Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/01

 

 

 

 

 

 

  2022           12             21                                       2023/ДШМ/01  

 

 

М.Эд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, Ерөнхий шүүгч Б.Зориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Г.Балжмаа,

           нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

           Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Э даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 20-ны 2022/ШЦТ/901 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Г.Балжмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор М.Эд холбогдох эрүүгийн 2209000000488 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Бөхийн отог овгийн М.Э, 1988 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Lux” баарны зохион байгуулагч ажилтай, ам бүл 5, ............................................................;

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 201 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 755 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т зааснаар  М.Эд оногдуулсан 2 жилийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон,

            Шүүгдэгч М.Э нь 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1  дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Lux” баарны дотор иргэн Г.Мтэй үл ойлголцол үүсгэн улмаар зодож түүний эрүүл мэндэд “хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Э үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бөхийн отог овгийн М.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцох хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эд энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял болон өмнөх шийтгэх тогтоолоор буюу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 755 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ээс 1.793.153 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Мд, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч М.Ээс 1.224.300 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын байгууллагад буюу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээ шийдвэрлэв.

            Шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Г.Балжмаа нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Г.Балжмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 4 дэх талд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг хохирогч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн хоолойг боож буйдан дээр унагасан үйлдэл камерын бичлэгт бичигдэж үлдсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол гэмтэл учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтууд агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны ач холбогдол, үнэн зөв М.Э, Г.Мийг зодож хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой нотолж тогтоосон гэж шүүх үзсэн болно гэж шүүх тодорхойлсон нь уг хэргийн материалд буй шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан баримт материалтай тохирдоггүй юм. Хохирогч Г.М нь 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 01:00 орчим “Lux” бааранд орсон. Тэгээд ороод сууж байгаад 02:30 минутын орчим хажууд сууж байсан үл таних хүнтэй муудалцаж хэрэлдээд хажуугаар нь өнгөрч байтал баарны зохион байгуулагч Э гээд залуу босож ирээд намайг “Lux” баарны үүдний хэсэгт байрлах буйдангийн хажууд миний нүүр лүү мангасдаж түлхэнгүүтээ хоёр гараараа миний хоолойг боож буйдан дээр дарж хэвтүүлээд гараа авахгүй боогоод байсан. Тэгээд хэсэг боож байгаад гараа тавьсан. Тэгээд цаашаа яваад өгсөн. Энэ гэмтлийг 2022 оны 2 дугаар сарын 14-ний шөнө 01:00 цагийн үед “Lux” бааранд намайг үл таних хүн зодож энэ гэмтлийг учруулсан юм хохирогчоор өгсөн мэдүүлэгт хэлжээ. Өөрөөр хэлбэл хохирогч нь М.Эд зодуулсан тухайгаа шууд зааж нэрлэсэн зүйлгүй харин ч өөрөө үл таних хүн гэж тодорхойлсон байгаа нь хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн үндэслэл бүхий эргэлзээгүй нотлох баримтыг бүрдүүлж шалгаж тогтоолгүй хүнийг хууль бусаар яллаж байгаа үйлдэл болно. Учир нь М.Э бол хохирогчийн хууль бус үйлдэл болох бусадтай хэл ам хэрүүл хийж настай хүнийг зодсон үйлдлийг нь өөрийнхөө эрхэлж байсан ажил үүргийн хүрээнд таслан зогсоож чадсан байтал түүнийг гэм буруутай гэмт хэрэг үйлдсэн гэж шийтгэх тогтоол гаргаж буй нь үндэслэлгүй юм. Хохирогч нь тухайн шөнө хэнд хаана зодуулсан нь тодорхойгүй байхад тогтоогдсон мэтээр шинжээчийн дүгнэлтийг шүүх үндэслэсэн нь мөн хууль зөрчиж байна. Шүүх эмнэлгийн шинжээчийн 2981 дугаартай дүгнэлтэд Мөнхбилгүүний биед гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаан дотор үүссэн шинэ гэмтэл байна гэж дүгнэлт гаргасан байдаг. Гэтэл энэ дүгнэлтийг шүүх тайлбарлахдаа уг гэмтэл цохигдох үйлчлэлээр үүссэн өөрийн үзэмжээр дур зоргоороо тайлбарлаж шийтгэх тогтоолын үндэслэл болгож байгаад гомдолтой байна. Мөн  гэрч Бат-итгэл болон хохирогч нар нь хоёроос гурван удаа нүүр лүү цохисон гэж мэдүүлэг өгөөд байдаг, шүүгдэгч М.Э огт цохиж зодсон зүйлгүй, хоолойг нь боосон гэж мэдүүлдэг, гэтэл шүүх эмнэлэг нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл гэдэг, мөн шүүх нь уг гэмтэл нь цохигдох үйлчлэлээр үүссэн гэж маш олон янзаар тайлбарлаж болсон үйл явдлыг бүрэн дүүрэн нотлох баримтаар тогтоосон зүйлгүй байж хүнийг гэм буруутай яллаж байна. Энэ зөрүүтэй олон байдлыг зайлшгүй тодруулж нотолж байж ял оногдуулах ёстой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15-д “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт”-ийг шийдвэрлэнэ гэж зааснаар М.Эд холбогдох 2209000000488 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлтийг гаргаж байсан ч шүүх хүлээж авч шийдвэрлээгүй болно. Хүсэлтэд 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 292 дугаар яллах дүгнэлтэд “яллагдагч  М.Э нь 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Lux” баарны дотор Г.Мтэй үл ойлголцол үүсгэн улмаар зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэж яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгыг дурджээ. 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдөр М.Э “Lux” бааранд байсан тухай хэргийн үйл баримтыг ямар нотлох баримтаар нотолж тогтоосон тухай үйл баримт хэрэгт байдаггүй. Иймд энэ тухайг нотлуулах шаардлагатай байна.  Хохирогч гэх Г.М нь 2022 оны 2 дугаар сарын 14-ний шөнийн 01:00 цагийн үед бусдад зодуулж, 02:30 минутын орчимд миний үйлчлүүлэгч М.Эд хоолойгоо боолгосон байна. Энэ тухай үйл баримт мөн гэрч О.Б мэдүүлгээс харагддаг. Мөн хяналтын камерын бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр ч 2022 оны 2 сарын 14-ний өдрийн 02:31 минутаас бичлэг эхлэх бөгөөд гэж тэмдэглэсэн байна. Иймд хохирогч гэх Г.М нь шөнийн 01:00 цагийн үед өөр бусад хүнд зодуулсныгаа миний үйлчлүүлэгчид зодуулсан мэтээр мэдүүлсэн байх тул тухайн үйл явдлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үндэслэж хэргийг шүүх шийдвэрлэх ёстой байсан.

2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2209000000488 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд хохирогч Я.Галбадрахын мэдүүлэг гэж гарч ирсэн. Энэ байдлыг зайлшгүй тодруулах, ойлгомжгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл хоёр хохирогчтой байсан мэт, гэтэл яллах дүгнэлтэд цаг хугацааны хувьд зөрүүтэй бөгөөд нэг хохирогч байгаа мэт шийдвэрүүд байдаг. Иймд яллагдагчаар татсан тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.  Хяналтын камерын бичлэгт хийсэн тэмдэглэлийг үзэхэд нийтдээ найман хүний дүрс харагддаг. Гэтэл энэ хэргийг шалгах явцад гэрчээр уг хяналтын камерт харагдсан найман хүнээс мэдүүлэг тайлбар авсан зүйл огт байдаггүй. Энэ камерын бичлэгт гарч буй бусад хүмүүсээс гэрчээр мэдүүлэг авхуулах зайлшгүй шаардлагатай байна. Учир нь хохирогч бусдад зодуулж бааранд орж ирсэн эсэхийг тодруулсан зүйл хэрэгт огт байдаггүй, энэ асуудлыг тодруулж байж хэргийг шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл мэдүүлэг өгөөгүй, камерын бичлэгт харагдсан нэр бүхий гурван хүн байгаа юм. Эдгээрээс гэрчийн мэдүүлэг авхуулж болсон үйл явдлыг тодруулах шаардлага байсан. Миний үйлчлүүлэгч хохирогчийн хоолойг боож байгаад босоод явсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Харин тухайн хүнийг огт зодож цохисон зүйлгүй гэдгийг мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Хохирогч гэх Г.Мийг 2022 оны 2 дугаар сарын 14-ний шөнийн 02:30 минутын орчимд нүүр лүү, толгой руу зодсон үйлдэл хийгээгүй болох нь тодорхой байдаг. Гэтэл хохирогч болон түүний найз гэх Бат-Итгэл нарын мэдүүлэг нарын мэдүүлэг, камерын бичлэг зэргээр миний үйлчлүүлэгч хохирогч болох Г.Мий толгой, нүүр лүү зодож цохисон үйлдэл байна гэж яллах дүгнэлт ирүүлсэн хэрэгт яг зодсон үйлдлийг нотолж тогтоосон зүйл байдаггүй. Түүгээр ч үл барам нэг хүнийг хохирогч болгож, мөн хохирсон гэх хүн нь би шөнийн 01:00 цагийн үед хүнтэй маргалдаж, бусдад зодуулсан юм гээд гэрч болон хохирогчоор өгсөн мэдүүлэг байдаг. Ийм нотлох баримт байсаар байтал бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэж шүүх шийтгэх тогтоол гаргаж шүүхийн хэлэлцүүлгээр прокурорын хууль зөрчсөн үйл ажиллагааг зөвтгөсөн, залруулсан гэж шүүх дүгнэсэн нь илтэд буруу байна. Иймд М.Эд холбогдох хэргийг анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/755 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаа 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр дууссан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч М.Э нь “Lux” баарны дотор иргэн Г.Мтэй үл ойлголцол үүсгэн улмаар зодож түүний эрүүл мэндэд “хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Г.Мий “...2022 оны 2 дугаар сарын 14-ний шөнө 1 цагийн үед “Лакс” бааранд намайг М.Э гэх хүн гэмтэл учруулсан. Тухайн хүн намайг боочихоод босоод яваад өгсөн бөгөөд би өлгүүрийн хэсэгт араас нь очоод “чи яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохиход нь би суусан бөгөөд миний толгой руу 2-3 удаа өвдөглөсөн. ...Би 300 грамм цагаан архи уусан байсан. Болсон асуудлыг бүгдийг нь санаж байгаа. ...” /хх 35/ гэж тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээд, түүнтэй маргалдах болсон шалтгаан, эрүүл мэндэд учирсан хохирлынхоо тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

гэрч О.Б  “...тухайн өдөр би найз Г.Мий хамт 2022 оны 2 дугаар сарын 14-ний шөнө 00 цаг 30 минутын үед “Лакс” бааранд орсон. Тэгээд сууж байгаад үл таних хүнтэй манай найз бид 2 муудалцаад байж байтал “Лакс” баарны зохион байгуулагч юм уу, хамгаалагч М.Э гээд залуу манай найз Г.Мий нүүр хэсэгт нь мангастаж түлхээд дараа нь хоёр гараараа боож буйданд дарж тавьсан. Тэгсэний дараа нөгөө талын өлгүүрийн хэсэгт М.Э очоод суучихсан ба би очоод “та одоо болио бид ингээд гарлаа, явлаа” гээд байж байтал манай найз ирээд “та намайг яагаад боож байгаа юм бэ” гэхэд нүүр лүү нь баруун гараараа 2, 3 удаа цохисон. Тэгээд манай найз Г.М цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нар ирэхэд М.Э байхгүй болсон байсан. ...” /хх 14/,

гэрч М.О “...Шөнийн 01:00 цагийн үед “Lux” бааранд гаднаас тамхи татчихаад орж ирсэн Г.М, Бат-Итгэл нар үүдэнд сууж байсан 40 орчим насны үл тани хөгшин ахтай маргалдаж хэл амаар доромжлоод байсан юм, тэгэхэд нь манай зохион байгуулагч М.Э ирээд тэр хоёр залууд хандаж боль гэж хэлэхэд Г.М хэл амаар доромжлоод М.Э буйдан дээр түлхэж дарж байсан бөгөөд бид нар салгасан юм. ...” /хх 37/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 2986 дугаартай “...Г.Мий биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохигдох үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...”  /хх 23/,

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл “...урт куртиктэй энгэрээ задгай тавьсан, сааран өнгийн цамцтай бор шаргал өнгийн өмдтэй, урд хэсгээрээ хар оруулагатай бор өнгийн пүүзэн гуталтай, халзан толгойтой, 180-190 см орчим өндөртэй махлаг том биетэй 30-40 орчим настай эрэгтэй хүн сандлаас босч ирээд гомдол гаргагчийн нүүр хэсэг рүү зүүн гараараа цохиж түүнийг хоёр гараараа заамдаж түлхэн үүдний хойд хэсэгт байрлуулж тавьсан хар сандал дээр хэвтүүлэн 30 орчим секунд хоолойг нь боож буй мэт байдалтай байж байгаад хохирогчийг орхин босч үүдээр гарч явж байна. ...” /хх 28-29/ зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

            Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

            Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн объектив шинжийг бүрдүүлдэг болно.    

            Шүүгдэгч М.Э үйлдлээс хохирогч Г.Мий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд шүүхээс М.Э гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал байдлыг зэргийг харгалзан үзэж тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 600  /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимыг зөрчөөгүй гэж үзлээ.

            Шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Г.Балжмаа нар “...М.Эд холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтууд болох хохирогч Г.Мий “...М.Э гэх хүн надад гэмтэл учруулсан. Тухайн хүн намайг боочихоод босоод яваад өгсөн бөгөөд би өлгүүрийн хэсэгт араас нь очоод “чи яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохиход нь би суусан бөгөөд миний толгой руу 2-3 удаа өвдөглөсөн. ...” /хх 35/,гэрч О.Б  “...М.Э гээд залуу манай найз Г.Мий нүүр хэсэгт нь мангастаж түлхээд дараа нь хоёр гараараа боож буйданд дарж тавьсан. ...манай найз ирээд “та намайг яагаад боож байгаа юм бэ” гэхэд нүүр лүү нь баруун гараараа 2, 3 удаа цохисон. ...” /хх 14/,гэрч М.О “...манай зохион байгуулагч М.Э ирээд тэр хоёр залууд хандаж боль гэж хэлэхэд Г.М хэл амаар доромжлоод М.Э буйдан дээр түлхэж дарж байсан бөгөөд бид нар салгасан юм. ...” /хх 37/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 2986 дугаартай “...Г.Мий биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохигдох үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...”  /хх 23/  гэсэн дүгнэлт зэргээс үзэхэд шүүгдэгч М.Э нь 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Г.Мий  биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь   нотлогдож байх бөгөөд гэрч, хохирогчийн мэдүүлгүүд тогтвортой, утга агуулгын хувьд ноцтой зөрүүгүй, хэрэгт эргэлзээ бүхий нөхцөл тогтоогдохгүй  байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Г.Балжмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин шийтгэх тогтоолд М.Э эдэлж дууссан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж дуусаагүй гэж дүгнэж, ялыг тус тусад эдлүүлэхээр заасан нь үндэслэлгүй байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 4/10182 дугаар албан тоотоор /хх 184/ эдлээгүй үлдсэн ялын хэмжээг нэмж нэгтгэж үзэхэд 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр дууссан болох нь шүүгдэгчийн тайлбар болон хэрэгт буй баримтаар  нотлогдож байна гэж дүгнээд шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны 2022/ШЦТ/901 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож,

тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Г.Балжмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ

                                   ШҮҮГЧ                                                 Д.ОЧМАНДАХ        

                                   ЕРӨНХИЙ

            ШҮҮГЧ                                                Б.ЗОРИГ

 

                         ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ