Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2016/00934

 

Х.Нармандахын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 578 дугаар шийдвэр,        

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 112 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Х.Нармандахын нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Адъяахүүд холбогдох,

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч А.Адъяахүү болон түүний өмгөөлөгч Б.Цэрэнбатын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2015 оны 6 дугаар сарын 22-ны орой 19 цагийн үед өөрийн эзэмшлийн Соната-6 маркийн 12-36 ДАХ улсын дугаартай хувийн жижиг автомашинаар Дархан хот руу замын хөдөлгөөнд оролцон хүнсний комбинатын хойд талын уулзвар дээр явж байхад жолооч О.Насанжаргал нь жижиг ачааны портер маркийн улсын 09-39 ДАР дугаарын машинтай согтуу явж байхдаа миний машины зүүн тал руу араас мөргөж машины хойд багааж, салхины шил, гупер, дохионы гэрэл гэмтээж хохирол учруулсан юм. О.Насанжаргал нь одоо төлбөрийг барагдуулахгүй зугатаад миний машины төлбөрийг төлөхгүй байгаа тул би энэ хүнээр ажлаа хийлгэж, машинаа бариулж байсан машины эзэн А.Адъяахүүгээс машины хохирлын мөнгийг гаргуулмаар байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. О.Насанжаргал гэгч хүн 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр А.Адъяахүү миний өмчлөлийн 09-39 ДАР улсын дугаартай портер маркийн автомашиныг миний зөвшөөрөлгүйгээр согтуугаар жолоодож явахдаа мөн миний Элентра маркийн машины зүүн талын хаалгыг хонхойтол мөргөсөн.Би одоо болтол О.Насанжаргалаар хохирлоо төлүүлж чадаагүй. Иймд би нэхэмжлээд байгаа мөнгийг төлөх үндэслэлгүй.Х.Нармандахын хэлсэнчлэн А.Адъяахүү би О.Насанжаргалаар машинаа бариулж ажлаа хийлгээгүй. О.Насанжаргал нь манайд ажиллаж байсан нь үнэн. 2015 оны 6 дугаар сарын 22-ны өглөө гэрээс 3 км-ийн зайтай талбайд О.Насанжаргалыг ажиллуулаад би өөрөө ажлын шаардлагаар Дархан яваад орой 20 цагийн орчимд гэртээ ирэхэд хашаа гэр эзгүй байхад О.Насанжаргал нь машин хулгайгаар унаж явсан. Би хулгайд машинаа алдаад хоёрын хоёр машинаар хохироод байхад хулгайчийн хийсэн хэргийн хохирлыг надаар төлүүлж байгааг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 578 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Нармандахын гаргасан хариуцагч А.Адъяахүүгээс 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Нармандахын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 112 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 578 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг: “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч А.Адъяахүүгээс 900 000 төгрөг гаргаж, нэхэмжлэгч Х.Нармандахад олгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дугаар заалтад, “ ...А.Адъяахүүгээс 26 150 төгрөг гаргаж, Х.Нармандахад олгосугай.” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар Х.Нармандахын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 26 150 төгрөг төлснийг, шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Х.Нармандахын хэлсэнчлэн А.Адъяахүү би О.Насанжаргалаар машинаа бариулж ажлаа хийлгээгүй. О.Насанжаргал нь манайд ажиллаж байсан нь үнэн. Гэвч тухайн үед эхнэр Ганчимэг нь Хятад явсан байсан ба би ганцаараа байсан тул өглөө гэрээс 3 км-ийн зайтай ногооны талбайд О.Насанжаргалыг ажиллуулаад би өөрөө ажлын шаардлагаар Дархан яваад орой 20 цагийн орчимд гэртээ ирэхэд хашаа гэр эзгүй байхад О.Насанжаргал нь машин хулгайгаар унаж явсан.Тэр даруй би хэсгийн төлөөлөгч Бат-Эрдэнэд утсаар мэдэгдэхэд тэрээр ирж газар дээр нь шалгаж үзээд Дархан-Уул аймгийн цагдаагийн шуурхай 102 дугаарт мэдэгдэж эрлийн ажиллагаа явуулахад О.Насанжаргал нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад дээрх ослыг гаргасан байсан. Энэ талаар хавтас хэрэгт нотлох баримтууд байсаар байтал ийм шийдвэр гаргаж байгааг ойлгохгүй байна. Би хулгайд машинаа алдаад хоёрын хоёр машинаар хохироод байхад хулгайчийн хийсэн хэргийн хохирлыг надаар төлүүлж байгааг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Х.Нармандахын нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүгч нар нь Иргэний хуулийн зүйл заалтын аль нэг нь онох байх, онохгүй бол бүх зүйл заалтыг баримталъя гэсэн хандлагатай асуудалд хандаж болсон явдлын бодит байдалд нийцүүлэн шийдвэрлэсэнгүй. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх заалт нь тээврийн хэрэгсэл эзэмшигч өөрөө бусдад хандаж тээврийн хэрэгсэлээ өгч эсвэл өөрөө ажил үүрэг гүйцэтгэх, гүйцэтгүүлсэнээс бусдад гэм хор учруулсан байхыг зохицуулсан харилцаа гэж үзэж байна. Хуулийн заалтын утгыг ойлгоход Энд хууль бусаар тээврийн хэрэгсэлийг ашигласан явдал хамаарахгүй болов уу гэсэн үзэл бодолтой явдаг. Хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь заалт нь гэм буруутай этгээд нь зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон байхыг зохицуулсан харилцаа болох нь тодорхой байгаа юм. Тээврийн хэрэгсэл ашиглах боломжийг өөрийн буруугаас олгосон гэж заасан нь бүгдэд ойлгомжтой байдлыг хэлсэн. Гэтэл А.Адъяахүү нь өөрийн амьдардаг гэртээ машины түлхүүрээ хадгалах, авто машинаа өөрийн өмчлөлийн хашаандаа тавьж хашааны хаалгаа хөдөө орон нутгийнхны нэгэн адил дэгээ түгжээгээр түгжсэн зэрэг өөрийн ахуйн боломжтой нөхцлүүдээр хадгалалт хамгаалалтыг хийж ирсэн, тэр үед тэр байдалд бүхнийг байлгасан байхад боломж олгосон гэж үзэх боломжгүй юм. Хулгайч хүн зорилгоо биелүүлэхийн тулд ямар ч нөхцлөөр хамгаалалт хийсэн бай түүнийг нэвтрэн ордогийг бид бүхэн мэднэ. А.Адъяахүү машинаа хулгайчид алдаад хулгайч нь мөн хашаанд байсан Элентра машиныг нь хулгайлсан портер машинаараа мөргөж хоёрын хоёр машиныг нь эвдэж хохироосон байсан. Энэ байдлыг мэдсэн даруйдаа цагдаад мэдэгдэж зохих арга хэмжээ авсны үндсэн дээр шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа хийлгүүлсэн байдаг юм. Гэтэл шүүх хар цагаан хоёрыг ялгаж салгаж өгөлгүй бөөнд нь базаад хохирогчийг гэм буруутай болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Улсын хэмжээнд алдагдсан машины тоо олон байдаг гэсэн. Тэр бүгдийн учруулсан хохирлыг хулгайчийн өмнөөс машинаа алдсан эзэн нь төлөөд байвал гэмт хэрэгтнийг өөхшүүлж байгаа хэрэг биш үү.Иймд давж заалдах шатны шүүхийн 112 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 578 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3-т зааснаар” гэж өөрчлөөд мөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                 ХЯНАВАЛ:

Зохигчдын хооронд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгуулах асуудлаар эрх зүйн маргаан үүссэн байх ба анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг өөр өөрөөр тайлбарлан хэрэглэснээс авто ослын улмаас учирсан гэм хорыг арилгуулах тухай нэхэмжлэгч Х.Нармандахын шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэжээ. 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т зааснаар  тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх шаардлагыг хангалттай хэрэгжүүлээгүй ба давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч  Х.Нармандах  өөрийн эзэмшлийн Соната-6 маркийн автомашинд учирсан эвдрэл гэмтлийн 900 000 төгрөгийг уг гэм хорыг учруулсан буюу Портер маркийн автомашиныг согтуугаар жолоодож явсан О.Насанжаргалаас бус харин уг тээврийн хэрэгслийн эзэмшигч буюу өмчлөгч А.Адьяхүүгээс шаардсан нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.-д заасан зарчимд нийцжээ.  Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.-д зааснаар  тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эд юмс эвдэрч, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгчийн Соната-6 маркийн автомашины хойд багаж, салхины шил, гупер, дохионы гэрлийг гэмтээсэн авто ослыг О.Насанжаргал гэгч Портер маркийн автомашиныг согтуугаар жолоодож явахдаа учруулсан боловч ийнхүү автомашиныг жолоодож явсан байдал О.Насанжаргалыг тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч болгохгүй юм. Учир нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1.-д зааснаар эд юмсын эзэмшил нь хүсэл зоригийн дагуу хууль ёсоор мэдэлдээ авах замаар үүсдэг байна. Нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учруулсан О.Насанжаргал хариуцагч А.Адъяахүүгийн эзэмшлийн Портер маркийн машиныг түүний зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь хариуцагчийн тайлбар, машин хулгайд алдагдсан талаар цагдаагийн байгууллагад хандсан үйл баримтаар тогтоогджээ.

Харин анхан шатны шүүх хариуцагч А.Адъяхүүгийн автомашин хулгайд алдагдсан талаар цагдаад мэдэгдсэн үйл баримтыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3.-т заасан “өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах” зохицуулалтыг хэрэглэх үндэслэл болгосныг зөв гэж үзэх боломжтой боловч “өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэх хуулийн уг заалтын дараагийн хэсгийг анхаараагүй нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч А.Адъяхүү өөрийн эзэмшлийн Портер маркийн автомашин хулгайд алдагдсан талаар цагдаад мэдэгдсэн явдал нь тухайн тээврийн хэрэгслийг хэн нэгэн түүний хүсэл зоригоос гадуур буюу зөвшөөрөлгүйгээр ашигласан байдлыг илэрхийлж байгаа боловч тэрээр автомашины эзэмшигчийн хувьд “тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон” эсэхийг тогтоогоогүй байна. Тухайлбал, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан тодорхойлолтод “Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын албаны 7037-102 тоот дугаарын санд 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 20:10 цагт ОА50041010 регистрийн дугаартай Ариухан овогтой Адъяахүү нь 99920737 дугаарын утаснаас Дархан-Уул аймаг, Орхон сум, Шар дэрсийн 9-2 тоот хашаанаас 09-39 ДАР улсын дугаартай цагаан өнгийн Хьюнда Портер маркийн автомашинаа хулгайд алдчихлаа гэх дуудлага мэдээллийг өгсөн” талаар заажээ \хх-ийн 102 дугаар тал\. Мөн цагдаагийн хэсгийн төлөөлөгч Т.Бат-Эрдэнэ 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн илтгэх хуудсанд “...2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 20 цаг 00 минутад Орхон сумын иргэн Ариухан овогтой Адъяахүү өөрийн 99608353 дугаарын утсаар дуудлага өгсөн болно. ...А.Адъяхүү нь 2015.6.22-ны өдрийн орой 20 цагт манай ажилчин О.Насанжаргал хашаан дотор байсан цагаан өнгийн ДАР 09-39 улсын дугаартай бага оврын Портер маркийн автомашиныг асааж аваад, хүрэн өнгийн суудлын 45-41 ДАР улсын дугаартай Элентра маркийн автомашины буруу талын хаалга, урд талын их бага хоёр гэрлийг эзэнгүй байх хооронд мөргөчихөөд Портер маркийн 09-39 ДАР улсын дугаартай автомашиныг аваад явсан байна гэх тул дуудлагаар очиж шалгаж үзсэн болно. Энэ хугацаанд А.Адъяахүүгийн ажилчин О.Насанжаргалыг тус Орхон сумын нутаг дэвсгэрт эрэн сурвалжилж, Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын шуурхай удирдлагын төвийн 102-т мэдэгдэж, эрэн сурвалжлуулах хугацаанд 2015.6.22.-ны 19 цагийн орчимд О.Насанжаргал нь Дархан-Уул аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан байсан болно” гэжээ \хх-ийн 95 дугаар тал\.  

Хариуцагч А.Адъяхүү нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбараа нотлох зорилгоор гаргасан дээрх хоёр баримтын агуулгыг судлаж үзвэл хариуцагч А.Адъяахүү өөрийн эзэмшлийн автомашиныг О.Насанжаргал гэгч зөвшөөрөлгүй авч явсан болохыг дуудлагадаа заасан, цагдаагийн байгууллага алдагдсан автомашиныг бус харин О.Насанжаргалыг эрэн сурвалжилсан байна. Нөгөө талаар, А.Адъяахүү автомашинаа хулгайд алдсан талаар цагдаад мэдэгдсэн болохоос бус хулгайч цоожтой гэрт нь нэвтрэн орж, автомашины түлхүүрийг хулгайлан авсан талаар дурдаагүй байна. Өөрөөр хэлбэл, цагдаад өгсөн хариуцагчийн дуудлага нь автомашиныг тодорхой этгээд зөвшөөрөлгүй авч явсныг илэрхийлэх нотолгоо болж болох боловч хариуцагч уг тээврийн хэрэгслийг бусдад ашиглах боломж олгоогүй гэж үзэх үндэслэл болохгүй байна.

“Машины түлхүүрүүд нэг хайрцаганд байдаг”, “хаалгаар орж авсан байх гэвч яаж онгойлгосныг мэдэхгүй”, “хашааны хаалга, гэрийн хаалга бүгд түгжээтэй байсан, хуучин түлхүүр авсан байх, эсвэл онгорхой цонхоор орсон байж магадгүй” гэх хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар нь ямар нэг баримтаар тогтоогдоогүй байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3.-т зааснаар  өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг хохирол учруулсан этгээд хариуцах боловч уг этгээдэд тухайн тээврийн хэрэгслийг ашиглах боломжийг олгоогүй, ийм боломж гарсан явдалд гэм буруугүй өмчлөгч буюу эзэмшигч л хариуцлагаас чөлөөлөгддөг байна. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн ашиглалтаас бусдад учирсан гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөхийн тулд гэм хор учрах үед тухайн тээврийн хэрэгслийг ашиглаагүй өмчлөгч, эзэмшигч нь тээврийн хэрэгслийг бусдад ашиглуулах хүсэл зориггүй байсан, бусдын ашиглалтыг зөвшөөрөөгүй болохыг нотлохын зэрэгцээ өөр этгээд тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй ашиглахад боломж олгоогүйгээ давхар нотлох үүрэгтэй болно.

Нөгөө талаар, хариуцагч А.Адъяхүү машины түлхүүрийг хулгайд алдсан талаар цагдаад мэдэгдээгүйгээс гадна цагдаагийн байгууллага О.Насанжаргалын хувьд автомашины хулгайн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, шалгасан гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Дархан-Уул аймгийн прокурорын газар 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 969 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлд заасан буюу тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байхгүй тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ \хх-ийн 4 дүгээр тал\. Энэ тохиолдолд О.Насанжаргалын машин хулгайлсан үйлдэл, гэм бурууг тогтоогоогүй байхад хариуцагч А.Адъяахүүг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Харин давж заалдах шатны шүүх А.Адъяхүүд хариуцлага ногдуулахдаа Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1., 499.3., 499.4., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг давхар баримталсан нь эрх зүйн маргааныг нарийвчлан зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг сонгох зарчмыг зөрчсөн, хууль хэрэглээний  хувьд алдаатай болсон байх тул уг алдааг магадлалд өөрчлөлт оруулах журмаар залруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулж, нхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх тухай хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг энэ тогтоолд дурдсан үндэслэлээр хангах боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 112 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “499.1., 499.4., 510 дугаар зүйлийн 510.1.-д” гэснийг хасч, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 П.ЗОЛЗАЯА

                             ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН