. Зөвтгөх боломжгүй. Хуульд заасны дагуу сонсох ажиллагааны тухай мэдэгдлийг хүргүүлэх үүрэгтэй. Үүнийгээ хүргүүлээгүй байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байгаа юм.
...Хавтаст хэрэгт бас нэг баримт яваад байдаг. Тэр нь хэрэгт хамааралтай үгүйг нь мэдэхгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өөрсдөө тайлбарлах байх. Хавтаст хэрэгт 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн бас нэг сонсох ажиллагааны мэдэгдэл, хавсралт яваад байдаг юм. 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн сонсох ажиллагааны мэдэгдэл дээр яг бичгийн хэлбэрээр гараад ирсэн сонсох ажиллагааны мэдэгдэл, хавсралт авагдчихсан байгаа. Энэ мэдэгдлийн агуулга нь Усны тухай хууль болон Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасны дагуу хамгаалалтын зурвасууд дээр газар байна. Үүнийг зөрчөөд байна гэдэг байдлаараа сонсох ажиллагаатай холбоотойгоор зар явуулдаг. Энэ баримт нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.2-т заасан захиргааны шийдвэр гаргах тухай асуудлын талаарх мөн Улсын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-т заасныг зөрчсөн тул холбогдох нотлох баримтад тайлбараа ирүүлнэ үү, гэдэг шаардлагаар сонсох ажил явуулаад байгаа боловч яг нэхэмжлэгч компанитай холбоотойгоор гаргасан тушаал нь Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6-т зааснаар сонсох ажиллагаанд заасан зүйл заалтаас тэс ондоо зүйл заалтаар тусгаад байдаг. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан захиргааны үйл ажиллагааны зорилгодоо нийцсэн бодит нөхцөл байдлыг тогтоосон шийдвэр гаргах үндэслэл бүхий байх зарчмыг баримтлаагүй. Хариуцлагаас 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн сонсох ажиллагааны мэдэгдлийг нотлох баримтаар гаргаад өгчихсөн байгаа тул үүнтэй холбоотойгоор тайлбар хэлэх нь зүйтэй байх гэж хүсэж байна. Мөн хариуцагч нь тухайн сонсох ажиллагаагаа өөрсдийнхөө цахим хуудсандаа явуулсан болохоо Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас яаманд 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаартай санал хүргүүлэх тухай албан бичигтээ бид сошиал хуудсаараа сонсох ажиллагаагаа явууллаа. Энэ нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн болон мөн хуулийн 27 дугаар зүйл нийцэж байна гэдэг агуулгаар эрх ашиг нь хөндөгдөж байгаа аж ахуйн нэгж байгууллагын иргэдэд сонсох ажиллагааны мэдэгдлийг гардуулаагүй болох нь энэ баримт дээр нотлогдож байгааг бас шүүх бас анхаарч үзээсэй гэж хүсэж байна.
Сонсох ажиллагааны Захиргааны ерөнхий хууль гэдэг маань эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдийн эрх ашгийг хуульд нийцүүлж, хамгаалахаар зохицуулагдаж байгаа. Мөн хариуцагч төрийн байгууллагын үйл ажиллагааг дэс дараалалтай үе шаттайгаар явуулахын хуульчлаад өгчихсөн байгаа. Тэгэхээр захиргааны байгууллага маань сонсох ажиллагааны мэдэгдэл мөн 2020 оноос хойш гарсан нөхцөл байдлыг нь харгалзан үзэлгүйгээр ийм шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн болохыг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Х*******" ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан "Х*******" ХХК-ийн газар ашиглах эрхийг Захиргааны ерөнхий хууль зөрчиж, үндэслэлгүй цуцалсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр тушаалыг хүчингүй болгох, тус яамны сайдад газар ашиглах эрхийг сэргээх тухай захиргааны акт гаргахыг даалгах тухай" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дүгээр тушаалаар "Х*******" ХХК-д олгогдсон 8.5 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн маргаан бүхий тушаалыг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар саналыг үндэслэсэн.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2. "Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ: 27.2.2.хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасан. Тус хуулийн дагуу хариуцагчаас өөрийн сонгох боломжоо эдэлж, сонсох ажиллагааг өөрийн албан ёсны цахим хуудсаар мэдэгдсэн.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул "Х*******" ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлээ: “” ХХК нь 2019 оны 07 дугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 322 дугаар тушаалаар тусгай хамгаалалттай газрын Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 8,5 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг авсан. Үүнээс хойш ямар процесс ажиллагаанууд явагдсан байна вэ гэвэл, нэхэмжлэгчийн хувьд 2021 оны 09 дүгээр сард тусгай хамгаалалттай газар ашиглах гуравласан гэрээ байгуулсан. Гэрээний нэг тал нэхэмжлэгч компани, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар. Тухайн дүүргийн Засаг дарга, Байгаль орчин аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газрын дарга нарын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгт авагдсан байгаа. Үүнээс хойш нэхэмжлэгчийн хувьд тухайн 8,5 га газар буюу А болон Б гэсэн 2 хэсэг талбай дээр тухайн гэрчилгээний зорилтод заасны дагуу үйл ажиллагаа явуулаагүй нөхцөл байдал үүссэн.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага болон Горхи-Тэрэлжийн байгаль цогцолборт газрын захиргаа нь тухайн бүс нутагт газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж хуульд заасны дагуу газраа ашиглаж байна уу, хууль зөрчиж байна уу, гэдэгт хяналт тавьдаг үүрэг бүхий захиргааны байгууллага. Тухайн байгууллага өөрөө хяналт шалгалтаа хийсний үндсэн дээр 22 нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжийн зөрчлийг илрүүлээд сонсох ажиллагаа явуулаад саналыг 2023 оны 08 дугаар сарын 443 дугаартай саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. Тухайн иргэн, аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад “Х*******” ХХК орсон. Сонсох ажиллагааг 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр явуулсан. Хариуг нь 08 дугаар сарын 24-ний өдрийн 23/19 тоот албан бичгээр нэхэмжлэгч компани хариу өгсөн. Өгсөн хариунд Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан үндэслэлтэй. Онцгой хамгаалалтын бүсээс давхардалтай хэсгийг хасуулъя гэдэг тайлбарыг ирүүлсэн. Гэтэл хэрэгт авагдсан баримт болох сансрын зураг дээр тухайн нэхэмжлэгчийн хэлээд байгаа усны онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай гэх баримт харагдахгүй, ойрхон гол урсаж байгаа нөхцөл байдал харагдахгүй байсан. Мөн нэхэмжлэгч ярьж байна. Бидний газар дээр ашиглах боломжгүй гуу жалга байсан гэж байна. Тэрийг яамнаас 2019 онд тухайн компанид олгохдоо май гээд энэ жалгатай газрыг аваачаад өгчхөөгүй. Нэхэмжлэгч хүсэлтээ гаргасан талбайд давхцалгүй байсан учраас олгосон. Өөрсдөө хүссэн талбай. Тиймээс үүнд хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаа байхгүй. Өөрсдөө сонгож авсан газар байгаа.
2019 оноос авхуулаад 2023 оныг хүртэлх хугацаанд газар дээр ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулаагүй нь хэрэгт авагдсан баримт, нөхцөл байдлуудаар тогтоогдож байгаа. Тэгэхээр 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гарсан А/449 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэл нь тодорхой байгаа. Засгийн газрын тухай хуулийн дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1 Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т зааснаар газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй. Улсын дээд шүүхийн 2008 оны тайлбар дээр байгаа. 2 жил дараалан ашиглаагүй гэдэг нь юуг хэлэх, хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж юуг хэлэх, зориулалтын дагуу гэдэг нь юу юм бэ, гэдгийг Улсын дээд шүүхийн тайлбараар тодорхойлчихсон байдаг. Нэхэмжлэгч Ковид-19 цар тахлын нөхцөл байдал, Засгийн газрын хөл хориог тогтоосон тогтоолуудыг ярьж байна. Гэхдээ 2 жил дараалан ашиглаагүй гэдэг нь гэрээ нь байгуулагдсанаас хойших хуанлийн бүтэн 2 жилийн дотор гэж байна. Хэрэгт авагдсан үйл баримтыг хархаар 09 дүгээр сарын 15-ны өдрөөс авхуулаад цуцлах хүртэл хугацаа нь хуанлийн хэд хоног байгаа вэ, гэдгийг харж байгаа. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын гаргасан 449 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
2.Үйл баримтын тухайд, анх нэхэмжлэгчид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” дүгээр тушаалаар Налайх дүүрэг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн Хд аялал жуулчлалын зориулалтаар 8,5 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхтэй болсноор улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах дүгээр гэрчилгээг 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчид 5 жилийн хугацаатай олгожээ.
3. Маргаан бүхий, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан 14 дүгээр хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Хн хязгаарлалтын бүсэд газар эзэмших эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдийн 8,5 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгожээ.
4. Тушаалын үндэслэлийг тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг: “эрхэлсэн асуудлын хүрээн дэх яам болон энэ хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн удирдана”, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалт. “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, ... 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6. “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж хуульчилсныг үндэслэсэн ба үүнээс тухайлан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох заалтыг үндэслэж, тухайн хуулийг хэрэгжүүлж, маргаан бүхий тушаал гарсан болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгчөөс тайлбарласан.
5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалтыг хуульчилсан ба уг хууль, зүйлийн 40.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан, энэ утгаараа газар ашиглагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар ашиглах эрхийн гэрчилгээ хүчингүй болох зохицуулалттай байна.
6. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулахаар “Газрын тухай хуулиар хүлээсэн үүргийн дагуу газрын төлбөрөө зохих ёсоор төлсөн, өөрийн ашиглаж буй газрын ашиглагдахгүй зарим жалга бүхий газрыг хасуулахаар хүсэлт гаргаж байсан, газар ашиглах гуравласан гэрээг байгуулж, газрын байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн байтал ийнхүү тухайн газар дээрээ 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр цуцалж байгаа нь хууль бус” хэмээн маргасан бол, хариуцагч захиргааны байгууллагын зүгээс “...бодит нөхцөлд байдал дээр газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа зүйлгүй, ...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгоно гэж Улсын дээд шүүхээс тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй, иймээс маргаан бүхий тушаал хууль зүйн үндэслэлтэй” хэмээн нэхэмжлэлийг эс зөвшөөрч буй энэ тохиолдолд шүүхийн зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тайлбарлаж, маргааны үйл баримтад дүгнэлт хийв.
7. Нэхэмжлэгч “Х*******” ХХК-д олгосон 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын ******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас “Х*******” ХХК-ийн ******* нэгж талбарын дугаартай болон ******* нэгж талбарын дугаартай газрын талаарх “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт”-үүд, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан “Х*******” ХХК-ийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, газар ашиглах гуравласан гэрээний хэрэгжилтийг дүгнэсэн хуудас, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай ******* дугаар гэрээ, нэхэмжлэгч төлөөлөгч болон хөндлөнгийн гэрч нарыг оролцуулан хийсэн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч нь газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхийн тулд өөрөөс хамаарах нөхцөлүүдийг хангасан, үүгээрээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тайлбарласан эх сурвалж болох Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолд заасан “... “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” гэж тайлбарласны “хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
8. Маргаан бүхий энэ тохиолдолд захиргааны байгууллага буюу Сайдаас сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар захиргааны акт гаргахын өмнө сонсох ажиллагааг явуулах, мөн хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг ямар арга хэлбэрээр, хэзээ явуулах талаар мэдэгдэл хүргүүлж, хэрэв сонсох ажиллагааг явуулсан бол түүний явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг баримтжуулах гэхчлэн нарийн дэс дараатай, үргэлжилсэн шинжтэй үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх байсныг бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай, сонсох ажиллагаанд оролцогч нь бүрэн дүүрэн тайлбараа гаргах боломж олдоогүй, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2. “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол ...хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасны “хорин нэгээс дээш тооны этгээд” бүрдээгүй байхад хуулийн уг заалтыг ашигласан нь үндэслэлгүй, захиргаа сонсох ажиллагаа явуулсан үндэслэлээсээ өөр үндэслэлээр маргаан бүхий тушаалыг гаргасан гэх нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй. Энэ тохиолдолд захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлсэн ба ингэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг цуглуулах, 26 дугаар зүйлд заасны дагуу оролцогчийг сонсох, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг явуулах зэргээр нэг нь нөгөөгөөсөө нөхцөлдсөн үргэлжилсэн шинжтэй үйл ажиллагааг дутуу хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
9. Иймээс эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй оролцогчийг бүрэн дүүрэн, бодитойгоор сонсоогүй, тухайлбал, үнэхээр нийтийг хамарсан хөл хорионы хугацаанд хамаарч байна уу, цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдлын талаар тайлбар гаргаж саналаа хэлэх боломж олгох ёстой байсан эсэх, нэхэмжлэгч хуулийн этгээдээс гаргасан удаа дараагийн хүсэлтэд хариу өгөх ёстой юу, үгүй юу гэдгийг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.“Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2.“Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасныг хариуцагч захиргааны байгууллагаас хэрэгжүүлэх байсан, энэ утгаараа маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.
10.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор зааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х*******” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, мөн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН