Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/02

 

 

 

 

 

 

    2022          12            21                                       2023/ДШМ/02  

 

 

 

Г.Э, Т.Э, А.Г, Ц.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Н.Ундрах,

            шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч О.Санчирбал, Д.Оюунбаатар,

            шүүгдэгч, хохирогч А.Г, тэдгээрийн өмгөөлөгч Ө.Болормаа,

            нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 27-ны 2022/ШЦТ/1189 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч О.Санчирбал, Д.Оюунбаатар, шүүгдэгч А.Г, Т.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Э, Т.Э, А.Г, Ц.Б нарт холбогдох эрүүгийн 2208007380958 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Онгуудгүндэр овгийн Г.Э, 1988 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 16-28 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЧВ8822378/;

2. Боржигон овгийн Т.Э, 1986 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, .................................;

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 225 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 4 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

3. Боржигон овгийн А.Гаваа, 1975 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, .........................;

4. Хар бүргэд овгийн Ц.Б, 1989 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 32 настай, дээд ......................;

Шүүгдэгч Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Өрнөх Хас” караокед хохирогч Т.Эыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч А.Г, Т.Э нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Өрнөх Хас” караокед хохирогч Ц.Бтэй маргалдаж, бүлэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Өрнөх Хас” караокед хохирогч А.Гтай маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Т.Э, А.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Г.Э, Ц.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Э, А.Гаваа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, Г.Э, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г, Т.Э нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Г.Эт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, А.Г, Т.Э нар нь эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой хохирлыг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдүүдээс нэхэмжлэх нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Т.Э давж заалдах гомдолдоо: “...Миний бие Эт зодуулан хүндэвтэр гэмтэл авсан. Э нь “Өрнөх хас” караокед ажилладаг гэх Ц.Бийн дуудсанаар ирж миний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний ухархай, зүүн 8 дугаар хавирга, баруун 10 дугаар хавиргыг хугалан хүндэвтэр гэмтэл учруулсанд маш их гомдолтой байна. 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар миний бие эхнэр А.Ггийн хамтаар бүлэглэн Ц.Бт хөнгөн гэмтэл учруулсан шүүх хурал болчих шиг боллоо. Би Ц.Бийг өшиглөж зодож цохисон асуудал байхгүй. Харин эхнэр бид хоёр Г.Э, Ц.Б нарт зодуулж хохирлоо. Г.Э нь миний биед учруулсан гэмтлийг хэрцгийгээр учруулсан. Дуудлагаар ирсэн цагдаа юу гэтэл үгийн зөрүүгүй нүүр рүү цохисон. Толгой манараад нүүрээ дараад тонгойход шууд цээж рүү цохин унаган өшиглөж эхэлсэн. Гарах гээд тэмцэхэд хөлнөөс чирэн үүдээ түгжчих оруулж байгаад бүгдийг нь алчихъя гэж зодож танхайран бие эрхтнийг минь хохироосон. Үүний улмаас шүүх эмнэлэг дээр  байхад Сонгинохайрхан дүүргийн дэд дарга Цэрэндаваа дуудсан. Ямар байдалтай очсоныг тэр хүн харсан. Хэд хоногийн дараа Г.Э залгаад Сонгинохайрхан дүүргийн гадаа ажлын цагаар уулзсан. Балай хүүхнийг дуудахад  яах гэж очивоо дүү нь ээждээ ахиж архи уухгүй гэж амлалаа. Ээжийн бие муу, эхнэр салаад явчихсан. Эгчид бол би нэг их гар хүрээгүй, Ц.Б уулзана, үзүүлнэ гэж байна лээ. Ах харин дүүдээ ганц туслаач, дарга нөгөө хүнтэйгээ уулз, зохиц гээд байна. Дүү нь таныг хүн л дайраад алчихдаггүй юм бол бусад ямар ч асуудал гаргасан нам зохицуулна. Та ороод би юу ч санахгүй байна. Энэ хүн биш гээд хэлчих, гарч ирэнгүүт чинь 1.000.000 төгрөг өгье. Мөн 20-89 УНД улсын дугаартай тоёота приус 20 маркийн машиныг заан энийг ав, ченждээ өгнө үү, задаргаандаа өгнө үү өөрөө мэд гээд гуйж байсан хүн Ц.Бтэй бүлэглэн эхнэрийг маань зодсон, бүлэглэн танхайрсан. Мөн намайг зодож танхайрсан байхад Г.Э нь надад огт гар хүрээгүй гэж цагаатгуулна гэж өмгөөлүүлж байгаад гомдолтой байна.

            Эхнэр А.Гг Г.Э, Ц.Б нар бүлэглэн зодсон байхад Ц.Б А.Г хоёрыг харилцан зодолдсон, бид хоёр Ц.Бийг бүлэглэн зодсон гэж үзэж байгааг эс зөвшөөрч байна. Шинжээч эмч Энхбаатар нь миний биед үзлэг хийн дүгнэлт гаргасан.  Тэгэхдээ надад 7 хоноод л хуучин хугарал гэж явдаг юм. Хүн чанаргүй хүн таарч, хугацаа  хожиж дээ. Та хоёр цагдаа нарын тоглоом болж дээ гээд инээн яана даа гэж байсан эмч шүүх хурал дээр хөнгөн гэмтэл, 2 хавирга нэг дор хугараагүй. Хоёр өөр цагт хугарсан гэж мэдүүлсэн. Өөрөө дүгнэлтээ гаргасан хүн хэлсэн үг гаргасан дүгнэлтээ өөрөө няцаан  гацан шүүх хуралдаанд оролцсонд ашиг сонирхлын зөрчилтэй харагдаж байна. Дахин байлцуулж яагаад өөрийн гаргасан дүгнэлтээ бүрэн няцаасныг тодруулъя. Хоёр хүн долоон эрхтнээр хохироод байхад нэмж мөнгөн торгууль авсанд гайхаж байна. Г.Эын ченжид ч хамаагүй өг гэсэн машиныг бус бусдын эд эрхтэнд анхаарч эмчлүүлж хор уршгийг арилгана гэдгийг шүүх танхимд сонсох хүсэлт гаргаж байна. Хүсэлтийг минь хүлээн авна уу. Яаж уйлж гуйж, эд хөрөнгө, ёс бус юм амлаж байлаа. Одоо шүүх танхимд би буруугүй, хүрээгүй гээд зогсож байгаа Г.Э, цагаатгах байр сууринаас оролцож байгаа өмгөөлөгч нарт гомдож байна. Хууль мэддэг хүмүүс юм байна. Г.Э хоёр хүний хэд хэдэн эд эрхтнийг бүтэн болгочихдог юм бол гомдох юм алга. Г.Э, Ц.Б нарыг 1.000.000 болон 600.000 төгрөгөөр торгосонд маш их гомдолтой. Дэндүү хөнгөн өөхшүүлсэн санагдаж байна. Хэрүүл өдөн, орчинд түрүүлж буруу сэдэл гаргаагүй байж хоёулаа 7-8 эрхтнээрээ хохироод байхад нэмж тус бүр 500.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулсныг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү хүсэлт гаргаж байна. Г.Э, Ц.Б хоёрт хохирсон эрхтэй байхгүй, 1.600.000 төгрөг төлчихнө. Г.Э А.Г нар нь 7-8 эрхтнээрээ насаараа хохирч байгаа анхаарч үзнэ үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Эыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Өрнөх Хас” караокед хохирогч Т.Эыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэрэгт гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй болсон. Учир нь анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоохдоо “Г.Э нь Ц.Бийг өмөөрөн Т.Эыг алгадаж унагаан, өшиглөж зодсон үйл баримт тогтоогдож байна” хэмээн хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Л.Бын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 5623 дугаартай дүгнэлт, осол гэмтлийг бүртгэх хуудас зэргээр түүнийг гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хэрэг авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” хэмээн заасан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Г.Э нь Т.Эын биед халдсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэнэ.

            Үүнд хохирогч А.Ггийн “...манай 2 хүү намайг ирж авч явахдаа караокед байсан цагдааг согтуу байсан гэж хэлсэн, мөн миний харснаар тэр цагдаа намайг цохисон талаар санахгүй байна.” “би тэр өдөр зөвхөн караокены эзэнтэй л маргасан намайг түүнээс өөр хүн цохихгүй гэж бодож байна.

            Асуулт: Тухайн үед байсан цагдаа таныг цохиж зодсон асуудал байгаа юу гэхэд би сайн мэдэхгүй байна, миний харснаар тэр цагдаа цохисон талаар санахгүй байна.

            Асуулт: Та цагдаагийн алба хаагч архи согтууруулах ундаа хэрэглэсэн талаар мэдэх зүйл байна уу гэхэд би бол мэдэхгүй байна манай 2 хүү ирээд намайг авч явах үедээ тэр цагдаа согтуу байна гэж хэлж байсан” гэх мэдүүлгийг өгсөн. /1хх 16-17/    

            Үүний дараагаар хохирогч А.Ггийн “...манай нөхөр энгэр дээрээ Г.Э гэдэг нэртэй цагдаагаас та дуудлагаар ирсэн цагдаа юу гэж асуусан чинь “юу хэлснийг нь мэдэхгүй байна тэр Г.Э гэдэг цагдаа манай нөхөр Т.Эыг нүүр рүү нь 1 удаа, мөн элэг рүү нь 2 удаа, нийт 3 удаа цохиж харагдсан...” /1хх 18-19/

            ...Тэгээд би ухаан ороод харсан чинь нэг цагдаагийн алба хаагч ирчихсэн манай нөхөр Т.Эыг нүүр, цээж рүү 2, 3 удаа цохиж байгаа харагдсан. Тэгээд би нөхөр дээрээ очсон чинь цагдаа Г.Э нь шууд намайг гараараа цээж рүү түлхээд холд гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа юм байж яагаад хүн зодоод байгаа юм бэ гэж хэлсэн чинь миний толгойны баруун талын үснээс гараараа зулгаагаад газарт унагаагаад, Г.Эыг үснээс зулгаах үед миний толгойны баруун талын угаараа халцраад газарт унасан” гэх мэдүүлгийг өгсөн цагаас Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээхээр баталгаа гаргасан субъектийн хувьд мэдүүлгийн зөрүүг гаргаж эхэлсэн.    

            Мөн гэрч Т.Эын “...Цагдаа хувцастай хүн ирсэн тэгэхээр нь би дуудлага өгсөн хүн байна гэхэд үгийн зөрүүгүй баруун гараараа алгадаад караоке руу чирж оруулаад хаалга хаачих хааж байгаад бүгдийг нь алчихъя гээд хаалгыг хаалгасан тэгээд би юу болсныг санахгүй нэг мэдэхэд гадаа гүйж байсан” “...манай эхнэрийг гэмтээсэн хүнийг Ц.Б цагдаа хувцастай хүнийг сэжиглэж байна...” /1хх 42/ ...энгэр дээр нь Г.Э гэсэн нэр байсан тэгээд тэр цагдаа намайг дотогш оруулж байгаад үгийн зөрөөгүй нүүр рүү нэг удаа алгадаад элэг рүү 2-3 удаа цохиод би үүдэнд унасан чинь чирч оруулж байгаад тэр цагдаа хаалгаа. түгжчих бүгдийг нь алчихъя гээд хаалгыг хаалгасан” /1хх 45/

            Хохирогч Т.Эын “намайг үгийн зөрүүгүй алгадаж аваад цохиод караокены үүдний хэсэгт чирж оруулаад караокены үүдийг түгж бүгдийг нь алаад хаячихъя  гээд орилоод намайг нүүр лүү гараараа цохиж, газарт унагаагаад хөлөөрөө өшиглөсөн” гэх мэдүүлгийг өгсөн. /1хх 221/

            Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Т.Эын биед шинжилгээ хийлгэхээр мөрдөгч тогтоол гаргаж, 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шинжээчийн 5623 дугаартай дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийн хэсэг газрын үзлэг хэсэгт “зүүн суганы дунд шугамаар тэмтрэхэд 7, 8 дугаар түвшинд эмзэглэлтэй, биед харагдах гэмтэлгүй хавирганы хуучин хугарал” гэж дурдсан бөгөөд Т.Эын хувьд мөрдөгчийн шинжээч томилох тогтоолоос өмнө өөр эмнэлэгт үзүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон билээ.

            Дээрх нөхцөл байдлыг тодруулах замаар шинжээч эмч Г.Энхбаатарыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулан Т.Эын биед учирсан “...Т.Эын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний ухархайн дотор ханын хуучин хугарал, зүүн 8 дугаар хавирганы бороололт үүссэн хуучин хугарал, баруун 10 дугаар хавирганы бороололт бүрэн үүсээгүй хугарал гэмтлүүдийг нэг бүрчлэн асуухад 8,10 дугаар хавирганы гэмтэл өөр, өөр цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Нэг хавирганы хугарал гэмтлийг хөнгөн зэрэгт хамааруулдаг, хавирганы хугарал 14-21 хоногт бүрэн бороолдог, нэг хавирга бороолж эдгэсэн, нөгөө хавирга бороолоогүй” гэх гэмтлүүдийг ялгаж мэдүүлсэн атал, шүүхийн шийтгэх тогтоолд шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн мэдүүлгийг дурдаж, Т.Эын гэмтлийг үйл явдал болсон мэтээр тайлбарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шинжээч нь хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ” Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “...шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна” гэж заасан байтал өөр шинжээч эмчийн тайлбарыг шийтгэх тогтоох тогтоолдоо иш татсан нь үндэслэлгүй байна.

            Мөн гэрч Б.Л“...Та Эыг хүн цохиж зодсон, маргалдсан талаар мэдэх зүйл байна уу гэхэд тийм асуудал огт болоогүй Ц.Б эгчтэй гаднаас ирээд дэлгүүрийн ард байсан талаар би мэдээгүй. Караокед орж ирэхгүй байж байгаад Ц.Б эгчийг хүмүүс зодох үед Эрдэнэтуяа эгч хэлээд шатан дээрээс уг хүмүүс боль тар гэж хэлээд намайг хаалга хаах үед дэлгүүр рүү ороод цагдаа нар хаалга цохих үе хүртэл дахин гарч ирээгүй юм.” /1хх 27-28/

            гэрч Ц.Бийн “...Танд Эыг хүн цохиж зодсон, маргалдсан талаар мэдэх зүйл байна уу гэхэд тийм зүйл огт байгаагүй Г.Э дээр амралтын өрөөнд амарч байгаад намайг зодох үед ирж салгаж өгснөөс өөр асуудал болоогүй.

            Г.Эыг очиж авах үед бага зэрэг үнэртэж байсан, 3 цаг гаруй дэлгүүрийн арын өрөөнд ядраад байна гээд хоол идээд унтсан байсан” /1хх 30-31/ гэрч Э.Э“Э ах ирснээсээ хойш манай дэлгүүрийн арын өрөөнд Ц.Б эгчийг хүлээгээд байж байсан. Ц.Б эгчийг гадаа тэр бүдүүн эгч үсдээд зодох үед би дэлгүүрийн цонхоор хараад Г.Э ахад хэлж Г.Э ах гарч салгачхаад удалгүй орж ирээд өрөөнөөсөө гараагүй” /1хх 35-36/ гэрч С.У“Миний харснаар цагдаа эрүүл байсан зодоон цохионд оролцоогүй” /1хх 38/ гэрч Хаджхарисиламын “эзэн Ц.Б гэдэг хүнийг үл таних бүдүүн эмэгтэй үсдээд байж байсан. Тэгээд би салгах гэтэл дийлээгүй ба 2 давхрын шатнаас цагдаа хувцастай хүн бууж ирээд тэр хоёрыг салгаад тэр бүдүүн эгчийг гаргаад гадаах хаалга хаасан” гэх мэдүүлгүүд болон шинжээч эмчийн мэдүүлгүүдийг харьцуулан дүгнэхэд Г.Эын хувьд тухайн цаг хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж “Өрнөх хас” караокед амарч байсан ч хохирогч гэх Т.Эын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Д.Оюунбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Г.Э нь Т.Эыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан нь бүрэн хангалттай нотлогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй, эргэлзээ бүхий байхад анхан шатны шүүх Г.Эыг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Хохирогч А.Г, Т.Э нарын анхны өгсөн мэдүүлэг болон хэрэг болох үед байсан гэрчүүд болох Э.Эрдэнэтуяа, Б.Лхагдандулам, О.Хаджхарисилам, С.Ууганцэцэг нарын өгсөн мэдүүлэгт Г.Э Т.Эыг цохиж зодож биед нь гэмтэл учруулсан талаар дурдаагүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 5623 дугаартай дүгнэлтэд “Т.Эын биед хамар ясны хуучин хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний ухархайн дотор ханын хуучин хугарал, зүүн 8 дугаар хавирганы бороололт үүссэн хуучин хугарал, баруун 10 дугаар хавирганы бороололт бүрэн үүсээгүй хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй, ...зүүн 8 дугаар хавирганы бороололт үүссэн хуучин хугарал, баруун 10 дугаар хавирганы бороололт бүрэн үүсээгүй хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэж дурдсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Эын биед учирсан гэмтлүүд нь хэзээ яаж үүссэн эсэх, нэг цаг хугацаанд үүссэн эсэх зэрэг нөхцөл байдлыг бүрэн дүүрэн, эргэлзээгүй тогтоолгүйгээр хохирогчийн биед учирсан гэмтлүүдийг бүгдийг нь Г.Эыг учруулсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шинжээч эмч Г.Энхбаатар 5623 дугаартай дүгнэлттэй холбоотой шүүхэд мэдүүлэг өгөхдөө Т.Эын биед учирсан хамар ясны хуучин хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний ухархайн дотор ханын хуучин хугарал, зүүн 8 дугаар хавирганы бороололт үүссэн хуучин хугарал, баруун 10 дугаар хавирганы бороололт бүрэн үүсээгүй хугарал гэмтэл өөр өөр цаг хугацаанд  үүссэн гэмтэл байна. 8, 10 дугаар хавирганы гэмтэл нэг цаг хугацаанд үүсэх боломжгүй,  1 хавирганы хугарал гэмтлийг хөнгөн зэрэгт хамааруулдаг, хавирганы хугарал 14-21 хоногт бүрэн бороолдог гэж дурдсанаас үзэхэд Г.Э, хохирогч Т.Эын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан байх боломжгүй байна.

            Шүүх энэ байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээгүй, харьцуулан шинжлэн судлаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “...шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” мөн хуулийн 3 дахь хэсэгт “...хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заасныг ноцтойгоор зөрчсөн. Энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч Г.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

           Шүүгдэгч Г.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгдийнхөө гаргасан тайлбарыг дэмжиж байна. Анх зодооныг нэг залуу эхлүүлсэн байдаг. Энэ талаар одоо хүртэл тогтоогоогүй байгаа. Мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийж гүйцэтгэсэн гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч А.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрч Б нь анхан шатны шүүх хуралд хэлэхдээ “Би Гаваа эгчийг 2 гараараа үсэдсэн байж байхад А.Г эгчийн нөхөр нь ирээд миний эрхий хурууг тавиулах гээд дарсан. Миний эрхий хуруу хөхөрсөн, одоо зовиургүй байгаа. Гэхдээ би нөгөө гараараа үсэдсэн хэвээрээ байсан. Гаваа эгч ийш тийшээ унаж байсан” гэдэг. Тэр үед нь миний тархи хагараад ухаан алдсан байсан. Ууганцэцэг гэх хүн үйл явдлыг нотолж байна гэдэг. Ууганцэцэг надад хэлэхдээ “та цус алдсан хэвтэж байсан, бие нь гайгүй юу” гэж Орхонсэлэнгийн өрөөний үүдэнд хэлж байсан. Г.Э 2089 гэх машингүй гэж байна. Ажлын цагаар албан хувцастайгаа байсан. Сонгинохайрхан дүүргийн зүүн талын цагаан худгийн наад талд Г.Э машин дотроосоо нөхөр бид хоёрыг 2 удаа дуудсан. Бид хоёрыг очиход Г.Э өөрийнхөө машин руу суугаад “Бтэй яриадахъя” гэсэн. Би Г.Эаас нэг удаа ч 1000 төгрөг аваагүй, над руу яриагүй, “Б тань руу ярина, зохицуулна. Балай хүүхнийг дуудахад нь яах гэж очивоо” гэж хэлж байсан. Тэгээд өөрөө Дарханы дугаартай Harrier машинаас согтуу бууж ирсэн. Дараа нь Б очиж аваад дээр унтаж байсан гэж байгаа. Караокед 1, 2 дугаар ширээнд маргалдаж байхад нь зохицуулах гэж байсан. Намайг Бтэй маргасан болгоод бичсэн. 2, 3 дугаар ширээнд ямар ч үйлчлүүлэгч байгаагүй. 1 дүгээр ширээнд манайх байсан. 5 дугаар ширээнд Б өөрсдийнхөө үйлчлүүлж байсан 2 залуутай өөрөө архи уугаад сууж байсан атлаа анхан шатны шүүх хуралдаанд “би тайлан бодоод сууж байсан” гэж ярьдаг. Би “тайлан бодоод сууж байсан бол ядаж нэг ширхэг бичгийн цаас байна биз дээ” гэж хэлсэн. Өөрсдөө ууж согтуурсан байсан. Микрофон авъя гэхэд манайх ганцхан микрофонтой гэж хэлж байсан. Г.Э машин дотор сууж байсан атлаа машингүй гэж байна. Дуудагдсан гэж байна, үгүй. Тухайн шөнө Дарханы дугаартай Harrier машинаас бууж ирсэн. Цагдаа, бүрэлдэхүүн хоёр ирсэн байхад Г.Э дотор орсон нь үнэн. Хаалгаа 2 цаг онгойлгоогүй. Би зөвхөн гараа исгээгүй, маш их хэмжээний цус алдсан. Цэвэрлэгээ хийхээс нь өмнө хяналтын камер шүүнэ гэсэн. Манай нөхөр гар утсан дээрээ бичлэг хийхэд цагдаа “бид нар өөрсдөө энгэрийн бичлэг хийж байна“ гээд хурааж авсан. Дараа нь цагдаагийн энгэрийн бичлэгийг үзье гэхэд бичээгүй байсан. Албан байгууллагын камерыг шалгана гэхэд камер нь ажиллахгүй гэсэн. Намайг анхнаасаа худал мэдүүлэг зөрүүтэй өгч байна гэсэн. Эмнэлэгт манай нөхөр яагаад үзүүлээгүй вэ гэвэл би шууд томаграфит толгойгоо үзүүлээд оёдол хийлгэсэн. Тэгээд шүүх эмнэлэгт байхад дахиад цээжний зураг авхуул гэсэн. Нөхөртэйгөө цуг эмнэлэгт очсон. Буцаад шүүх дээр очиход эрүүгийн орлогч дарга Цэрэндагва “яаралтай хүрээд ир” гээд дуудсан. Тэгэхэд манай нөхөр амь тэмцэж гараад 2 хүүхдээ дуудсан. “Бид хоёрыг хүн зодчихлоо, цагдаад зодуулчлаа” гэхэд манай хүүхэд ирсэн болохоос биш манай хоёр хүүхэд Г.Эын хувийн байдлаас нь тодотгож байгаа зүйл биш. Мөн бид хоёр өөрсдөө хэргээ хүлээж байхад, Бт ямар ч халдсан зүйл байхгүй. Б өөрөө мэдүүлсэн байгаа. Г.Э ажлаа хийхгүй байгаа гэж байна. Би 12 дугаар сарын 6-нд Г.Эыг жагсаал хувцастайгаа байхыг нь Сонгинохайрхан дүүрэгт байхыг нь харсан. Үүнд тайлбар авмаар байна. Г.Эыг 3 хүүхэдтэй, эхнэр хаяад явсан, ээжийн бие муу байгаа хорт хавдартай өнөө маргаашгүй байна гэхэд нь хүнийх нь хувьд өрөөнд ороод ярилцсан. Би өөрөө ээжийгээ алдаад удаагүй байсан. Анхан шатны шүүх хуралдаанд Г.Э худал мэдүүлгүүдийг өгсөн байсан. Хуулиа мэддэг хүн өөр байх. Бид хоёрт Г.Э хэлэхдээ “би хүн дайраад алчихгүй бол бусдыг нь хийж чадна” гэж байсан. Эмнэлэгт үзүүлэхэд эмчилгээний төлбөр 9 сая гаруй төгрөг болсон, миний үсийг нөхүүлээд өг гэж хэлсэн. Ц.Б, Г.Э хоёрын буруугаас болж миний хавирга хугарсан. Халтираад унах ч юм уу, цээжинд хий орох л юм бол би үхэлд хүрэх аюултай оноштой байгаа. Энэ хор уршиг надад үлдэж байна. Нийт миний 8 эрхтнийг насан туршид хохироосон. Гэтэл ганц ч уучлалт байхгүй, нэг удаа ч яаж байна гэж яриагүй. Гэсэн атлаа өөрийнхөө эрх ашгийн төлөө дуудсан. Г.Э манай дарга Цогт гэж байгаа гэж хэлж байсан өөрөө ар талтай. Дараа нь мөрдөгч Баярсайханыг сольсон. Яагаад сольсон бэ гэхэд энэ хэргийг мөрдөж чадахгүй байна гэсэн. Миний эрхтнийг бүтэн болгоод өгнө үү ...” гэв.

           Шүүгдэгч А.Г, Т.Э нарын өмгөөлөгч Ө.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, А.Ггийн бие учирсан хүндэвтэр зэргийн гэмтлийг Ц.Б учруулсан гэж тогтоолд дурдсан байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. А.Г болон, Ц.Б нарын хооронд харилцан зодоон болсон. Үргэлжлүүлэн үснээс нь зулгааж татаад үүднээс төв рүү чиглэсэн чиглэл рүү чирж дагз хэсгийн хуйхыг гэмтээсэн байгаа нь Г.Э, Ц.Б нарын үйлдлээс харагддаг. Мөн тухайн нөхцөл байдалд хохирогч А.Г болон түүний нөхөр Т.Э нарын биеийн байдал гаднаас харахад цус нөжтэйгөө хутгалдсан, гоожсон хэцүү байдалтай байхад Г.Э яагаад өөрийгөө өмгөөлөөд цагаатгаж өгнө үү гэдэг байр суурьтай байна вэ. Г.Э цагдаагийн байгууллагын дүрэмт хувцас өмссөн байдалтай байж хохирогчид анхан шатны тусламж үзүүлээгүй. Харин ч нөхцөл байдлыг улам хурцадмал байдалд оруулж, танхайрч зодооныг үүсгэсэн зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ял шийтгэл оногдуулж байгаа. Өнөөдрийн давж заалдах шатны шүүх хуралд тайлбар хэлж байгаа байдал зэргээс харахад Г.Э хууль дээдлэх болон ёс суртахууны хэм хэмжээ тухайн нөхцөл байдалд ямар асуудал гаргаж ярьсан нь тодорхой харагдаж байна. Г.Э, Ц.Б нар нь бүлэглэн Т.Э, А.Г нарын эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь, бие махбодь, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн. Г.Э болон түүний өмгөөлөгч цагаатгах байр суурьтайгаар оролцож байна. Цагаатгах ямар ч боломжгүй. Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд ял шийтгэл оногдуулах шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд, хохирол, төлбөр зэргийг барагдуулна гэж хугацаа авсан. Өнөөдрийн шүүх хуралдаанаар гэмт хэрэг хийгээгүй гэдгээр ярьж байгаа нь зүй ёсонд нийцэхгүй байна. Мөн Т.Эын биед баруун, зүүн хавирганы хугарлыг хуучин гэж байна. Анх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтийг тайлбар байгаа. Түүнээс биш өөр шинжээч эмчийн дүгнэлт үндэслэлгүй, хууль бус гэж байна. Үүнийг анхан шатны шүүх хуралдаанд Энхбаатар эмч “баруун, зүүн 8, 10 дугаар хавирга хугаралтай, энэ гэмтэл нь тухайн нөхцөл байдлын үед учирч болох байсан” гэж дүгнэлт гарсан байдаг. Гэтэл Энхбаатар эмчээс тодруулж гэрчийн мэдүүлэг авъя гэж анхан шатны шүүх хуралдаанд дуудахад Энхбаатар эмч өөрийнхөө гаргасан дүгнэлтийг үгүйсгээд байна. Иймд дахин өөр шинжээч эмч томилуулах хүсэлтэй гэхэд Эрдэнэцэцэг эмч ирсэн байдаг. Эрдэнэцэцэг эмч Г.Эын эрүүл мэндэд учирсан 8, 10 дугаар хавирганы хугарлыг тухайн хүний бие физиологийн онцлог болон механик үйлдлийн улмаас баруун, зүүн талын хавирга нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байж болохыг хэлсэн байдаг. Гэтэл үүнийг дүрэм, журамд харш мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд Г.Э болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

          Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ гэмт хэргийн шалтгаан нь микрофоноос болж маргалдсан асуудал байгаа. Гэмт хэрэг гарах үед байсан хүмүүсийг шалгаж, тогтоогоогүй гэсэн зүйлийг ярьж байна. Үүнд тухайн үед цаг хугацаанд байсан гэх бүх гэрчүүдээс мэдүүлэг авсан. Эхбаяр нь цагдаагийн байгууллагад “Цагдааг согтуу байна” гэсэн дуудлага, мэдээллийн өгсөн байдаг. Тухайн караокед зөөгчөөр ажиллаж байсан Б.Лхагдандулам түүний найз залуу, Эрдэнэтуяагаас нар мэдүүлэг авсан. Эдгээр гэрчүүдээс мэдүүлэг авах үед хохирогч Т.Эыг зодсон үйл явдлыг хараагүй гэж мэдүүлдэг. Хохирогч Т.Э мэдүүлэхдээ “заалнаас гараад үүдэнд байхад Г.Э зодсон” гэж хэлдэг. Ууганцэцэг, Алтангинж нар хохирогчоор тогтоогдсон Т.Э, А.Г нартай хамт явж байсан. Тухайн маргаан болох үед гараад явсан байдаг. Үйл баримтын талаар тодорхой мэдүүлж чадахгүй гэрчүүд юм. Ц.Бтэй хамт 5 дугаар ширээнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан Баярсайхан, Жадамба нараас мэдүүлэг авсан. Өөр гаднаас үйлчлүүлж байсан хүн байхгүй. Баярсайханы хувьд мэдүүлэхдээ “Би нэлээн согтуу байсан. Нэг мэдэхэд гадаа Жадамба ирсэн байсан.” гэж мэдүүлдэг. Микрофоны асуудлаас болоод А.Г болон Ц.Б нарын хооронд маргаан үүссэн. Маргааны улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан. Мөн шил шидэж толгойн тус газрыг хагалсан. Ц.Бтэй зодолдож байх явцад шатны бариулд хавиргаа цохисон гэдэг. Хохирогчийн зүгээс энэ гэмтлийг хэрхэн, яаж учирсанг тодруулж чадахгүй байдаг. Ингээд хохирогч Т.Э, А.Г нар 1 дүгээр сарын 31-ний шөнө гэмтлийн эмнэлэгт очсон. Хавтаст хэргийн 204, 237 дугаар хуудсанд осол тохиолдлыг бүртгэх хуудсанд “Бусдад зодуулсан цагдаа” гэж ард нь тэмдэглэгээ тавьсан байгаа. Рентген зураг авхуулаад ир гэхэд ирээгүй гэсэн тэмдэглэл бичигдсэн байдаг. Хохирогчийн зүгээс яагаад эмнэлэгт үзүүлээгүй, эмчилгээ аваагүй гэдгээ удаа дараа мэдүүлдэг. Т.Э “Манай эхнэр толгойгоо хагалсан, хавирга нь гэмтсэн учраас зардал мөнгө их гарсан. Зардалгүйгээсээ болоод би эмнэлгээр үзүүлж чадаагүй” гэдэг. Мөн Г.Эын хувьд “Би ажилгүй боллоо. Амьдрал ахуй маань хэцүү боллоо” гээд гуйгаад байсан болохоор ийм нөхцөл байдал үүссэн гэдэг. Өмгөөлөгч нарын зүгээс 4 дүгээр сарын 4-ний өдөр шинжээч томилоод 4 дүгээр сарын 15-ны өдөр дүгнэлт гарсан гэж байна. Уг дүгнэлтэд 3, 4 дүгээр сард авхуулсан томаграфи нарийвчилсан зургуудыг үндэслэж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнээд байна. А.Г шүүх эмнэлэгт үзүүлсэн томаграфын зургаа л авч очно. Цаг хугацааны хувьд хуучин байна гэж байгаад шүүх эмнэлэгт хэрэг болсноос хойш 3 сарын дараа үзүүлсэн. 2 сар гэртээ эмнэлэгт үзүүлээгүй, хэвтрийн дэглэм бариад өвчин намдаах ууж байсан талаар Т.Э мэдүүлдэг. Хамрын хугарлын талд мөн адил 3 сарын дараа үзүүлсэн учраас хуучин гэж гарсан. Тухайн цаг хугацаанаас өөр бусдад зодуулсан асуудал байгаа юу гэхэд Т.Э “өөр гэмтэл авсан зүйл байхгүй” гэдэг. Анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Шинжээчийн мэдүүлгийг шүүх дүгнэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн зүйлийг дурдсан. Шүүх ямар хуулийн заалтыг зөрчөөд хоёр шинжээч эмчийн мэдүүлгийг алийг нь үндэслээд, алийг нь няцаагаад байгаа талаар өмгөөлөгч нар тодорхой тайлбарлахгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлд “шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судлах, шинжээчээс мэдүүлэг авах” заалт байдаг. Шинжээчээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.11, 35.12, 35.13, 35.14, 35.15, 35.16, 35.17 дугаар зүйлд заасан журмыг баримтална гэсэн заалт байгаа. Эдгээрийг хуулийн заалтуудад гэрчээс мэдүүлэг авах хууль ёсны үндэслэл журмыг заасан байгаа. Анхан шатны шүүх тухайн тодруулах ёстой зүйлийг Мөнхбаатар эмчээс тодруулаад, дахин нэмэлтээр Эрдэнэцэцэг эмчээс хохирогч Т.Эын биед учирсан гэмтэлтэй холбоотой зүйлийг тодруулан гэрчээр мэдүүлэг авч дүгнэсэн нь хууль зөрчөөгүй. Ийид анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,

1. Шүүгдэгч Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Эыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Т.Эын “...би караокеноос гараад 102 дугаар луу залгаж цагдаа дуудсан чинь удаагүй хар өнгийн хариар машинтай цагдаагийн алба хаагч машинаас бууж ирэхээр нь би тухайн цагдаад хандаад дуудлага өгсөн хүн байна гэж хэлэхэд намайг үгийн зөрөөгүй алгадаж, цохиод караокены үүдний хэсэгт чирч оруулаад “караокены үүдийг түгж, бүгдийг нь алаад хаячихъя" гээд орилоод намайг нүүр лүү гараараа цохиж, газарт унагаагаад хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед намайг зодсон цагдаа согтуу байсан.

...намайг өөрт нь зодуулсан гэж битгий хэлээч би болсон асуудлыг санахгүй байна. Миний ээж хорт хавдартай, өнөө маргаашгүй нас барах гэж байгаа гэж хэлээд гуйгаад байхаар нь би тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлээгүй юм. Би тухайн үед цагдаагийн алба хаагч Г.Эт зодуулсныхаа дараа гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Би 1 сар гаран гэртээ хэвтрийн байдалтай байсан...” /1хх221-222/,

гэрч Л.Бын “...караокены дотор талын хаалганы хажууд эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэр үед зааланд байсан нэг эрэгтэйд хандан наад үүдэнд байгаа хүнээ сэрээ гэж хэлэхэд урдаас би яаж мэдэх юм би ямар цохисон юм уу гэж хэлсэн. Уг газар хэвтэж байсан залууг зөөгч нь сэрээгээд босгосон. Тухайн караокег түрээслэгч эмэгтэй би цагдаа дуудна гэж хэлэхээр нь та дуудаа дууд гэж хэлэхэд үйлчлүүлж байсан гараад явсан. Тэр үед би араас нь гарахад нэг цагдаагийн албан хаагч үүдэнд ирсэн байсан. Надад хандан чи хоёр хүний дунд илүү чамд хамаагүй гэж хэлэхэд нь та дуудлагаар ирсэн цагдаа мөн үү гэтэл чамд хамаагүй гэж хариулсан. ...” /1хх25/,

гэрч А.Гүрбазарын “...цагдаад дуудлага өгсөн гэх 96121441 дугаарын утастай залуугаас юу болсон талаар асуухад манай ээжийг хэн зодсон гэдгийг нь хараагүй нэг харахад текний хажууд ухаангүй хэвтчихсэн байсан, харин Э ахыг цагдаа хувцастай залуу зодсон гэдгийг хэлсэн. ...” /Зхх23-24/,

гэрч А.Сын “...би Э ахын дэргэд очоод болсон асуудлын талаар ярьж байгааг нь сонсоход нэг цагдаа хувцастай залуу намайг дотогшоо чирж ороод үгийн зөрүүгүй зодоод би арай гэж зугтаж гарч ирсэн гэж ярьж байсан. ...” /3хх 26/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 5623 дугаартай “...Т.Эын биед хамар ясны хуучин хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний ухархайн дотор ханын хуучин хугарал, зүүн 8 дугаар хавирганы бороололт үүссэн хуучин хугарал, баруун 10 дугаар хавирганы бороололт бүрэн үүсээгүй хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтлүүд үүссзн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй, хамар ясны хуучин хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний ухархайн дотор ханын хуучин хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн 8 дугаар хавирганы бороололт үүссэн хуучин хугарал, баруун 10 дугаар хавирганы бороололт бүрэн үүсээгүй хугарал гэмтлүүд нь эрүүд мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ..."  /1хх 240/ гэсэн шинжээчийн дүгнэлт,  

                   Т.Э нь түргэн тусламжаар мөн А.Гтай хамт Гэмтэл согог судлалын үндэсний төвд очин тусламж авсан байх бөгөөд бусдад зодуулсан цагдаа гэсэн тэмдэглэлийг Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудаст хийжээ. /1хх 237- 238/ зэрэг нотлох баримтуудаар,

                   2. Шүүгдэгч А.Г, Т.Э нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Бтэй маргалдаж, бүлэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Ц.Бийн “...би очоод тухайн хоёр залууг салгах гэсэн чинь 2 дугаар ширээнд сууж байсан махлаг эмэгтэй ирээд намайг баарны муу янхан эрчүүдийгээ өмөөрлөө гэж хэлээд миний цамцнаас зулгаагаад байхаар нь би баарны ажилтан байна гэж хэлсэн чинь салаад явсан. ...тухайн эмэгтэйтэй хамт явж байсан эмэгтэй ирээд тооцоогоо хийх гээд надаас дансны дугаар өгөөд зогсож байсан чинь бүдүүн эмэгтэй /Гаваа/ ирээд миний нүүрэн хэсэг рүү хүчтэй цохисон. Тэгэхээр нь би Гавааг цааш түлхээд өөрөөсөө холдуулсан чинь А.Г дахиж ирээд намайг үсдээд авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд үсэдсэн. Би Гаваатай үсдэлцээд зууралдаад байж байхад Гаваагийн нөхөр нь гэх эрэгтэй миний баруун шанааны хэсэгт 1 удаа хүчтэй цохиод, миний зүүн шилбэ рүү өшиглөсөн. Тухайн үед манай зөөгч охин Лхагвадулам нь Г.Эыг дээр халамцуу унтаж байхад нь сэрээгээд Б эгчийг хүмүүс зодоод байна гэж хэлээд дуудсан байсан. Тэгээд Г.Э ирээд Гаваа бид хоёрыг салгасан юм. ...”  /1хх 22-23/,

гэрч Э.Э“...үл таних бүдүүн эгч Б эгчийг үсдээд дарсан байсан, Э ах очиж салгасан, мөн намайг үсдээд байсан. ...” /1хх 35-36/,

гэрч Б.Л...бүдүүн эгч шууд Б эгчийг 2 гараараа үснээс нь зулгаагаад тавихгүй байхаар нь би очоод салгах гэсэн чинь дийлээгүй тэгсэн чинь тэр эгчийн нөхөр гэх хамт сууж байсан нэг ах Б эгчийг түлхэж унагаагаад нөгөө бүдүүн эгч дахин Б эгчийг гаэар унасан байх үед нь үсдээд байсан...манай камер саяхан шатаад ажиллахгүй байгаа. ...”  /1хх 27-28/,

гэрч О.Х“...23 цаг өнгөрөөд Өрнөх хас караокед орсон чинь шатны хажууд караокены эзэн Б гэдэг хүнийг үл таних бүдүүн эмэгтэй үсдээд байж байсан. ...” /1хх53/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 2442 дугаартай дүгнэлтэд “Ц.Бийн биед хуйханд хаван, цус хуралт, баруун чихний төвгөр, дух, баруун шанаанд цус хуралт, эрүү, зүүн гарын эрхий хурууны хаван, зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох, мушгих, үрэгдэн нидрэгдэх үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” /1хх 70-71/ гэсэн дүгнэлт,  

            3. Шүүгдэгч Ц.Б нь хохирогч А.Гтай маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч А.Ггийн “...дуулж дуусаад Бт хандан чи өөрөө уучихсан байж үйлчлүүлэгч нартайгаа ингэж харьцаж болдог юм уу гэж хэлээд эргэж хараад ширээ рүүгээ алхтал Б шууд над руу уурлаад орилоод босч ирснээ гэнэт юм шидэх шиг болоод “тас” гээд миний тархи манараад халуун зүйл хүзүү рүү урсаад ирэх шиг болсон. Тэгэхээр нь гараараа бариад үзтэл миний толгойноос цус гарч байсан. Тэгээд миний ухаан санаа орж гараад байсан. Нэг ухаан ороход би Бтэй барилцаад авсан байсан. ...”/1хх 16-18/,

гэрч С.У“...би нөхөртэйгөө хамт тамхи татчихаад буцаад орж ирсэн чинь Гаваа эгч караокены хүүхэнтэй өөд өөдөөсөө хараад муудалцаад зөөгч нь салгах гээд байж байсан. Тэгсэн чинь манай нөхөр намайг аваад тэндээс гараад гадаа байж байгаад санаа зовоод эргээд орж ирсэн чинь Гаваа эгч хаалганы орчим газар хэвтэж байсан. ...”/1хх 38/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 2480 дугаартай дүгнэлтэд “...А.Ггийн биед цээжний зүүн талд 4, 7 дугаар хавирганы хугарал, зүүн зулай, чамархай, зүүн шуу, хэвлийд зүсэгдсэн шарх, хэвлийн зүүн хажуу, баруун гарын сарвуунд цус хуралт, зүүн чамархайн хуйх, шанаа, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, Зүүн зулай, чамархай, зүүн шуу, хэвлийд зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэж тодорхойлсон /1хх 64-65/ гэсэн дүгнэлт,

А.Г нь түргэн тусламжаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж 03 цаг 18 минутад тусламж авсан нь Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудсаар /1хх 204-205/ зэрэг зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Э, А.Г нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  шүүгдэгч Г.Э, Ц.Б нарыг тус тус “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Эын хохирогч Т.Эыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг, мөн шүүгдэгч Ц.Бийн хохирогч А.Гтай маргалдаж зодолдож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч А.Г, Т.Э нарын хохирогч Ц.Бтэй маргалдаж, бүлэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч А.Г, Т.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь хуульд заасан төрөл, хэмжээний дотор байна.

Шүүгдэгч Т.Э нь “...Г.Э А.Г бид 7-8 эрхтнээрээ насаараа хохироод, дахин 1.000.000 төгрөгөөр торгуулсандаа гомдолтой. ...”, шүүгдэгч А.Г нь  “...надад учруулсан эрүүл мэндийн хохирлыг барагдуулж өгнө үү. ...”, шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч О.Санчирбал “...Г.Эт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно уу. ...”, шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Д.Оюунбаатар нь “...шүүгдэгч Г.Эт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Давж заалдах гомдлыг хянавал;

хохирогч Т.Эын “...би тухайн цагдаад хандаад дуудлага өгсөн хүн байна гэж хэлэхэд  Г.Э намайг үгийн зөрөөгүй алгадаж, цохиод караокены үүдний хэсэгт чирч оруулаад “караокены үүдийг түгж, бүгдийг нь алаад хаячихъя" гээд орилоод намайг нүүр лүү гараараа цохиж, газарт унагаагаад хөлөөрөө өшиглөсөн. ... Тэгээд удаагүй манай эхнэр А.Г караокеноос гараад ирсэн чинь толгой нь хагарсан, үс нь зулгараад халцарсан, зодуулсан байдалтай байсан. Г.Эт зодуулсныхаа дараа гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. ...” /1хх221-222/, гэрч А.Гүрбазарын “..ээж маань тухайн караокены үүдэнд хөлөө жийгээд суучихсан, толгойноос нь цус гарсан байдалтай байж байхаар нь ээжийг машинд суулгаад тэр хоорондоо дүүгээр 103 дуудуулсан. ...манай ээжийг хэн зодсон гэдгийг нь хараагүй нэг харахад текний хажууд ухаангүй хэвтчихсэн байсан, харин Э ахыг цагдаа хувцастай залуу зодсон гэдгийг хэлсэн. Би ээжийгээ аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. ...” /Зхх23-24/,гэрч А.Сын “...Гүрбазар ах бид хоёр яваад очтол Э ах нэг цагдаатай юм яриад зогсож байсан бөгөөд ээж маань тухайн газрын үүдэнд толгойноос нь цус гарсан байдалтай үс нь маш ихээр унасан байсан. Би ээжээсээ юу болсон талаар асуухад гэнэт л толгой руу нэг юм цохих шиг болоод хэсэг манарчихсан байсан гэж ярьсан. ...Манай ээжийн толгой нь хагарчихсан, үс нь ихээр унасан, хумснууд нь хугарсан, гар, гэдэс, нүүр нь хөхөрсөн байсан. Харин Э ахын уруул болон хамраас нь цус гарсан байдалтай хавирганы хэсгээр өвдөөд байна гэж ярьж байсан. ...” /3хх 26/ гэсэн мэдүүлгүүд,  хохирогч Ц.Бийн “...би Гавааг цааш түлхээд өөрөөсөө холдуулсан чинь А.Г дахиж ирээд намайг үстээд авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд үстсэн. Би Гаваатай үстэлцээд зууралдаад байж байхад Гаваагийн нөхөр нь гэх эрэгтэй миний баруун шанааны хэсэгт 1 удаа хүчтэй цохиод, миний зүүн шилбэ рүү өшиглөсөн. А.Г нь намайг хэл амаар доромжлоод караокены үүдний шатны хэсэгт буцаж ирээд үстээд авсан. Тэгэхээр нь бас зөрүүлээд А.Гг үстсэн чинь шатанд тээглээд А.Гтай хамт газарт унасан. Миний биед баруун шанаанд цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтлийг А.Ггийн нөхөр учруулсан. Харин Гаваа нь бусад гэмтлийг учруулсан. ...”  /1хх 22-23/,гэрч Э.Э“...үл таних бүдүүн эгч Б эгчийг үсдээд дарсан байсан. ...” /1хх 35-36/, гэрч Б.Л...бүдүүн эгч шууд Б эгчийг 2 гараараа үснээс нь зулгаагаад тавихгүй байхаар нь би очоод салгах гэсэн чинь дийлээгүй. нөгөө бүдүүн эгч дахин Б эгчийг газар унасан байх үед нь үсдээд байсан. Хаалга хаах үед бүдүүн эмэгтэй зүгээр байсан удалгүй хаалга эвдэхээр нь онгойлгох үед толгой нь хагарсан байсан. ...”  /1хх 27-28/, гэрч О.Х“...Б гэдэг хүнийг үл таних бүдүүн эмэгтэй үсдээд байж байсан. ...” /1хх53/ гэсэн мэдүүлгүүд, хохирогч А.Ггийн “...Б шууд над руу уурлаад орилоод босч ирснээ гэнэт юм шидэх шиг болоод “тас” гээд миний тархи манараад халуун зүйл хүзүү рүү урсаад ирэх шиг болсон. Тэгэхээр нь гараараа бариад үзтэл миний толгойноос цус гарч байсан...”/1хх 16-18/,гэрч С.У“...Гаваа эгч караокены хүүхэнтэй өөд өөдөөсөө хараад муудалцаад зөөгч нь салгах гээд байж байсан. Эргээд орж ирсэн чинь Гаваа эгч хаалганы орчим газар хэвтэж байсан. ...” /1хх 38/ гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд, шүүгдэгч нар нь архидан согтуурсан үедээ хоорондоо хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдсон үйл баримт тогтоогдож байх бөгөөд  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 5623 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 2480 дугаартай дүгнэлтүүдээр хүндэвтэр гэмтэл /1хх 204-205, 240/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 2442 дугаартай дүгнэлтээр хөнгөн гэмтэл /1хх 70-71/ гарсан дүгнэлтүүдээр тэдний бие биедээ гэмтэл учруулсан үйлдэл нь эргэлзээгүй нотлогдсон ба гэрч, хохирогчийн мэдүүлгүүд тогтвортой, утга агуулгын хувьд ноцтой зөрүүгүй байх тул давж заалдах гомдлуудыг хүлээж авах үндэслэлгүй.  

Харин  шүүгдэгч Т.Э, А.Г нарын хувьд бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэл байгаа боловч тэдгээр нь үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж байхдаа тухайн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг этгээд, болон түүнтэй хувийн харилцаа бүхий хүнд зодуулж хүндэвтэр гэмтэл авсан, уг гэмт хэрэг гарахад үйлчилгээний байгууллагын зохион байгуулалтгүй, үйлчилгээний ажилтны харьцаа нөлөөлсөн байдал байгаа тул Т.Э, А.Г нарт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр ялыг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны 2022/ШЦТ/1189 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г, Т.Э нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г, Т.Э нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ

                                   ШҮҮГЧ                                                 Д.ОЧМАНДАХ        

ЕРӨНХИЙ

ШҮҮГЧ                                                Б.ЗОРИГ

 

                                    ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ