Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 359

 

Ж.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дима, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.И, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 306 дугаар магадлалтай, Ж.Г-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Б.Дима нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Д овогт Ж.Г нь Эрүүгийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Ж.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилж, шүүгдэгч Ж.Г-ыг хүнийг алсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гоос 5,631,100 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.И-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлээс 5,616,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Б.Дима нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.Г гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэнд туйлын гомдолтой байна. Миний бие энэ хэргийг хийгээгүй. Хохирогчийг алсан байх магадлал бүхий сэжигтэн Баянжаргалын мэдүүлгийг шалгахгүйгээр баримт болгож, хэт нэг талыг барьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл, мөн хуулийн 16.11 дүгээр зүйлд заасныг зөрчсөн. Гэмт хэргийг үйлдсэн жинхэнэ гэмтнийг олж миний нэр төрийг сэргээж, намайг холбогдолгүй болохыг тогтоож өгөхийг хүсч байна. Б-ын мэдүүлэгт үнэн зүйл байхгүй бөгөөд зөрүүтэй. Мөрдөгч Эрдэнэбаатар мэдсээр байж худал зүйлийг үнэн мэт болгож мэдүүлгийг өөрчилсөн. Хэрэг болох үед А-ын мэдүүлсэн хутга байгаагүй. Хэрэв таниулах ажиллагаа хийгдсэн бол ийм хутга байхгүй, биш гэдгийг гэрчлэх байсан. Шууд алуурчин болгохын тулд 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуурамч дүгнэлтийг гаргасан. Хэрэг гарснаас хойш 2 сарын дараа цуснаас шинжилгээ авсан болохоос биш хуруу хумснаас дээж аваагүй. 10 гаруй насаар эгч хүнтэй бэлгийн харьцаатай байсан гэх гүтгэлэгт итгэн, гэр бүлийн минь өмнө нэр төрийг гутаасан. Иймд үнэнийг олж, нэр төрийг минь сэргээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн Б.Дима гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргасан. Дараах нөхцөл байдлууд нь шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдлууд гэж үзэж байна. 1. Шүүгдэгч Ж.Г-ыг хүн амины хэрэгт буруутгах гол үндэслэл нь түүний өмсөж явсан гэх ногоон эрээн өнгийн малгайтай цамцнаас хохирогч С.Г-ын нэвчсэн цус илэрсэн гэж шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 9135 дугаар дүгнэлт /2хх-29, 30, 31/ гарсан байдаг. Гэтэл нэвчсэн битгий хэл нүдэнд ил тодорхой харагдах цус байхгүй. Энэ цамцаар хүнийг хүнд гэмт хэрэгт буруутгасан гол нотлох баримт бөгөөд энэ баримтад маш их эргэлзээ төрдөг. Хохирогч Г болон гэрч Д.Б нар нь хамтран амьдарч байхдаа байнга архидан согтуурч зодоон хийдэг байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Мөн Баянжаргал нь хохирогчийн гар, шуу, толгойд нь хутгалж байсан асуудал байдаг. Д.Баянжаргал нь энэ хэрэгт ял сонсон шалгагдаж байгаад мөрдөн байцаалтын шатанд үйлдэл холбогдлыг нь өөрийнх нь өөрчилсөн мэдүүлгийг үндэслэн хэрэгсэхгүй болгосон. Ж.Г-ыг тухайн хэрэгт яллагдагчаар татагдаж ял сонссон хүний мэдүүлгээр яллаж байгаа. Гэрчээр Д.Б-ын цамцнаас нь урд энгэр хэсгээс мөн гутлаас хохирогчийн цус илэрсэн байдаг. Д.Б мөрдөн байцаалтын шатанд “Би хохирогчтой муудалцаад самардахад хамраас нь цус гарсан. Үүнийг ариун цэврийн цаасаар арчсан” гэж тайлбарладаг. 2. Хохирогчийн амь насыг бүрэлгэсэн хутганаас хурууны мөр илрээгүй. Үүнийг хэн арилгасан нь бүрхэг байсаар ирсэн. Гэрч Б-ын үгээр “коридорт байсан энэ хутгаар Г хохирогчийг алсан” гэж үзсэн. Гэтэл энэ хутгаар хохирогч орой хоол хийсэн, гэрт нь байсан хутга. Хутга хаана байсан нь тодорхойгүй байсаар байтал үүнийг шалгаж тогтоогоогүй. 3. Энэ хэргийн гол гэрч Н.Н-ийн хүү Ү-г 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан байдаг ч хэзээ сулласан нь тодорхойгүй 3 хоног саатуулсан. Ү-ыг баривчилснаас хойш Н мэдүүлгээ өөрчилсөн байдаг. Хохирогч Г, гэрч Баянжаргал хоёр шөнө маргалдаж хэрүүл зодоон болоход энэ хэргийн гол гэрч хөрш Н нь өндөр нуруутай, настайвтар буурал үстэй хүнтэй цуг орж ирж хэрүүл маргааныг намжаасан гэдэг ч энэ хүн хэн байсныг тогтоож чадаагүй, Б, Н хоёр “тийм хүн байгаагүй” гэж мэдүүлсээр ирсэнд маш их эргэлзээтэй бөгөөд гуравдагч этгээд байгаа юм биш биз гэх сэжиг таамаглалыг төрүүлдэг. Г-с хэргийн талаар асуухад “би алаагүй” гэж надад хэлдэг. 4. Гэрч Д.Б-ын мэдүүлгүүд зөрүүтэй. Д.Б-ын хувийн байдлын хувьд урьд нь жирэмсэн эмэгтэйг хутгалж шүүхээс ял авч байсан, үргэлж архидан согтуурдаг, цагдаагийн байгууллагад 20-30 удаагийн дуудлагын мэдээлэл байдаг. Хохирогчийн ахад нь “танай дүүгийн амь нас миний гарт байгаа” гэж заналхийлсэн байдаг. 5. Гэрч Н.Н  цаг хугацааны хувьд ямар ч баримжаагүй, будилсан байдлаар мэдүүлдэг. 6. Хорих ангид хоригдож байхдаа Б Г-д “...эгч нь эртхэн хэргээ хүлээнээ... миний дүү залуу хүн амьдарлаа бод...” гэсэн захиа дамжуулж байсан. Тухайн үед цаг алдалгүй шалгаж өгөхийг хүссэн боловч ямар ч ажиллагаа хийхгүй байсаар энэ асуудал шүүхээс хэрэг буцах нэг үндэслэл болоход жилийн дараа Зоригтбаатар, Загдсүрэн нарыг гэрчээр асуусан нэр төдий ажиллагаа хийсэн. Хэрэг 9 дүгээр сард гарсан байхад мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг өвлийн ид хүйтэн цагаар 1 сард хийж, бидэнд мэдэгдээгүй. Хэргийн ээдрээ төвөгтэй нөхцөл байдал, холбогдох ажиллагаануудыг хуулийн хугацаанд хийхийг шаардаж байсан ч хийгээгүй. Г 178 сантиметр, амь хохирогч 160 сантиметрийн өндөртэй. Тэгэхээр хутгалах үед хутганы оролт ямар байх вэ гэдэгт ажиллагаа хийгдээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт ач холбогдол бүхий тодорхой байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх шаардлагатай. Мөн хуулийн 26.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ажиглалт хийх ажиллагааг яллагдагчаар шалгагдаж байсан Б-д хэрэглэх, 26.4 дүгээр зүйлийн 1-д заасан ажиллагааг Б-ын амьдарч байгаа нутаг дэвсгэрт явуулж өгөх хүсэлтүүдийг хангаагүй ба хэрэг буцаахад ёс төдий хийсэн. Мөрдөн байцаах газраас Г, Б нарын яриа болон захидлын лавлагаа авахыг хүссэн тоот явуулсан боловч хариу ирсэн эсэх нь тодорхойгүй байдаг. Гэтэл Дима өмгөөлөгчид мэдэгдсэн гээд баримт нөхөж хийсэн байдаг. Полиграфийн шинжилгээний хувьд шүүгдэгч болон өмгөөлөгч бидний хүсэлтээр хийгдсэн ажиллагаа” юм. Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй, эргэлзээтэй, үгүйсгэгдэх нөхцөл байдлууд байхад хэтэрхий нэг талыг барьж хууль зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Г нь хохирогч Г-г хоёр удаа хутгалж санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн талаарх шалгавал зохих ажиллагаа бүрэн хийгдсэн. Энэ хэргийг 2 жилийн хугацаанд шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдэж дууссан. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ оролцвол зохих талуудыг оролцуулж, өмгөөлөгчийн гомдолд дурдсан асуудалд тухай бүрд нь дүгнэлт хийсэн. Б энэ гэмт хэргийг үйлдсэн эсэхийг хангалттай шалгасан баримт хэрэгт авагдсан, мөн мөрдөн шалгах ажиллагааны үед Б-ыг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. Гэрч Н маргаан, зодоон болсон талаар анхнаасаа гэрчилж мэдүүлдэг. Г энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо дээрх нөхцөл байдлыг дурдаж үндэслэлтэй дүгнэлт хийсэн ба давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Б.Дима нарын гаргасан гомдлыг үндэслэн Ж.Г-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ж.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Хуучин цэргийн хотхон”-ы 6 дугаар байр, 01 тоотын үүдэнд хохирогч С.Г-ын цээжин тус газар нь 2 удаа хутгалж амь насыг нь хохироосон үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан тогтоохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхүүд хэргийг хянан хэлэлцэж шүүгдэгч Ж.Г-ын гэм буруутай үйлдэл нотлох баримтуудаар тогтоогдсон, уг үйлдэл, хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой болохыг нотлохын сацуу амь хохирогч, шүүгдэгч нар хэн аль нь архидан согтуурсан, амь хохирогчийг хүнд зэргийг согтолттой байсныг Ж.Г ухамсарлаж мэдсэн, улмаар тэрхүү байдлыг нь ашиглаж алах болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Г-ыг гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн байна.

Түүнчлэн шүүгдэгч Ж.Г-д оногдуулсан хорих ял нь гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэхэд чиглэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүхүүд хэргийн үйл баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтад үндэслэн тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхэд гаргаж буй хүсэлт, гомдлууд нь ижил утга агуулгатай бөгөөд хоёр шатны шүүх үүнд тодорхой дүгнэлт хийж, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдол нь “гэмт хэргийг хэн үйлдсэнийг тогтоогоогүй, Ж.Г уг хэргийг үйлдээгүй, өөр хүн, тухайлбал Д.Баянжаргал, түүнээс өөр хүн ч үйлдсэн байх магадлалтай” зэрэг гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, үйл баримттай холбоотой гомдол гаргасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг гарсан нөхцөл байдлыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд л хяналтын шатны шүүх шийдвэрийг нь хүчингүй болгох эрх хэмжээтэй бөгөөд энэ хэрэгт ийм нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.Г-д холбогдох хэрэгт шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин шалгуулах үндэслэлтэй нөхцөл байдал шүүх хэргийг шийдвэрлэх үед нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоол, түүнийг хэвээр үлдээсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 306 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Б.Дима нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                    ШҮҮГЧ                                                С.БАТДЭЛГЭР

                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН