Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 131/ШШ2015/00065

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн ****** нэхэмжлэлтэй

Хариуцагч: ********** холбогдох Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын ажлын байрны нэг өрөөг тус Тамгын газрын өмч болохыг тогтоолгож, уг өрөөг чөлөөлүүлэн 2008 оноос 2014 он хүртэлх түлш,халаалт, гэрэл тогны 1 586659 төгрөгийг /нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн/ гаргуулах,

Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын барилгын зүүн хойд буланд байрлах 7.1х5.15м хэмжээ бүхий 36.5 м2 талбайтай 1 өрөө байрыг МАН-ын өмч мөн болохыг тогтоолгохыг хүссэн Монгол ардын намын сөрөг нэхэмжлэлтэй хэргийг 2014 оны 07 дугаар сарын 22ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч, Шинэжинст сумын Засаг дарга ажилтай *******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, МАН-ын Баянхонгор аймаг дахь салбарын дэд дарга ***** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн ******** шүүхэд

гаргасан нэхэмжлэлдээ:

Тус сумын Засаг даргын Тамгын газрын барилгыг ***** худалдан авч төлбөрийг гурав хувааж сум хөгжүүлэх сангаас гаргаж шилжүүлсэн. 2008 оны 05 сарын 23-нд сүүлчийн төлбөрийг хийснээс хойш тус байрны нэг өрөөг одоо болтол Монгол Ардын нам байр болгон ашиглаж халаалт гэрэл тогны мөнгийг Засаг даргын Тамгын газраар төлүүлж ирсэн, одоо ч төлж байна.. Нийтийг албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7.1-дэх заалтын дагуу байрыг чөлөөлөх мөн хөрөнгийн маргааныг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сумын Засаг даргын Тамгын газрын нэг буланд байрлах 36,5 м2 талбай бүхий өрөөг МАН эзэмшиж өнөөдрийг хүрсэн бөгөөд 2008 оноос 2014 он хүртэлх түлш,халаалт, гэрэл тогны мөнгө 1 586659 төгрөгийг МАН-аас гаргуулж Засаг даргын Тамгын газрыг хохиролгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шинэжинст сумын Ардын намын үйл ажиллагаа явуулж байгаа байрыг манай сумын засаг даргын тамгын газар худалдаж авч байсан. Одоо тус байрны нэг хэсэг болох нэг өрөөг ардын нам манай өмч гэж заргалдаад байгаа учир тухайн байрны хууль ёсны өмчлөгчөөр манай сумын тамгын газрын өмч болохыг тогтоож, ардын намаас чөлөөлүүлж, Тамгын газрын байр гэж тогтоолгох гэж нэхэмжлэл гаргасан. Тамгын газар тус байрыг худалдаж авснаас хойш тог цахилгааны мөнгийг нь байнга төлдөг. Тус байр нь манай тамгын газрын нэр дээр байдаг байр байгаа юм. Нэхэмжлэлийн дагуу тус байрыг чөлөөлүүлж, Тамгын газрын байр болохыг тогтоож, гэрэл цахилгааны мөнгө болох 1586659 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Монгол ардын нам шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: .... Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын барилгын зүүн хойд буланд байрлах 7.1х5.15м хэмжээ бүхий 36.5 м 2 талбайтай 1 өрөө байрыг МАН-ын өмч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинэжинст сумын Ардын намын үйл ажиллагаа явуулж байгаа байрыг 2007 онд Ардын намын хороо тус байрны ар талын өрөөг салгаж худалдаж авч байсан. Орон нутгийн өмчийн бүртгэлд Ардын намын байр гэсэн бүртгэлтэй байгаа. Одоо Ардын намын хороо үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ байр нь Монгол Ардын намын өмчлөлийн байр юм. Тамгын газрын байрны ар талын булангийн нэг өрөө байгаа юм. Тамгын газар дараа нь тус байрны бусад хэсгийг худалдан авахдаа манай намын үйл ажиллагаа явуулж байгаа 35.6м2 өрөөг иргэн Мөнхцэцэгээс Шинэжинст сумын засаг даргын тамгын газар худалдаж авахаас өмнөманай Монгол ардын нам худадаж авч ******* гэдэг хүнд 1000000 төгрөг гарган өгч тухайн байрны нэг өрөөг Монгол ардын намын нэр дээр болгосон байдаг. Тухайн үед намын данснаас мөнгө гаргуулж тухайн өрөөний өмчлөгч нь манай нам болсон байдаг. Иймд тухайн байрны нэг өрөөний өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч талын 1-6,91-94,133-137, хариуцагч талын 19-24,26-37,143-146,150-152,155-157 дугаар хуудсуудад тус тус авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус бүр нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Баянхонгор аймгийн ******** Монгол Ардын намд холбогдуулан Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын ажлын байрны нэг өрөөний өмчлөгч мөн болохоо тогтоолгож, уг өрөөг чөлөөлүүлж, 2008 оноос 2014 он хүртэлх түлш,халаалт, гэрэл тогны 1 586659 төгрөгийг / нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн/ гаргуулах Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын барилгын зүүн хойд буланд байрлах 7.1х5.15м хэмжээ бүхий 36.5 м 2 талбайтай 1 өрөөг МАН-ын өмч мөн болохыг тогтоолгохыг хүссэн Монгол Ардын намын сөрөг нэхэмжлэлийг хэргийн зохигч талууд тус тус зөвшөөрөхгүй тус тус татгалзсан байна. Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 4 дүгээр багт байрлах орон сууцны зориулалттай 268 м2 талбайтай 16 өрөө, худалдааны зориулалттай 180 м2 талбайтай 2 өрөө бүхий 2 давхар барилгын хууль ёсны өмчлөгч болох нь *******, *******, ********, ******* ****** нар болох нь Баянхонгор аймаг дахь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 2004 оны 04 дүгээр сарын 26 ны өдрийн 0087755 дугаар гэрчилгээгээр тогтоогдсон байна./хэргийн 19 дүгээр хуудас/ Шинэжинст сумын 4 дүгээр багт байрлах орон сууцны зориулалттай 268 м2 талбайтай 16 өрөө, худалдааны зориулалттай 180 м2 талбайтай 2 өрөө бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө дотор Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газар байрлаж төр, эдийн засаг, нийгмийн бодлогын удирдлагын үйл ажиллагаа явуулж байгаа, энэ барилга дотор маргааны зүйл болох МАН-ын үйл ажиллагаа явуулдаг гэх 7.1х5.15м хэмжээ бүхий 36.5 м 2 талбайтай 1 өрөө багтан ордог , уг үл хөдлөх хөрөнгийг Д.Мөнхцэцэг нь бүхэлд нь 25 000 000 төгрөгөөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газарт худалдаж 2007-2008 онуудад 25000000 төгрөгийг төлж уг үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгч Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газарт шилжсэн болох нь гэрч***** ****** нарын мэдүүлэг, зарлагын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна /хэргийн 2,135,145-146 дугаар хуудас/ Ингэхдээ **** болон бусад хамтран өмчлөгч нар нь дундын өмчлөлийн эд хөрөнгө болох орон сууцны зориулалттай 268 м2 талбайтай 16 өрөө, худалдааны зориулалттай 180 м2 талбайтай 2 өрөө бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгөө худалдахдаа Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлсэн болон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх... 128 дугаар зүйлийн 128.2-д гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгийн эрх дуусгавар болно Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлж байгаа бол насанд хүрсэн хамтран өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг авна гэж тус тус заасныг зөрчсөн байх ба мөн энэ талаар ****** нь хамтран өмчлөгч ****** *****, ********** нарын бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авсан талаар болон Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.3-д тус тус зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн байхыг шаардсан хуулийн шаардлагын дагуух нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул ******, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын хоорондын үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авсан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл болжээ.

Маргааны зүйл болох МАН-ын үйл ажиллагаа явуулдаг гэх 7.1х5.15м хэмжээ бүхий 36.5 м2 талбайтай 1 өрөөг худалдан авахтай холбогдсон МАХН-ын байр худалдан авахтай холбогдсон гэрээ нь хуулийн шаардлагын дагуу гэрээг батлан гэрчлүүлээгүй харин хуулбарын үнэн зөвийг нотариатч ******* батлан гэрчилсэн байх хэдий ч уг баримт дахь худалдагч нарыг төлөөлж гарын үсэг зурсан хамтран өмчлөгч нарын гарын үсгийн үнэн зөвийг нотариатчаар батлан гэрчлүүлээгүй, эх хувийг шүүхэд гаргаж өгөөгүй мөн Иргэний хуулийн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй, өрөөний үнэ 1 сая төгрөгийг ****** шилжүүлсэн болох талаар баримт хэрэгт авагдаагүй, уг 1 өрөөг МАН-д салгаж худалдаагүй талаар мэдүүлсэн ******* мэдүүлэгээр үгүйсгэгдсэн байна./хэргийн 27, 135 дугаар хуудас Дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авч, өмчлөх эрхээ баталгаажуулаагүй байх тул уг Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 4 дүгээр багт байрлах орон сууцны зориулалттай 268 м2 талбайтай 16 өрөө, худалдааны зориулалттай 180 м2 талбайтай 2 өрөө бүхий 2 давхар барилгын хууль ёсны өмчлөгч нь ***** болон түүний хамтран өмчлөгч ******, *****, *******, ******* нар хэвээр байна гэж үзнэ. Иймд Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.2, Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д тус тус зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр, үнийг бүрэн төлснөөр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжсэн хэдий ч уг эд хөрөнгө нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын, маргааны зүйл болох 1 өрөө нь МАН нь өмчлөгч мөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газраас Монгол Ардын намд холбогдуулан Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын ажлын байрны нэг өрөөний өмчлөгч мөн болохоо тогтоолгож, уг өрөөг чөлөөлүүлэн 2008 оноос 2014 он хүртэлх түлш,халаалт, гэрэл тогны 1 586659 төгрөгийг / нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн/ гаргуулах, Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын барилгын зүүн хойд буланд байрлах 7.1х5.15м хэмжээ бүхий 36.5 м 2 талбайтай 1 өрөөг МАН-ын өмч болохоо тогтоолгохыг хүссэн Монгол Ардын намын сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 56.6-д тус тус зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээдээс бусдад хохирол учирсан гэж үзвэл хохирлыг нөхөн төлүүлэхээр эрх бүхий этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй эсвэл хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр гэж үзэж болохоор байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын төлсөн 40336 төгрөг, хариуцагч МАН-ын төлсөн 28550 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116,118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан *****, Баянхонгор

аймгийн ******** сумын *********, ******** ******* хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар МАН-д холбогдуулан Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын ажлын байрны нэг өрөөний өмчлөгч болохоо тогтоолгож, уг өрөөг чөлөөлүүлэн 2008 оноос 2014 он хүртэлх түлш, халаалт, гэрэл тогны 1 586659 төгрөгийг / нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн/ гаргуулахыг хүссэн нэхэмжлэл Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын барилгын зүүн хойд буланд байрлах 7.1х5.15м хэмжээ бүхий 36.5 м2 талбайтай 1 өрөөг МАН-ын өмч мөн болохыг тогтоолгохыг хүссэн Монгол Ардын намын сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын төлсөн 40336 төгрөг, хариуцагч МАН-ын төлсөн 28550 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.

 

  

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ