Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 15

 

Н.Ц нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Ш.Б, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 133/ШШ2020/00258 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Төгрөг сумын 4 дүгээр баг, Цагаан хайрханд оршин суух У овогт Н.Ц /РД:85043086/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Төгрөг сумын 4 дүгээр баг, Цагаанхайрханд оршин суух У овогт Ж. Ж /РД: ДГ73122415/ холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгө, мал гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

хөргөгч 700.000 төгрөг, хөлдөөгч 450.000 төгрөг, мөлхөө тавилга 600.000 төгрөг, угаалгын машин 400.000 төгрөг, аравчны урт хивс 400.000 төгрөг, миний хуваарьт хөрөнгө болох өвөг эцгээс минь үе дамжиж ирсэн 8 сая төгрөгний үнэтэй шүрэн толгойтой алтан нуухтай цагаан хаш хөөрөг, 2019 оны 6 дугаар сард ХААН банкнаас авсан 5.3 сая төгрөгийн малчны зээлийг төлүүлэх, мөн иргэний үнэмлэх, УАЗ-469 машины бичиг баримт гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүгч Т.Ж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ц /онлайнаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М, хариуцагч Ж.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.Ц миний бие Ж.Ж 2006 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болж байсан. Бидний дундаас 2001 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр охин Ж.Б, 2003 оны 03 дугаар сарын 15-ны өдөр охин Ж.Б, 2006 оны 5 дугаар сарын 20-нд хүү Ж.Б нар төрсөн. Одоо эхийнхээ асрамжид байдаг. Том охин Ж.Б нь одоо оюутан, Улаанбаатар хотод сурдаг юм. Ж.Ж нь гэр бүл болсноосоо хойш архи ууж, зоддог хөөж туудаг байсан. Хүүхдүүд бага байсан болохоор энэ бүгдийг тэвчиж зодуулж хөөгдөж явсан. Хүүхдүүд том болоод ирэхэд энэ хүний зан авир өсвөр насны хүүхдүүдэд муу үлгэр дуурайлал болж ирсэн. Ингээд бид хоёр 2019 оны 6 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа юм. Миний бие 3 хүүхдийн хамт аймагт ээжийндээ амьдарч байгаа. Том охин оюутан, Улаанбаатар хотод байр түрээсэлж өгсөн. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Ж.Б, охин Ж.Б нарыг эх миний асрамжид үлдээж, эцэг Ж.Ж тэтгэлэг гаргуулж өгнө үү. Ж.Ж бидний дундын эд хөрөнгө болох 5 ханатай давхар бүрээстэй гэр, 4 ханатай давхар бүрээстэй гэр, УАЗ-469 маркийн автомашин, мотоцикль, өвөлжөө, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын 3 дугаар баг Мааньт Оргил 13 дугаар гудамж 1303 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 3 тал хашаа, граж, амбаарын хамт, 2018 оны жилийн эцсийн байдлаар хонь 61, ямаа 202 толгой мал тоолуулсан байгаа. Эдгээр эд хөрөнгөнөөс 5 ханатай давхар бүрээстэй гэр буюу үнэ 1.500.000 төгрөг, өвөлжөө /энэ өвөлжөө нь манай аавын өвөлжөө байгаа юм/ 500.000 төгрөг, сумын төвийн 3 тал хашаа, граж, үүдний амбаар зэргийг манай хүн зарсан байгаа. Үүнээс том охин Ж.Б болон надад оногдох хэсэг 5.000.000 төгрөг, 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт хонь 61 толгойг тоолуулсан оногдох хэсэг болох эм хонь 26, үнийн 2.600.000 төгрөг, эр хонь 14, үнийн 2.100.000 төгрөг, нийт 202 ямаанаас эр ямаа 62, үнийн 6.200.000 төгрөг, эм ямаа 72, үнийн 5.040.000 төгрөгний эд хөрөнгийг /нийт 20.940.000 төгрөгийн үнэлгээ бүхий/ Ж.Ж гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Намайг хүүхдүүдтэйгээ уулзсангүй гэж байна. Би хүүтэйгээ уулзсан. Хүү маань 4 дүгээр сургуульд сурдаг тул тус сургуулийн жижүүрээс гуйж байгаад уулзсан. Хүүтэйгээ уулзаад би та гурвыг зодож, нүдэж, гадаа хонуулж үзээгүй. Яагаад тийм зүйл ярьсан юм бэ? гэж асуухад эмээ, ээж 2 тэгж хэлж байж ааваасаа хэдэн төгрөг салгаж ав. Чи очиж 7 хоночихоод ир гэж хэлсэн байсан. Гэрлэлтээ цуцлуулах саналтай байна. Хүүхдийн тэтгэлгийг би өөрөө хариуцна. Н.Ц намайг өөртэй нь яриагүй гэж байна. Утас руу нь залгахад тэр залуу нь намайг яриулахгүй байна. Охин Ж.Н надад аав та надтай утсаар ярьж байгаараа гэж хэлсэн боловч өөр хүмүүс утсыг нь аваад яриулдаггүй. Ийм байхад би яаж уулзах юм бэ? Хүүхдүүдэд тэг, ингэ гэж зааж өгөөд надаас мөнгө салгаад авчихвал болох юм шиг хандаж байна. Ингээд байхаар яаж үр хүүхэдтэйгээ уулзах вэ? Уулзана гэсэн санал байсан ч уулзуулахгүй байна. Эд хөрөнгийн тухайд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Мааньтын Оргил гудамжид байгаа хашаа, граж надад хамааралгүй. Газар нь өөр хүний нэр дээр байдаг. Тэнд амбаар байхгүй. 5 ханатай давхар бүрээстэй гэрийн тухайд гэрлэснээс хойш 15, 16 жил баригдсан учраас эд зүйл нь муудсан. Би гэрээ хүний машинд ачуулж ирсэн. Багтахгүй байсан учраас муу зүйлүүдийг нь хаясан. Одоо дан бүрээстэй гэр байна. Гэрийг өгнө. Машиныг би унаж ирсэн. Машинаа өгөх саналтай байгаа. Авах эсэхээ Н.Ц өөрөө мэдэх байх. Мотоциклийг би аймагт ирэхдээ нэг залууд 200.000 төгрөгөөр зарсан. Муу ч мотоцикл байсан. Өвөлжөө миний нэр дээр байдаг боловч Н.Ц аав нь өгсөн нь үнэн. Малын тухайд манай багийн Засаг дарга Н.Ц 2018 оны 12 дугаар сарын мал тооллогын тодорхойлолт өгсөн. Хамгийн баталгаатай нь 6 дугаар сарын тооллогын дүн гэж хэлээд надад 2019 оны 6 дугаар сарын мал тооллогын тодорхойлолт өгсөн. 2019 оны 6 дугаар сард мал тоолоход 90 хүрэхгүй мал байсан. Төл аваагүй. Н.Ц хөдөө гардаггүй учраас намайг хэдэн мал хариулж байгаа болохыг мэдэхгүй. Мөнгөний хэрэг гарахаараа мал зармаар байна гэж хэлээд мал зараад мөнгийг нь аваад явдаг байсан. 40 хонийг буцааж өгсөн. Үлдсэн малаас идэхийг нь идээд 40 гаруй мал зарсан нь үнэн гэжээ.

 

Хариуцагч Ж.Ж шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ж.Ж миний бие Н.Ц холбогдуулж дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Н.Ц нь 8 сард намайг мал дээр байхад гэрт байсан миний хуваарьт болон дундын эд хөрөнгө аваад явсан байсан. Үүнд: хөргөгч 700.000 төгрөг, хөлдөөгч 450.000 төгрөг, мөлхөө тавилга 600.000 төгрөг, угаалгын машин 400.000 төгрөг, аравчны урт хивс 400.000 төгрөг, миний хуваарьт хөрөнгө болох өвөг эцгээс минь үе дамжиж ирсэн 8 сая төгрөгний үнэтэй шүрэн толгойтой алтан нуухтай цагаан хаш хөөрөг, мөн 2019 оны 6 дугаар сард ХААН банкнаас 5.3 сая төгрөгийн малчны зээл авахуулж өөрийнхөө дансанд шилжүүлэн аваад явсан. Энэ зээлийг төлүүлэх хүсэлтэй байна. Иймд Н.Ц дундын өмчийн өөрт ногдох хэсэг 1.275.000 төгрөг, өөрийн хуваарьт хөрөнгө 8 сая төгрөгийн үнэтэй хөөрөг, зээл авахуулж бүгдийг өөртөө зарцуулсан 5.3 сая төгрөг, зээлийн хүү 1.616.000 төгрөг нийт 16.191.000 төгрөг, мөн миний бичиг баримт болох иргэний үнэмлэх, УАЗ-469 машины бичиг баримт аваад явсан тул гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Ц сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбартаа: Би банкнаас 5.300.000 төгрөг авч өгсөн. Бүгдийг нь Н.Ц авч явсан. Өр төлөгдсөн зүйл байхгүй. Миний буурал ааваас өвлөгдсөн цагаан хаш хөөрөг байсан. 8.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Тавилгын тухайд Н.Ц өөдтэй гэсэн тавилгуудыг авч явсан. Үлдсэн тавилгуудаас зарахыг нь зараад заримыг нь ачиж ирсэн. Нэхэмжлэгчээс Хаан банкнаас зээлсэн 5.300.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гэрлэхдээ авч ирсэн тавилга байгаагүй. Бид гэрээ орчин үеийн айл болгох гэж тавилга авч байсан. Хамт амьдрах хугацаанд бий болсон хөрөнгө тул ялгаагүй бүгдийг нь нэхэмжилнэ. Хөлдөөгчийг 400.000 орчим төгрөгөөр авч байсан. Маркийг нь мэдэхгүй. 3, 4 малын мах хийхэд дээд талд нь зайтай байдаг байсан. Хөргөгчийн тухайд айлын хэрэглэж байсан хөргөгчийг 200.000 гаруй төгрөгөөр авч байсан. Урт хивсийг лизингээр 350.000 орчим төгрөгөөр авч байсан. Мөлхөө тавилгыг 550.000-600.000 төгрөгөөр аймгаас сургуулийн цемент ачсан машинд ачуулж авч байсан. Мөлхөө тавилгыг 2 жил хэрэглэсэн. Угаалгын машиныг 200.000 орчим төгрөгөөр авч байсан. Урт хивсийг 5 ханатай гэрийн баруун зүүн 2 тал хүртэл татдаг байсан. Би гэртээ бараг байдаггүй. Ихэвчлэн хөдөө байдаг. Хааяа гэртээ ирдэг байсан. Би нарийн зүйлийг сайн мэдэхгүй. Ямар ч байсан бүгд байсан гэжээ.

 

Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар У овогт Н. Ц, У овогт Ж. Ж нарын /2006 оны 7 дугаар сарын 31-ний өдөр бүртгүүлсэн 05 дугаартай гэрлэлтийн бүртгэлтэй/ гэрлэлтийг цуцалж, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.6, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан газар эзэмших эрхийн 0097094 дугаартай нэгж талбарын 061000113 дугаар бүхий 0.1 га өвөлжөөний газар, хонь 20 /эр хонь 10, эм хонь 10/, ямаа 25 /эм ямаа 15, эр ямаа 10/ нийт 45 малыг хариуцагч Ж.Ж гаргуулж, нэхэмжлэгч Н.Ц олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 129 тооны мал гаргуулах, охин Ж.Б бид хоёрт ногдох 5.000.000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.6, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Ж гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2003 оны 03 дугаар сарын 15-ны өдөр охин Ж.Б, 2006 оны 5 дугаар сарын 20-нд хүү Ж.Б нарыг эх Н.Ц асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2003 оны 03 дугаар сарын 15-ны өдөр охин Ж.Б, 2006 оны 5 дугаар сарын 20-нд хүү Ж.Б нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Ж.Ж тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.Ц даалгаж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Ж.Ж нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч Ж.Ж эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Б даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 506.178 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ж гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөг, 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 4.881.600 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 93.056 төгрөг, эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан хэмжээ болох 6.550.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 119.750 төгрөг, нийт 353.206 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ц олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 00258 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Н.Ц, Ж.Ж нар нь 2006 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болж, хамтран амьдрах хугацаанд охин Ж.Б, Ж.Б, хүү Ж.Б нар төрсөн юм. Н.Ц, Ж.Ж нар таарамжгүй харьцааны улмаас 2019 оны 6 сараас хойш өдий болтол тус тусдаа амьдарч байгаа. 3 хүүхэд эх Н.Ц асрамжинд байдаг. Том охин Ж.Б нь одоо оюутан, насанд хүрсэн байгаа. Өөрт оногдох малаа нэхэмжлэхэд шүүхээс нэг ч мал гаргаагүй байгаа. Мөн тусдаа амьдраад явах үед хариуцагч Ж.Ж нь хашаагаа буулгаад бүх банз, шургааг хашаанд байсан амбаар, гражаа зарсан байгаа, малаа маш ихээр зарсан байгаа. Бид тусдаа амьдрахаас өмнө манай мал 2018 оны жилийн эцэст тоолуулсан тоогоороо байсан, ингээд банкнаас малын тоогоороо зээл авч байсан юм. Ингэхэд шүүхээс багийн Засаг даргын хийж өгсөн тоотыг үндэслэн охин Ж.Б ямар ч мал өгөхгүйгээр 90 малыг хувааж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж манай малыг 2018 оны жилийн эцсийн тоогоор хувааж охин Ж.Б болон Н.Ц нарт оногдох хэсгийг хариуцагч Ж.Ж гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хэргийн хариуцагч Ж.Ж өмгөөлөгч Ж.Д миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 133/ШШ2020/00258 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн гэр бүлийн дундын эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, Иргэний хуулийн 125-133-д зааснаар Ж.Ж газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 0.1 га өвөлжөөний газрыг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь тухайн өвөлжөөний газрын эрхийн гэрчилгээ нь гэр бүл бий болсоноос хойшхи дундын хөрөнгө байхад Ж.Ж бүгдийг нь гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн 2019 оны 6 дугаар сард тоолсон мал тооллогын баримтаар Ж.Ж нийт 90 тооны мал байсан тус малнаас 40 тооны малыг өрөндөө өгсөн үлдсэн талаар нэхэмжлэгч болон хариуцагч нар тодорхой шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарладаг мөн гэрч нар мэдүүлдэг. Нэхэмжлэгч Н.Ц нь Ж.Ж 2019 оны 7 сар хүртэл цуг амьдарч байсан бөгөөд үлдэгдэл 50 тооны малыг дундын өмчөөр тооцож хуваах байтал 90 тооны малыг хувааж гаргуулахаар шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Мөн миний үйлчлүүлэгч Ж.Ж гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 6 дугаар сард Хаан банкнаас авсан 5.3 сая төгрөгний малчны зээлийг нэхэмжлэгч Н.Ц нь авхуулж өөрөө бүгдийг нь зарцуулсан үүнтэй холбоотой нотлох баримтыг гаргасан байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч Ж.Ж холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө болох гэрийн эд зүйл, мал зэрэг 20.940.000 төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч мөн өөрт ногдох дундын өмч болох 16.191.000 төгрөгийн үнэлгээ бүхий сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Н.Ц, Ж.Ж нар нь 2006 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 7 дугаар сарын 31-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2019 оны 6 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа зэрэг үйл баримт хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй Ж.Б, Ж.Б нарыг гэрлэгсдийн тусдаа амьдарч байгаа үеэс хойш эхийн асрамжинд байгаа, хүүхдүүдийн насны онцлог, тэдний санал зэргийг харгалзан эх Н.Ц-ийн асрамжинд үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин 2019 оны хагас жилийн мал тооллогоор хонь, ямаа нийт 90 толгой мал тоологдсоныг гэрлэгчдэд тэнцүү хуваарилан хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасан байна.

 

Нэхэмжлэлийн үнийг нэхэмжлэгч өөрөө тодорхойлж, нэхэмжлэх ба зөв тодорхойлж тохирсон хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн төлсөн нэхэмжлэлийг хүлээн авах үед шүүх шалгах үүрэгтэй.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5-д нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнэ тусгагдсан байхыг шаардаж байгаа бөгөөд энэ шаардлагыг хангаагүй нэхэмжлэлийг мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар хүлээн авахаас татгалзах үүрэгтэй.

 

Нэхэмжлэлийн үнийн дүн тодорхой байх нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд улсын тэмдэгтийн хураамж тооцож төлүүлэх зэрэгт ач холбогдолтой юм. Нэгэнт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрт тавигдах шаардлага хангаагүй нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан бол нэхэмжлэлийн үнэ түүний үндэслэл шаардлагыг тодруулах ажиллагааг хийх шаардлагатай. Ийнхүү ямар хэмжээтэй шаардлага гаргаж байгааг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Мөн хариуцагчийн 700.000 төгрөгөөр үнэлсэн хөргөгч, 450.000 төгрөгөөр үнэлсэн хөлдөөгч, 600.000 төгрөгөөр үнэлсэн мөлхөө тавилга, 8.000.000 төгрөгөөр үнэлсэн хөөрөг, 2019 оны 6 дугаар сард ХААН банкнаас авсан 5.300.000 төгрөгний малчны зээл төлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч хуучин эд зүйлс байсан бөгөөд өгөхгүй гэж маргаж байхад үнэлгээ хийгдээгүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Мөн хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл, шийдвэрт авагдсан зохигчдын тайлбар нэрийг сольж бичсэн, үг, үсгийн болон утга найруулгын алдаа ихтэй байгааг анхаарах зүйтэй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 133/ШШ2020/00258 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197.190 төгрөг, хариуцагчаас төлсөн 123.750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.Э

 

ШҮҮГЧИД Ш.Б

 

Т.Ж