Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/60

 

         С.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч шүүгч Л.Алтан даргалж, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд прокурор Д.Пүрэврагчаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны бичгийн дарга Н.Булгаа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/162 дугаар цагаатгах тогтоолыг прокурор эс зөвшөөрч давж заалдах журмаар бичсэн эсэргүүцлийг үндэслэн С.А-д холбогдох, 2235000000099 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, .. Увс аймгийн .. төрсөн. настай, эмэгтэй, баяд ястан, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, ..ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн .. оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт С-ийн А.

1. Шүүгдэгч С.А нь өөрийн нөхөр Л.С-ын усалгаатай хадлангийн зориулалттай, 1.4 га газар эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авах зорилгоор 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 344 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хуурамчаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас шүүгдэгч С.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/162 дугаар цагаатгах тогтоолоор :

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С-гийн А-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгчийг цагаатгаж,

- шүүгдэгч С.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэнд буцааж шийдвэрлэжээ.

4. Прокурор Д.Пүрэврагчаа давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Шүүгдэгч С.А нь өөрийн нөхөр болох Л.С-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг ашиглан түүний эзэмшлийн 1,4 га, усалгаатай хадлангийн зориулалттай газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авах зорилгоор 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 0344 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-нд Л.С-ын зөвшөөрөлгүй түүний өмнөөс гарын үсэг зурж, 0344 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г буюу эдийн баялгыг эзэмших, ашиглах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Л.С, гэрч Ж.О, Б.А, Н.М, яллагдагч С.А нарын мэдүүлэг, шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 19 дугаар дүгнэлт, 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 0344 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна.

Учир нь хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар бүлэгт заасан нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт хамаардаг бөгөөд хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэргийн хувьд уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тэрхүү цаг хугацаанд гэмт хэрэг төгсдөг. Нотариатч Ж.Оюун нь Нотариатын тухай хуулийн 46.3-т зааснаар “Энэ хуулийн 46.2-т заасан нөхцөл байдлын аль нэг нь зөрчигдсөн бол нотариатч гэрээ хэлцлийг гэрчлэхээс татгалзана” гэх үүргээ биелүүлээгүй буюу илт хууль бус хэлцлийг баталж, гэрчилсэн байна.

Гэвч дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлд заасан “Нотариатч, улсын бүртгэгч өмчлөгчийн эрхийг зөрчих” гэмт хэргийн шинжийг агуулж байх боловч тухайн гэмт хэргийн объектив талын “ илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсан, улсын бүртгэгч бүртгэсний улмаас бусдын эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхэд ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учирсан” байх гэх шинжийг хангахгүй байна.

Мөн Ж.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх боломжгүй байна. Учир нь тухайн гэрээ хэлэлцлийг байгуулснаар өөртөө ямар нэгэн ашиг олох, өөрт ашигтай байдал бий болгохооргүй байна. Харин шүүгдэгч С.А-ийн нотариатаар гэрчлүүлсэн гэх 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 0344 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна”, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж зааснаас тус тус үзэхэд тухайн гэрээ нь эдийн баялагийг эзэмших, ашиглах эрхийг тодорхойлсон баримт бичиг гэж үзэхээр байна. Тодруулбал Газрын тухай хуулийн 27.1-т заасны дагуу гэрээний үндсэн дээр газрын гэрчилгээг олгохоор байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэлт хийхэд С.А нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасан эдийн баялаг болох үл хөдлөх эд хөрөнгө буюу өөрийн нөхөр Л.С-ын эзэмшлийн 1,4 га, усалгаатай хадлангийн зориулалтын газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авах зорилгоор 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 0344 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-нд Л.С-ын зөвшөөрөлгүй түүний өмнөөс гарын үсэг зурж 0344 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г буюу эдийн баялагийг эзэмших, ашиглах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

Гэтэл Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 344 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ” нь иргэд хооронд байгуулсан эрх шилжүүлэх гэрээний нэг төрөл бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна гэж дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 27.1-т заасан зохицуулалт нь төр иргэн хоёрын хооронд газар эзэмших, ашиглуулахтай холбоотой харилцааг зохицуулсан зохицуулалт, харин хэргийн үйл баримт нэг иргэнээс нөгөө иргэний эзэмшилд тухайн газрыг эзэмших эрхийг шилжүүлж байгаа үйл явц юм. С.А нь газар эзэмших эрхийг өөртөө шилжүүлж авахдаа эзэмшигчид нь мэдэгдэхгүй, түүний гарын үсгийг хуурамчаар үйлдэж өөртөө шилжүүлж авч байгаа хууль бус үйлдлийн цаана хамгаалагдаж буй харилцааг хамгаалах гэсэн Эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй, хохирогчийн эд хөрөнгө эзэмших эрх зөрчигдөж байхад шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/162 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгөхийг хүсэж байна” гэв.

5. Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ : “  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А-д холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дүгнэлтээ гаргаж байна. Эсэргүүцлийн үндэслэлээ тайлбарласан. Анхан шатны шүүх нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт гаргасан.

Хохирогч Л.С-ын эд хөрөнгө эзэмших эрх зөрчигдсөн байхад шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь үндэслэл бүхий болоогүй гэж үзэж эсэргүүцэл бичсэн. Иймд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/162 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах дүгнэлт  гаргаж байна” гэв.

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Прокурорын эсэргүүцэл нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Прокурорын зүгээс Л.С-ын эзэмшлийн газрыг өөртөө шилжүүлж авах зорилгыг С.А агуулсан гэж ялладаг.

Маргаан бүхий газрыг 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу гэр бүлийн хэрэгцээний хадлангийн зориулалтаар анх газрыг эзэмшсэн байдаг.

Газрын тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийн 28.1.1-т заасны дагуу тухайн газрыг С.А, Л.С нар нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байсан. Уг гэрчилгээ нь Л.С-ын нэр дээр байсан. С.А-ийг газар эзэмших эрх олгох баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэж үзэж ялласан нь үндэслэлгүй.

Яллах дүгнэлтэнд: Газрын тухай хуулийн 27.1-т : газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан. Газрын гэрчилгээ нь газар эзэмших гэрээний үндсэн дээр гарна. Газар эзэмших гэрээ нь газар эзэмших, ашиглах эрхийн бичиг гэж үзнэ гэж дурдаж ялласан.

Энд хоёр төрлийн гэрээ яригдаж байгааг улсын яллагч ялгаж салгаж ойлгохгүй байна. Газар эзэмших гэрээ нь эрх бүхий этгээд болох захиргааны байгууллага, иргэн хоёрын хооронд хийгдэнэ. Харин газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ нь хоёр иргэний хооронд хийгддэг. Энэ байдлаараа ялгагдаж байгаа. Прокурор газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг эдийн баялгийг ашиглах, эзэмших эрхийг тодорхойлсон баримт бичиг гэж үзэж байгааг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Улсын яллагчийн тайлбарлаж байгаагаар С.А-ийн туйлын зорилго бол газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авах байсан гэдэг. С.А өөрийн нэр дээр шилжүүлж аваад газрыг эзэмших бүрэн эрхтэй болсон уу гэдэг асуудлыг анхаарч  үзэх ёстой.   

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад хэрхэн шилжүүлэхийг зохицуулсан.  2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хавтаст хэргийн 76-р хуудсанд авагдсан байдаг. Уг гэрээний 6.3-т : Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу талууд газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт, баримт бичгийг энэхүү гэрээний хамт холбогдох байгууллагад бүртгүүлснээр эрх хүлээн авагчийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр болж, эрх шилжүүлэгч талын эзэмших эрх дуусгавар болно гэж хуульчилсан.

Зөвхөн нотариатаар гэрчлүүлсэн байгаа гэрээний үндсэн дээр С.А-д газар эзэмших эрх шилжиж байна гэж ойлгож болохгүй. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар газраа шилжүүлж байгаа этгээд Л.С энэ газрыг С.Аид шилжүүлэхийг зөвшөөрч байна гэх хүсэлтийг, С.А энэ газрыг өөрийн нэр дээр авна гэх хүсэлтийг тус тус холбогдох баримт бичгийн хамт эрх бүхий этгээдэд гаргаж, эрх бүхий этгээдийн шийдвэр гарч энэ эрх шилжихээр байна.

Л.С-ын өмнөөс гарын үсэг зурсан үйлдлийг Л.С-ын газар эзэмших эрхийг хууль бусаар олж авсан гэж яллах үндэслэл болохгүй. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл байна. Анх байгуулагдах үедээ энэ хэлцэл хүчин төгөлдөр бус байсан. Ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэх чадамжгүй хэлцэл хийгдсэн гэдэг нь гарын үсэг зурснаар нотлогдож байна. Энэ байдлаараа эрүүгийн эрх зүйгээс ялгаатай. Л.С-ын ямар нэгэн эрх зөрчигдсөн ямар ч үйлдэл, үр дагаврыг үүсгэх хүчин чадалгүй хэлцэл хийгдсэн. Нөгөө талаас Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг дор дурдсаны дагуу нягтална гэж заасан.

Мөн хуулийн 46.3, 46.2-т заасан нөхцөл байдлын аль нэг нь зөрчигдсөн бол нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхээс татгалзана. С.А нь нөхөр байхгүй хөдөө явсан. Би нөхрийнхөө гарын үсгийг зурна гэдгээ илэрхийлсэн. Өөрөө байхгүй бол итгэмжлэл байх ёстой. Хэрвээ итгэмжлэл байхгүй бол гэрээг гэрчлэхээс татгалзах үүрэгтэй гэдгээ нотариатч хэлээд С.Аийг буцаах байсан. Гэтэл нотариат гэрчилсэн байдаг. Эрх шилжүүлэх гэрээний сүүл хэсэгт энэхүү гэрээнд оролцогч талуудад гэрээний агуулга, хууль зүйн үр дагаврыг ойлгож, уншиж танилцсан бөгөөд бусдын дарамж шахалт, бусад хүчин зүйлд авталгүйгээр, бидний хүсэлт зоригт бүрэн нийцсэн тул нотариатчийн ажлын байранд Ж.Оюун түүний дэргэд гарын үсэг зурсан болно. 

Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэйг, тус хэргийн объектив талын “..эдийн, эдийн бус хөрөнгийн эрхэд ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учирсан” байх гэх шинжийг хангахгүй байна гэж тайлбарлаж байгаа атлаа хохирлын тооцоог гаргаагүй, газрын үнэлгээ хийгдсэн асуудал хавтаст хэрэгт байхгүй. Хохирлын хэмжээ тогтоогдох ёстой гэж үзэж байна. Мөн хэрэгт, Л.С нь 2022 оны 02 дугаар сард хуучин гэрчилгээгээ олохгүй байсан тул жимс жимсгэнийн зориулалтаар шинэ гэрчилгээ гаргуулж авсан. Маргаан бүхий 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн нэгж талбарын дугаартай гэрчилгээ нь аль хэдийн хүчингүй болсон нь тогтоогдсон байдаг. Энэ тохиолдолд гэрээ байгуулагдаж Л.С-ын эрх зөрчигдөх ямар ч боломжгүй.

Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэлтэй дүгнэлт хийсэн тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/162 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн С.Аид холбогдох, 2235000000099 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. С.Аид холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

3. Прокуророос шүүгдэгч С.Аийг 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр өөрийн нөхөр Л.С-ын эзэмшлийн, усалгаатай хадлангийн зориулалттай, 1,4 га талбай бүхий газар эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авах зорилгоор 344 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэлээ.

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, С.А-ийн хуурамчаар үйлдсэн гэж яллаж буй 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 0344 дугаартай, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь иргэд хоорондоо байгуулсан эрх шилжүүлэх гэрээний нэг төрөл бөгөөд харин газар эзэмшүүлэх гэрээг зөвхөн захиргааны байгууллагатай байгуулж, уг байгууллагаас газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосноор газар эзэмших эрх үүсэх ба энэхүү гэрээ, гэрчилгээ нь газар эзэмших эрхийг тодорхойлсон баримт бичиг болох тул иргэнд хоорондоо байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг эдийн баялаг буюу газар эзэмших эрхийг тодорхойлсон баримт бичиг гэж үзэхгүй талаар дүгнэж, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хэрэгт тогтоогдсон нөхцөл байдал буюу хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

5. Прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан: “шүүгдэгч С.А нь өөрийн нөхөр Л.С-ын 1.4 га газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авах зорилгоор Л.С-ын зөвшөөрөлгүй, түүний өмнөөс гарын үсэг зурж эдийн баялгийг эзэмших, ашиглах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх уг гэрээг иргэд хооронд байгуулсан эрх шилжүүлэх гэрээний нэг төрөл тул хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байна гэж дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Газрын тухай хуулийн 27.1-т заасан зохицуулалт нь төр иргэн хоёрын хооронд газар эзэмших, ашиглуулахтай холбоотой харилцааг зохицуулсан зохицуулалт, харин хэргийн үйл баримт нэг иргэнээс нөгөө иргэний эзэмшилд тухайн газрыг эзэмших эрхийг шилжүүлж байгаа үйл явц юм.С.А нь газар эзэмших эрхийг өөртөө шилжүүлж авахдаа эзэмшигчид нь мэдэгдэхгүй, түүний гарын үсгийг хуурамчаар үйлдэж өөртөө шилжүүлэн авч байгаа хууль бус үйлдлийн цаана, зөрчигдөж буй харилцааг хамгаалах гэсэн Эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй, хохирогчийн эд хөрөнгө эзэмших эрх зөрчигдөж байхад шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

5.1. Шүүгдэгч С.А нь 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр өөрийн нөхөр Л.С-ын эзэмшлийн, Увс аймгийн Улаангом сумын 12-р багийн нутаг, Гашууны голын ард байрлалтай, усалгаатай хадлангийн зориулалттай, 1.4 га хэмжээ бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн 000034806 дугаартай, хүчингүй болсон газар эзэмших эрхийн гэрчилгээг ашиглан, уг газрыг өөрийн нэр дээр шилжүүлэхээр 344 дүгээртэй, “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г Л.Сыг байлцуулахгүйгээр, түүний гарын үсгийг өөрөө зурж, Увс аймгийн тойргийн ноториатч Ж.Оюунаар гэрчлүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан хохирогч, гэрч болон шүүгдэгчийн  мэдүүлэг,  бичиг судлалын шинжилгээ хийсэн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 19 дүгээр дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан хуурамч баримт бичиг үйлдэх  гэдэгт тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон зэрэг баримт бичгийг дууриалган хийх, жинхэнэ баримт бичигт засвар, өөрчлөлт хийснийг ойлгоно. 

Шүүгдэгч С.А-ийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд ноториатчийн дэргэд нөхөр Л.С-ын гарын үсгийг дуурайлган зурсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан эдийн баялгийг эзэмших, ашиглах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдэх гэмт хэргийн дээрх шинжийг хангаагүй  гэж үзэх үндэслэлтэй байна.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-т: “газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг ойлгоно гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т: “ газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж тус тус зааснаар газар эзэмших эрх нь зөвхөн газар эзэмших эрхийг баталгаажуулсан эрхийн гэрчилгээгээр тодорхойлогдох тул иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хуульд заасан үндэслэл, журмын дагуу олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.2 дугаар зүйлийн 1-т заасан эдийн баялгийг эзэмших, ашиглах эрхийг тодорхойлсон баримт бичигт хамаарахаар байна.

Харин иргэд хооронд хийгдсэн газар эзэмших эрх шилжүүлэх  гэрээ нь тухайн этгээдийн газар эзэмших эрхийг тодорхойлсон баримт бичигт хамаарахгүй тул шүүгдэгч С.А-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан  гэмт хэргийн шинжгүй байна.

6. Нөгөө талаар, хохирогч Л.С нь 2022 оны 1-р сарын 24-ний өдөр Увс аймгийн газрын харилцаа, хот байгуулалтын газарт хандан өөрийн эзэмшлийн, Увс аймгийн Улаангом сумын 12-р баг, Гашууны голын ард байрлалтай, усалгаатай хадлангийн зориулалттай, 1.4 га хэмжээ бүхий эзэмших эрхийн 000034806 дугаартай гэрчилгээг гээгдүүлсэн тул дахин шинээр гэрчилгээ олгож өгнө үү гэх өргөдлийг гаргасны дагуу Увс аймгийн газрын харилцаа, хот байгуулалтын газраас тухайн гэрчилгээг гээгдүүлсэн үндэслэлээр хүчингүйд тооцож, түүний хүсэлтээр уг газрын зориулалтыг өөрчилж, төмс хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалтаар эзэмшүүлэхээр 0000038120 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг  шинээр олгосон болох нь:

- гэрч Б.А-иунзаяагийн “...2022 оны 01 дүгээр сард Л.С гэх хүн ирж уулзаад, би газар эзэмших эрхийн гэрчилгээгээ гээгдүүлчихлээ, хайгаад олохгүй байна, дахин олгож өгнө үү гэх хүсэлт гаргасан. Би тухайн үед та баримтуудаа бүрдүүлээд ир гэж хэлээд явуулсан. Тэгээд Л.С гэх хүний нэр дээрх газрын гэрчилгээг дахин гаргаж өгсөн. Гэтэл 2022 оны 04 дүгээр сарын эхээр түүний эхнэр С.А нь Л.С гэх хүний гээсэн гэх хүчингүй болсон газар эзэмших эрхийн  гэрчилгээг, эрх шилжүүлэх гэрээний хамт барьж ирээд “ энэ газрыг хүүхдийнхээ нэр дээр шилжүүлэх гэсэн юм”  гэж хэлсэн. Би түүнд “ та наад гэрчилгээгээ надад өг,  Л.С гэх хүний газрын хувийн хэрэгт авч хийх хэрэгтэй байна, таны нөхөр энэ гэрчилгээг гээгдүүлсэн гээд дахин гэрчилгээ гаргуулан авсан гэж хэлэхэд С.А нь над уруу уурлаад тухайн гэрчилгээг надаас булааж аваад явсан“ гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 15-р тал/ ,

- хохирогч Л.С-ын “ би 2021 оны 6 дугаар сараас эхлэн тухайн газрын гэрчилгээг хайгаад олохгүй байсан учир гээж үрэгдүүлсэн байх гэж бодоод 2022 оны  1 дүгээр сард Увс аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаж, шинээр гэрчилгээ олгож өгөхийг хүсэж өргөдөл гаргасан. Улмаар 2022 оны 2 дугаар сарын сүүлчээр газрын албанаас надад шинээр гэрчилгээ гаргаж өгсөн” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 8-9/,

- Увс аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн, Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр Гашууны голд байршилтай,  8516012874 нэгж талбарын дугаартай газрын холбогдох баримт бичгүүд / хх-ийн 84-92 дугаар тал/,

- Л.С-ын Увс аймгийн Улаангом сумын 12-р баг Гашууны голын ард байрлах, нэгж талбарын 8516012874 дугаар бүхий газрыг төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн 0000038120  дугаартай гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Эрх бүхий захиргааны байгууллагаас хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцсон газар эзэмших эрхийн гэрчилгээ нь эрх зүйн үр дагавар бий болгохгүй ба дээрх хүчингүйд тооцсон газар эзэмших эрхийн гэрчилгээг өөртөө шилжүүлж авахаар хийсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр бус тул Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх хууль зүйн үндэслэл бүрдэхгүй юм.  

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/162 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.АЛТАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧ                                                      Н.МӨНХЖАРГАЛ