Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2024/0223/З |
Дугаар | 128/ШШ2024/0488 |
Огноо | 2024-06-05 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2024/0488
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, *** НҮТББ-ын нэхэмжлэлтэй Байгаль хамгаалал, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэрэгт *** НҮТББ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга *** нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
*** НҮТББ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга *** шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Манай байгууллага нь 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн *** тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг хариуцагчаар татаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Дугаар:*** тоот Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах, *** ТББ-ын үйл ажиллагаа явуулж байсан *** тоот дугаартай газар эзэмших гэрчилгээний эрхийг сэргээж, эзэмших хугацаа сунгахыг даалгах талаар хүсэлт гаргасан болно. Мөн давхар тус яаманд гаргасан шийдвэрээ эргэн харж хүчингүй болгож өгөх талаар хүсэлт гаргасан юм. Улмаар 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №*** тоот тушаалаар 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Дугаар:*** тоот тушаалыг хүчингүйд тооцож, бидний гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн тул бид танай байгууллагад гаргасан нэхэмжлэлийг татаж байгаа болно. Иймд бидний гаргасан энэхүү хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** НҮТББ-аас Байгаль хамгаалал, аялал жуулчлалын яаманд холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Дугаар *** тоот Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах, *** ТББ-ын үйл ажиллагаа явуулж байсан *** тоот дугаартай газар эзэмших гэрчилгээний эрхийг сэргээж, эзэмших хугацаа сунгахыг даалгах” гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
*** НҮТББ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга *** нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа татан авах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасан.
*** НҮТББ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ***д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримтад гарын үсэг зурсан байна.
Иймд *** НҮТББ нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан Байгаль хамгаалал, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Дугаар *** тоот Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах, *** ТББ-ын үйл ажиллагаа явуулж байсан *** тоот дугаартай газар эзэмших гэрчилгээний эрхийг сэргээж, эзэмших хугацаа сунгахыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээс нэхэмжлэгч *** НҮТББ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга *** бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН