Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 159/ШШ2024/0041

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                   Хэргийн индекс: 159/2024/0021/3                              

            Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

            Гомдол гаргагч: “Гацуурт Хүнс” ХХК

            Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр хяналтын улсын байцаагч Д.Машбат,

            Гомдлын шаардлага: “Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр хяналтын улсын байцаагч Д.Машбатын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 069321313 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батсүх, хариуцагч Д.Машбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр хяналтын улсын байцаагч Д.Машбат нь “Гацуурт Хүнс” ХХК нь ажилтан З.Намжилмаагийн үйлдвэрлэлийн ослын актыг Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ирүүлээгүй, мэдэгдээгүй гэх зөрчилд 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 0693213 дугаар шийтгэлийн хуудсаар 4.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулжээ.

Зөрчилд холбогдогчоос Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр хяналтын улсын байцаагчийн 0693213 дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргажээ.

Гомдол гаргагч “Гацуурт Хүнс” ХХК шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “... Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр хяналтын улсын байцаагч Д.Машбатын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 069321313 дугаартай шийтгэлийн хуудсаар “Гацуурт Хүнс’' ХХК-ийг 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

            Нэг. Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр хяналтын улсын байцаагч Д.Машбат нь 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 069321313 дугаар шийтгэлийн хуудсаар “Гацуурт Хүнс” ХХК-ийг компанийн ажилтан Б.Намжилмаагийн үйлдвэрлэлийн ослын холбогдох баримт, актыг Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ирүүлээгүй, мэдэгдээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 4000 нэгжээр торгох шийтгэл ногдуулсан. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийг шалгах эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.53-д заасны дагуу Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч байдаг. Гэвч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “хуулиар харьяалуулсан зөрчлийг өөрөө илрүүлсэн, эсхүл зөрчлийн тухай гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх” гэж заасныг зөрчиж, Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн эрхгүй этгээд болох Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Машбат нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж, өөрт олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлж, өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргаж, хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

            Хоёр. 069321313 дугаартай шийтгэлийн хуудаст Хөдөлмөр хяналтын улсын байцаагч Д.Машбат нь “Холбогдогч Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулж буй “Гацуурт Хүнс” ХХК нь үйлдвэрлэлийн ослыг холбогдох газарт мэдэгдээгүй болох нь гэрчүүдийн мэдүүлэг, иргэний гомдол мэдээлэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож... ” гэж Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоолгүйгээр шууд дүгнэлт хийж, “Гацуурт Хүнс” ХХК-ийг торгосон нь үндэслэлгүй юм. “Гацуурт Хүнс” ХХК нь ажилтан Б.Намжилмаатай холбоотой үйлдвэрлэлийн ослыг мэдэгдээгүй буюу нуун дарагдуулсан зүйл огт байхгүй бөгөөд тухайн үйл баримт болох үед “Гацуурт Хүнс ” ХХК-ийн Хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан нь ээлжийн амралттай байсан тул орон тооны бус байнгын ослын комиссын ажилтан нь үйлдвэрлэлийн ослын актыг үйлдэж, холбогдох байгууллага буюу Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн байдаг. Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн шийтгэлийн хуудас бичихэд “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг нуун дарагдуулсан нь...” гэж заасан байх ба “Гацуурт Хүнс” ХХК-аас нуусан зүйл байхгүй, эрх бүхий байгууллагад мэдэгдсэн. “Гацуурт Хүнс” ХХК нь Б.Намжилмаагийн үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан үйлдэл огт гаргаагүй бөгөөд нуун дарагдуулсан гэж үзэж, шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм. Иймд Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр хяналтын улсын байцаагч Д.Машбатын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 069321313 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

            Хариуцагч Д.Машбат шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.5-д “үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, энэ хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дүгнэлт гаргах, Төрийн албаны 2024 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн Албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар зорилтын 8 дугаар гүйцэтгэх үүрэг дээр Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын цахим бүртгэлийн системд ирсэн болон цаасан баримтаар ирүүлсэн үйлдвэрлэлийн ослын актыг хянан баталгаажуулах, мэдээллийг нягтлах, тайлагнах бүрэн эрхийг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлэхээр байна. 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс өдрийг хүртэл хугацаанд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2023 оны Б/23 дугаар тушаалаар хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн албан үүргийг албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж байна.

            2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 12 цаг 33 минутанд Нийгмийн даатгалын Ерөнхий газраас утсаар холбогдож иргэн З.Намжилмаагаас “Гацуурт Хүнс” ХХК нь үйлдвэрлэлийн ослын актыг тогтоож өгөөгүй талаар гомдол гаргаж байна. Уг хүнд таны утасны дугаарыг өгч холбогдуулъя гэсний дагуу иргэн З.Намжилмаагаас зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг тэмдэглэж байгууллагынхаа бичиг хэргийн ажилтанд бүртгүүлж ажилласан болно. 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Гацуурт Хүнс” ХХК-ийн малын эмчээр ажиллаж байсан Ч.Уранбаярын “Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисс худалдаж акт үйлдээгүй, түүнийг явуулаагүй”, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “Гацуурт Хүнс” ХХК-ийн үйлдвэрийн дарга Ч.Гэрэлбаатарын “тийм бичиг үйлдээгүй, үйлдсэн бол бичиг хэрэг дээр хувь үлдсэн байх учиртай гэсэн” мэдүүлгүүдээр эрх бүхий байгууллагад мэдэгдэж хүргүүлсэн нь тогтоогдохгүй байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Машбат Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт Хүнс” ХХК-ийн ажилтан З.Намжилмаагийн үйлдвэрлэлийн ослын актыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ирүүлээгүй, мэдэгдээгүй үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 2-т зааснаар 4000 нэгж буюу 4.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

          “Гацуурт Хүнс” ХХК шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа: Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Машбатын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 069321313 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ.

          Захиргааны зөрчлийн хэрэгт хуульд заасан журмаар цуглуулсан нотлох баримтууд, зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлэг, хариуцагчийн тайлбар зэргийг үнэлээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэг: Маргааны үйл баримтын талаар

          1 .“Гацуурт Хүнс” ХХК-нд Үйлдвэрлэлийн албаны цехийн мастер ажилтай Зундуй овогтой Намжилмаа 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажлын байран дээрээ албан үүргээ гүйцэтгэж байх явцдаа унаж бэртсэний улмаас хөлийн ясаа хугалж үйлдвэрлэлийн осолд өртжээ.

          2. Тухайн цаг мөчид буюу осол гарсаны дараа “Гацуурт Хүнс” ХХК үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комиссыг хуралдуулаагүй, мөн үйлдвэрлэлийн ослын актыг үйлдээгүй байна[1].

          3. Нийгмийн даатгалын ерөнхий газраас Сэлэнгэ аймгийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Машбат руу 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 12 цаг 33 минутад 11328030 дугаараас залгаж иргэн З.Намжилмаагаас “Гацуурт Хүнс” ХХК нь үйлдвэрлэлийн ослын акт тогтоож өгөөгүй талаар гомдол гаргасан тул гомдол гаргагчид улсын байцаагч Д.Машбатын утасны дугаарыг өгсөн талаар ярьжээ.

          4. З.Намжилмаагийн дээрх гомдлын дагуу Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг бичиг хэргийн ажилтан бүртгэж улсын байцаагчид шилжүүлжээ[2].

          5. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Машбат зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авч  зөрчлийн холбогдогч болон гэрч нарыг дуудан мэдүүлэг авч нотлох баримт цуглуулан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “Гацуурт Хүнс” ХХК-ийн ажилтан З.Намжилмаагийн үйлдвэрлэлийн ослын актыг үйлдэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ирүүлээгүй, мэдэгдээгүй үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 2-т зааснаар 4000 нэгж буюу 4.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

          6. “Гацуурт Хүнс” ХХК гомдолдоо ажилтан З.Намжилмаатай холбоотой үйлдвэрлэлийн ослыг мэдэгдээгүй, нуун дарагдуулсан зүйл огт байхгүй бөгөөд тухайн үед орон тооны бус байнгын ослын ажилтан ослын акт үйлдэж холбогдох байгууллага буюу Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн гэх боловч Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч Ж.Халиунаа шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолт болон гэрчээр өгсөн мэдүүлэгтээ тус компанийн үйлдвэрийн дарга Ч.Гэрэлбаатар 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр З.Намжилмаатай холбоотой үйлдвэрлэлийн ослын актыг хүргэж ирсэн талаар дурдсан бөгөөд гомдол гаргагчийн зүгээс тухайн осол болсон үед үйлдвэрлэлийн ослын актыг албан ёсоор холбогдох байгууллагад хүргүүлсэн эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Хоёр: “Гацуурт Хүнс” ХХК холбогдох хууль зөрчсөн эсэх талаар

          1. Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 2-т “үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг нуун дарагдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна”, 29.3-т “Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана” 29.5-д “Ажил олгогч энэ зүйлийн 29.1, 29.2-т заасан үүргээ биелүүлээгүй ... бол гомдлоо улсын байцаагч болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ” 29.8-д “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг нуун дарагдуулахыг хориглоно” гэж заажээ.

          2. Гомдол гаргагч “Гацуурт Хүнс” ХХК нь дээрхийн хуулийн заалтуудыг зөрчсөн болох нь тухайн компанийн ажилтан З.Намжилмаагийн үйлдвэрлэлийн осолд өртсөн асуудлаар Засгийн газраас тогтоосон журмын дагуу уг ослыг судлан бүртгэх үүргээ хэрэгжүүлээгүй, үйлдвэрлэлийн ослын актыг осол болсоноос хойш 4 сар 28 хоногийн дараа баталгаажуулахаар холбогдох байгууллагад хүргүүлсэн, осол болсон тухайн цаг мөчид үйлдвэрлэлийн ослын акт үйлдэх чиг үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг хуралдуулж, үйлдвэрлэлийн ослын актыг үйлдээгүй, З.Намжилмаагийн үйлдвэрлэлийн ослыг 4 сар 28 хоног нуун дарагдуулсан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан гэрч Ч.Гэрэлбаатар, Ч.Уранбаяр нарын мэдүүлэг, ажилтан З.Намжилмаагийн утсаар гаргасан гомдол бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          3. Мөн гомдол гаргагч “Гацуурт Хүнс” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 1.5, 1.6, 2.1, 3.1, 3.8, 3.9-т заасныг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон ажиллаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

          4. “Гацуурт Хүнс” ХХК гомдолдоо улсын байцаагч Д.Машбатыг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн эрхгүй этгээд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж, өөрт олгогдоогүй бүрэн эрх хэрэгжүүлсэн нь хууль зөрчсөн талаар гомдолдоо дурджээ.

          5. “Гацуурт Хүнс” ХХК-ийн ажилтан З.Намжилмаад тохиолдсон бэртэл гэмтэл нь хурц хордлого биш үйлдвэрлэлийн осол бөгөөд дээрх хуулийн 29.3-т зааснаар үйлдвэрлэлийн ослын актыг Хөдөлмөрийн эрүүл ахуйн байцаагч хянаж баталгаажуулахгүйгээс гадна Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/23 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Машбатыг өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн орон тоог хавсарган гүйцэтгүүлэхээр түр томилсон нь түүнийг хөдөлмөрийн хяналтын болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн бүрэн эрхтэй байх  тул хууль зөрчсөн гэж үзэхгүй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, 29.8, Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан “Гацуурт Хүнс” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Машбатын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 069321313 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш таван хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.ОДБААТАР                         

 

         

 

 

 

 

 

 

           

 

 

 

 

 

   

 

 

[1] Хавтаст хэргийн 37-38 дугаар тал Зөрчлийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлэг

[2] Хавтаст хэргийн 24-25 дугаар тал