Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2024/0312/З |
Дугаар | 128/ШШ2024/0514 |
Огноо | 2024-06-13 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2024/0514
2024 06 13 | 128/ШШ2024/0514 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нарын хоорондын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
1.1 Нэхэмжлэгч “Т” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжийг хүчингүй болгуулах”[1]-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж маргасан болно.
Хоёр. Маргааны үйл баримтын талаар дурдвал:
2.1.Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 252 дугаар “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжийн[2] 1 дүгээр хавсралтаар “Т” ХХК-д малын тэжээлийн зориулалтаар 5 га газрыг эзэмшүүлж, 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрээ[3] байгуулсан.
2.2.Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 489 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх, хугацааг сунгах, талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамжаар[4] газар эзэмших эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаатай сунгаж, 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэрчилгээ олгож, 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэрээ[5] байгуулсан.
2.3.”Т” ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 89 тоот албан бичгээр[6] "Манай фермерийн аж ахуй байрлаж буй ***анд социализмын үеийн 25 га атаршсан газар байгаа тул талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасан.
2.4. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/155 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх, хугацааг сунгах, талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай”[7] захирамжийн 2 дахь заалтаар дүүргийн Засаг даргын 2013 оны 489 дугаар захирамжийн Т ХХК-д хамаарах заалтыг хүчингүй болгосугай гэж, гуравдугаар хавсралтаар талбайн хэмжээг өөрчлөн 250000 м.кв болгож захирамж гаргаж, нэгж талбарын *** дугаар бүхий 250000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай /Нарийны ар тарвагатай ам/-д малын тэжээлийн зориулалтаар эзэмшүүлэхээр 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 000*******[8] дугаар гэрчилгээ олгож, 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ[9] байгуулсан.
2.5.”Т” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар албан бичгээр “...газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусаж байгаа тул эзэмших эрхийн хугацааг сунгаж өгнө үү” гэж хүсэлт[10] гаргасны дагуу дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/608 тоот “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжаар[11] нэгж талбарын *** дугаар бүхий 50000 м.кв газрыг малын тэжээлийн зориулалтаар эзэмшүүлэхээр олгож, 00000******* тоот гэрчилгээгээр 49960 м.кв газрыг тэжээлийн ургамлын усалгаагүй тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр олгож, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ... дугаартай гэрээ[12] байгуулсан байна.
2.6.”Т” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 06 албан тоотоор[13] Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд "...иргэн Бо, Бн нарын 2015 оны 10 сарын 18-ны өдрийн 505 тоот захирамжийн дагуу олгосон 60000 м.кв /тус тусдаа 30000 м.кв/ газрын зураг манай компанийн эзэмшиж байсан газартай давхцан үүнтэй холбоотойгоор үүссэн маргааныг шийдвэрлэхийн тулд кадастрын зурагтаа өөрчлөлт оруулах шаардлагатай боллоо. Иргэн Бо, Бн нар нь барьсан хашаагаа татах боломжгүй гэсэн учраас манай компанийн талбайн хуучин хэмжээ /250000 м.кв/-дээ тохируулан шинээр зураг хийлгэлээ. Иймд манай хийлгүүлсэн зургийг хянаж мэдээллийн сангийн одоо байгаа зурагт өөрчлөн шинэчилж оруулж өгнө үү” гэх хүсэлт гаргажээ.
2.7. Уг хүсэлтийн дагуу дүүргийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/91 дүгээр “Газар эзэмших, ашиглах эрхийн талбай, зориулалт, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай”[14] захирамжийн 6 дугаарт малын тэжээлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай 250000 м.кв газрыг нэгж талбарын *** дугаар гаргаж, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр эзэмших эрхийн гэрчилгээг 0000*******[15] дугаартай нэгж талбарын дугаараар 249726 м.кв хэмжээтэй 15 жилийн хугацаатай ...эрхийн улсын бүртгэлийн дугаарт гэрчилгээ олгож, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр газар эзэмших эрхийн гэрээг №...[16] дугаартай байгуулсан байна.
2.8.Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 17/1501 дүгээр албан бичгээр[17] 21 дүгээр хороо, нарийны ар таврагтай аманд 2012 оны 489 дүгээр захирамжаар тариалангийн зориулалтаар 5 га газар эзэмших эрхтэй байсан бөгөөд 2014 оны А/155 дугаар захирамжаар 25 га газар нэмж талбайг 30 га газар болгож нэмэгдүүлэхдээ 8.7 га атар газрыг малын тэжээлийн зориулалтаар эзэмшүүлсэн нь дараах хуулиудыг зөрчиж байна. ...Иймд танай компанийн малын тэжээлийн зориулалтаар ашиглаж байгаа талбайн хэмжээгээр буюу 21.3 га болгон талбай хасаж шийдвэрлэх болсныг үгээр мэдэгдэж байна гэж мэдэгджээ.
2.9.Дээрх мэдэгдлийг “Т” ХХК эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар[18] Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг агуулаагүй, мэдэгдэх сонсох зарчмын хүрээнд “Т” ХХК-д хүргүүлсэн акт гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болжээ.
2.10.Улмаар Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 123 дугаар албан бичгээр[19] тус хорооны 6, 7 дугаар хэсгийн иргэдээс ирүүлсэн гомдлыг дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас судалж, “Т” ХХК-ийн эзэмшлийн 250000 м.кв газар нь зун намрын бэлчээрийн бүс нутаг атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх талаарх тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ гэж заасан заалтыг зөрчсөн 2014 оны шийдвэр нь газрын тухай хууль тогтоомж, 21 дүгээр хорооны мал бүхий иргэд буюу ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 03 сарын 15-ны өдрийн А/126 дугаар “Газар ашиглах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ өөрчлөх тухай” захирамжийн[20] 1 дэх заалтаар 249726 м.кв газрыг дүүргийн Засаг даргын 2019 оны А/91 дүгээр захирамжаар “Т” ХХК-д эзэмшүүлснийг хүчингүй болгож, 2 дахь заалтаараа дүүргийн Засаг даргын 2019 оны А/91 дүгээр захирамжаар эзэмшдэг Т******* ХХК-ийн тэжээлийн ургамлын усалгаатай тариалангийн зориулалттай нэгж талбарын дугаар бүхий газрын талбайн хэмжээг 16227 м.кв болгож өөрчилсөн.
2.11. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/254 дүгээр “Захирамжид засвар оруулах тухай” захирамжаар[21] Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 03 сарын 15-ны өдрийн А/126 дугаар “Газар ашиглах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ өөрчлөх тухай” захирамжийн[22] 2 дахь хэсэгт бичилтийн илэрхий алдаа гаргасан байх тул талбайн хэмжээг "16227 м2 гэсэн илэрхий алдааг 162227 м2 гэж засвар оруулж захирамж гаргасан байна.
2.12. “Т” ХХК нь дүүргийн Засаг даргын 2022 оны 03 сарын 15-ны өдрийн А/126 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаар шийдвэрээр[23] Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Газар ашиглах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ өөрчлөх тухай А/126 дугаар захирамжийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар магадлалаар[24] шийдвэрийг хэвээр үлдээснийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 354 дүгээр тогтоолоор[25] Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
2.13.Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаар “Газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай” захирамжаар ...Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2 дахь заалт, 48.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** дүгээр магадлалыг тус тус үндэслэн ...дуудлага худалдааны үнийг төлөөгүй байх тул Засаг даргын 2019 оны А/91 дүгээр захирамжаар олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.
2.14.Энэхүү захиргааны акт гарсантай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичгээр[26] ...Дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжийг “Т” ХХК-ийн захирал Д.Хд хүргүүлсэн байна.
2.15. “Т” ХХК-иас 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/18 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргахад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01-05/1016 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “…хууль тогтоомжид нийцсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасны дагуу танай компанийн ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэжээ.
2.16. “Т” ХХК Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаар “Газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай” захирамжийг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа “...Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Газар эзэмших гэрчилгээний нэр шилжүүлэх, хугацаа сунгах, талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай А/155 дугаар захирамжаар тус дүүргийн 21 дүгээр хороонд малын тэжээлийн ургамал тариалах зориулалт бүхий 25 га газар эзэмших эрхтэй болсон. Үүний дараа 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/91 дүгээр захирамжаар тус газрын газар эзэмших эрхийг сунгаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь хууль ёсны дагуу тухайн газраа эзэмшиж байхад 2022 оны А/126 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хэсэгчлэн хүчингүй болгосон. Уг шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд хандан тус шүүхийн 2023 оны 349 дүгээр шийдвэрээр дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг Давж заалдах шатны шүүхийн 759 дүгээр магадлалаар эцэслэн шийдвэрлэж хуулийн хүчин төгөлдөр болсон. Уг шүүхийн шийдвэрийг биелүүлэн гаргасан захирамж нь өнөөдрийн маргаан бүхий *** дугаар захирамж. Тус захирамж нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байх тул шүүхэд хандаж байгаа. Маргаан бүхий акт нь нэгдүгээрт нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх, Захиргааны ерөнхий хуулийн 48.2-т заасныг үндэслэсэн атлаа захирамжийн үндэслэлдээ дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэж дурдсан. Үүнээс тухайн акт нь эрх зүйн зөрчилтэй буюу Захиргааны ерөнхий хуулийн 37.6-д зааснаар хууль бус захиргааны акт. Хоёрдугаарт Газрын тухай хуулийн 27.1-д зааснаар газрын хуульд заасан болзолтойгоор, гэрээний үндсэн дээр эзэмших эрхийн гэрчилгээгээр олгохоор заасан. Хүчингүй болгох үндэслэлийн тухайд Газрын тухай хуулийн 40.1-д нэрлэн заасан. Энэ тохиолдолд манай газар нь тариалангийн зориулалттай бөгөөд Тариалангийн тухай хуульд тухайн газартаа бүрэн болон хэсэгчлэн 2-оос дээш жил тариалал хийгээгүй, хөрсний төлөв байдлыг дордуулсан бол хүчингүй болгохоор заасан. Тухайн үндэслэлүүд бүрдээгүй байхад хүчингүй болгосон. Мөн дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүйтэй холбоотойгоор газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар хуульд заагаагүй. Тиймээс хуульд заагаагүй үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байх тул маргаан бүхий акт нь хууль бус гэж үзнэ. Түүнчлэн дуудлага худалдааны анхны үнэ гэх ойлголт нь газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохын урьдач нөхцөл буюу тухайн газрыг эзэмших хүсэлт гаргах үеийн зүйл. Хэн нэгэнд олгогдоогүй газрыг анх дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах хуулийн зохицуулалттай. Энэ талаар Газрын тухай хуулийн 36, 33.1, 33.2-т тус тус заасан. Түүнчлэн дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх талаар арга хэмээ авах, мэдэгдэл хүргүүлэх зэрэг нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг. Тухайн маргаан бүхий газрын нэхэмжлэгч тал 2014 онд авсан. Тухайн үе болон түүнээс хойш дуудлага худалдааны анхны үнэ төлөх талаар хариуцагчаас нэхэмжлэгчид болон өмнөх эзэмшигчид мэдэгдэж байсан тохиолдол байхгүй. Иймд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосноос 10 жилийн дараа дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь хууль бус. Хэрэв дуудлага худалдааны анхны үнэ төлөх шаардлагатай гэж үзсэн бол энэ нь анх газар эзэмших эрхийн гэрчилгээг авах үед яригдах ёстой байсан. Түүнчлэн нэгэнт 2014 онд олгогдсон газар эзэмших эрхийг одоо хүчингүй болгох бус шийдвэрээ зөвтгөх буюу дуудлага худалдааны анхны үнийг төлөхийг мэдэгдэж, нэхэмжлэгчийн хууль ёсны дагуу үүссэн эрхийг хамгаалах боломжтой байсан. Захиргааны байгууллага нь өөрийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй. Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болон хариуцагчийн хариу тайлбарт дурдаж байгаа нийтийн ашиг сонирхол гэх асуудал байгаа. Актын үндэслэлд Захиргааны ерөнхий хуулийн 48.2, 48.3-д заасан үндэслэлүүдийг үндэслэл болгосон. Хариу тайлбарт мөн тус үндэслэлийг дурдсан тул үүнд тайлбар хэлэх нь зүйтэй. Нэхэмжлэгч нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн зүйл байхгүй. Хэрвээ тухайн нөхцөл байдал байгаа бол энэ талаар тайлбар сонсох нь захиргааны байгууллагын үүрэг. Дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй, мэдэгдэл хүргүүлж байсан талаар баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй. Шүүхийн журмаар гаргуулахад тухайн нөхцөл байдал байхгүй нь харагдана…” гэв.
3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь анх 21 дүгээр хороонд дүүргийн Засаг даргын 2008 оны 252 дугаар захирамжаар мал тэжээлийн зориулалтаар 5 га газар эзэмшүүлэх зөвшөөрөл гарсан. Тухайн ойн сав бүхий газрыг хамгаалах зорилгоор, Нийслэлийн байгаль орчны газраас дэмжих бичиг авч 5 га газар авсан баримтууд байдаг. Мөн дүүргийн Засаг даргын 2019 оны захирамжаар хугацааг сунгаж, 2014 оны 155 дугаар захирамжаар талбайн хэмжээг 30 га болгосон. Дүүргийн Засаг даргын 2019 оны 91 дүгээр захирамжаар газар эзэмших хугацааг 15жилээр сунгасан. Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тухайн жилийн төлөвлөгөөнд 20 га эзэмшүүлэхээр заасан. Дээрх 2014 оны 155 дугаар захирамж нь Тариалангийн тухай хуулийн 5.1, 5.2, 5.3, 5.5-д заасныг зөрчиж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд заасан хэмжээнээс хэтэрсэн. Мөн нэхэмжлэгч нь 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 89 тоот албан бичгээр ирүүлсэн талбайн хэмжээ өөрчлөх хүсэлтийн дагуу хээрийн судалгаа хийн үзэхэд хүсэлтэд дурдсан газар нь атаршсан газар тул газар эзэмшүүлэх боломжтой гэх саналын дагуу 20га газрыг эзэмшүүлэхээр тусгасан. Мөн Газрын тухай хуулийн 11.1-д хөдөө аж ахуйн газар, бэлчээр, хадлан, тариалан, атаршсан газар, хөдөө аж ахуйн барилга... хамаарна гэж зааснаар 8.7 га газар нь тариалан эрхэлж байгаагүй атаршсан газар хамаарна гэж заасны дагуу 8.7 га газарт тариалан эрхлээгүй бэлчээрийн газар бөгөөд одоогийн байдлаар ашиглаагүй атар газар хэвээр байгаа. Нэхэмжлэгчээс дуудлага худалдааны анхны үнийг 1997 оны 152 дугаар тогтоолоор 1 га газарт 77 110 төгрөг байхаар тогтоосон. Тухайн үедээ 79 110 төгрөгөөр 5 га газарт нийт 395 500 төгрөг төлөхөөр байсан. Сунгуулсан 25 га газар дээр 19 777 750 төгрөг төлөхөөр байсан. Ийм байтал төлөөгүй. Газрын төлбөрийг маргаан үүссэнээс хойш төлөөгүй” гэв.
ХЯНАВАЛ:
Дөрөв. Маргаан бүхий актын үндэслэлийн тухай:
4.1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
4.2. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаас бусад зориулалтаар газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгохоор заасан.
Ингэхдээ хэн нэгний эзэмшил ашиглалтад олгогдоогүй газрыг анх бусдад эзэмшүүлэхэд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулсан байх урьдчилсан нөхцөлийг уг хуулиар зохицуулжээ.
4.3. Хавтас хэрэгт авагдсан 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”[27], Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ[28], “Т” ХХК-ийн дүрэм[29] зэргээс үзвэл “Т” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Д.С өөрийн 15,000,000 төгрөгийн хөрөнгө бүхий компанийн өөрт оногдох 100 хувийг Д.Хд шилжүүлэн өгсөн байх бөгөөд хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй.
4.4.Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтаас үзвэл хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын хувьд анх өөрийн 2008 оны 252 дугаар захирамжаар “Т” ХХК-д 5 га газар эзэмшүүлж гэрчилгээ олгосон, улмаар 2013 оны 489 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан, 2018 оны А/608 дугаар захирамжаар нэмж газар эзэмшүүлсэн, 2019 оны А/91 дүгээр захирамжаар газар эзэмших, ашиглах эрхийн талбай, зориулалт, эдэлбэрийн хэлбэр өөрчлөхдөө ч тус компаниас газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөхийг огт шаардаж байгаагүй, энэ талаар нэхэмжилж байгаагүй байна.
4.5. Өөрөөр хэлбэл хариуцагч болон газрын асуудал эрхэлсэн дүүргийн газар зохион байгуулалтын алба, түүний мэргэжилтнээс Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны үнэ, үйлчилгээний хураамж төлөхийг шаардаж байгаагүй атлаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл хамаарахгүй буюу иргэдийн өргөдөл гомдлыг барагдуулахын тулд маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй юм.
4.6.Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын мэтгэлцээнээр маргаан бүхий газрын ойролцоо амьдран суух, мал бүхий иргэдийн гомдлын дагуу үхэр бэлчээх газрын асуудлыг шийдвэрлэх зорилгоор тус газрын маргааныг үүсгэсэн болох нь тогтоогдсон.
4.7. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...та өөрийн талбайг хойшлуулаад эвлэрэх боломж байхгүй юу?...”[30] асуултад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан үнэн зөв тайлбар өгөх үүргээ ухамсарлан “...газрын хэмжээг алдагдуулахгүйгээр 25 га газрыг байршлыг зөөх байдлаар шилжүүлж өгвөл, иргэдийн хүсээд буй хэсэг газрыг буцаахад татгалзахгүй...”[31] болохоо илэрхийлсэн болно.
4.8.Хариуцагч Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан захиргааны байгууллагаас өөрийн гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрхийг хэрэгжүүлэхдээ бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх үүрэгтэй болохын хувьд үүсээд буй асуудлыг дээр дурдсаны дагуу харилцан тохиролцвол тус маргааныг дуусгавар болгох боломжтой юм.
Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга өөрийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; зарчмыг баримтлаагүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах атны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР
[1] Хавтас хэргийн 41 хуудас
[2] Нотлох баримтын 1 хавтас 237-238 хуудас
[3] Нотлох баримтын 2 хавтас 23 хуудас
[4] Нотлох баримтын 2 хавтас 38-39 хуудас
[5] Нотлох баримтын 2 хавтас 43-45 хуудас
[6] Нотлох баримтын 1 хавтас 65 хуудас
[7] Нотлох баримтын 1 хавтас 56-58 хуудас
[8] Нотлох баримтын 1 хавтас 59 хуудас
[9] Нотлох баримтын 1 хавтас 107 хуудас
[10] Нотлох баримтын 2 хавтас 67 хуудас
[11] Нотлох баримтын 2 хавтас 59-60 хуудас
[12] Нотлох баримтын 2 хавтас 61 хуудас
[13] Нотлох баримтын 1 хавтас 104 хуудас
[14] Нотлох баримтын 1 хавтас 49 хуудас
[15] Нотлох баримтын 1 хавтас 96 хуудас
[16] Нотлох баримтын 1 хавтас 98-101 хуудас
[17] Нотлох баримтын 1 хавтас 148 хуудас
[18] Нотлох баримтын 1 хавтас 41-45 хуудас
[19] Нотлох баримтын 1 хавтас 134 хуудас
[20] Нотлох баримтын 1 хавтас 177 хуудас
[21] Нотлох баримтын 1 хавтас 121 хуудас
[22] Нотлох баримтын 1 хавтас 17 хуудас
[23] Нотлох баримтын 3 хавтас 43-55 хуудас
[24] Нотлох баримтын 3 хавтас 72-76 хуудас
[25] Нотлох баримтын 3 хавтас 88-89 хуудас
[26] Хавтаст хэргийн 44 хуудас
[27] хавтас хэргийн 73 хуудас
[28] хавтас хэргийн 74 хуудас
[29] хавтас хэргийн 75 хуудас
[30] хавтас хэргийн 83 хуудас
[31] хавтас хэргийн 83 хуудас