Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 16

 

Э.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ч.Э, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 133/ШШ2020/00302 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат баг, 7-15 тоотод оршин суух Г овогт Э. Д /РД: ДЮ94011111/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Оргил баг, 8-2 тоотод оршин суух, Г. П /РД: ДЮ87102811/ холбогдох, Худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт болох үрээний үнэ 5.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Б илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Д, хариуцагч Г.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 11 сард хязаалан насны ширээтэй саран тамгатай хонгор зүсмийн миний хурдан удмын үрээг 5 сая төгрөгөөр Г.П нь ах А аваад явсан юм. Би энэ үрээгээ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Д. Т 5 саяар авч, уг үрээндээ 1 идэшний морь, 2 үхэр үлдсэнд нь мөнгө өгч байсан. /мөнгө бэлнээр/ 4 сая төгрөгийн үнэ бүхий зүйл өгч 1 сая төгрөг дутуу байгаа Д.Т нь 1 сая төгрөгөө нэхэж ирэхэд нь би Г.П дээр олон удаа дагуулан очиход адуу өгье, эсвэл үрээг чинь өгье гэх мэтээр худал хэлж олон удаа алга болсон. Үүнийг Т нь гэрчилнэ. Уг хонгор үрээг Хэнтий аймгийн малын их эмч Н-аас Т нь худалдан авч байсан. Надад үрээний мөнгө болох 5 сая төгрөгийг Г.П гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.П нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие П нь Э.А 2016 оны 11 сард хонгор үрээ авсан. Э.А надад хэлэхдээ манай хүүхдэд манай дүү Э.Д бэлэглэсэн үрээ гэж хэлсэн. Уг үрээг тухайн үед 1.500.000 төгрөгөөр авч байсан юм. Уг үрээний өртгөнд Э.А 2 адуу ачааны мазда машин зарж байсан. Үүний үнэд 2016 оны 11 сард хонгор үрээ авсан. Бид хоёр тухайн үед тохиролцож 2 адуу, машины үнийг тохирсон. Гэтэл А дүү болох Д нь 2018 онд хонгор үрээний үнийг өсгөж 3.000.000 төгрөг гээд ирсэн. Би өгөхгүй гээд хэлсэн. Гэтэл 2020 онд 5.000.000 төгрөг болгон үнийг нь өсгөж нэхээд байх юм. Үүний учрыг олж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт болох үрээний үнэ 5.000.000 /таван сая/ төгрөгийг хариуцагч Г.П гаргуулж, нэхэмжлэгч Э.Д-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.П үрээний үнэ 5.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 94.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Д-д олгож...шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.П давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Иргэний хэргийн хариуцагч Г.П миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 133/ШШ2020/00302 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Г.П миний бие болон нэхэмжлэгч гэх Э.Д нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зохигчдын тайлбар болон гэрч нарын мэдүүлэг зэргийг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. Миний бие шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа Э.Д-той адууны наймаа хийгээгүй түүний ах болох Э.А тохиролцож 2 адуу, мазда машиныг Э.А өгсөн оронд нь түүнээс үрээ авсан байдаг. Э.А нь тухайн үрээгээ зарахдаа миний үрээ гэж зарсан. Гэтэл Э.А бид хоёрын хооронд 2016 онд адуу худалдах худалдан авах хэлэлцээр үүссэн байхад нэхэмжлэгч Э.Д-той худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Э.А адуу солилцож наймаалцсан нь 2016 оны 11 сард болсон бөгөөд Э.А нь энэ хугацаанд надаас ямар нэгэн байдлаар мөнгө нэхэмжилж ирж байгаагүй. Харин дүү нь гэх Э.Д нэг удаа ирж байсан боловч би энэ хүнтэй наймаа хийгээгүй талаар хэлсэн. Э.А бид хоёрын хооронд үүссэн гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг ба тус хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Э.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 09 дүгээр сард Баянхонгор аймгийн шүүхээс ял аваад явсан байсан. Тухайн үед Г.П, манай ах, бид гурвын адуу нэг доор байдаг байсан. Г.П хонгор үрээг Ховдын Иргэдийн хурлын дарга сураглаад байна 5 сая төгрөгт зараад өгье гэж хэлээд миний үрээг аваад явсан байсан. 2018 онд гарч ирээд уулзахад авч ирж өгнө гэж хэлээд нэг сар болсон. Тухайн үед би Д.Т гэдэг хүнээс аваад өөрийн нэг машиныг өгөөд одоо нэг сая төгрөг дутуу байгаа. Д.Т, Э.А нар анхан шатны шүүх хуралдаанд ирээд гэрчээр мэдүүлэг өгсөн. Мазда машин нь өөр адууны үнэнд авч ирсэн. Сэлбэгийн Г гэдэг хүнд 650.000 төгрөгт өгөөд 350.000 төгрөгт хужаа мотоциклийн сэлбэг аваад, 350.000 төгрөгийг нь бичиг баримт байхгүй гэдэг үндэслэлээр тэр хүн мөнгийг нь өгөөгүй одоог хүртэл байгаа. Энэ хүнд ямар ч хамааралгүй. Тухайн үед манай ах хоёр адууг нь зарж өгсөн. Тэр үедээ энэ хүн мал болон ноолуурыг нь аваад явсан гэж Э.А хэлдэг. Э.А, Д.Т бид гурав очих гэхээр утсаа авахгүй эсхүл гэртээ байхгүй байдаг. Д.Т сүүлд нь очиж уулзахад маргааш нь авч ирж өгнө гэж хэлээд алга болсон. Тэгэхээр нь шүүхэд хандсан байгаа. Мөн энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж байна. Би 2018 оны 10 дугаар сарын 11-нд анхан шатны шүүхээр 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлээд 2019 оны 10 дугаар сарын 25-нд гарч ирсэн. Архиваас шийтгүүлсэн шүүхийн тогтоолыг авсан үүнийг нотлох баримтаар гаргаж өгмөөр байна. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дээр хөөн хэлэлцэх хугацаа яриагүй байж давж заалдах гомдолдоо хөөн хэлэлцэх хугацааны талаар бичсэн байсан гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Э.Д нь Г.П-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт болох үрээний үнэ 5.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Г.П нь хонгор үрээ худалдах худалдан авах гэрээг нэхэмжлэгчийн дүү Э.А байгуулсан байтал нэхэмжлэгч Э.Д-той Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй хэмээн маргажээ.

 

Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон гэрч Э.А /хэргийн 29 дэх талд/ Би Э.Д-ийн адууг зарсан. Э.Д, Г.П бид 3-н адуу хамт байдаг бөгөөд Э.Д, Г.П нар найз нөхөд тул би үрээг өгөөд явуулсан. Үнийг 5000000 төгрөг гэж тохирсон гэжээ.

 

Хариуцагч Г.П зарагдсан хонгор үрээний өмчлөгч нь Э.Д мөн болох нь тогтоогдож буй боловч Г.П Э.А нарын хооронд байгуулагдсан адуу худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг Э.Д нэхэмжлэх эрхгүй байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг хүлээдэг байна.

 

Э.А, Г.П нарын хооронд хийгдсэн худалдах худалдан авах гэрээний үнийг Э.Д тодорхойлж түүнийг нэхэмжлэн гаргуулан авах боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 133/ШШ2020/00302 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.Ж

 

ШҮҮГЧИД Ч.Э

 

Ш.Б