| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Жамбалсүрэн |
| Хэргийн индекс | 2235000000062 |
| Дугаар | 2022/ДШМ/57 |
| Огноо | 2022-10-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 2022/ДШМ/57
Н.Т-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч М.Мөнхөө, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,
Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/125 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Н.Тийн давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох, 2235000000062 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, Ш ургийн овогт Н-гийн Т, ний өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, эрэгтэй,..настай, суурь боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 7-4 тоотод оршин суудаг, урьд Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар:
1. Шүүгдэгч Н.Т нь 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 4-р багийн 089 тоотод архидан согтуурсан үедээ хохирогч У.Д-ын нүүрний хэсэгт сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Төгөлдөрөөс шүүгдэгч Н.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/125 дугаар шийтгэх тогтоолоор :
- Шүүгдэгч Ш ургийн овогт Н-ийн Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-ийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
-шүүгдэгч Н.Т энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
-хохирогчийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхүй орхиж, хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
-хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн Ди Ви Ди дискийг хавтаст хэргийн хамт хадгалж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шинжээчийн 490 дүгээр дүгнэлтийн хамт ирсэн компьютерт томографын шинжилгээний хариу бүхий Си Ди дискийг хохирогч У.Долгорт буцаан олгож, шар өнгийн модон сандал, ногоон алчуурыг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Төөс 206’000 (хоёр зуун зургаан мянга) төгрөгийг гаргуулж хохирогч У.Долгорт олгож шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгч Н.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/125 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Би анхнаасаа Долгорыг цохиогүй учир цохиогүй гэдгээ хэлсээр ирсэн.
Тэгтэл анхан шатны шүүхээс намайг гэм буруутайд тооцож гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрч байна. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон маш ихээр гэмшиж байна. Би ажил хийдэггүй, ажил хийх хөдөлмөрийн чадваргүй. Би өөрийн буруутай байдлаас ийм хэрэг хийсэндээ маш ихээр гэмшиж байна. Би байнгын групптай, группынхаа мөнгөөр эм, тариа авч хэрэглэдэг. Миний амьдрал байдал сайн биш, сургуулийн насны 2 хүүхэдтэй, амьдрал хүнд хэцүү байна. Миний бие нэг сая төгрөгний торгууль төлөх чадваргүй.
Н.Т миний эрүүл мэндийн байдал, амьдрал байдлыг харгалзан үзэж торгуулийн ялаас хасч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн ялын доод хэмжээ болох 450. 000 төгрөгөөр торгох ялаар сольж өгнө үү гэх гомдлоо дэмжиж байна” гэв.
5. Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ : “Н.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн. Шүүгдэгч Н.Т нь Увс аймгийн 4-р багийн нутаг дэвсгэрт иргэн У.Долгорыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон. Анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтуудад тулгуурласан, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Анхан шатны шүүх ял оногдуулахдаа шүүгдэгч Н.Тийг хохирлоо сайн дураараа нөхөн төлөөгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байдал болон түүний эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээ буюу нэг сая төгрөгөөр торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг давж заалдах шатны шүүхээс хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Н.Т нь хохирогч У.Долгорыг зодоогүй, миний үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл үүсээгүй гэж маргаж гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй ба түүний гэм буруу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг.Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Н.Т нь давж заалдах гомдол гаргахдаа анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн байгаа. Гэхдээ торгох ялыг хөнгөрүүлж, өөрчлөлт оруулж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан. Н.Т нь өөрийнхөө группынхаа мөнгийг эмчилгээний зардал, эм тариандаа зарцуулдаг. Тийм учраас надад оногдуулсан торгох ялыг багасгаж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг гаргасан. Н.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч торгох ялаа төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Иймд шүүгдэгч Н.Тийн давж заалдсан гомдлыг дэмжиж оролцож байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/ 125 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Тийн давж заалдсан гомдлыг үндэслэн түүнд холбогдох, 2235000000062 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэхдээ гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Н.Т-т холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
3. Шүүгдэгч Н.Т нь 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 4-р багийн 089 тоотод согтуугаар хохирогч У.Долгортой маргалдах явцдаа түүний нүүрний хэсэгт сандлаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :
-хохирогч У.Д-ын мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн үед би хуурай эгч Я.Ц-гийн гэрт очсон. ...Тэднийд хоол цай идэж ууж байтал Я.Ц эгч 0.75 литрийн нэг шил архи задалж бид нар ууж байхад гаднаас Н.Т гэх хүн эхнэртэйгээ орж ирсэн. ...Бид нар нэг шил архиа ууж дуусаад миний архийг задалж ууж байхад гаднаас миний хадам дүү Ц.О, эхнэр М.М-гийн хамт орж ирсэн. ...Тэр хоёр орж ирэхэд нь хоол унд хийгээд идэж ууж байгаад би гарч бие засчхаад орж ирэхэд гэрийн баруун талын орон дээр манай нөхөр Я.Д-г Н.Т, Ц.О хоёр дарчихсан, Н.Т нь Я.Д-гийн чихийг хазаж байсан. ...Би гэрт байсан хүмүүст хандаж “та нар больцгоо юу болж байгаа юм бэ? наад хүн чинь муу сайн ч гэсэн эрих татдаг эр хүн. Та нарын үр хүүхдүүдэд муу юм болов” гэж хэлэхэд Н.Т, Ц.О, Я.Д- нар босоод сууцгаасан. Би гэрийн баруун талын гоожуурын хажууд сандал дээр суугаад гутлынхаа цахилгааныг татаад өндийхөд Н.Т над руу модон сандал аваад шидэхэд миний нүүр, нүдийг цохисон. Энэ үед М.М болиоч гэж орилж байсан. Сандлаар цохиулснаас хойш юу болсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-36 дугаар хуудас);
- гэрч М.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байтал миний нөхөр Ц.О “найзууд дуудаж байна, очоод ирье” гээд 21 цагийн үед гараад явсан. Цаг орчмын дараа нөхөр залгаад “Я.Цэцэгмаагийн гэрт хүрээд ир” гэсэн. Би 22 цаг өнгөрөөд Я.Цэцэгмаагийн гэрт очиход гэр бүлийн найзууд болох У.Долгор, Н.Т, К.Нямхүү, Я.Дамиран, Г.Батмөнх нар болон миний нөхөр Ц.О байсан. ...Бид хоорондоо ярилцаад архи уугаад сууж байтал У.Долгор, Н.Т нар хоорондоо хараалын үг хэлээд чухам юунаас болсон талаар мэдэхгүй маргалдаад эхэлсэн. Маргалдаад байхаар нь би гарч бие засчхаад ороод иртэл Н.Т бор өнгийн модон сандал бариад У.Д-ын нүүрэн тус газарт цохиж байсан. Би очиж салгаад Н.Тийг барихад У.Долгор босож ирээд түүнийг түлхэж айлын тавагтай боорцог, чихрийг газар унагаж, аяга таваг хагалсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дугаар хуудас);
- гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...архи ууж сууж байгаад У.Долгор ам нь халаад жаахан үг хэлээд байхаар нь Я.Д хажуугаар нь орж яриаг нь таслаад “чи боль” гээд дууг нь хориод байсан. Тэгж байтал Н.Т хажуугаас орж ирээд “чи эхнэрээ юм хэлж байхад зүгээр бай” гэж хэлсэн. Энэ үед Я.Д нь Н.Т-ийг хүзүүдэж аваад “чи дунд нь яагаад байгаа юм” гэж хэлээд нэг алгадах шиг болоход Н.Т Ц.О-д хандаж “багын найзыг чинь цохидог гэж байна ш дээ” гэхэд Я.Дн, Н.Т, Ц.О нарын хооронд маргаан гарсан. ...Тэр гурвыг маргалдаж байхад У.Долгор гаднаас орж ирээд “та нар наад хүнтэйгээ битгий маргалдаад бай. Миний дөрвөн хүүхдийг хүн болгосон хүн. Тэгээд ч наад хүн чинь зүгээр нэг хүн биш, та нарт гай болно шүү. Хараал ерөөлтэй хүн шүү” гэж хэлээд гоожуурын хажууд сууж байсан. Гэрийн баруун талд Я.Дамиран бид хоёр сууж байсан. Энэ үед Н.Т гэрээс гараад орж ирсэн. Гэнэт М.Мөнхтуяа “сандлаар хүн цохичихлоо” гэж хэлэхээр нь харахад У.Долгор гоожуурын хажууд суучихсан, түүний нүд нь хавдчихсан, хамраас нь цус гоожиж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас);
-гэрч Ц.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Н.Т, Я.Д хоёр гэрт маргалдаж байхад нь очиж салгачхаад гэрээс ганцаараа гарсан. Н.Т гэрт үлдсэн юм. Одоо болохоор Н.Т “би чамтай хамт гэрээс гараад ороход У.Долгор цохиулчихсан байсан гээд худлаа хэлээд байсан. Би гэрээс гараад ороход Н.Т гэрт байсан. Надтай хамт гараагүй. Миний эхнэр болон бусад хүмүүс Н.Т У.Долгорыг сандлаар цохисон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас);
-хохирогч У.Д-н биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 120 дугаартай “У.Д-ын биед тархи доргилт, баруун нүдний ухархайн ханын цөмөрсөн хугарал, толгой, дээд уруулд зулгаралт, баруун нүдний алимны салст, баруун зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Тархи доргилт, баруун нүдний ухархайн ханын цөмөрсөн хугарал, толгой, дээд уруулд зулгаралт, баруун нүдний алимны салст, баруун зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 82-84 дүгээр хуудас);
-хохирогч У.Д-ын биед дахин хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 490 дугаартай “...У.Д-ын биед учирсан дээрх гэмтлүүд нь дангаараа болон нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.
4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба хохирогч У.Д-ын биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн байна.
5. Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Тийн үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
6. Шүүгдэгч Н.Т давж заалдах шатны шүүхэд : “ ...би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон гэмшиж байна.Би ажил хийдэггүй, биеийн эрүүл мэндийн улмаас группт байдаг. Уг мөнгөөр эм тариагаа авдаг. Сургуулийн насны хоёр хүүхэдтэй зэрэг амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан шүүхээс оногдуулсан нэг сая төгрөгийн торгох ялыг төлөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан торгуулийн ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргасан ба уг гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна .
6.1. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.
6.2.Шүүгдэгч Н.Т-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх”-ээр хуульчилсан.
Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Т-т ял оногдуулахдаа шүүгдэгчийн эхнэр таван хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй, урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан дээрх зүйл, хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, уг ялын хэмжээг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр тогтоосон нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зорилгод нийцсэн байна.
6.3. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Т-т оногдуулсан торгох ялын хэмжээг багасгах хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/125 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Т-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН