| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2017/0027/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/31 |
| Огноо | 2018-01-23 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2018/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгч У.У нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У-т холбогдох эрүүгийн 1738004060016 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч У.У нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр захын урд талын засмал зам дээр ... улсын дугаартай Тоёото Ландкрузер маркийн автомашин жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь заалтыг зөрчсөний улмаас ... улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоцикльтой мөргөлдөж Г.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч У.У нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр захын урд талын засмал зам дээр ... улсын дугаартай Тоёото Ландкрузер маркийн автомашин жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь заалтыг зөрчсөний улмаас ... улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоцикльтой мөргөлдөж Г.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч У.У-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”...Би захын урд талын засмалаар зүүн зүгт явж байгаад “Сод монгол” ШТС-ын наад талд байдаг арьс нэхий авдаг хүмүүст арьс ширээ өгөх гээд зүүн гар тийш эргэсэн. Би эргэх үедээ дохио өгөөгүй. Тэр үед миний ард талд явж байсан мотоцикльтой хүн миний машины зүүн урд талын урд дугуй руу ирж мөргөсөн. Би тэр хоёр хүнийг өөрийнхөө машинд суулгаад нэгдсэн эмнэлэг оруулж үзүүлсэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Мөрөн сумын захын урд талын засмалаар зүүн зүгт явж байгаад “Сод монгол” ШТС-ын наад талд миний урд явсан Ланд-80 маркийн машин зүүн гар тийш дохио өгөлгүй гэнэт эргэсэн. Би эргэх үед нь ард нь 25-30 метр зайтай явж байсан. Машиныг эргэх үйлдэл хийх үед би машины зүүн урд талын урд дугуй руу мөргөсөн. Би болон миний ард сууж явсан манай эхнэр бид хоёр замын хажуу талын шороон далан руу унасан. Тэгээд нөгөө мөргөсөн ахтай хамт эмнэлэг орсон. Бид харилцан эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч Х.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Захын урд талын засмал замаар яваад замын хойд талд байсан арьс нэхий авдаг хүмүүс рүү манай дүү эргэтэл ард явсан мотоцикль зүүн талын дугуй руу мөргөж унасан. Мотоциклийн жолооч болон ард сууж явсан эмэгтэй замын хажуу талын шороо руу унасан. Энэ үед манай дүү У машинаасаа бууж яаралтай эмнэлэг орж үзүүлсэн нь дээр байх гээд нөгөө 2 хүнийг машиндаа суулгаад Нэгдсэн эмнэлэг орж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-23 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нөхөр Болд-Эрдэний хамт захын урд талын засмалаар зүүн зүгт явж байхад урд явсан цагаан саарал өнгийн Ланд-80 маркийн машин дохио өгөлгүй гэнэт эргэхэд зүүн талын урд талын дугуй руу нь очиж мөргөж унасан. Би болон манай нөхөр замын хажуу талын шороон далан руу унасан. Тэгээд машины жолооч бууж ирээд яаралтай эмнэлэг орсон нь дээр гээд нөгөө ахын машинд сууж эмнэлэг орж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-25 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 3-11 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 696 тоот
1. Г.Б биед зүүн өвдөгөнд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт, зүүн мөрний хагас мултрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохигдох, мушгигдах үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Г.Б биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /ХХ-ийн 27 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах дэслэгч Г.Мягмарсүрэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлт /ХХ-ийн 35 дугаар хуудас/,
Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн бүдүүвч /ХХ-ийн 36-37 дугаар хуудас/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /ХХ-ийн 38-39 дүгээр хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 43 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл /ХХ-ийн 73 дугаар хуудас/,
Хохирогч Г.Б нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 65 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1738004060016 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Хохирогч Г.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч У.У нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 66 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн 1738004060016 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн шүүгдэгч У.Уын - дугаартай ВСD ангилалын жолооны үнэмлэхийг түүнд буцаан олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Онход У.У хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.У 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч У.У нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1738004060016 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч У.У-ын -- дугаартай ВСD ангилалын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч У.Ут буцаан олгосугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР