Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/56

 

                                                                             Б.Б-д холбогдох эрүүгийн

                              хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Уянга, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Б.Б эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох, 2135002050019 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, .. өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, эрэгтэй, ..настай, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, мал малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн .. багт оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт хоёр жил, хоёр сар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилээр хойшлуулсан, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр таван жилээр тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар хохирогчтой уулзаж, харилцахгүй байх, мөн хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдаж байсан, Х ургийн овогт Б-ийн Б.

1. Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн .. багийн нутаг Хавчуу гэх газарт нутаглаж байсан иргэн Б.Н-ын малаас 2021 оны 9 дүгээр сарын 20-ны үед 8 тооны ямаа буюу олон тооны мал хулгайлж, хохирогчид 525.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолоор :

-Шүүгдэгч Х ургийн овогт Б-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-г хоёр жил хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/45 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г нэг жил хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан хоёр жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг гурван жилээр тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан гурван жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

-шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

4. Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Цагдан хоригдсон 72 хоногийн хугацаанд их зүйлийг ойлгосон. Хүний амьдралд эд хөрөнгө, мөнгөнөөс илүү эрүүл саруул бие, элэг бүтэн амьдрал чухал гэдгийг сайн ойлгож ухаарсан.Манайх мал маллаж амьдардаг, малчин өрх байдаг. Хэрэв би байхгүй бол миний хань ямар ч мал маллах боломжгүй байгаа. Энэ жил өвс ногоо муу ургасан учраас мал онд ороход хүндхэн нөхцөл байдалтай байна. Би эхнэр, 1 настай хүүхдийнхээ хамт амьдардаг. Одоо эхнэр маань 5 сартай жирэмсэн. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдэгтээ итгэлтэй байна. Гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Хэрэгт холбогдсоноос хойш гэр бүл минь маш хүнд нөхцөл байдалд байна. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

5. Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ : “Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Түргэн сумын нутаг дэвсгэрээс 2021 оны 9 дүгээр сард хохирогч Нэмэхбаярын 8 тооны буюу олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд анхан шатны шүүхээс тооцож, хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгч оногдуулсан ялыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэх агуулга бүхий гомдлыг гаргасан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ялтай гэмт хэрэг байдаг. Шүүгдэгч Б.Б-д анхан шатны шүүхээс ялын доод хэмжээ буюу 2 жил хорих ял оногдуулсан. Өмнөх шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн байсан.

Санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар оногдуулах заалттай гэмт хэргээс 1 жил хорих ял оногдуулж, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилээр тогтоосон. Анхан шатны шүүх нь ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Бгийн мал хулгайлах гэмт хэргийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломж байхгүй. Эдгээр нөхцөл байдлуудыг анхаарч үзнэ үү” гэв.

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Хэргийн зүйлчлэл, бүрдлийн талаар маргах зүйл байхгүй. Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан 1.100.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн. Хохирогч нь шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй гэдгээ хэлсэн. Шүүгдэгч нь 1 настай хүүхэд, эхнэрийнхээ хамт амьдардаг. Эхнэр нь одоо 5 сартай жирэмсэн. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад 440 тоо толгой малтай, мал маллан амьдардаг малчин өрх байдаг.

Хохирогч болон гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээс үзэхэд тухайн малчин өрх нь ганц гэрээрээ мал маллан амьдардаг болох нь тогтоогддог. Шүүгдэгч Батзаяагийн ар гэрийн амьдралын хувьд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэж харж байна. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзнэ гэсэн зохицуулалт байдаг. Ийм учраас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд анхан шатны шүүхээс оногдуулсан хоёр жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан багасгаж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Б-гийн давж заалдах гомдлыг үндэслэн, түүнд  холбогдох, 2135002050019 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ  гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас: Яллагдагч Б.Б-г 2021 оны 9 дүгээр сарын 20-ны үед хохирогч  Б.Н-ын 8 тооны ямаа буюу олон тооны мал хулгайлсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүхээс түүнийг бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь тус тус  үндэслэлгүй буюу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

3. 2021 оны 9 дүгээр сарын 20-23-ны үед Увс аймгийн Түргэн сумын 1-р багийн нутаг Хавчуу гэх газарт намаржиж байсан хохирогч Б.Н-ын өмчлөлийн бог малаас 8 тооны ямаа алга болсон талаар :

- хохирогч Б.Нэмэхбаяр / хууль ёсны төлөөлөгч Д.Сурмааг байлцуулан авсан/-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн : “ 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр манайх бог малаа тоолж үзэхэд бүрэн байсан. Түүний дараа буюу 9 дүгээр сарын 24-ний өдөр малаа тоолоход 17 тооны мал алга шиг байсан, би эхнэр Сурмаатай хамт нэг удаа тоолсон. Тэгээд малаа зүсээр нь бүртгэж үзэхэд 8 тооны буюу 5 ямаа, 3 ишиг дутсан. Мухар алаг эх ямаа ишигтэйгээ, хоо халзан эх ямаа шар цоохор ишигтэйгээ, алаг зүсмийн эх ямаа 1, улаан халзан зүсмийн, 4 настай  эр ямаа 1,  халзан улаан эх ямаа 1, улаан ишиг 1 дутсан.  Би уг ямаануудаа хайж ойр орчмын айлуудын малыг шүүж явсан. Манайхтай хамгийн ойр мал маллаж амьдардаг Батзаяагийн малыг мөн шүүж үзэхэд манай мал байгаагүй. 3-4 хоног хайж байгаад 3 тооны ишиг нь Ч.Мягмаржав гэх айлын малд байсныг олж мэдсэн. Тэдний мал хариулж байсан хүүхэд нь уг 3 ишгийг Батзаяа авчирж өгсөн гэж хэлсэн. Тэгээд  3 тооны ишгээ буцааж авсан, Батзаяатай утсаар ярьж, манай малыг авсан талаар асуухад тэр “ манай малд 3 ишиг, 5 ямаа нийлсэн байсан, би 5 ямааг нь Улаанаа гэх ченжид зарсан. Би таны хохирлыг барагдуулж өгнө” гэж хэлсэн. Б.Б нь эрж хайсны зардал болон 5 ямааны хохиролд нийт 1.100.000 төгрөг төлж  өгсөн. Б.Бгийн болон манай мал хоорондоо нийлэх боломжтой. Манай 2 айлын малын бэлчээр ойрхон, нэг газраас ус уудаг, усанд орох цаг нь ойролцоо, үдийн үед усанд ордог юм. Батзаяа нь манай малыг хулгайлж авах боломжгүй, манайх шөнө, оройн цагаар малаа хариулгатай байлгадаг, харин өдрийн цагаар малаа бэлчээрлүүлээд дурангаар хараад, хариулгагүй явуулах үе цөөнгүй байдаг. Манай мал хужирт ороогүй 1 сар орчим болж байсан, Хавчуу гэх газар нь хужир марзтай газар тул хужир марз идэж яваад ижлээсээ тасарч үлдсэн, эсхүл айлын малтай нийлсэн байх боломжтой юм. Б.Бгийнх өөрөө 300-400 орчим мал хариулдаг айл юм. Бид сүүлд өөрийнхөө малыг дахин тоолж үзэхэд Батзаяагийн авсан гэх 5 ямаа, 3 ишигнээс бусад нь байсан. Манайх ямаа ихтэй учир тоолоход хүндрэлтэй байдаг, заримдаа дутуу, заримдаа илүү тоолох тохиолдол гардаг юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-29, 213-214/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Манайх 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр малаа тоолж үзэхэд бүрэн байсан. Бид 21, 22-ны үед найранд оролцсон ба 24-ний өдөр малаа тоолоход 17 тооны мал дутсан, бид нэг удаа тоолсон. Ойр орчмын бэлчээрээр, айлуудын мал шүүж хайсан, мөн Батзаяагийн малыг ч шүүж үзсэн. Манай нөхөр малаа зүсэлж бүртгээд “ 5 ямаа, 3 ишиг зүсээр алга”  гэж хэлж байсан.  Манайх 1000 гаруй бог мал, 40 гаруй бодтой. Би ямааныхаа имийг мэднэ, харин зүсээр нь сайн мэдэхгүй. Би мал хайхад оролцоогүй. Тэгээд хэд хоногийн дараа манай алга болсон 3 ишиг Мягмаржав гэх айлын малд байсныг олж мэдсэн. Батзаяа уг 3 ишгийг тухайн айлд авчирж өгсөн гэж хэлсэн гэсэн. Манай нөхөр Батзаяатай утсаар ярихад “ манай малд 5 ямаа, 3 ишиг нийлсэн байсан. 5 ямааг Улаанаа гэх ченжид зарсан гэж хэлсэн” гэсэн. Тэгээд Батзаяа нь манай гэрт ирж уулзаад 1.100.000 төгрөгийг хохиролд өгсөн. Бид малаа дахин тоолж үзэхэд бусад мал нь байсан юм. Батзаяагийн мал, манай мал хоорондоо нийлэх боломжтой, малын бэлчээр ойрхон,  бараг нэг газар нутагт бэлчээрлэдэг, нэг газраас ус уудаг. Тухайн үед бид найр хуримын ажилтай байсан болохоор яг хаанаас алга болсон талаар мэдэхгүй байна. Б.Бг хулгайлж авсан гэж бодохгүй байна, анх манай  нөхөр Батзаяатай утсаар ярьж асуухад “манай малд нийлсэн байсныг зарчихсан” гэж хэлсэн гэсэн” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 32-33-р тал/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сурмаагийн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Батзаяа манай 3 ишгийг айлд өгсөн байсныг мэдээд түүнийг манайд ирэхэд бид “ чи манай 17 тооны ямаа хулгайлж авсан байна, хохирол төлж өг гэхэд тэр “ танай 5 ямаа, 3 ишиг манай малд  Цүнхэгийн сай талаас нийлчихсэн  ирсэн. Би 5 ямааг нь ченжид зарсан, та нар намайг цагдаагийн байгууллагад битгий хэлээч, би тэнсэн ялтай байгаа гэж гуйсан. Тэгээд 5 ямааны үнийг, ашиг шимийг тооцоод 1.100.000 төгрөг өгсөн, үүнээс 700.000 төгрөгийг бэлнээр, 400.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн.

Би анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө 17 тооны ямаа алга болсон талаар хэлсэн. Мөн Батзаяа нь анх манай нөхөртэй утсаар ярихдаа 17 тооны ямаа аваагүй гэж хэлэхээр нь манай нөхөр цагдаад утсаар ярьж, 17 ямаа алга болсон талаар мэдэгдсэн байсан. Дараа нь манайх малаа дахин тоолж үзэхэд 8 тооны ямаанаас бусад нь малдаа байсан. Ямаа нь ашиг их өгдөг мал, хавар ноолуур өндөр үнэ хүрдэг,  мөн зарим нь эх ямаа байсан учраас хавар төллөнө гэж тооцоод 1.100.000 төгрөг хохиролд авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 216, 217х/-үүд тус тус хэрэгт авагдсан байна.  

Дээрх хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээс дүгнэхэд: хохирогч Б.Нэмэхбаярынх 8 тооны ямаагаа хаанаас, ямар байдлаар, хэрхэн алдсан талаар, тухайлбал малын хотноосоо, эсхүл бэлчээрээс хулгайд алдсан уу, эсхүл бэлчээрлэж байхдаа ижил сүргээсээ тасарч үлдсэн үү, бусдын малд нийлсэн байсан эсэх талаар ямар нэг мэдээлэлгүй байсан байх ба харин малаа эрж хайх явцдаа ойр зэргэлдээ намаржиж байсан Ч.Мягмаржавын малд өөрийнх нь 3 ишиг байсныг, түүнийг Б.Б өрөндөө тооцож авчирж өгсөн тухай сонсож мэдсэнээр Б.Бгаас  хохирлоо нэхэмжилж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна.

4. Хэрэгт шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “  уг 8 тооны ямаа нь манай малд бэлчээрээр нийлсэн байсан” гэх мэдүүлгээс өөрөөр түүнийг 8 тооны ямаа хулгайлсан гэх үндэслэл бүхий нотолгоо авагдаагүй байна.

5. Хулгайлах гэмт хэрэг нь эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар үйлдэгддэг бол гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд тухайн хөрөнгийг завших сэдэлт төрж, захиран зарцуулдгаараа ялгагдана.

Мал хулгайлах болон алдуул мал завших гэмт хэргүүдийн хувьд хууль ёсны эзэмшигчээс далд аргаар үйлдэгддэгээрээ хоорондоо төстэй боловч хууль ёсны эзэмшлээс гэмт этгээдийн эзэмшилд шилжиж буй байдлаараа ялгагдан зүйлчлэгдэнэ. Мал хулгайлах гэмт хэргийн хувьд гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгө / мал/-ийн шилжилт хийгддэг бол  мал өөрийн хөлөөр, эсхүл гэмт этгээдээс үл хамаарах хүчин зүйлийн үр дүнд түүний эзэмшилд шилжин ирсний дараа захиран зарцуулсан бол алдуул мал завших гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ.

6. Шүүгдэгч Б.Б нь тухайн 8 тооны ямааг нууцаар, хууль бусаар өөрийн өмчлөл, эзэмшилд оруулахаар идэвхитэй үйлдэл хийсэн гэх хангалттай үндэслэл, нотолгоо хэрэгт тогтоогдоогүй, харин тэрээр хохирогч Б.Н-ийнбог малаас 8 тооны ямаа бэлчээрээр тасарч, өөрийнх нь малд  нийлсэн байсныг  мэдсэн даруйдаа  түүнийг завших, худалдан борлуулж ашиг олох сэдэл төрж тухайн малаас 3 тооны ишгийг Ч.Мягмаржавт гэгчид өгөх өрөндөө тооцон өгч, үлдсэн 5 тооны ямааг мал худалдан авч байсан С.Баянбилэгт худалдсан үйл баримт тогтоогдож байна.

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоолгохоор шинжээч томилж, хохирогч Б.Н-ийналдсан эр ямаа 1,

эх ямаа 4, ишиг 3, нийт 8 тооны  ямааны үнэлгээг 525.000 төгрөгөөр тогтоосон байна.  

8. Шүүгдэгч Б.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Нэмэхбаярт 525.000 төгрөгийн буюу Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан  байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан алдуул малыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт тогтоогдсон үйл баримтад үндэслэн прокуророос шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.  

9. Энэ гэмт хэрэг нь 2021 оны 9 дүгээр сарын 20-23-ны өдрийн үед  үйлдэгдсэн байх ба прокуророос шүүгдэгч Б.Бг энэ гэмт хэрэгт холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2135002050019 дүгээр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол/ 1-р хх-ийн 85-88-р тал/-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татсан байх тул хуульд заасан энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ.

10. Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн малд нийлсэн байсан 8 тооны ямаанаас 3 ишгийг бусдад өгөх өрөндөө өгсөн, 5 ямааг худалдан борлуулсан талаараа мэдүүлж,  алдуул малыг  бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна. 

Шүүгдэгч Б.Б-г   алдуул малыг  бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэхдээ түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулахаар заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, ялын хэмжээг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээ буюу нэг сая төгрөгөөр тогтоох нь түүний гэм бурууд тохирно гэж дүгнэв.  

11. Шүүгдэгч Б.Б нь энэ гэмт хэрэг үйлдэхээс өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн буюу Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/45 дугаар шийтгэх тогтоолоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр таван жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байх ба уг тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тул анхан шатны шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт нь нэг жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т заасантай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.  

Харин давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан нэг жил хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзэж, дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

12. Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЗ/73 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны шүүх хэргийг хянаад хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ:

- Прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болсон яллах талын нотлох баримтууд болох хохирогч Б.Н, гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С нарын мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан эсэх нь эргэлзээтэй, тухайлбал тэдгээрийн боловсролын байдал, бичиг, үсгийн чадвартай эсэхийг нотолсон баримтууд хэрэгт авагдаагүй, мөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, тухайлбал хохирогчийн алдсан гэх малын тоог тус тус зөрүүтэй мэдүүлсэн, түүнчлэн зарим мэдүүлэг авсан он, сар, өдөр зөрүүтэй зэрэг нөхцөл байдал нь тухайн нотлох баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий гэж үнэлэхэд учир дутагдалтай талаар,

- мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг гарсан байдлыг нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцэх талаар тус тус дүгнэсэн байх бөгөөд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар магадлалд дурдсан дээрхи ажиллагаануудыг гүйцэтгэж ирүүлснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.  

13. Анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч Б.Б-гийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.  

14. Шүүгдэгч Б.Б-гийн анхан шатны шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг түүний эдлэх хорих ялд нь оруулан тооцох үндэслэлтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-д Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй гэсэн нэмэлт,

- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг: Шүүгдэгч Х ургийн овогт Б-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын алдуул мал завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж,

-2 дугаар заалтыг: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй гэж,

-4 дүгээр заалтыг: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг сая төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жил хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай гэж,

-5 дугаар заалтын: Гурван жил гэснийг нэг жил гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Б-гийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг эдлэх хорих ялд нь оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.МӨНХЖАРГАЛ

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Д.ЖАМБАЛСҮРЭН

        ШҮҮГЧ                                                   Л.АЛТАН