Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/58

 

        Ц.Бат-Ирээдүйд холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Алтан даргалж, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд прокурор А.Анхбаяр, хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Б.Гансүх даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ц.Бат-Ирээдүйд холбогдох, 2235000000128 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 3 дугаар сарын 11-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг Буянт хорооллын 209 тоотод оршин суух хаягтай, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 48/А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөг хурааж, 3 жил 5 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөг хурааж, 2 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, хөнгөн ялыг нь хүнд ялд нь нэмж нэгтгэн нийт 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж байсан Борлууд овогт Цээпэлийн Бат-Ирээдүй /РД:ОО79031116/.

1. Шүүгдэгч Ц.Бат-Ирээдүй нь Увс аймгийн Тэс сумын 6 дугаар баг, Завсар гэх газарт 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр согтуугаар, мотоцикль жолоодох А ангиллын эрхгүй үедээ Ц.Пүрэвсүрэнгийн ззэмшлийн Мустанг-150 загварын улсын дугааргүй мотоцикль жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хохирогч М.Пүрэвдалайг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр шүүгдэгч Ц.Бат-Ирээдүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоолоор:  - Шүүгдэгч Борлууд овогт Цээпэлийн Бат-Ирээдүйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Ц.Бат-Ирээдүйд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилээр хасаж, 2 /хоёр/ жилээр зорчих эрх хязгаарлах ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Ц.Бат-Ирээдүйд зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ц.Бат-Ирээдүйд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолж,

- шүүгдэгч Ц.Бат-Ирээдүй нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Ц.Пүрэвсүрэнгийн Мустанг-150 мотоцикль бимтүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн малгайг шүүгдэгч Ц.Бат-Ирээдүйд буцаан олгож,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Бат-Ирээдүйд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр шийдвэрлэжээ. 

4. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон тайлбартаа: “...Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ЦШТ/138 дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт ....шүүгдэгч Ц.Бат-Ирээдүйд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар дүгнэхдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т “..учруулсан хохирлоо нөхөн төлсөн..’’ гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал, хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт хорих ял оногдуулахгүй байх санал гаргасан зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Бат-Ирээдүйд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилээр хасаж, хоёр жилээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дуаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ц.Бат-Ирээдүйд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилээр хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолохоор тогтоов...” гэжээ. Харин шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 2 заалтаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Ц.Бат- Ирээдүйд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасаж, хоёр жилээр зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй гэж, 5 дахь заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ц.Бат-Ирээдүйд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолсугай” гэжээ. Шүүх шүүгдэгч Ц.Бат-Ирээдүйд эрх хасах ял оногдуулахдаа шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилээр хасаж” гэж,  харин тогтоох хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасаж” гэж хоёр өөрөөр ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жил хасах зохицуулалттай. Анхан шатны шүүхийн тодорхойлох хэсгийн дүгнэлтэд ялын дээд хэмжээнээс дээгүүр ял оногдуулахаар биччихээд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 3 жил гэж заасан байна.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасах нь зүйтэй гэж үзсэн мөртлөө 2 жилээр хассан бол техникийн шинжтэй алдаа гэж үзэх  байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсгүүдэд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын дээд хэмжээнээс дээгүүр нэмэгдэл ял оногдуулна гэж дүгнэлт хийчихээд тогтоох хэсэг дээр үүнийг залруулаад явчихсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчил гэж үзэж байна. Гаргасан эсэргүүцлээ дэмжиж байна” гэв.

5. Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ц.Бат-Ирээдүй нь Увс аймгийн Тэс суманд бусдын мотоциклийг согтуугаар жолоодож явахдаа Пүрэвдалайгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж үзэж анхан шатны шүүхээс түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн.  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4-н жилийн  хугацаагаар хасаж, нэмэгдэл ял оногдуулах талаар дүгнэлт хийсэн мөртлөө тогтоох хэсэгт: тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн.

Мөн хуулийн 36.2 дугаар зүйлийг зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхээр байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, мөн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү? гэсэн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна гэв.

6. Хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч Пүрэвдалайгийн өмгөөлөгчөөр оролцож байна. 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ЦШТ/138 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1.4-т зааснаар ял хүндрэхгүй байгаа учраас хэргийн зүйлчлэл, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцаахгүйгээр, нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ц.Бат-Ирээдүйд холбогдох, 2235000000128 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

3. Шүүгдэгч Ц.Бат-Ирээдүй нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, согтуугаар Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн нутагт Мустанг-150 маркийн мотоцикль жолоодож, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 3.4.в, 12.3 -д заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн М.Пүрэвдалайгийн эрүүл мэндэд хүнд хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

- хохирогч М.Пүрэвдалайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хувийн ажил амжуулахаар Тэс сумын 4 дүгээр багт байх гэрээсээ Тэс сумын төв рүү эхнэрийн хамт  Мустанг-150 загварын улсын дугааргүй мотоциклтой явсан. Ц.Пүрэвсүрэн, Ц.Бат-Ирээдүй, Наадам, О.Тэрбиш,  бид нар гүүрэн дээр нэг шил архи уусан ба уг архи дуусахад Наадам, Тэрбиш нар “үхэр мал хураах ажилтай тул бүрэнхий болохоос өмнө явна”  гэж хэлээд явцгаасан. Би эхнэрээ сундлаад хөдөлсөн ба бид хоёр Тооромтын гүүрнээс ойролцоогоор 4 км орчим яваад би тамхи татахаар мотоциклоо замаас гаргаж зогсоогоод зам дээр тамхи татаад зогсож байхад Ц.Бат-Ирээдүй нь Ц.Пүрэвсүрэнгийн мотоциклийг жолоодож, Ц.Пүрэвсүрэн түүний ард сундалчихсан ирж байсан. Ц.Бат-Ирээдүй мотоцикль жолоодож яваад намайг мөргөсөн. Тухайн үед үзэгдэх орчин чөлөөтэй, ил тод, зам дээр би тамхи татаад зогсож байсан, хамт явж байгаа хүмүүс юм чинь зогсоод уулзах байх гэж бодоод зогсож байтал шууд чигээрээ ирээд мөргөсөн.Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” гэх мэдүүлэг (х.х-ийн 35-36, 39 дэх тал),

- гэрч Л.Нараагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн орой 21 цагийн үед Тэс сумын 6 дугаар багийн нутагт байрлах  Тооромтын гүүрэн дээр ирэхэд нэр, зүсийг нь мэдэхгүй хэсэг залуучууд архи уугаад сууж байсан. Манай нөхөр М.Пүрэвдалай, Ц.Пүрэвсүрэн хоёр уг хүмүүстэй зогсоод уулзахад уг архи ууж байсан хүмүүс дотор Ц.Бат-Ирээдүй байсан. Нөхөр М.Пүрэвдалай, Ц Пүрэвсүрэн нар уг хүмүүстэй хамт архи уух гээд байхаар нь би уурлахад нөхөр М.Пүрэвдалай мотоциклио жолоодож, бид хоёр цаашаа явж байгаад М.Пүрэвдалай тамхи татмаар байна гэж хэлээд замын хажууд зогссон ба нөхөр тамхиа татаж байхад Ц.Пүрэвсүрэнгийн мотоциклийг Ц.Бат-Ирээдүй жолоодчихсон, Ц.Пүрэвсүрэн ар талд нь суучихсан ирж байсан. М.Пүрэвдалай би найз нартайгаа уулзана гэж хэлээд зам дээр зогсож байхад Ц.Бат-Ирээдүйгийн жолоодож явсан мотоцикль нөхөр М.Пүрэвдалайг мөргөж гэмтэл учруулсан. Ц.Бат-Ирээдүй Тооромтын гүүрэн  дээр хүмүүстэй архи ууж байсан ба согтуу байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 47-49, 51, 53 дахь тал),

- гэрч Ц.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Би өөрийн Мустанг-150 загварын мотоциклио жолоодоод ганцаараа Тооромтын гүүрэн дээр ирэхэд Н.Наадам гэх залуу хажуудаа танихгүй нэг залуутай, Паламын Баттогтох гэх залуу хажуудаа танихгүй нэг залуутай, Ц.Бат-Ирээдүй хажуудаа Б.Лхагвасүрэн гэх залуутай нийт 6 хүн байсан ба уг хүмүүс архи уугаад сууж байсан.  Ямар хүн гараа өргөснийг нь мэдэхгүй, нэг хүн гараа өргөхөөр нь зогссон ба миний араас М.Пүрэвдалай эхнэрийн хамт ирсэн. Б.Лхагвасүрэн надад хандаж “Та ганцаараа явж байгаа юм чинь Ц.Бат-Ирээдүйг манай гэрт хүргээд өгчих” гэж хэлэхээр нь би хариу хэлж амжаагүй байхад Б.Лхагвасүрэн “Та аваад яваарай” гэж хэлчихээд мотоциклио унаад сумын төвийн чиглэлд явсан. М.Пүрэвдалай бид хоёр Тооромтьн гүүрэн дээр уг хүмүүсийн ууж байсан хагас шил архинаас хувааж уугаад дуусгасан. Н.Наадам дахин “Соёрхол” нэртэй 0.5 литрийн архи задалж М.Пүрэвдалайгийн эхнэрээс бусад хүмүүс бүгд хувааж уусан ба уг архийг ууж дуусахад М.Пүрэвдалайгийн эхнэр “Одоо явъя” гэж хэлээд М.Пурэвдалай мотоциклио жолоодож эхнэрийн хамт явсны дараа гүүрэн дээр байсан хүмүүс бүгд тараад тал тал явсан. Ц.Бат-Ирээдүй бид хоёр Тооромтын гүүрэн дээр үлдэж Ц.Бат-Ирээдүй “Би чиний мотоциклийг барьна” гэж хэлэхээр нь би мотоциклио бариулж, би түүний араар сундалж суугаад Тооромтын гүүрнээс 1 км орчим зайтай явахад М.Пүрэвдалай зам дээр зогсож байсан ба Ц.Бат-Ирээдүй шууд чигээрээ явж очоод М.Пүрэвдалайг мөргөсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 62 дахь тал),

- шүүгдэгч Ц.Бат-Ирээдүйгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Ц.Пүрэвсүрэнгийн Мустанг-150 загварын мотоциклийг жолоодож, Ц.Пүрэвсүрэн миний ард суугаад Тэс сумын 6 дугаар багийн нутаг Завсар гэх нэртэй газарт явж байтал М.Пүрэвдалай мотоциклийг урдуур зам дээр гараад ирсэн. Би архи уучихсан байсан учраас мотоциклоо зогсоож чадаагүй. Ийм хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг,

- Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн  246 дугаартай М.Пүрэвдалайгийн биед 2 талын уушгины няцрал, баруун талын 7 дугаар хавирганы хугарал, хэвлийн битүү гэмтэл, элэгний урагдал задрал, баруун бөөрний няцрал, цус алдалт, хэвлийн хөндийн хурц цус алдалт, баруун талын дунд чөмөгний хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн осол, өндрөөс унах үед үүсэх боломжтой гэмтлүүд байна. 2 талын уушгины няцрал, баруун талын 7 дугаар хавирганы хугарал, хэвлийн битүү гэмтэл, элэгний урагдал задрал, баруун бөөрний няцрал, цус алдалт, хэвлийн хөндийн хурц цус алдалт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I хавтасны 167-170 дугаар тал)

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн I хавтасны 4-6 дахь тал),

- замын бүдүүвч зураг (хавтаст хэргийн I хавтасны 10 дахь тал),

- мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн I хавтасны 15-18 дахь тал),

- хохирогч М.Пүрэвдалайн Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх (хавтаст хэргийн I хавтасны 147-163 дахь тал) зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Бат-Ирээдүйг  тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

4. Шүүгдэгч Ц.Бат-Ирээдүй нь мотоцикль буюу А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын лавлагаа, мэдээллийн төвийн лавлагаагаар, тэрээр 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан буюу согтуугаар уг гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч М.Пүрэвдалай, М.Наадам, Ц.Пүрэвсүрэн нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн “ би бас архи уучихсан байсан тул мотоциклоо зогсоож чадаагүй” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдсон байна.

5. Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ц.Бат-Ирээдүй нь Монгол Улсын  Замын хөдөлгөөний дүрмийн “жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарч, хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан нь тус тус тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т тус тус заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

6. Шүүгдэгч Ц.Бат-Ирээдүйгийн  үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т  заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан ба анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Бат-Ирээдүйд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх зүйл, хэсэгт заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах  ялыг  сонгож, уг ялын  хэмжээг хоёр жилээр  тогтоосон нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж дүгнэв.  

7. Прокурорын давж заалдах журмаар гаргасан :”...шүүх шүүгдэгч Ц.Бат-Ирээдүйд эрх хасах ял оногдуулахдаа шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугцаагаар хасаж гэж бичсэн атлаа тогтоох хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж” гэж хоёр өөрөөр ял оногдуулсан нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх хуулийн заалтыг зөрчсөн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.6-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх эсэргүүцлийг  хүлээн авах үндэслэлгүй байна.

7.1. Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Бат-Ирээдүйд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн болох нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байх ба шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсэг нь хэргийн оролцогчдод гардуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс зөрүүгүй, талууд энэ талаар маргаагүй байна. Харин шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар дүгнэхдээ: шүүгдэгч Ц.Бат-Ирээдүйд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж .. гэж шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т  заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан нэгээс гурван жил хүртэл хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас дээш хэмжээгээр буюу 4 жил гэж дүгнэж алдаа гаргасан байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд нөлөөлөхгүй гэж дүгнэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгохгүйгээр магадлалд дурдах байдлаар залруулах боломжтой байна.  

8. Дээрх үндэслэлүүдээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 18-ний  өдрийн 2022/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 20 дугаар эсэргүүцлийг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.АЛТАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Н.МӨНХЖАРГАЛ