Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 221/ШШ2024/0010

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц.Д

Хариуцагч: Монголбанк

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол банкны ерөнхийлөгчийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А-** тоот “Татан буугдсан А банк ХК дахь эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болсонд тооцох тухай” тушаал нь иргэн Ц.Д-ийн хувьд илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 3* дүгээр тогтоолоор тогтоогдсон 3.446.159.752 төгрөгийн хохирлыг Монгол банкнаас гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Д

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Ж.Э, Б.Э

Гэрч С.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал нар оролцов.

Хэргийн индекс: 221/2023/0081/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Д-оос тус шүүхэд хандан Монгол банканд холбогдуулан “Монгол банкны ерөнхийлөгчийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А-** тоот “Татан буугдсан А банк ХК дахь эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болсонд тооцох тухай” тушаал нь иргэн Ц.Д-ийн хувьд илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 3* дүгээр тогтоолоор тогтоогдсон 3.446.159.752 төгрөгийн хохирлыг Монгол банкнаас гаргуулах”-аар маргажээ.

2. Нэхэмжлэгч Ц.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2010 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 446 тоот “А банк” ХК-ийг албадан татан буулгах тухай” тушаалаар “А банк” ХК-ийг албадан татан буулгаж тус банканд банкны эрх хүлээн авагчийг томилсон болно. Энэхүү тушаалын дагуу “А банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагаа явагдаж байхад Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 3* дүгээр шийтгэх тогтоолоор иргэн Ц.Д надад 3.446.159.752 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон бөгөөд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 287 дугаар магадлалаар уг хохирлыг Монгол банкны тушаалаар томилогдсон “А банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчаас гаргуулахаар өөрчлөлт оруулсан ба Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 330 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хэвээр батлагдсанаар надад учирсан хохирол болон шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон.

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад “А банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчаас 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 147 дугаар албан бичгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж надад холбогдох шийдвэр гүйцэтгэлийн бичиг баримтыг төлбөр төлөгч захиргааны байгууллага болох “А банк” ХК-ийн банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Гэвч надад төлөх төлбөрийг төлөөгүй байхдаа төлбөр төлөгч “А банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн ажлын тайлан /дуусгавар болгох тухай танилцуулга/-г үндэслэн Монгол банкны Ерөнхийлөгчийн А/66 тоот тушаал гарч төлбөр төлөгч банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааг дуусгавар болгож татан буулгаснаар иргэн миний шүүхийн шийтгэх тогтоолын дагуу гарсан хохирол барагдуулах боломж алдагдаж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн илт хууль бус захиргааны акт гарсан.

Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн ажлын тайланд 2.3.3-ын “г” ...эрүүгийн хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрээр “А банк дахь эрх хүлээн авагчаас 3,4 тэрбум төгрөг гаргуулж хадгаламж эзэмшигч Ц.Д-д олгохоор шийдвэрлэсэн болохыг тайлагнасан байна. Банкны эрх хүлээн авах зөвлөл Монгол банканд Монгол банк нь банкны эрх хүлээн авагчийг харилцагч, хадгаламж эзэмшигчтэй холбогдох төлбөрийг хуульд заасан журмын дагуу барагдуулаагүй байх үед “Төв банк” Монгол банкны тухай хуулийн 5 дугаар зүйлд “Монгол банкны үйл ажиллагааны чиглэл” гэсэн заалтын 5.7-д “Банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” гэсэн үүргээ зөрчсөн.

Учир нь Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалын “Тогтоох” хэсгийн 4 дэх заалтаар “...Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д зааснаар хохирол гаргасан нь “намайг банкны хадгаламж эзэмшигч” мөн болох нь тогтоосон байхад хариуцагч “Төв банк” /Монгол банкны/ тухай хуулийг зөрчиж захиргааны акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалттай нийцсэн хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байгаа болно.

Эндээс дүгнэхэд маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх зарчим” болон 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэсэн заалтыг зөрчсөн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байна. Учир нь “Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим” гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно гэж тайлбарласан байгаа нь надад учирсан хохирол нь мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагаврыг үүсгэсэн захиргааны акт гэж ойлгогдож байна. Миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан удаа дараа Монгол банканд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна”, Банкны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4-т зааснаар “Монгол банкнаас томилогдсон Банкны эрх хүлээн авагчийн эрх зүйн үр дагаврыг Монгол банк нь учирсан бодит хохирлын хэмжээнд шийдвэрлэх”-ээр хуульчилсан эрх зүйн зохицуулалтыг үндэслэн төлбөр барагдуулахыг хүссэн хүсэлт гаргасан боловч 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б-10/304 тоотоор “...Банкны эрх хүлээн авах үйл ажиллагаа дуусгавар болгосноор “А банк” татан буугдаж, банкны аливаа эрх, үүрэг хэн нэгэнд шилжээгүй тул таны хүсэлтэд дурдсан асуудлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болохыг үүгээр уламжилъя” гэж хариу ирүүлж байсан.

Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2/2799 тоот албан бичигт “Монгол банк нь татан буугдсан “А банк” ХК-ийн бусдаас авах эрхийг хэрэгжүүлж байна” гэсэн нотлох баримтаар хариуцагч нь татан буугдсан банкны бусдаас авах авлагыг авах эрхийг Монгол банк шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байна. Энэ байдлаас харахад Монгол банк нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.6-д заасан “Өргөдөл гомдолд үндэслэл бүхий хариу өгөх” үүргээ зөрчиж хариу өгч байсан.

Энэхүү хууль бус захиргааны байгууллагын хариуг эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Монгол банкны 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А-10/546 дугаар албан тоот нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгох, Ц.Д-д учирсан хохирол 3.446.159.752 төгрөгийг шийдвэрлэх захиргааны акт гаргахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан боловч 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШЗ2018/3254 дугаар захирамжаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж гарсан. Дээрх албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны хэм хэмжээний актыг агуулаагүй гэх үндэслэлээр татгалзсан болно.

Иймд иргэний хэргийн шүүхэд хандаж “Банкны эрх хүлээн авагчийн хууль бус эс үйлдэхүйн гэм бурууг тогтоолгох” шаардлага гаргасан боловч “иргэний хэргийн харьяалал биш нийтийн эрх зүйн харилцаа учир захиргааны эрх зүйн харилцаатай байна” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн тогтоол гарч үүнд нь тухайн шатны шүүхэд гомдол гаргасан боловч гомдлыг хүлээн аваагүй болно. Үүний дараа “А банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх залгамжлан авбал зохих этгээдийг “Монгол банкийг тогтоолгох” нэхэмжлэл гаргасан, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2022/03377 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж, Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 295 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болсон тул хяналтын шатны шүүхэд гомдол гаргахад 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 393 тогтоол гарч хяналтын шатны хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар иргэний хэргийн шүүхээр иргэн миний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх боломжгүй болсон. Учир нь захиргааны байгууллага иргэний хооронд үүссэн эрх зүйн харилцааг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн ба Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан хуулийн зохицуулалтад аль ч шатны иргэний хэргийн шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно” гэв.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа эрх залгамжлагч биш гэдэг асуудлын талаар тайлбар гаргая. Эрх залгамжилна гэдэг асуудлын тухайд нэгэнт хуулиар буюу одоо гэрээгээр эрх залгамжлах асуудлын тухай ярина гээд үүнийхээ дагуу үүрэг гүйцэтгэх эрх зүйн болон хууль зүйн үндэслэлүүд гарч ирдэг. Шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөөд энэ чинь биш, шүүх л тэгсэн болохоос энэ хүн хадгаламж эзэмшигч биш гээд сууж байна. Бид өнөөдөр Монгол банкны өмнө эрх тэгш байж чадахгүй байгаа. Захиран зарцуулахдаа бусдад өгөх өр төлбөрийн асуудал нь хэд билээ гэдэг асуудлын тухай биш захиран зарцуулж баахан урамшуулал тэр Монгол банкныханд хүртэл олгосон 2015 онд нийтээр зарлагдсан Монгол банк ашигтай ажиллая гэдэг асуудлын тухай яригдсан. Тайлан дээрээ актив буюу пассив гэдэг асуудлын тухай яригдаад байна. Тэгээд актив хөрөнгө гэдэг нь угаасаа өөрийн байх ёстой хөрөнгөөс дутагдсан буюу өөрийн алдагдлынх нь пассив асуудлын тухай хүүгийн асуудал буюу 64 тэрбум төгрөг авчхаад 1,8 тэрбум төгрөг авах байсан. Монгол банк өгсөн зээлдээ татан буулгасан банкнаас дуустал нь тайланд гарах хүртэлх хугацаанд хүү бодно гэдэг асуудал нь актив хөрөнгөд нөлөөлж байгаа шүү. Бид ийм шударга бус юмны төлөө яриад байгаа юм. Би бас тайлбартаа нэмж хэлсэн. Монгол банкнаас эрх хүлээн авагчийг хэрхэн ажиллах талаар журмыг нь гаргачхаад өөрөө томилоод, тэгээд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу байж байхад тухайн аж ахуйн нэгж дээр банкны эрх хүлээн авагч бол захиргааны байгууллага биш гэдэг асуудлын талаар дүгнэлт хийгээд шийдвэр гаргаад л сууж байна. Бид ч бас хууль уншдаг. Тэгээд энэ асуудлын тал дээр захиргааны байгууллага мөн гэдэг нь хуулиар тогтоогдсон. Бид нэхэмжлэлийн шаардлагыг Монгол банкны үйл ажиллагаандаа хийх зорилт бүрэн дүүрэн хангаж чадаагүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасан асуудлын тухай яригдах ёстой, илэрхий алдаатай гэж үзэж байна. Бусдад өгөх мөнгийг тоймчилж гаргасан 400 сая төгрөгийг нь хаячихсан. Тайланд байгаа алдааны асуудлаар ярихад өөрсдийнхөө мөнгөтэй ярьчхаад бусдад өгөх мөнгөний асуудлаар ингээд тоймлоод биччихдэг. Бусад төрийн захиргааны байгууллагын тал дээр тэр актив хөрөнгө пассив хөрөнгөд алдагдал нээчхээд бусад банкнууд олгох ёстой байсан ашгийг нь өгөөгүй. Анх нийлүүлсэн гэрээнийхээ дагуу банканд өгсөн мөнгөнүүдээ авчихсан. Арилжааны банк тэгээд энэ хүү л алдагдалтай байна шүү гэдэг асуудал яриад байгаа болохоор өнөөдөр энэ хүний яг  үндсэн хадгаламжийн мөнгө, хүүг буцааж өгөх асуудлын тал дээр ямар ч арга хэмжээ аваагүй байгаа.

Ц.Д-ийн хадгалуулсан хадгаламжид байгаа мөнгийг арилжааны банк, энэ этгээдүүд Монгол банканд мэдээлэл өгөөд бүртгүүлж байх ёстой. Бүртгэлд байгаа бүртгэлийн дагуу бид юу гэж хэлэх вэ гэхээр банк чинь чамайг бүртгүүлээгүй учраас та хадгаламж эзэмшигч биш гэдэг асуудлын талаар сая тайлбар хийж байгаа юм. Банк нь өөрөө авчихсан, тэгээд бүртгэлд өгөөгүй болохоор яаж Монгол банк, Ц.Д-ийг хадгаламж эзэмшигч мөн гэдэг асуудлыг шийдэх вэ? Хуулийн байгууллагаар яваад цагдаагаар яваад тогтоогдсон асуудал. Энэ хүний бичсэн гээд байгаа асуудал бол хадгаламжийн дэвтрүүдийг анх бүгдийг нь энэ хүнээс хураагаад, гэрээнүүдтэй нь хамт аваад явчихсан. Тус асуудалд би Үндэсний архивын газарт хүсэлтээ өгч тус хэргийн материалтай танилцсан 100 гаруй хавтаст хэрэг, материал байгаа. Хувьцаа эзэмшигч нарын мөнгийг хадгаламж эзэмшигч мөн гээд тогтоогдчихсоны дараа төлбөр төлчихсөн. Монгол банк засгийн газраас авлагатай гэдэг асуудал яригдаж байгаа нь хадгаламж эзэмшигчдийн хувьд төрөөс баталгаа гаргах тухай хуулийн хугацаанд төлөгдчихсөн асуудал. Монгол банкнаас, Сангийн яамнаас гарсан мөнгө шүү. Гэтэл өөрсдөө төлөөд байгаа юм шиг сангийн яам хэрвээ төлбөр төлж байгаа бол төлбөр төлсөн асуудалдаа Монгол банкны хүү л гэдэг асуудлын талаар яригдаж болохгүй. Ямар нэгэн байдлаар хэдэн төгрөг илүү дутуу бичээд хүнээс авах асуудал биш. Шүүхийн шийдвэр гарсан бол хэрхэн хэрэгжих вэ гэдэг асуудал учир нь олдохоо болилоо. Одоо шүүхийн үндсэн зорилго бусдын зөрчигдсөн эрхийг хангаж гаргасан шийдвэр нь биелэгдэж байж бүтээгдэхүүн нь болж үлдэх ёстой. Тийм болохоор би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

3. Хариуцагч Монгол банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Ж.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа:

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А-66 дугаар тушаалыг иргэн Ц.Д-ийн хувьд илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Банкны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг /2010 оны Банкны тухай хууль/-т заасан “банкны эрх хүлээн авагч нь банканд бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөг хэрэгжүүлсэн бол нийт актив хөрөнгийг худалдан борлуулж дууссан тухай тайланг гаргаж “Монгол банканд өгнө” гэж заасны дагуу “А банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчаас 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр А банкны актив хөрөнгө дуусгавар болсон тухай тайланг гаргаж Монгол банканд өгөөд, Банкны тухай хуульд заасны дагуу “А банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцох шийдвэрийг гаргуулах саналыг Монгол банкны Ерөнхийлөгчид хүргүүлсэн байдаг.

Тодруулбал банкны эрх хүлээн авагчийн банкны актив хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан дарааллын дагуу хангах үүрэг нь банкны нийт актив хөрөнгийг худалдан борлуулснаар дуусгавар болдог. Өөрөөр хэлбэл борлуулах актив хөрөнгө буюу орлого байхгүй болсон тохиолдолд бусад нэхэмжлэгч нарын шаардлагыг хангах боломжгүй болж эрх хүлээн авагчийг татан буулгадаг. Улмаар Банкны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 66.1-т заасан тайланг Монгол банк баталж, нийтэд мэдэгдсэнээр банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болсонд тооцно” гэснийг үндэслэн Монгол банкны Ерөнхийлөгчийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А-66 дугаар тушаалаар татан буугдсан “А банк” ХК дахь банкны эрх хүлээн авах ажиллагаа дуусгавар болгож, энэ тухай “Өнөөдөр” сонины 2015/04/08-ны өдрийн №083 (5477) дугаарт нийтэлсэн. Монгол банк нь Төв банк (Монгол банк)-ны тухай хууль, Банкны тухай хуулийн дагуу Монгол банкны Ерөнхийлөгчийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А-** дугаар тушаал нь Банкны тухай хуульд заасан Монгол банкны бүрэн эрхийн хүрээнд гарсан бөгөөд нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-т заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэсэн заалтыг үндэслэн гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Татан буугдсан банкны эрх хүлээн авагчийг захиргааны байгууллага гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тухайд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна” гэж заасан. Төв банк (Монгол банк)-ны тухай хууль, Банкны тухай хуульд заасны дагуу Монгол банк нь банкны салбарт хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэгч зохицуулагч байгууллагын хувьд цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон банкийг буюу тусгай этгээдийг татан буулгаж, банкны үйл ажиллагааг зогсоож, банкны актив хөрөнгийг хамгийн үр ашигтайгаар борлуулан бүх хадгаламж эзэмшигч, банкнаас авлага бүхий бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн өр төлбөрийг барагдуулах ажиллагаа хийх чиг үүрэгтэй эрх хүлээн авагчийг томилдог.

 Банкны эрх хүлээн авагч нь Монгол банкны хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг буюу төрийн мөнгөний бодлоготой холбоотой нийтийн эрх зүйн чиг үүргийн аль нэг хэсгийг хэрэгжүүлдэггүй, харин татан буугдаж байгаа банкны эдийн болон эдийн бус хөрөнгийг хамгийн зүй зохистой, шударга байдлаар нийт нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгчдэд хуулийн дагуу хуваарилан, төлбөрийн чадваргүй этгээдийн үүргийг түүний хөрөнгөөр өмнөөс нь гүйцэтгэх төлбөр тооцооны шинжтэй хувийн эрх зүй давамгайлсан үйлдэл гүйцэтгэж байгаа этгээд юм.

Иймд нэхэмжлэгчээс хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ тодорхойлсны дагуу татан буугдсан банкны эрх хүлээн авагчийг нэг удаагийн шинжтэй захиргаа, нийтийн эрх зүйн чиг үүрэг хэрэгжүүлж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 5.2-т заасан этгээдтэй адилтгах үндэслэлгүй. Мөн Банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Банк төрийн хүлээх үүргийг хариуцахгүй, оортоо тухайлан хүлээгүйгээс бусад тохиолдолд банкны хүлээх үүргийг төр хариуцахгүй” гэж заасны дагуу А банкны бусад этгээдэд төлөх ёстой үүргийг Монгол банк хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 3* дүгээр тогтоолоор тогтоогдсон 3.446.159.752 төгрөгийн хохирлыг Монгол банкнаас гаргуулах тухай гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд иргэн Ц.Д-оос Монгол банканд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

4. Хариуцагч Монгол банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Д гэдэг хүний хувьд Улсын дээд шүүхийн шийдвэрийн дагуу банкны эрх хүлээн авагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг авсан. Гэсэн хэдий ч Банкны тухай хуульд зааснаар дарааллын дагуу бусдын амь нас, эд хөрөнгөд учирсан баримтууд, дараа нь татан буулгах ажиллагааны үед бусдаас олгох зээл, Монгол банкны зээл гэх дараалал бичигддэг. Энэ дарааллын дагуу мөнгөн хөрөнгүүдийг захиран зарцуулаад харамсалтай нь бусад үл хөдлөх хэсэг рүү хүрч амжаагүй А банкны мөнгөн хөрөнгө дууссан. Үүний дагуу тайлан ирүүлсэн. Тус тайлангийн дагуу Банкны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2.5 дахь хэсэгт Банкны Ерөнхийлөгчийн шийдвэр, Төв банкны хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсгийг тус тус үндэслэн гарсан учраас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт заасны дагуу практик арга зүйн үндэслэл байгаагүй гэж үзэж няцаагдаж байгаа. Ийнхүү няцаагдаж байгаа учраас Монгол банкнаас үүнтэй холбоотой ямар нэгэн хууль болон гэрээний хөрөнгийн төлбөр төлөх, хохирол төлөх үүрэг үүсэхгүй. Энэ 2 үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянан үзээд нэхэмжлэгч Ц.Д-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.1 Тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд сонгогдсон иргэдийн төлөөлөгч Б.А-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зөвшөөрсний дагуу түүний эзгүйд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д заасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

2. Монголбанкны ерөнхийлөгчийн 2010 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 446 дугаар “А банк ХК-ийг албадан буулгах тухай” тушаалаар “...2010 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон А банк ХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгасугай”, Монголбанкны ерөнхийлөгчийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А-** дугаар “Татан буугдсан А банк ХК дахь банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болсонд тооцох тухай” тушаалаар “...банкны эрх хүлээн авах ажиллагааг 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болсонд тооцож” шийдвэрлэжээ.

3. Монголбанкны ерөнхийлөгчийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А-** дугаар “Татан буугдсан А банк ХК дахь эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болсонд тооцох тухай” тушаал нь Банкны тухай /2010 он/ хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Банкны эрх хүлээн авагч нь банкинд бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөг хэрэгжүүлсэн болон нийт актив хөрөнгийг худалдан борлуулж дууссан тухай тайланг гаргаж Монголбанкинд өгнө”, 66.2-т “Энэ хуулийн 66.1-д заасан тайланг Монголбанк баталж нийтэд мэдэгдсэнээр банкны эрх хүлээн ажиллагааг дуусгавар болсонд тооцно” гэж тус тус заасантай нийсэн байна.

4. Банкны тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “Банкны бүх хөрөнгийг худалдан борлуулсан, хуваарилсан, шилжүүлсний дараа банкны эрх хүлээн авагч нь банкийг татан буулгах ажиллагааны тайланг Монгол банканд хүргүүлнэ”, 74 дүгээр зүйлийн 74.2-т “Монголбанк банкны эрх хүлээн авагчийн тайланг хэлэлцэн баталж, банкны эрх хүлээн авах арга хэмжээг дуусгавар болгосон бол энэ тухай шийдвэрийг холбогдох шүүхэд хүргүүлж, олон нийтэд мэдээлж банкийг хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасуулах хүсэлтийг эрх бүхий байгууллагад хүргүүлнэ”, 74 дүгээр зүйлийн 74.3-т “Энэ хуулийн 74.2-т заасны дагуу олон нийтэд мэдээлснээр банкны эрх хүлээн авагчийн банк, банкийг татан буулгах үйл ажиллагаатай холбоотой үүрэг дуусгавар болно” гэж тус тус заасан.

4.1  Энэхүү хуулийн зохицуулалт буюу Банкны тухай хуулийн 74 дүгээр зүйл  “Банкны эрх хүлээн авах арга хэмжээг дуусгавар болгох, тайлагнах тухай” зүйл, заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн байх тул энэхүү маргаанд буюу Монгол банкны ерөнхийлөгчийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А-** дугаар тушаал хууль бус эсэхийг тогтоохоор шүүх хянан шийдвэрлэхэд уг 74 дүгээр зүйлийг буцаан хэрэглэхгүй бөгөөд цаг хугацааны хувьд тушаал гарах үед батлагдаагүй байсан байна.

4.2 Иймд тухайн үед үйлчилж байсан Банкны тухай хуулийн дээр дурдсан 66 дугаар зүйлд зааснаар банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болсонд тооцохдоо Монголбанк эрх хүлээн авагчийн зөвлөлийн ажлын тайланг үндэслэн хуульд заасан эрх хэмжээний хүрээнд тушаал гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх шинжийг агуулаагүй, ийнхүү дүгнэх үндэслэлгүй байна.

5. Тодруулбал Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 3* дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 287 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 330 дугаар тогтоолуудаар 3.446.159.752 төгрөгийг А банк ХК дахь банкны эрх хүлээн авагчаас гаргуулж, хохирогч Ц.Д-д олгох, шүүгдэгч Э.Г, Д.Э, Н.Д нараас 3.501.275.653 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж А банк ХК дахь банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

5.1 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 3377 дугаар шийдвэрээр “Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 3* дүгээр шийтгэх тогтоолын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны татан буугдсан А банк ХК дахь Банкны эрх хүлээн авагчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх залгамжлан авбал зохих этгээдээр Монгол банкийг тогтоолгох тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 295 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 3377 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 393 дугаар тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзаж, магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.

6. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна”, Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т “Банкны эрх хүлээн авагч нь банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх бөгөөд банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүрэгтэй байна” гэж заасан.  

7. А банк ХК дахь Банкны эрх хүлээн авагчийн 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Гүйцэтгэх баримт бичгийн тухай” албан бичгээр “...А банк ХК-аас авлагатай этгээдүүдийн өр төлбөрийг бүрэн барагдуулахад тус банкны актив хөрөнгө хүрэлцээгүй тул дээр дурдсан шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр барагдуулах боломжгүй болсон болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

8. Тус банкнаас авлагатай этгээдүүдийн нэхэмжлэл хүлээн авах хугацааг 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаанд тогтоосон байх бөгөөд уг хугацаанд нэхэмжлэгч Ц.Д нь нэхэмжлэлээ гаргаж өгөөгүй байх ба төлбөр төлөх дараалалд нэр нь орсон талаарх баримт байхгүй байна.

9. Улмаар 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А банк ХК дахь Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн ажлын тайланд “...Банкны тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу А банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцох шийдвэрийг гаргуулах санал, мөн А банкны актив хөрөнгө дуусгавар болсон тул дээрх нэхэмжлэгч нарын төлбөрийг барагдуулах боломжгүй болсон тухай албан тоотыг нэхэмжлэгч нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн” талаар дурдсан.

10. Дээрх дурдсан үйл баримтаас дүгнэвэл эрүүгийн шийтгэх тогтоолоор дан ганц А банк ХК дахь эрх хүлээн авагчаас хохирогч Ц.Д-д хохирлыг гаргуулахаар шийдвэрлээгүй, шүүгдэгч нараас мөн гаргуулж А банк ХК дахь эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн, түүнчлэн А банк ХК дахь эрх хүлээн авагчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх залгамжлан авбал зохих этгээдээр Монголбанкийг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуулийн хүчин шүүхийн шийдвэрүүдээс үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан зохицуулалт энэ харилцаанд мөн хэрэглэгдэхгүй.

11. Нэхэмжлэгч Ц.Д нь өөрийн хадгаламжийн дэвтрийн хуулбарыг шүүхэд ирүүлсэн /өөрийн гараар тэмдэглэгээ хийсэн гэх/ бөгөөд ийнхүү А банк ХК-ийн хадгаламж эзэмшигчдийн нэрсийн жагсаалтад байгаагүйн улмаас /шүүх хуралдаанд тайлбарласан/ эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцон хохирлоо гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул  Монголбанкны ерөнхийлөгчийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А-** тоот “Татан буугдсан А банк ХК дахь эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болсонд тооцох тухай” тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж үзэв.

12. Өөрөөр хэлбэл Ц.Д нь А банкны хадгаламж эзэмшигчийн мэдээлэлд бүртгэлгүй байсан тул Банкны тухай хууль /2010 он/-ийн 65 дугаар зүйлийн 65.3-т “Банкны эрх хүлээн авагч нь банкны актив хөрөнгийг захиран зарцуулах үйл ажиллагааг явуулахдаа хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг бусдаас илүүд үзнэ” гэж зааснаар банкны эрх хүлээн авагчийн тайланг шалгаагүй, хадгаламж эзэмшигч этгээдийн төлбөрийг барагдуулаагүй тушаал гаргасан хэмээн хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр Монголбанканд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ц.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Банкны тухай хууль /2010 он/-ийн 66 дугаар зүйлийн 66.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Д-оос Монгол банканд холбогдуулан гаргасан Монголбанкны ерөнхийлөгчийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А-** тоот “Татан буугдсан А банк ХК дахь эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болсонд тооцох тухай” тушаал нь иргэн Ц.Д-ийн хувьд илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 3* дүгээр тогтоолоор тогтоогдсон 3.446.159.752 төгрөгийн хохирлыг Монгол банкнаас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

       

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ц.САЙХАНТУЯА

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

              ШҮҮГЧ                                           С.МӨНХЖАРГАЛ