Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 131/2015/00039/И |
Дугаар | 131/ШШ2015/00057 |
Огноо | 2015-01-22 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 131/ШШ2015/00057
Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн ****** сумын Засаг даргын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн ***** сумын ********-дугаар багт оршин суух *******-д холбогдох
Техник хяналтын зардлын 1620500 төгрөгийг гаргуулах, дутуу үлдсэн ажил гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэлийг 2015 оны 01 сарын 14-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн ****** сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 6 дугаар хуралдаанаар 2013 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталсан юм. Үүний дагуу Заг сумын Засаг даргын Тамгын газар нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр, бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер зарлаж МВ5-АС ХХК иргэний танхимын дээврийн засвар, халаалтын өргөтгөлийн ажлыг 50345979 төгрөгөөр, Биеийн тамир спортын цогцолбор наадмын талбай барих ажлыг 49929983 төгрөгийн төсөвт өртөгөөр барьж ашиглалтад оруулахаар тендерт шалгарч сумын Засаг даргын 2013 оны 101, 102 тоот захирамжаар гэрээ байгуулах эрх олгож 2013 оны 08 сарын 02-ноос 2013 оны 11 сарын 01-ний дотор хийж гүйцэтгэхээр хоёр тал харилцан тохиролцож гэрээ байгуулсан юм. Сум олгох ёстой санхүүжилтийг цаг тухай бүрд нь олгож байсан, төдийгүй гүйцэтгэгч талын хүсэлтийн дагуу 2013 ондоо багтаагаад нийт санхүүжилтийг 100 хувь олгосон. Гэтэл гүйцэтгэгч талын хийж хэрэгжүүлж, хүлээлгэж өгөх ажил үлдсэн юм. Үүнд 1.Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимын дээвэр солих ажил муу хийгдсэнээс бороо орохоор дусаал гоожиж ихэнх өрөө тасалгаанууд мөөгөнцөр үүсэн гадна дотор шавардлага өнгөлгөөнүүд хуурч, нурж өнгө үзэмжээ алдаж байна. Мөн шинээр хийсэн вакум цонхуудаар салхи нэвтрэн орж сэрүүний улиралд дулаан алдах зэрэг нь ажилчин, албан хаагчдын эрүүл ахуйд нөлөөлж, ажиллах таатай орчинг алдагдуулж байна. 2.Наадмын талбай барьсан байдал нь өнгө үзэмж чанар хийц загварын хувьд шаардлагын түвшинд хүрч хийгдээгүй зүйлүүд байгаа болно. Дээр дурдсан хоёр обьектын ажлыг хийж байх үед Засаг дарга миний бие болон барилга засварын ажилд дотоод хяналт тавих үүрэг бүхий манай Тамгын газрын ажилтнуудын шаардлага, саналыг хүлээн авдаггүй байсан нь хийгдсэн ажил чанаргүй, хагас дутуу гүйцэтгэлтэй байна. Ажлын гэрээ хийгдсэнээс хойш 3 сарын хугацаанд дуусгахаар гэрээтэй байсан боловч түүнээс хойш 1 жил, 2 сар гаруй хугацаа өнгөрч байна. Тус компанийг гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байгааг Мэргэжлийн хяналтын байгууллага, Аудитын газраас газар дээр нь үзэж хяналт шалгалт хийж дутуу орхисон ажил болон, чанаргүй хийсэн ажлыг дахин хийлгэх талаар албан шаардлага өгсөн. Техник хяналтын зардал 1620500 мянган төгрөгийг буцаан төлүүлэх талаар акт тавигдсан юм. Сумын Засаг даргаас дээрх мөнгийг төлөх талаар 3 удаа албан бичиг явуулсан боловч ямар ч хариу ирүүлээгүй байна. Миний бие Сэмжиддорж даргад хандан гаруй удаа санал, шаардлага тавьж ажлаа чанартай хийж хүлээлгэж өгөхийг хүссэн боловч өдий болтол ахиц гарсангүй. Техник хяналтын зардлын 1620500 төгрөгийг сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 031152400 дансанд тушаах, Иргэний танхим, Тамгын газрын дээврийн ажлыг дахин хийж, ус дусаал гоожихгүй болгох, дусаал гоожсон өрөө тасалгааны дотор болон гадна талыг засч, өнгө үзэмжийг сайжруулах, наадмын талбайн өнгө үзэмж, дутуу зүйлийг зураг төсвийн дагуу хийж гүйцэтгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн ***** сумын Засаг дарга нь ******* ХХК-д холбогдуулан техник хяналтын зардлын 1620500 төгрөгийг гаргуулах, дутуу үлдсэн ажил гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч шүүхэд бичгээр мэдэгдсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.
Уг нэхэмжлэл хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, хуульд зааснаар хариуцагчаас 20439 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлого болгох нь зүйтэй байна.
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь нэхэмжлэгч Баянхонгор аймгийн ****** сумын Засаг даргад техник хяналтын зардлын 1620500 төгрөгийг төлөх, дутуу үлдсэн ажил гүйцэтгэхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 20439 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ