Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/59

 

       Ж.Э-т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд орлогч прокурор А.Турдыбек, шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Б.Гансүх даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/143 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн  Ж.Э-т холбогдох, 2235001070151 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .. Увс аймгийн .. төрсөн.. настай, эрэгтэй, дөрвөд ястан, тусгай дунд боловсролтой, хүндийн механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн .. оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 145 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Ц овогт Ж-ийн Э/.

1. Шүүгдэгч Ж.Э нь 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Увс аймгийн Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн нутаг дэвсгэр “Үзүүрийн булаг” гэх газар 33-39 УНЦ улсын дугаартай, Toyota ланд круйзер 100 загварын авто машин жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, иргэн М.Т-ийн амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Ж.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/143 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Цагаан тугтан овогт Жиндэгийн Эрдэнэбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан  жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилээр хасаж, хоёр жил зорчих эрх хязгаарлах ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Ж.Э зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилээр хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолж,

- шүүгдэгч Ж.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий DVD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Ж.Эын 318078 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Баярхүүд даалгаж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ. 

4. Шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Ж.Э нь Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилээр хасаж, хоёр жил зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн.

Ж.Э нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүйгээр мэдүүлэг өгч, хэргийн зүйл ангиа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Ж.Э анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, болгоомжгүй байдлаас осол гаргасан, тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа архи болон мансууруулах эм тариа хэрэглээгүй байсан зэрэг нөхцөл байдал хэрэгт тогтоогдсон байна. Тэрээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Эрдэнэсүрэнд оршуулгын зардал, мөн сэтгэл санааны хохирол, мотоциклийн үнэ нийт 25.500.000 төгрөгийг төлж барагдуулсан, мөн хувийн байдлын хувьд Ж.Э урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй, Увс, Ховд аймгийн хооронд хүн тээврийн үйл ажиллагаа явуулж ар гэр, амьдрал ахуйгаа авч явдаг, эрүүл мэндийн хувьд сахарын өвчтэй, тээврийн хэрэгсэл жолоодож 6 ам бүлээ тэжээж, оюутан хүүхдийнхээ төлбөрийг төлдөг. Ж.Эын хувьд амьжиргааны эх үүсвэр нь тээврийн үйл ажиллагаа явуулдаг.

Иймд Ж.Э-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрөө төлсөн зэрэг нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жил зорчих эрх хязгаарлах ялыг өөрчилж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэжээ.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Ж.Э нь жолооч мэргэжилтэй, 2000 оноос эхлэн тээврийн хэрэгсэл жолоодож эхэлсэн. Тэрээр Увс аймаг болон Ховд аймгийн хооронд хүн тээврийн үйл ажиллагаа явуулж амьдралаа залгуулдаг. Зорчих эрхийг хязгаарлах ял нь Ж.Эын амьдрал, орлогын эх үүсвэрийг хааж байгаа. Яагаад гэвэл хоёр жилийн хугацаанд гэртээ байх нөхцөл үүсэж байна. Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж байгаа боловч тухайн машиндаа суугаад туслах жолооч ажиллуулаад тээврийн үйл ажиллагаагаа явуулах бүрэн бололцоотой юм. Тийм учраас анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ялыг сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг гаргасан.

Шүүгдэгч Ж.Э нь эхнэртэйгээ хамтран хүн тээврийн үйл ажиллагаа явуулдаг ба банкнаас 94 сая төгрөгийн зээл, хадгаламж барьцаалж 3 сая төгрөгийн зээл авсан, нийлээд 100 гаруй сая төгрөгийн зээлтэй байгаа. Мөн банкнаас зээл авч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан. Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсний улмаас Улаангом сумаас гарах боломжгүй болж байна. Улаангом сум дотор нийтийн тээвэр явуулах боломжгүй. Үүнийг тусгай тендер бүхий аж ахуйн нэгж  явуулдаг учраас ажил хөдөлмөр эрхлэх эрх нь хязгаарлагдаж байна.

Ж.Э нь сахрын өвчний улмаас байнгын эмчийн хяналтад байдаг. Тээврийн хэрэгсэл жолоодож үйл ажиллагаа явуулдаг боловч хажуугаар нь эмнэлэгт хэвтэж, Улаанбаатар хот руу байнга явж шинжилгээ өгдөг. Сахрын өвчин нь хүндэрч биеэр нь шарх гарч, идээт үрэвсэл явагддаг. Ийм хүнд нөхцөл байдалтай байна. Нэг хүүхэд нь өрх тусгаарлаж, тусдаа гарсан. Бусад хүүхдүүд нь өөрийнх нь асрамжид байдаг. Зорчих эрх хязгаарлах ял нь хөнгөн боловч ажил хөдөлмөр эрхэлж амьдрах нөхцөл байдал хаагдаж байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид оршуулгын болон бусад зардлуудыг гаргаж өгсөн, мөн хохирогч гомдолгүй гэсэн баримт хэрэгт авагдсан байгаа.

Иймд түүнд оногдуулсан ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилээр хассан байдаг. Шүүгдэгчийн хувьд үндсэн мэргэжил нь жолооч учраас жолоодох эрх хассан хугацааг багасгаж өгнө үү гэсэн гомдлуудыг гаргасан.

Гомдлоо дэмжиж байна. Мөн  шүүгдэгч нь банкинд 94 сая төгрөгийн зээлтэй талаархи баримт болон 7 ам бүлтэй, ганцаараа хөдөлмөр эрхэлдэг зэргийг нотолсон хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шүүхэд шинээр гаргаж өгсөн. Энэ бүхнийг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

6. Шүүгдэгч Ж.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийнхөө болгоомжгүй үйлдлээсээ болж зам тээврийн осол гаргаж хүний амь насыг хохироосон. Анхан шатны шүүхээс хоёр жил зорчих эрхийг хязгаарлах ял, дөрвөн жилээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял оногдуулж шийдвэрлэсэн. Надад хөнгөн ял оногдуулсан боловч эрүүл мэндийн байдал, гэр бүлээ тэжээн тэтгэх нөхцөл байдлууд байна. Тээвэр хийж амьдралаа залгуулахаас өөр арга байхгүй. Баян-Өлгий аймаг, Ховд аймгаас хүнсний бараа бараа татаж, хүн тээвэрлэдэг ажил эрхэлдэг. Хохирогчийн хохирол барагдуулахын тулд банкнаас нэмж зээл авсан. Зорчих эрх хязгаарлах ял нь ажил хөдөлмөр эрхэлж зээлээ эргэн төлөхөд бэрхшээлтэй байна. Миний эрүүл мэндийн байдал, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж тэнсэн харгалзан өгнө үү” гэв.

7. Прокурор А.Турдыбек давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж,  хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн гомдол гаргасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байхыг шаардана. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон учраас хор ур уршиг нь арилаагүй гэж үзэж байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. Иймд Ж.Э-т оногдуулсан ялыг өөрчлөх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх  боломжгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зорчих эрхийг хязгаарлах ял, хорих ял оногдуулахаар заасан. Эдгээр ялаас хамгийн хөнгөн ялыг сонгож оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 29-ий өдрийн 2022/ШЦТ/143 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ж.Э-т холбогдох, 2235001070151 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч Ж.Э нь 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Увс аймгийн Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн нутаг дэвсгэр “Үзүүрийн булаг” гэх газар 33-39 УНЦ улсын дугаартай, Toyota ланд круйзер 100 загварын авто машин жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч,  иргэн М.Т-ийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Эрдэнэсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Би талийгаач М.Т-ийн төрсөн ах нь юм. Дүү М.Т нь  гэр бүлгүй, ганц бие хүн байсан. Миний төрсөн дүү М.Т нь 2022 оны 5 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө зам тээврийн осолд орж нас барсан бөгөөд одоо би эхээс ганцаараа үлдсэн. Надаас өөр манай талийгаач дүү М.Т-ийн ах дүү гэх хүн байхгүй юм. Манай талийгаач дүү М.Т нь манай дүүгийн хүүхэд Гантулгын гэрт байж, ойр зуурын ажил хийдэг бөгөөд зам тээврийн осолд орж нас барсан талаар би ослын маргааш нь дүү Гантулгаас сонсож мэдсэн юм. Тэгээд би тухайн газарт ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан юм. Талийгаачийн оршуулгын зардалд 15.000.000 төгрөг, амь насны зардалд 10. 000. 000 төгрөг, нийт 25.000.000 /хорин таван сая/ төгрөг өгч манай гэр бүлээс уучлал гуйсан тул одоо ямар нэгэн санал, гомдол байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49, 51 дэх тал),

- гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “манай нөхөр Улаанбаатар хотоос 33-39 УНЦ улсын дугаартай, ланд-100 маркийн машин худалдаж авч 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 07 цагт хадам ээж Д.Ц, нөхөр Ж.Эын хамтаар Увс аймгийн Улаангом сум гэр лүүгээ явсан юм. Тэгээд Увс аймгийн нутаг Үзүүрийн булаг гэх нэртэй газарт 2022 оны 5 дугаар сарын 07-ны шөнө 02 цагаас 03 цагийн хооронд байх, би тухайн үед урд талын суудал дээр унтаад явж байтал гэнэт чимээ гарч сэрээд  юу болсон талаар асуухад манай нөхөр Ж.Э зам дээр урд талаас нэг машин өнгөрсөн, тэгээд явж байтал замын голд нэг мотоцикльтой хүн харагдах шиг болсон, тэгээд дайрчих шиг боллоо гэж хэлэхээр нь сандарч машинаас бид гурав бууж харахад замын голд нэг дээлтэй эрэгтэй хүн доош нь хараад хэвтэж байсан, мотоцикль нь манай машины урд хэсэгт хэвтэж байсан. Тэгээд хүн дайрчих шиг боллоо гэж бодоод тухайн хүн ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байхаар нь би ойртож хүрч үзээгүй, тэгээд шууд цагдаад мэдэгдэж, эмнэлгийн байгууллагад дуудлага өгч ирэхийг хүлээсэн. Тэгтэл Наранбулаг сумын эмнэлгийн газраас нэг эмч ирээд тухайн зам дээр хэвтэж байсан хүнийг үзээд нас барсан бололтой гэж хэлсэн юм, тэгээд цагдаа ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54, 56 дахь тал),

- гэрч Д.Ц-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...зам дээр урдаас нэг машин ирж манай машин гэрлээ шилжүүлээд явж байтал замын голд машины гэрэлд нэг зүйл харагдаж мөргөх шиг болж машинаа зогсоож, хүү Ж.Э нь мотоцикльтой хүн дайрчих шиг боллоо гэж хэлээд машинаас бууж харахад нэг хүн зам дээр доош нь хараад хэвтчихсэн, манай машин урд талаараа мотоцикль мөргөөд зогсчихсон байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал),

- гэрч Т.А- / дуудлагаар ирсэн эмч/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн зам тээврийн осол гарсан гэх Увс аймаг Цагаанхайрхан сумын нутаг дэвсгэр Үзүүрийн булаг гэх нэртэй газарт очсон юм. Тэгэхэд 33-39 УНЦ улсын дугаартай ланд-100 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 3 хүн, мотоцикльтой 1 эрэгтэй хүн байсан бөгөөд тухайн мотоцикпьтой байсан хүн нь замын голд доош харсан байдалтай байхаар нь очиж гүрээний судсыг нь дарж үзэхэд цохилохгүй, хүүхэн хараа нь өргөссөн, амьсгал байхгүй, нас барсан байдалтай хамар, амнаас нь маш их хэмжээний цус гарч урссан байдалтай байсан. Тэгээд 33-39 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 3 хүний даралт биеийн байдлыг үзэхэд даралт ихэссэн, зүрх нь дэлссэн байдалтай байсан. Тухайн үед тайвшруулах эм уулгаж, настай хүнд нь тариа хийж ерөнхий биеийн байдал хэвийн байсан тул цагдаагийн байгууллага ирсний дараа зам тээврийн ослын газраас зорчигч Д.Ц, Б.Б нарыг эмнэлгийн албаны машинд суулгаж Увс аймаг Наранбулаг сумын эрүүл мэндийн газарт авч ирсэн. Мотоциклийн жолооч нь тухайн ослын газраас шидэгдэж зам дээр унасан байдалтай харагдаж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дэх тал),

- гэрч Д.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 5 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос Увс аймаг руу өөрийнхөө 86-28 УНГ улсын дугаартай цагаан өнгийн кровн маркын машинтай ганцаараа явж байсан. Тухайн шөнө миний санаж байгаагаар 01:30-аас 02:00 цагийн орчимд байх, би Увс аймгийн нутаг Үзүүрийн булаг зөрөөд явж байхад зам дээр цагаан өнгийн ланд машин мотоцикльтэй хүн мөргөж зам тээврийн осол гаргасан байсан. Би тухайн газарт зогсоход миний зүс таних Эрдээ гэдэг байх, нэрийг нь сайн мэдэхгүй байна. Увс-Ховд хооронд автобусаар хүн тээвэр хийдэг ах зогсож байсан бөгөөд мотоцикльтэй хүн мөргөчихлөө гэж хэлж байсан. Тэгээд эмнэлэг, цагдаа дуудаад өгөөч гэхээр нь би өөрийнхөө утсаар аймгийн цагдаагийн газарт дуудлага өгсөн, мөн эмнэлэгт дуудлага өгсөн. Тухайн үед мотоцикльтэй мөргүүлсэн гэх хүн нь замын голд хэвтэж байсан бөгөөд хөдлөхгүй нас барсан юм шиг байсан, би ойртож очоогүй. Тэгээд би аймаг руу яваад өгсөн. Надад өөр мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82 дахь тал),

-Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн  28 дугаартай :” Талийгаач М.Т-ийн биед аман хүзүүний хугарал, дагз, аман хүзүүтэй нийлэх хэсгээр салалт, уртавтар тархины доод хэсгээр хөндлөн тасрал, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн суурь хэсэгт хатуу хальсны доорх цусан хураа, цагаан мөгөөрсөн хоолойн тасрал, хүзүүний эрхтнүүдийн орчны зөөлөн эдэд цус хуралт, хий хуралт, баруун бөөрний артерийн судасны тасрал, орчны зөөлөн эдэд цус хуралт, цээжний зүүн талын 2, 3, 6, 7, 8, 9 дүгээр хавиргууд, цээжний баруун талын 2, 3, 7, 8 дугаар хавиргуудын хугарал, хугарлын түвшинд цус хуралт, баруун шилбэний шаант яс, тахилзуур яснууд дунд 1/3 хэсгийн далд хугарал, духны баруун хэсэгт язарсан шарх, дух, баруун, зүүн шанаа, баруун хацарт, амны баруун буланд, хамар, зүүн чихний дэлбэнгийн ар хэсэгт зүүн сарвууны ард, баруун, зүүн өвдөг, тавхайд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотно буланд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Аман хүзүүний хугарал, дагз, аман хүзүүтэй нийлэх хэсгээр салалт, уртавтар тархины доод хэсгээр хөндлөн тасрал, тархины баруун тал бөмблөгийн чамархайн суурь хэсэгт хатуу хальсны доорх цусан хураа, цагаан мөгөөрсөн хоолойн тасрал, хүзүүний эрхтнүүдийн орчны зөөлөн эдэд цус хуралт, хий хуралт, баруун бөөрний артерийн судасны тасрал, орчны зөөлөн эдэд цус хуралт, цээжний зүүн талын 2, 3, 6, 7, 8, 9 дүгээр хавиргууд, цээжний баруун талын 2, 3, 7, 8 дугаар хавиргуудын хугарал, хугарлын түвшинд цус хуралт гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.5, 3.1.9, 3.1.10-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Талийгаач М.Т нь дээрх хүнд зэргийн гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна. Талийгаач нь нас барахдаа дунд зэргийн согтолттой байсан байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 90-94 дэх тал),

- Увс аймгийн авто тээврийн төвийн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 105-107, 113-114 дахь тал),

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 8-27 дахь тал),

- цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 32-41 дэх тал),

- шүүгдэгч Ж.Эын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн,  шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Эыг  автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

4. Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ж.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, “ жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөнөөс хохирогчийн амь нас хохирсон нь тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

6. Шүүгдэгч Ж.Э, түүний  өмгөөлөгч Б.Лхагважав нарын хамтран давж заалдах журмаар гаргасан : “...анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг өөрчилж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

6.1. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

6.2. Шүүгдэгч Ж.Э-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирол нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан дээрх зүйл, хэсэгт заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, уг ялын хэмжээг хоёр жилээр тогтоосон нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээнд тохирсон  гэж дүгнэлээ.

6.3. Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх үндэслэл нь шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, хохирлыг нөхөн төлсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байхаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн хэрэглэхээр хууль тогтоогч зохицуулсан .

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т: “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”,

мөн зүйлийн 2-т : Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус тодорхойлж, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгч Ж.Э-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.Т-ийн амь нас хохирсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд уг гэмт хэргийн хор уршиг арилаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

7. Шүүгдэгч Ж.Э-т оногдуулсан ял шийтгэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/143 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/143 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                     Л.АЛТАН

Н.МӨНХЖАРГАЛ