| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2018/0001/Э |
| Дугаар | 13 |
| Огноо | 2018-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч:М.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б
Шүүгдэгч: М.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн М.Э-д холбогдох эрүүгийн,, тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: М.Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны орой 18 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир баг, Татвар хороолол гэх газарт эхнэр М.Мийг “архины мөнгө өгсөнгүй” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний хөл рүү заазуур шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Эрүүгийн ,,тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
* Хохирогч М.М-ийн өгсөн:
“.... М.Э дахиад архи ууна гээд надаас архины мөнгө нэхээд байхаар нь би мөнгө өгөөгүй юм. Тэгтэл М.Э надаас хэрүүл өдөөд над руу дайраад байсан. Бид хоёр маргалдаад би гэрийнхээ зүүн талын орны урд очсон байсан чинь гэрийн зүүн урд хатавчинд байсан эргүүлэг дээрээс модон иштэй заазуур аваад шидсэн, заазуур миний баруун өвдөгний дээд талд гуяны хэсэгт хүчтэй оносон. Тэгтэл миний гуянаас цус гараад тогтохгүй байсан. Миний нөхөр М.Э над руу заазуур шидчихээд гэрээс гараад явсан. Би гэрээс гараад хашаандаа байж байсан чинь манай хойд айлын П.Ц гэх хүн манай хашаанд орж ирээд түргэн тусламж дуудсан. Тэгээд удалгүй түргэн тусламж ирээд намайг аваад явсан. М.Э надаас архины мөнгө нэхээд байхаар нь би өгөхгүй гэсэн чинь намайг хэл амаар доромжлоод надтай хэрүүл хийж байгаад заазуур аваад шидсэн. Заазуур л шидсэн. Өөр байдлаар цохиж зодсон зүйл байхгүй. М.Э өмнө нь намайг цохиж зодож байгаагүй. Надад агсам тавьж байгаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хөлний гэмтэл гайгүй, удахгүй эдгэнэ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,
* Гэрч П.Ц-ийн өгсөн:
“...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 17 цагийн үед намайг гэртээ байж байтал манай урд хашааны айл шуугиад байхаар нь гараад харсан чинь М.Э-ын эхнэр нь буюу М.М гэрийнхээ гадаа хашаан дотроо сууж байсан. Хөлнөөс нь цус гараад байхаар нь очоод хартал баруун талын өвдөгний дээд талд өмд нь нэвтрээд цус гарч байсан. Тэгээд юу болсон бэ гэж асуусан чинь манай нөхөр намайг заазуурдчихлаа гэсэн. Тэгээд би эмнэлэг рүү залгаж тусламж дуудсан. Тэгээд түргэн тусламж ирээд М.Мийг аваад явсан. Яг юу болсон талаар би мэдэхгүй. М.М надад хэлэхдээ миний нөхөр М.Э намайг заазуураар цохьсон гэж хэлсэн. ... М.М архи уусан байх шиг байсан. Гэхдээ нэг их согтуу байгаагүй байх. М.Э их согтуу байх шиг байсан. М.Э, М.М нар хоорондоо хэрүүл хийгээд зодоон цохион хийж мэдэгдээгүй чимээгүй л байдаг. Гэхдээ М.Э М.М хоёр гэртээ их архи уудаг юм шиг байна лээ. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,
*Гэрч Ч.Н-ын өгсөн:
“...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 16 цагийн үед би эхнэр П.Цийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг Татвар хороололд М.Э гэх айлд очсон. Эхнэр бид хоёр М.Эынд тэдний бага хүүхдийг нь өргөж авах санаатай М.Э, М.М хоёртой уулзсан юм. Эхнэр бид хоёр М.Эынд ороход өөрөө согтуу, эхнэр М.М нь халамцуу байсан. Би нэг шил архи задлаад гэрт нь байсан хүмүүст тойруулсан. Эрдэнэбаатар согтуу байсан учир бид хоёр хүүхэд өргөж авах талаар ярилгүй явсан. Намайг байх үед М.Э, М.М нар хоорондоо хэрүүл маргаан хийгээгүй. М.Э ямар учраас эхнэрийгээ заазуурдсаныг мэдэхгүй байна. Манай эхнэр бид хоёр М.Эын гэрээс 16 цаг 40 минутын үед явсан. Тэрнээс хойш цаг гаруйн дараа тийм асуудал болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/
* Гэрч Д.Ц-ийн өгсөн:
“...Тухайн өдөр манай нөхөр Ч.Н бид хоёр 14:00 цагийн үед Эрдэнэбаатарын гэрт очсон. Тэднийх хүүхдээ өргүүлнэ гэхээр нь очиж уулзах санаатай очсон. Тэгээд гэрт нь орсон чинь М.Э, М.М хоёр согтуу байсан. Тэгээд нөхөр бид хоёр авч очсон нэг шил архиа задлаж талд нь оруулж, хүүхдэд нь авч очсон юмаа өгчихөөд гэрээс нь гараад явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/
* Гэрч Б.О өгсөн:
“...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 18 цагийн үед манай эрүүл мэндийн төвд хүнд хутгалуулсан гэх дуудлагаар Цэнхэр сумын Тамир багийн Татвар хороололд байрлах иргэн М.Э гэрт очиход түүний эхнэр М.М нь гэрийнхээ гадаа хашаан дотроо хөлнөөс нь цус алдсан байдалтай сууж байсан. Би М.Мт яаралтай тусламж үзүүлж, боолт хийгээд эмнэлэг рүү аваад явсан. М.Мийн баруун талын хөлний өвдөгний дээд хэсэгт гуяны доод хэсэгт 8 см орчим зүсэгдсэн гэмтэл учирсан байсан. М.Э гэртээ байхгүй байсан. М.М архи уусан, үнэртэж байсан. Гэхдээ согтолт нь бага байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал /,
* Гэрч М.А-ийн өгсөн:
“... Өмнө нь манай дүү М.М нөхөртөө зодууллаа гэж огт ярьж байгаагүй. Нөхөр болох М.Э нь хаяа архи л уудаг болохоос цохиж зодоод байдаггүй юм шиг байна лээ. Тэр хоёр гэр бүлийн харилцааны хувьд гайгүй л юм шиг байгаа юм. Янз бүрийн асуудал гарсан гэж дуулдаад байдаггүй... “ гэх мэдүүлэг / хх-19 дүгээр тал /
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.О-ын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 508 дугаартай дүгнэлтэнд:
“...М.Мийн биед баруун өвдөгний дээд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 23 дугаар тал/
* Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 34 дүгээр тал/
* Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 35 дугаар тал/
* Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-39 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
2017 оны 11 дүгээр сарын 16-ны орой 18 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир баг, Татвар хороолол гэх газарт М.Э нь иргэн М.Мийг эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч М.Э нь үйлдсэн болох нь хохирогч М.Мийн“...Бид хоёр маргалдаад би гэрийнхээ зүүн талын орны урд очсон байсан чинь гэрийн зүүн урд хатавчинд байсан эргүүлэг дээрээс модон иштэй заазуур аваад шидсэн чинь заазуур миний баруун өвдөгний дээд талд гуяны хэсэгт хүчтэй оносон. Тэгтэл миний гуянаас цус гараад тогтохгүй байсан....” гэх мэдүүлэг, гэрч П.Цийн “...Хөлнөөс нь цус гараад байхаар очоод хартал баруун талын өвдөгний дээхэн талд өмд нь нэвтрээд цус гарч байсан. Тэгээд юу болсон бэ гэж асуусан чинь манай нөхөр намайг заазуурдчихлаа гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Оийн “...2017 оны 11 сарын 16-ны өдрийн 18 цагийн үед манай эрүүл мэндийн төвд хүн хутгалуулсан гэх дуудлагаар Цэнхэр сумын Тамир баг Татвар хороололд байрлах М.Эын гэрт очиход түүний эхнэр М.М нь гэрийнхээ гадаа хөлнөөс цус алдсан байдалтай байсан. М.Мийн баруун талын хөлний өвдөгний дээд хэсэгт гуяны доод хэсэгт 8 см орчим зүсэгдсэн гэмтэл учирсан байсан ...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаар гарсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 508 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч М.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч М.М нь хохирол төлбөргүй, гомдол саналгүй гэж /хх-ийн 9-10х/ мэдүүлсэн байх тул шүүгдэгч М.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Э-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр түүнд оногдуулах ялын талаар тохиролцон хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба шүүгдэгч М.Э нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан торгох ял оногдуулан, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт М.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-ыг 450 /дөрвөн зуун тавь / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эт шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР