Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 0601

 

 

 

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2017/0601

Улаанбаатар хот

Д.У-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Д.У-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Анхан шатны шүүх шийдвэртээ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.У-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр “Багийн Засаг дарга томилуулах тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг барьсан тул дараахь гомдлыг гаргаж байна.

            Анхан шатны шүүхээс дүгнэлтийг ойлгомжгүй бөгөөд тооллогын комиссын тооцооны алдаанаас болж хууль зөрчсөн гэж үзэж шийдвэрийн үндэслэх хэсэгтээ заасан тухайд:

            Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурлын багийн Засаг даргыг томилуулах тогтоол нь тухайн хурлын тооллогын комиссын тогтоолыг үндэслэн гарсан байдаг бөгөөд уг тооллогын комисс нь санал хураалтын дараа саналын хуудсыг 4-5 удаа дахин тоолсон гэж мэдүүлсэн байдаг.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн ... шүүхийн үзлэгээр Улаантолгой багийн Засга даргыг сонгох хуралдааны санал хураалттай холбоотой бичиг баримтад хийсэн үзлэгээр Т.Л-д өгсөн хүчинтэй саналын хуудас 203, Д.У-т өгсөн хүчинтэй саналын хуудас 201 байсан ба Д.У-н хүчинтэй саналын 202 саналын хуудас гарч ирсэн болно. Хэргийн оролцогчид шүүхээс хийсэн тооллогын дүнтэй маргахгүй гэж байх боловч нэхэмжлэгчийн зүгээс санал хураалтын дүнд Т.Л 203, Д.У 202, хүчингүй 6 нийт 411 саналын хуудас гарсан. Энэ дүн саналын хуудсыг гараар 4-5 удаа тоолж гарсан дүн. Хариуцагч тал лацтай саналын хайрцагны ёроолыг задалж, саналын хуудсан дээр тавьсан ногоон лацыг хөндөж санал хураалтын дүнд засвар оруулсан гэж маргаж байгаа ба санал хураалтын дүнг лацдаж хүлээлгэж өгсөнтэй холбоотой зурган баримт ирүүлснийг дурдах нь зүйтэй байна ... гэж нотлох баримтад үндэслээгүй, зохих шатны цагдаагийн болон бусад байгууллагаар саналын хайрцгийг онгойлгосон талаар шийдвэр гараагүй байхад саналын хайрцагны ёроолыг задалж, лацыг хөндөж, санал хураалтын дүнд засвар оруулсан мэтээр хийсвэр дүгнэлт өгсөн.

            Учир нь Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурлын санал хураалтын тооллогын комисст 2 намын 2 төлөөлөл, хуучин ИНХ-ын тэргүүлэгч гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж санал хураалтын дүнг 4-5 удаа тоолсон гэж Д.У-ийн нэр дэвшүүлсэн монгол ардын намаас томилогдсон тооллогын комиссын гишүүн н.Б мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл сонгууль дууссаны дараа саналын хайрцаганд хийхээс өмнө тооллогын комиссын гишүүд 100 хувийн санал нэгтэй 411 хүний саналын хуудас байна. Т.Л 203, Д.У 202 гэж зарласан байх бөгөөд шүүхийн үзлэг хийхэд мөн л энэ тоо гарч ирсэн ба Т.Л-ийн 1 саналын хуудас Д.У-ийн саналын хуудсанд тоологдсон байсан. Ийм байхад сонгуулийн дараа саналын хайрцагны ёроолыг задалж, дүнд засвар оруулсан гэх үйлдлийг тогтоогоогүй байж хийсвэр дүгнэлт хийсэн байна.

            Мөн уг өгүүлбэрийн дараа ... үүнээс үзэхэд Т.Л-г олон санал авсан гэж Улаантолгой багийн Засаг даргаар томилуулах санал уламжилсан тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн багийн Засаг даргад томилуулах тухай 01 дүгээр тогтоол нь тооцооллын хувьд алдаатай тооллогын комиссын тогтоолыг үндэслэн гэж үзэхээр байна ... гэж нэхэмжлэлийн шаардлагад огт дурдаагүй буюу тооллогын комиссын тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй байхад анхан шатны шүүх шууд дүгнэлт өгсөнд гомдолтой байна.

            Тухайн хурлын тооллогын комиссын тогтоолыг хууль бус гэж тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад тооцооллын хувьд алдаатай тооллогын комиссын тогтоол гэж байгаа нь ойлгомжгүй юм. Хамгийн гол нь яг ямар тооцооллын алдаа гаргасан тогтоол гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна.

            Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хуралд өөр бөг, сумын иргэд оролцсон тухайд:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэгч Д.У нь маргаж байгаа өөр баг, сумын иргэд болох Жаргалсайхан түүний эхнэрийг болон өөрийнхөө төрсөн дүү, түүний эхнэрийг хурлын явцад харсан гэж мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.У нь тухайн санал хураалтад өөр баг, сумын иргэд оролцож байгааг мэдсээр байж тухайн үед санал, гомдол гаргаагүй, энэ талаар маргаагүй байж санал хураалтын дүнд ялагдахаараа өөр багийн иргэд оролцсон тул хүчингүй болгож өгнө үү гэдэг шаардлага гаргасан нь шударга ёсонд үл нийцнэ.

            Хэрэв нэхэмжлэгч Д.У нь өөрөө санал хураалтын дүнд ялсан бол мөн адил хүчингүй болох хуралдаан гэж үзэхээр байна. Гэвч хариуцагч Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурал, түүний шинээр сонгогдсон дарга Д.Г, гуравдагч этгээд шинээр сонгогдсон Т.Л нар нь тухайн хурлын санал хураалтын дүнг өөрчлөх эрх бүхий этгээд биш юм.

            Мөн анхан шатны шүүхээс хариуцагч байгууллагыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурлыг татсан боловч зөвхөн түүний даргыг хариуцагчаар татаж байгаа нь хамтын удирдлагаар шийдвэр гаргадаг байгууллагыг бүрэн төлөөлөх эрхгүй этгээдийг татсан гэж үзэж байна.

            Иймд Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Д.У “Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр “Багийн Засаг дарга томилуулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргажээ.

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д зааснаар багийн иргэдийн Нийтийн Хуралд зөвхөн тухайн багийн сонгуулийн насны иргэн бүр оролцож болохоор байна. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэдийн Нийтийн Хуралдаанаар тус багийн Засаг даргыг сонгох хуралд тус багийн иргэдээс өөр багт оршин суух бүртгэл бүхий иргэд оролцож санал өгсөн байх бөгөөд нэр дэвшигчдэд өгсөн саналын зөрүү нь өөр багийн харьяалалтай иргэдийн өгсөн саналын тооноос бага байгаа нь сонгуулийн дүнд нөлөөлөхөөр байна. Ингэснээр нэхэмжлэгч Д.У-ийн багийн Засаг даргын сонгуульд нэр дэвшиж, сонгогдох эрх зөрчигджээ.

Анхан шатны шүүх “ .... ирцийн бүртгэлийн 212, 234 дугаарт бүртгэгдэж саналаа өгсөн иргэн Ш.Ж, Ш.Г нарын хаягийн бүртгэлийг тодруулахад Их-Уул сумын Хуягт багийн иргэний бүртгэлтэй болох нь тогтоогдож байна. Мөн тус сумын Оргих багийн иргэн н.Б, н.Д нар Улаантолгой багийн Засаг дарга сонгох хуралдаанд оролцож санал өгсөн гэх талаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тайлбарласан ба эдгээр иргэдийг санал хураалтад оролцсон гэдэгтэй талууд маргахгүй байгааг дурдах нь зүйтэй байна. ... Улаантолгой багийн иргэн бус Их-Уул сумын Хуягт багийн 2 иргэн, мөн талуудын тайлбарлаж байгаачлан Оргих багийн 2 иргэн тус багийн Засаг дарга сонгох хуралдаанд оролцож санал өгсөн нь Д.У, Т.Л нарын саналын зөрүүнээс их байх тул сонгуулийн санал хураалтын дүнд нөлөөлөхүйц байна” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв, энэ талаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Давж заалдах гомдлын “хамтын удирдлагаар шийдвэр гаргадаг байгууллагыг бүрэн төлөөлөх эрхгүй этгээдийг хариуцагчаар татсан” тухай үндэслэлд: Анхан шатны шүүх багийн иргэдийн Нийтийн Хурлыг хариуцагчаар татсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хурлыг төлөөлж дарга оролцсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 17 дугаар зүйлийн 17.4, 27 дугаар зүйлийн 27.8-д заасантай нийцсэн байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгох

ТОГТООХ нь:

            1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ