| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2018/0012/Э |
| Дугаар | 10 |
| Огноо | 2018-01-05 |
| Зүйл хэсэг | 20.16.1., |
| Улсын яллагч | М.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: М.Батзаяа
Шүүгдэгч:Ц.Л, Д.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Ц.Л, Б овогт Д.М нарт холбогдох эрүүгийн 1,,, тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Ц.Л,
Шүүгдэгч: Д.М
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.Л, Д.М нар нь 2017 оны 09 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Одод” нэртэй бааранд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, иргэн О.Өэ, Ч.Г нарт хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Шүүгдэгч Ц.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 09 сарын 19-ны өдөр Д.М бид хоёр хөдөөнөөс ирсэн. Тэгээд Стай нийлж Одод нэртэй бааранд орсон. Тэр бааранд хохирогч Ч.Гтой таарч маргалдсан. Өөрийн хийсэн гэмт хэрэг, гэм буруугаа ухаарч байна гэв.
* Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 09 сарын 19-ны өдөр Ц.Л, С бид 3 хөдөөнөөс орж ирсэн. Хамт бааранд орсон. О.Ө-ийг цохиж, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Гэм буруугаа ухаарч байна гэв
* Эрүүгийн ,, тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
* Хохирогч О.Ө-ийн өгсөн:
“...2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 23 цагийн орчимд одод бааранд дуулах санаатай өөрийн найз Ч.Г, манай найз Ө, түүний найз Ука нарын хамтаар орсон. Тэгээд орж суугаад манай найз Ч.Г дуугаа захиалах гээд босоод явсан. Тэгээд байж байтал манай найзыг хэсэг залуучууд бааран дотор зодоод эхэлсэн. Тэгэхээр нь би юу болсон юм бэ? гээд очсон чинь намайг нэг үл таних залуу эргэж хараад миний нүүр рүү гараараа цохиод унагаасан. Тэгээд тэр залуучууд Ч.Г бид хоёрыг нийлүүлээд тал талаас зодож эхэлсэн. Тэр үед тэнд байсан зөөгч охин та нар хүн аллаа, больцгоо гээд намайг салгаад баарнаас аваад гарсан. Тэгсэн хэсэг хугацааны дараа тэр залуучууд баарнаас буцаж гарч ирээд, хар малгайтай өндөр залуу нь миний нүүр рүү нэг удаа, цээж рүү 2 удаа цохьсон. ...Тэгээд тэр залуучууд бид нарыг цагдаа дуудчихлаа, явъя гээд яваад өгсөн. Тэгэхээр нь би буцаад “Одод” баар руу орох үед манай найз Ч.Гтой нэг сахалтай залуу, нэг туранхай өөрийгөө Б гэх хоёр залуу үлдчихсэн орилж чарлаад сткан авч, Ч.Г бид хоёр руу шидээд байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд тэр сахалтай залууг барьж аваад явсан. Ямар шалтгааны улмаас намайг зодсоныг би мэдэхгүй байна. Би тэр залуучуудыг танихгүй. Нэг залууг нь Б гэж байсан, нийт 5 залуу байсан. ... Миний толгой маш их өвдөж байгаа. Доод уруул дотор талдаа язарсан. Үүдэн нэг шүд хөхөрсөн, зүүн талын нүд хөхөрсөн, нуруу өвдөж байгаа. Намайг тэнд байсан 5-н залуу 5-уулаа зодсон ...Д.М гэх нэртэй залуу миний уруул, нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн. Мөн дух руу хөлөөрөө өшиглөсөн. Ц.Л гэх хар малгайтай залуу нь намайг газар унасан байх үед дээрээс хөлөөрөө болон гараараа цохиж зодоод байсан. Бусад залуучууд нь бол надад ямар нэгэн байдлаар гар хүрээгүй. Тухайн үед бодит байдал дээр бол тэнд байсан залуучууд, манай найз охин түүний найз гээд олон хүмүүс бид нарыг салгах гэж бужигнаж байсан. Мөн танихгүй хүмүүс байсан болохоор хэн, хэн яаж намайг цохиж, зодсон талаар ялгаж салгаж чадахгүй байсан учир би анхны мэдүүлэг дээрээ бүгд намайг цохиж зодсон гэж ойлгож мэдүүлэг өгч байсан. Одоо ингээд царай зүсийг нь хараад, мөн тэр залуучуудтай ярилцаад асууж тодруулахад Д.М миний нүүр рүү хөлөөрөө өшиглөж цохиж зодсон. Харин Ц.Л намайг газар унасан байх үед гар, хөлөөрөө цохиж зодсон гэдгээ надад өөрсдөө хэлсэн. Бусад 3 залуу нь бол салгах гээд бөөгнөрч байсан гэж ярьж байсан.... Миний биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг Д.М, Ц.Л нар гар болон хөлөөрөө цохиж зодож учруулсан. Уг гэмтэл Д.М, Ц.Л нарын үйлдлээс болж учирсан. Бусад 3 залуу нь бид нарыг салгах гээд дундуур орж бөөгнөрч бужигнаж байсан гэж ярьж байсан. Миний биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг Д.М, Ц.Л нар гар болон хөлөөрөө цохиж зодож учруулсан. Уг гэмтэл Д.М, Ц.Л нарын үйлдлээс болж учирсан. Бусад 3-н залуу бид нарыг салгах гээд дундуур орсон юм. Би анх Одод бааранд ороод сууж байтал манай найз Ч.Г текэн дээр О гэх залуутай юм яриад зогсож байсан. Тэгээд О-ын ард зогсож байсан Ц.Л гэх залуу шууд Ч.Гыг цохьсон, тэгээд зодоон эхэлсэн. Намайг очоод салгах гэтэл хамт зодсон. Надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй. Миний болон манай найз Ч.Г бид 2-ын хохиролыг Д.М, Ц.Л, Отгонбат, С, Б нар бүгдээрээ нийлж байгаад бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 10-11 дүгээр тал/
* Хохирогч Ч.Гын өгсөн:
“... 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 23 цагийн орчим Одод бааранд дуулах санаатай өөрийн найз О.Ө, түүний найз охин Ө, түүний найз Ука нарын хамт орсон юм. Тэгээд би захиалга өгөх гээд бармен дээр очсон. Тэр үед хэсэг залуучууд ямар нэгэн шалтгаангүй шууд намайг зодсон. Хар малгайгаа буруу харуулаад тавьчихсан өндөр залуу ирээд намайг шууд цохьсон. Тэгээд тэнд байсан 5-н залуу бүгд намайг буланд шахаад зодож эхэлсэн. Тэгээд хэсэг салсанаа буцаж ирээд дахиад зодоод эхэлсэн. Би тэр үед хэсэг ухаан балартсан байсан. Тэгээд тэнд байсан залуучуудын нэг нь текны араас пивоны бакал шидээд байсан. Тэгээд цагдаа нар ирээд сахалтай залууг аваад явсан. Тухайн үед өөр хүмүүс байхгүй байсан. Тэр 5-н залуу ямар нэгэн шалтгаангүй О.Ө бид хоёрыг зодож эхэлсэн. Би тэр залуучуудыг танихгүй. Миний толгой өвдөж байгаа, зүүн далны доод орчмоор өвдөж байгаа, баруун бөөр цус хуралттай байна гэсэн. Тухайн үед О.Ө бид 2-ыг 5 залуу зодсон, дээлтэй нэг залуу байсан, сахалтай нэг залуу, хар малгайгаа буруу харуулаад тавчихсан нэг залуу, хар күртиктэй махлаг нэг залуу, нэг туранхай залуу нийт 5 залуу байсан. Тэр 5 залуу бүгдээрээ надад гар хүрч намайг зодсон. Тухайн үед манай найз О.Ө намайг салгах гээд ирэх үед тэр залуучууд бас зодсон. Намайг яг хэн хэн нь хэрхэн яаж цохиж зодсныг би ялгаж салгаж чадахгүй тэр залуучууд бүгд л бид 2-ыг цохиж зодсон. Тэр үед бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Тэр залуучууд нилээд их согтсон байдалтай байсан. ... Тэгэхээр нь би Д.О гэх надтай юм яриад зогсож басан залуугийн цээжинд нүүрээ нааж түүнийг чирээд буланд шахаад нүүрээ хамгаалж Д.Оын цээжинд нүүрээ нуугаад зогссон. Тэгсэн чинь Ц.Л ирээд намайг араас буланд шахаж байгаад намайг гар болон хөлөөрөө өшиглөж, цохиж зодсон. ...Бас тухайн үед дээлтэй явж байсан Д.М гэх залуу ирээд бас намайг гар хөлөөрөө өшиглөж, цохиж зодож байсан. Бусад залуучууд нь бид нарыг нилээд юм болж салгасан. Тэгээд удалгүй цагдаа нар ирэх үед тэнд байсан залуучууд бүгд зугтсан Д.О л зугталгүй байж байгаад цагдаа нартай цагдааруу явсан тэгээд тэр хэсэг залуучууд цагдаа дээр ирсэн бид нар хоорондоо уулзаж ярилцсан тэр үед Ц.Л болон Д.М 2 намайг цохиж зодсоноо хүлээн зөвшөөрч байсан. Тухайн үед Ц.Л хар өнгийн саравчтай малгайтай малгайгаа буруу харуулаад өмсчихсөн байсан харин Д.М нь тэр үед дээлтэй явж байсан би хараад тэр 2 залууг таньж мэдэж байнаа. Бусад залуучууд нь надад ямар нэгэн байдлаар бол гарч хүрч цохиж зодоогүй харин салгасан байсан. Миний биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг Ц.Л болон Д.М нар учруулсан. Уг гэмтэл Ц.Л мөн Д.М нарын буруутай үйлдлээс болж учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 15-16 дугаар тал/
* Гэрч Д.О-ын өгсөн:
“...2017 оны 09 дүгээр сарын 19-20 нд шилжих шөнө би хамт ажилладаг А.Э, Д.Б нарын хамтаар Одод байранд орсон юм. Бааранд ороод сууж байх үед Ц.Л, М.С нар гаднаас орж ирсэн. Тэгээд бид нар уулзаад мэнд мэдэлцсэн. Бид нэг нутгийн, бие биенийгээ таньдаг хүмүүс байгаа юм. Тэгээд А.Э эхнэрийнхээ хамт харьлаа гээд яваад өгсөн. Тэгээд Б бид 2 хэсэг сууж, гарч тамхи татчихаад буцаж орж ирээд би нойлын өрөө орчихоод тэкэн дээр очоод байж байтал Ч.Г гэх залуутай таарсан. Тэгээд тэр залуутай юм яриад зогсож байтал Ц.Л ирээд шууд л Ч.Г гэх залууг гараараа нүүр рүү нь цохьсон. Ч.Г гэх залуу нүүрээ миний цээжинд наагаад намайг тэврээд нүүрээ хамгаалаад миний цээжэнд наагаад зогсоод байсан. Тэр үед Ц.Л гар болон хөлөөрөө Ч.Гыг өшиглөж цохиж зодоод байсан.Тэр үед М.Б болон О.Өэ гэх хүмүүстэй хамт явж байсан эмэгтэй баарны зөөгч хүүхэн ирж салгаад, цагдаа дуудсан юм. Удалгүй цагдаа нар ирэх үед М.С, Ц.Л, Д.М, Б нар зугтчихсан байсан. Би тэр үед Одод баарны гадаа зогсож байсан тэгээд цагдаа нар ирээд намайг аваад явсан. Ямар шалтгааны улмаас Ц.Л нь Ч.Г гэх хүнийг цохьсон талаар мэдэхгүй байна. Ч.Г гэх залуутай би тэкэн дээр уулзаад зогсож байх үед Ц.Л Ч.Гыг надтай хэрэлдэж маргалдаж байна гэж ойлгоод намайг өмөөрч Ч.Гыг анх цохиж зодсон байх гэж би бодож байна. ...Би О.Өийн зодуулахыг хараагүй. Намайг Ч.Г ирээд тэврээд авчихсан, цээжинд нүүрээ наасан байдалтай, намайг буланд шахсан байсан болохоор би хаана юу болж байгааг харж чадаагүй. Сүүлд нь бид нар хоорондоо уулзаж ярихад Д.М О.Өэ гэх залууг хөлөөрөө нүүр рүү нь өшиглөж, цохиж зодсон гэж ярьж байсан. Ч.Гыг Ц.Л зодсон, О.Өийг Д.М зодсон өөр бусад хүмүүс Ч.Г, О.Өэ нарыг цохиж зодоогүй, ямар нэгэн байдлаар гар хүрээгүй. харин тухайн үед болсон зодооныг Б, С болон баарны зөөгч эмэгтэй, О.Өэ, Ч.Г нартай хамт явж байсан эмэгтэй нар салгасан. Бид тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэхдээ нэг их согтуу байгаагүй, бараг эрүүл байсан.Ч.Г, О.Өэ нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг мэдэхгүй байна, эрүүл байх шиг байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 117-18 дугаар тал/
*Гэрч М.С-гийн өгсөн:
“ ... Би 2017 оны 09 дүгээр сарын 19-20 нд шилжих шөнө 21 цагийн орчимд Ц.Л нарын хамтаар Одод нэртэй бааранд орсон. Бааранд орох үед манай таньдаг ах Отгонбат ах Б гэх залуугийн хамтаар сууж байсан. Бид нар мэнд мэдэлцэж уулзсан. Тэгээд бид нар дуулаад, пиво ууж нилээд удсан.Тухайн үед шөнийн 03 цаг болж байсан байсан байх. Тэгээд Д.О ах тэкэн дээр нэг залуутай маргаад ч байгаа юм шиг зогсож байсан. Тэгсэн чинь Ц.Л Ч.Г гэх залууг гараараа нүүр рүү нь цохьсон. Ч.Г гэх залуу Д.Оын цээжинд нүүрээ нааж буланд шахад тэврээд нүүрээ хамгаалаад зогсоод байсан.Тэр үед Ц.Л гар болон хөлөөрөө Ч.Гыг өшиглөж цохиж зодсон. Араас нь Д.М очсон. Тэгээд би араас нь салгахаар очсон. О.Өэ гэх Ч.Гын найз нь түүнийг өмөөрч Ц.Л руу очих үед Д.М очоод Өргөнсэлэнгийн нүүр рүү өшиглөж зодсон. Тэгээд тэнд байсан хүмүүс тэд нарыг салгасан. Удалгүй цагдаа нар ирэх үед Ц.Л, Д.М, Б бид нар зугтчихсан байсан. Д.О ах Одод баарны гадаа үлдсэн. О.Өэ гэх залууг Д.М цохиж зодсон. Харин Ч.Гыг Ц. Ц.Л зодсон юм. Ер нь бол уг асуудал тэр 4-ийн хооронд болсон. Ц.О ах, Б бид нар харин салгах гэж дундуур нь орсон юм. Бид тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэхдээ нэг согтоогүй байсан. Тухайн үед Д.М, Ц.Л, Д.О, Д.Б, О.Өэ, Ч.Г түүний найз эмэгтэй, баарны зөөгч эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/,
*Гэрч Д. Мын өгсөн:
“...Д.М нь миний том хүү байгаа юм доороо 2 эмэгтэй 1 эрэгтэй дүүтэй. Д.М нь 2016 онд цэрэгт яваад 2017 онд халагдаж ирсэн. Зан байдлын хувьд үг цөөтэй, зөөлөн ааштай хүнд тусархуу томоотой хүүхэд байгаа юм. Д.М согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, Д.М өөрийн хамаатны ах, эчтэйгээ Архангай аймгийн Их тамир сумын Бугат багт мал маллаж, амьдардаг. Урьд өмнө хэрэг төвөгт холбогдож байгаагүй. Д.М эмээ дээрээ өссөн хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/
* Гэрч Д.Б-гийн өгсөн:
“...2017 оны 09 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Одод нэртэй бааранд Д.М, Ц.Л гэх Д.О-ын танил дүү нар үл таних 2 залууг зодсон. Тухайн үед Д.Отай Ч.Г гэх залууг маргалдаад байна гэж Ц.Л буруу ойлгоод Д.Оыг өмөөрч Ч.Гыг цохьчихсон юм. Тэгээд О.Өэ нь найз Ч.Гыг өмөөрч зодоон хийсэн. Тэгээд Д.М Ц.Л хоёр О.Ө Ч.Г 2-ыг зодчихсон юм. Өөр хүмүүс цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/
*Гэрч А.Э-ийн өгсөн:
“...2017 оны 9 дүгээр сарын 19-ний орой ажлаа тараад Б Д.О нарын хамтаар Одод нэртэй бааранд 20-21 цагийн орчим орсон. Тэгээд нэг, нэг шил пиво авч уугаад сууж байтал Д.Оын таньдаг гэх 3-н залуу орж ирээд Д.Отай мэнд мэдэлцээд сууж байгаад Д.Б Д.О бид 3 харих уу гээд баарнаас гарч ирээд тамхилцгаагаад шууд харьсан. Д.О, Д.Б хоёр үлдсэн. Би болсон хэргийн талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дүгээр тал/
* Гэрч Б.Б-ын өгсөн:
“...2017 оны 09 дүгээр сарын 19-ний орой намайг Одод нэртэй бааранд ажиллаж байх үед 20-21 цагийн орчимд Д.Б, А.Э, Д.О ах 3 орж ирээд суугаад нэг, нэг пиво авч уусан Тэр үед манай бааранд нэг их хүн байгаагүй. Тэгээд хэсэг хугацааны дараа гаднаас 3 залуу орж ирээд Д. Отгонбат ахтай мэнд усаа мэдэлцэж байгаа бололтой байсан. Тэр 3 залуу тусдаа ширээнд суугаад нэг, нэг шил пиво авч уугаад сууж байтал удалгүй А.Э, Д.О, Д.Б ах баарнаас гараад явсан. Тэгсэн буцаад Д.Б, Д.О ах хоёр эргэж орж ирээд Д.М, Ц.Л, М.С гэх 3 залуугийн ширээн дээр очоод хамт суусан. Тэр үед Д.О ирээд надаас тооцоогоо асуусан. Тэгээд би дээшээ гарчихаад буцаад буугаад иртэл зодоон болж байсан. Би тэр үед нь юу болоод байгаа юм бэ гээд очоод тэр хүмүүсийг салгаад, дараа нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирэх үед тэнд байсан залуучууд бүгд зугтсан байсан. Д.О ах үлдсэн байсан чинь цагдаа нар аваад явсан. Тухайн үед миний харсанаар О.Өэ, Ч.Г гэх тэр 2 залууг малгайгаа хойш нь харуулаад өмсчихсөн байсан залуу буюу Ц.Л бас тэр дээлтэй залуу буюу Д.М 2 зодоод байсан. Би хэрхэн яаж цохиж зодсоныг мэдэхгүй, нэгнийх нь уруул язарсан цус гарч байгаа харагдаж байсан. Нөгөө залууг нь анзаарч сайн хараагүй. Тэр 2 залууг С, Д.Б ах, Д.О ах нар ямар нэгэн байдлаар цохиж зодоогүй, харин ч тэр зодооныг зогсоосон...” гэх мэдүүлэг /хх-ийн .. дүгээр тал/
* Гэрч Э.У-гийн өгсөн:
“...2017 оны 9 дүгээр сарын 19-ний орой 23 цагийн орчимд Би Өгийжаргал, О.Өэ, Ч.Г нарын хамт Одод нэртэй бааранд орсон. Тэгээд бид нар хэсэг сууж б айгаад Ч.Г текэн дээр захиалга өгөх гээд очсон. Тэгээд л нэг их удалгүй тэнд зодоон болоод эхэлсэн. О.Өэ очоод салгаж чадаагүй, тэр залуучуудад хамт зодуулчихсан. Тэгээд бид нар очиж салгасан. Удалгүй цагдаа нар ирсэн. Тэр үед бүгд зугтсан байсан. Харин нэг ах үлдээд цагдаа нарт баригдаад явсан. ...Би тухайн үед сайн анзаарч хараагүй ч, миний харснаар хар өнгийн малгайгаа буруу харуулаад өмсчихсөн залуу Ч.Гыг боож доош нь дараад, элэгдэж цохиод байх шиг байсан. Өөр бусдыг нь бол хараагүй. О.Өийн уруул сэтэрчихсэн, Ч.Гын шанаа нь шалбарч, хамар нь гэмтсэн харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
*Гэрч Б.Өын өгсөн:
“... 2017 оны 9 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Одод баар руу 23 цагийн орчимд би өөрийн найз залуу Ч.Г болон манай найз У гэх хүмүүсийн хамтаар орсон. Тэгээд Ч.Г захиалга өгөх гээд текэн дээр очих үед бааранд байсан 5 залуу Ч.Гыг гэнэт зодоод эхэлсэн. Тэр үед О.Өэ очоод салгах гэтэл тэр залуучууд О.Өэ, Ч.Г хоёрыг хоёуланг нь хамт зодсон. Би найзтайгаа хамт салгах гэсэн боловч дийлээгүй . Яг хэн хэн нь хэрхэн яаж цохиж зодож байсныг харах боломж байгаагүй, бүгд л дайраад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/
*Шинжээч эмч С.Хийн өгсөн:
“...О.Өийн биед учирсан 21-р шүд хөдөлснөөс бусад гэмтлүүд буюу дээд, доод уруулд хэгзэрсэн шарх, зүүн чамархайд шарх, зөөлөн эдийн няцралт, цээжний зүүн талд зөөлөн эдэд няцралт, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийг хөнгөн зэрэгт хамаарна. 21-р шүд хөдөлсөн нь зааврын 11-52-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ч.Гын баруун бөөрний ар дээд хэсэгт цус хуралт, нүүр, духаар зөөлөн эдэд няцралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамрын угт болон цээжний зүүн хойно үүссэн жижиг зулгаралт гэмтлүүд нь биеийн гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар тал
* Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Х-ийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 425 дугаартай дүгнэлтэнд:
“...Ч.Гын биед, баруун бөөрний ар дээд хэсэгт цус хуралт, нүүр, духаар зөөлөн эдэд няцралт, хамрын угт, цээжний зүүн хойно жижиг зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Амбулатороор эмчлүүлэгчдийн картнаас үзэхэд учирсан гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэжээ. /хх-ийн 49 дүгээр тал/
* Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Хийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 426 дугаартай дүгнэлтэнд:
“...О.Өийн биед, дээд, доод уруулд хэгзэрсэн шарх, зүүн чамархайд шарх, зөөлөн эдийн няцралт, цээжний зүүн талд зөөлөн эдэд няцралт, цус хуралт, 21-р шүд хөдөлсөн гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Амбулатороор эмчлүүлэгчдийн картнаас үзэхэд учирсан гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 54 дүгээр тал/
* Яллагдагч Ц.Л-ын өгсөн:
“...2017 оны 09 дүгээр сарын 19-ний орой би өөрийн найз Д.М, М.С нарын хамт Одод нэртэй бааранд орсон. Тэр үед уг бааранд манай нутгийн ах Д.О 2 найзтайгаа явж байсан. Тэгээд бид мэнд мэдэлцээд тус тусын ширээнд сууцгаагаад бид 3 нэг, нэг шил пиво уугаад сууж байсан. Тэгтэл нэг их удалгүй Д.О ах 2 найзынхаа хамтаар гарч яваад эргээд Д.О ах Д.Б гэх найзынхаа хамтаар орж ирсэн. Тэгээд Д.О ах Д.Б 2 манай ширээн дээр хамт нэг нэг пиво уугаад сууж байсан. Тэгээд Д.О ах, Ч.Г гэх залуу бас текэн дээр очоод зогссон. Би тэр 2-ыг маргалдаад байна гэж буруу ойлгоод Д.О ахыг өмөөрч Ч.Г гэх залууг нэг удаа гараараа нүүр рүү нь цохьсон. Тэгээд зууралдаад баарны нэг буланд очоод байж байх үед О.Ө гэх Ч.Гын найз ирсэн. Тэр үед надтай хамт явж байсан Д.М С Д.Б нар ирсэн. Д.М О.Өэ гэх залууг нь барьж аваад цохиж зодсон. Би Ч.Гыг гар болон хөлөөрөө өшиглөж цохиж зодсон. Тэр зодооныг тэнд байсан М.С, Д.Б, Д.О, баарны зөөгч охин, бас Ч.Г, О.Өэ нартай хамт явж байсан 2 эмэгтэй ирж салгасан юм. Тэгээд баарнаас гарч ирээд байж байх үед О.Өийг Д.М нэг удаа нүүр рүү нь өшиглөчихсөн. Тэгж байж байтал цагдаа нар ирсэн. Тэр үед бид нар бүгд зугтаагаад Д.О ах үлдсэн ....Би тухайн үедээ Ч.Г гэх залууг Д.О ахтай маргалдаад байна гэж буруу оод цохиж зодох болсон. О.Өэ, Ч.Г нарыг Д.М бид 2 цохиж зодсон. М.С, О, Б нар зодоогүй, биднийг салгасан.Миний биед гэмтэл бэртэл учраагүй. Би хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар тал/
* Яллагдагч Д.Мын өгсөн:
“... 2017 оны 09 дүгээр сарын 19-ний орой би өөрийн найз Ц.Л, М.С нарын хамт Одод нэртэй бааранд орсон. Тэр үед уг бааранд манай нутгийн ах Д.О 2 найзтайгаа явж байх үед нь таарсан. Тэгээд бид мэнд усаа мэдэлцэж мэндэлсэн. Тэгээд нэг нэг шил пиво захиалаад ширээн дээр суусан. Удалгүй Д.О ах 2 найзынхаа хамт баарнаас гарч яваад эргээд Д.О ах Д.Б гэх найзынхаа хамтаар орж ирээд тэр 2 манай ширээн дээр хамт суусан. Хэсэг хугацааны дараа О ах ширээн дээрээс босоод текэн дээр зогсож байтал Ч.Г гэх залуу текэн дээр очоод зогссон. Тэгээд Ц.Л нь Д.О ахыг Ч.Г гэх залуутай маргалдаад байна гэж буруу ойлгоод өмөөрч очоод Ч.Г-ыг нэг удаа гараараа нүүр рүү нь цохьсон. Тэгээд зууралдаад баарны нэг буланд очоод байж байх үед О.Өэ гэх Ч.Гын найз ирсэн. Тэр үед нь би очоод О.Өэ гэх залууг гараараа цохиж зодсон. Тухайн үед О.Өэ, Ч.Г нарыг ямар нэгэн шалтгаангүйгээр Ц.Л бид 2 зодчихсон юм. Учир нь Д.О ахтай хэрүүл маргаан хийгээд байгаа юм байна гэж буруу ойлгоод зодсон. Хэрүүл маргаан болоогүй байсан. Тэгээд цагдаа нар ирэхээр нь бид нар зугтаачихсан. Харин Д.О ах үлдээд цагдаа нартай хамт явсан. О.Өэ Ч.Г нарын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг Ц.Л 2 учруулсан. Би Ө-ийн гадаа гарч ирээд бас нэг удаа хөлөөрөө нүүр рүү нь өшиглөчихсөн. Би хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн дүгээр тал/
* Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 79-81 дүгээр тал/
* Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86-89 дүгээр тал/
2017 оны 09 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Одод” нэртэй бааранд иргэн Д.М, Ц.Л нар бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ц.Л, Д.М нар нь үйлдсэн болох нь хохирогч О.Өийн “...манай найзыг хэсэг залуучууд бааран дотор зодоод эхэлсэн. Тэгэхээр нь би юу болсон юм бэ? гээд очсон чинь намайг нэг үл таних залуу эргэж хараад миний нүүр рүү гараараа цохиод унагаасан. ... Тэгсэн хэсэг хугацааны дараа тэр залуучууд баарнаас буцаж гарч ирээд, хар малгайтай өндөр залуу нь миний нүүр рүү нэг удаа, цээж рүү 2 удаа цохьсон... ” гэх мэдүүлэг, хохирогч Ч.Гын“...Тэгэхээр нь би Д.О гэх надтай юм яриад зогсож басан залуугийн цээжинд нүүрээ нааж түүнийг чирээд буланд шахаад нүүрээ хамгаалж Д.Оын цээжинд нүүрээ нуугаад зогссон. Тэгсэн чинь Ц.Л ирээд намайг араас буланд шахаж байгаад намайг гар болон хөлөөрөө өшиглөж, цохиж зодсон. ...Бас тухайн үед дээлтэй явж байсан Д.М гэх залуу ирээд бас намайг гар хөлөөрөө өшиглөж, цохиж зодож байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Оын “...Тэгээд тэр залуутай юм яриад зогсож байтал Ц.Л ирээд шууд л Ч.Г гэх залууг гараараа нүүр рүү нь цохьсон. Ч.Г гэх залуу нүүрээ миний цээжинд наагаад намайг тэврээд нүүрээ хамгаалаад миний цээжэнд наагаад зогсоод байсан. Тэр үед Ц.Л гар болон хөлөөрөө Ч.Гыг өшиглөж цохиж зодоод байсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Сгийн “... Ц.Л Ч.Г гэх залууг гараараа нүүр рүү нь цохьсон. Ч.Г гэх залуу Д.Оын цээжинд нүүрээ нааж буланд шахаад тэврээд нүүрээ хамгаалаад зогсоод байсан.Тэр үед Ц.Л гар болон хөлөөрөө Ч.Гыг өшиглөж цохиж зодсон. Араас нь Д.М очсон. Тэгээд би араас нь салгахаар очсон. О.Өэ гэх Ч.Гын найз нь түүнийг өмөөрч Ц.Л руу очих үед Д.М очоод О.Өийн нүүр рүү өшиглөж зодсон...” гэх мэдүүлэг, гэрч Д.Бгийн “...Тухайн үед Д.Отай Ч.Г гэх залууг маргалдаад байна гэж Ц.Л буруу ойлгоод Д.Оыг өмөөрч Ч.Гыг цохьчихсон юм. Тэгээд О.Өэ нь найз Ч.Гыг өмөөрч зодоон хийсэн. Тэгээд Д.М Ц.Л хоёр О.Ө Ч.Г 2-ыг зодчихсон юм. Өөр хүмүүс цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бын “...Тухайн үед миний харсанаар О.Өэ, Ч.Г гэх тэр 2 залууг малгайгаа хойш нь харуулаад өмсчихсөн байсан залуу буюу Ц.Л бас тэр дээлтэй залуу буюу Д.М 2 зодоод байсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Угийн “...Би тухайн үед сайн анзаарч хараагүй ч, миний харснаар хар өнгийн малгайгаа буруу харуулаад өмсчихсөн залуу Ч.Гыг боож доош нь дараад, элэгдэж цохиод байх шиг байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Д.М, Ц.Л нарын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч нарын биед хөнгөн хохирол учирсан талаар гарсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 425, 426 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.М, Ц.Л нарыг бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ц.Л, Д.М нарыг бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.М, Ц.Л нарт холбогдох хэргийг Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн тул прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.М, Ц.Л нар нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож тэдэнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт эрүүгийн хуульд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.Өэ, Ч.Г нар нь хохирол төлбөргүй, гомдол санал байхгүй талаар хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 90-91 дүгээр тал/-д тусгадсан болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Ц.Л, Б овогт Д.М нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуй нэгжийн хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л, Д.М нарыг хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л, Д.М нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л, Д.М нарт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
5. Шүүгдэгч Ц.Л, Д.М нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Л, Д.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР