| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2024/0125/З |
| Дугаар | 128/ШШ2024/0542 |
| Огноо | 2024-06-25 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2024/0542
2024 06 25 128/ШШ2024/0542
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ч******* даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н******* ХХК /РД: *******/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Б, Т.М,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н******* нарын хоорондын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийн тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай дугаар тушаалыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.
2. Нэхэмжлэгч Н******* ХХК-д маргаан бүхий актыг 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүргүүлж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын сарын 21-ний өдрийн 128/Ш32023/ дугаартай захирамжаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг сэргээж, улмаар нэхэмжлэгчээс 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
3. Нэхэмжлэгч Н******* ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газар, Ж*******ын аманд 2,651 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгожээ.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
4.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу ашиглаагүй гэж үзсэн нь өөрөө үндэслэлгүй. Улсын Дээд Шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолд гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор гэж тайлбарласан. Гэвч хариуцагчийн зүгээс үүнийг буруу тайлбарлаад хууль бус захиргааны акт гаргасан гэж,
4.2. Бид ашигласан газрынхаа төлбөрийг төлсөн байхад манай компанийн хууль ёсны итгэлийг хамгаалаагүй шийдвэр гаргасан байна гэж,
4.3. Мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй тухайд маргаан бүхий акт гарахаас өмнө бид нарт мэдэгдээгүй гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ байгуулагдсан хуанлийн бүтэн 2 жил гэдэг Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд Шүүхийн тогтоол болон гэрээн дээр 40.1.6-г тайлбарласан тайлбар байгаа. Үүний дагуу хуанлийн бүтэн 2 жил өнгөрөөгүй учраас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл яригдахгүй гэж үзэж байна. Газрын төлбөрийн ногдуулалт буюу маргаан бүхий захиргааны акт 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гарахад газрын төлбөрийн үлдэгдэлгүй байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон учраас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл яригдахгүй. Бид 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэрчилгээ гаргуулж авсан. Өөрөөр хэлбэл, 2 дугаар хагас жил өнгөрсний ар дээр гэсэн үг. Тэгэхээр 3 болон 4 дүгээр улирлын төлбөрийг төлөх ёстой гэж байгаа юм. Гэтэл Н******* компанийн татварын албаны тодорхойлолтоор газрын төлбөрийн үлдэгдэлгүй гэдэг баримт тухайн үед олгогдсон байсан учраас энэ хүрээндээ бол нэхэмжлэгч компанийн хууль ёсны итгэлийг хамгаалах ёстой байжээ гэж үзэж байгаа. Бидний хувьд мөн ялгаагүй маргаан бүхий захиргааны акт гаргасны дараа газрын төлбөр хугацаанд нь төлөгдөөгүй гэдэг ийм асуудал яагаад яригдаад байгаа вэ гэдэг дээр хариуцагч нарын зүгээс 2022 оны газрын төлбөрийг төлөөгүй байна гэдэг. 2022 оны газрын төлбөрийг 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр төлсөн. 1 дүгээр хавтаст хэргийн 225 дугаар талд авагдсан татварын албаны тодорхойлолт дээр ямар нэгэн байдлаар газрын төлбөрийн үлдэгдэлгүй гэж үзэж байгаа. Тийм учраас хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8-д заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг зөрчиж маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна. Энэхүү захиргааны актын хууль зүйн үндэслэл болсон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл бүрэн бүрдээгүй байхад үүнийг бүрдсэн мэтээр тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н******* компани нь аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхээр 2020 онд үүсгэн байгуулагдсан. Үйл ажиллагааны чиглэлийн дагуу Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Ж*******ын ам нэртэй газарт байрлах 2,561 м2 талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашигладаг. Энэ ашигладаг газарт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “танай газрын эрхийг хүчингүй болгосон, гэрээ, гэрчилгээгээ 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээлгэн өгнө үү” гэдэг мэдэгдлийг хүргүүлсэн. Энэ мэдэгдлийн дагуу тухайн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны дугаартай тушаалтай танилцаад дараах хоёр үндэслэлээр эс зөвшөөрч тайлбар гаргаж байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасны дагуу манай газрын эрхийг цуцалсан. Газраа зориулалтын дагуу ашиглаж байгаагүй гэх тухайд 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр манайд газрын эрх олгосон. Газар ашиглах гуравласан гэрээг төрийн захиргааны албан тушаалтнуудын зүгээс батлуулаагүй өнөөдрийг хүрсэн. 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаартай гэрээ нь Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга нар гарын үсэг зурж, баталгаажуулж өгөөгүй. Энэ гэрээний дагуу үндсэн нөхцөл нь аялагч болон зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалттай монгол гэр зориулалттай гэж заасан байдаг. Үүний дагуу бид газар дээрээ монгол гэр барин ашиглаж байсан. Хариуцагч байгууллага нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу ашиглаагүй гэж үзсэн нь өөрөө үндэслэлгүй. Улсын Дээд Шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолд гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор гэж тайлбарласан. Гэвч хариуцагчийн зүгээс үүнийг буруу тайлбарлаад хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэж байна. Бид нар төлөвлөсөн төслөө хэрэгжүүлэхээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас техникийн нөхцөл гаргуулж авсан. 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөн шинэ техникийн хүсэлт гаргасан. Үүний дагуу газартаа цахилгаан татах хүсэлтүүдээ удаа дараа гаргаж байсан ийм үйл баримт байдаг. Ийм учраас газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Газрын төлбөрийг хугацаанд нь төлж байгаагүй гэдэгт бид 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрээг баталгаажуулж зурж чадаагүй байгаа ч эрх бүхий байгууллагаас төлбөрийн даалгавар үүсгэж нэхэмжлэл үүсгэснийх нь дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлж байсан. 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр газрын төлбөр тооцоо нийлсэн акт гаргахад 2023 оны байдлаар төлбөрийн үлдэгдэлгүй гэж баталгаажуулсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлээд байгаа. Гэтэл бид ашигласан газрынхаа төлбөрийг төлсөн байхад манай компанийн хууль ёсны итгэлийг хамгаалаагүй шийдвэр гаргасан байна гэж үзэж байна.
Мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгдээгүй гэдэг тухайд газрын төлбөр төлсөнтэй холбоотой баримтууд бүгд хэрэгт авагдсан. Сүүлд шүүх бас тодруулсан. Бид мөн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргаад энэхүү баримтаа өгсөн байгаа. Мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй тухайд маргаан бүхий акт гарахаас өмнө бид нарт мэдэгдээгүй гэж үзээд байгаа юм. Цахилгааны нөхцөлийн тухайд манай компани нь анх 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 140 квт-ын цахилгаан эрчим хүч авах тооцоолол гаргасан. Үүний дагуу хажууд байсан Ж******* хотхоны А******* ХХК-ийн станцын хүчийг нь 800 квт болгон нэмэгдүүлээд өөрийн 140 квт-ын цахилгааны эрчим хүчийг авах шаардлагатай байсан. Үүний дагуу анх 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бичгээр хүсэлт гаргасан. Үүнээс хойш 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Эрчим хүчний сайдаас зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай тушаалууд гаргачихсан. Энэ тушаалуудаар 2021, 2022 онд нэгдсэн сүлжээ буюу цахилгааны сүлжээнд сэлгэн залгаж шинээр холболт хийх үйл ажиллагааг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд зогсоож шийдвэрлэсэн. 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бид дахин хүсэлтээ гаргасан. Өмнөх техникийн нөхцөлийн хугацаа дууссан. Тийм учраас дахиж авахаар хүсэлт гаргасан. Эрчим хүчний сайдын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/225 дугаар тушаалаар 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дахиад жилийн дараа зогсоогоод шийдвэрлэчихсэн байсан. Энэ хугацаанд нь хамаараад бид цахилгааныг авч чадаагүй. Яг төлөвлөснийхөө дагуу төслийг хэрэгжүүлэх боломжгүй болсон. Гэхдээ дархан цаазат газрын дэглэмд заасан шаардлагыг хангаж гэр барих зориулалтаар газрыг ашиглаж байсан. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын дугаартай тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлийг баримталсан байдаг. Газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тухайд Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн баримтаар тодорхой байна. Газрын төлбөрийг Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар газрын төлбөр төлөгч нь жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан, улиралд ноогдох төлбөрийг дараа сарын 20-ны дотор төлнө гээд хуулиар тодорхой хуульчилчихсан. Гэтэл Н******* компанийн зүгээс газрын төлбөрөө тухай бүр буюу улирал тутмын дараа сарын 20-ны дотор төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой харагдана. Газраа зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэлийн тухайд тухайн газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой шүүхийн үзлэгээр ч мөн тогтоогдсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналаа дэмжиж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Маргаанд хамаарах үйл баримтыг дурдвал, нэхэмжлэгч Н******* ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Ж*******ын амны хязгаарлалтын бүсэд 2,651м.кв талбайг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрх авч, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн дугаар гэрчилгээ олгогдож, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дугаартай газар ашиглах гуравласан гэрээ байгуулсныг яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга болон Хан-Уул дүүргийн Засаг дарга батлаагүй боловч, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гарын үсэг зурснаас үзвэл нэхэмжлэгчийн маргаан бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх нь 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр дуусахаар байжээ.
3. Нэхэмжлэгч компанийн Ж*******ын аманд аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрх авсан 2,651 м.кв газрын ашиглах эрхийг хариуцагч төрийн захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлүүдээр цуцалсан.
4. Маргаан бүхий актыг үндэслэл бүрээр дүгнэвэл,
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “газрын төлбөрөө хугацаанд бүрэн төлөөгүй” гэх газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.
5. Учир нь Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргасан газрын төлбөрийн тооцоо нийлсэн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10-17/597 дугаартай албан бичигт “...2020 оны төлбөр 2,180,447 төгрөгийг 2023 онд тооцож нэхэмжлэхийн дугаараар 2,180,447 төгрөг, 2023 оны 4 дүгээр улирлын 12301227787895 дугаартай нэхэмжлэхээр 874,830 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, 2022 онд 3,499,320 төгрөгийн нэхэмжлэл үүссэнээс 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр тус тус төлж, 2022, 2023 оны газрын төлбөрт нийт 9,179,087 төгрөгийг төлсөн байна...” гэснээс үзвэл нэхэмжлэгч Н******* ХХК нь 2020 оны дугаар тушаалаар ашиглах эрх авсан газрын дугаартай гэрээгээр тогтоосон төлбөр болон 2021 он, 2022 он, 2023 оны 4 дүгээр улирлын төлбөрийг шинэчилсэн үнэлгээгээр дүүргийн Газар зохион байгуулалтын албаны тогтоосон дүнгээр төлсөн байна. 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар газрын төлбөрийн төлөгдөөгүй үлдэгдэл байхгүй байхад газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэл зааж газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн нь, мөн энэ үндэслэлээ 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл болгосон нь бодит байдалд нийцэхгүй.
6. Тус компани Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргаж, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн газар ашиглах тухай гурван талт гэрээг байгуулсан хэдий ч тухайн гэрээг эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга дараагүй байх бөгөөд уг гэрээнд заасан дүнгээр газрын албанаас үүсгэсэн нэхэмжлэхийн огноогоор 2020 оны төлбөрийг 2023 онд нэхэмжлэх үүсгэж 2,180,447 төгрөг, 2023 оны 4 дүгээр улирлын нэхэмжлэхээр 874,830 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн байх ба харин 2022, 2023 төлбөрт нийт 9,179,087 төгрөгийг 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр буюу маргаан бүхий акт гарахаас өмнө төлсөн болох нь тогтоогдож байна.
7. Дээрх үйл баримтаас үзвэл газрын төлбөрийг гэрээнд заасан болон эрх бүхий этгээдээс тогтоосон дүнгээр төлсөн, газар ашиглах эрхийг цуцлах шийдвэр гаргах үед ч төлөгдөөгүй үлдэгдэл байгаагүй байхад дээрх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл болгосон нь бодит байдалд нийцээгүй, хууль бус болжээ.
8. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч компани 2021 оны 11 дүгээр сард газар ашиглах гэрээг байгуулсан тул 2020 оны газрын төлбөр төлөх үндэслэлгүй, 2023 оны 8 дугаар сард маргаан бүхий актаар түүний газар ашиглах эрхийг цуцалсан байхад 2023 оны 4 дүгээр улиралд нэхэмжлэх үүсгэж 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төлүүлсэн гэж харагдаж байна.
9. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын агуулгаас үзвэл, газар эзэмшигч, ашиглагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болох зохицуулалттай байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч, ашиглагч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй буюу газар дээрээ ямар нэгэн бүтээн байгуулалт хийгээгүй барилга, байгууламж, зам, талбай бариагүй байхыг ойлгох юм.
10. Энэ тохиолдолд, нэхэмжлэгч Н******* ХХК-ийн ашиглах эрхтэй тухайн газар дээр хийгдэх 2020 онд түр буудаллах, отоглох газрын эскиз зураг хийлгэж, 2021 онд ******* тоот дугаартай техникийн нөхцөлийн дагуу зураг хийгдэж, экспертизээр батлуулж техникийн нөхцөл авч, сунгуулах хүсэлт гаргаж, 2020 онд хэрэгжүүлэх төслийнхөө Байгаль орчинд нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний тайлан, 2020-2024 он хүртэлх байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайланг тус тус Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулсан байх тул нэхэмжлэгч компанийг газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг тодруулах ажиллагаа хийлгүйгээр гаргасан хариуцагчийн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчмыг зөрчжээ.
11. Тодруулбал, Н******* ХХК-ийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл үүсээгүй байхад хариуцагч өөрөөс нь хамаарах энэ шалтгаан нөхцөлийг тогтоолгүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
12. Сонсох ажиллагааны тухайд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 678 дугаартай албан бичгээр иргэн, аж ахуйн нэгжид сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн гэх бөгөөд энэ талаар баримтгүй, харин маргаан бүхий актыг нэхэмжлэгч компанид шуудангаар хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.
13. Бусад үндэслэлийн талаар:
Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т “дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 36 дугаар зүйлийн 1-т “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэсэн зохицуулалтаар, мөн Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар баталсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журмаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг олгодог зохицуулалттай.
14. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зохих зөвшөөрөлтэйгөөр явуулж болох үйл ажиллагааг, 12 дугаар зүйлд дархан цаазат газарт хориглох үйл ажиллагааг тодорхой зохицуулсан, тухайлбал 11 дүгээр зүйлийн 7-д зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглахыг зөвшөөрдөг, харин 12 дугаар зүйлийн 5 болон 9-д зааснаар дээрхээс өөр барилга, байгууламж барихыг хориглодог тул нэхэмжлэгч компани дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд түр хоноглох, буудаллах зориулалтаар ашиглаж, харин өөрөөр барилга байгууламж бариагүй болох нь тогтоогдож байна.
15. Түүнчлэн газар дээр хэрэгжүүлэх төслийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг эрх бүхий этгээдээр батлуулсан, энэ байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хэрэгжүүлж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй ашиглах үүргийг газар ашиглагч гэрээгээр хүлээж, энэ үүргээ зөрчсөн тохиолдолд газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор хуульд болон гэрээнд тодорхой заасан, ийм үндэслэл тогтоогдоогүй байхад дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчигдсөн гэж үзэх боломжгүй.
16. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Н******* ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ