Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 131/ШШ2015/00068

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ***** оршин суух, ****** регистрийн дугаартай, ****** овогт ******** ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг 2014 оны 11 сарын 28-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хаш-Эрдэнэ оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч **** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1940 онд төрсөн. Би 1968 оны 08 сарын 15-ны өдрөөс 1980 оныг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Улаан туг нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1965 оны 05 сард цэргийн албанд татагдан, 1968 оны 08 сард халагдаж ирсэн. Иймд 1968 оны 08 сарын 15-ны өдрөөс 1980 оныг 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний үйлчлүүлэгч 1940 онд төрсөн, улсад олон жил үр бүтээлтэй ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан боловч тэтгэврийг 2014 оны 6 сард зогсоосон учир тэтгэврээ аваагүй байгаа. **** өндөр настай, хэвтэрт байдаг. 1960 оны хөдөлмөрийн дэвтрийн нүүр алга болсноос болж тэтгэврийг зогсоосон. Тэтгэвэрт орох үед хөдөлмөрийн дэвтрийн нүүр байсан боловч хэдий хугацаанд нүүр урагдсан эсэх тодорхойгүй байна. ****** тус нэгдлийн манаач, давсчин, малчнаар ажилладаг байсан нь архивын лавлагаагаар гарч ирсэн тул 1968 оны 8 сарын 15-ны өдрөөс 1980 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Улаан туг нэгдэлд манаач, давсчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2014 оны 06 сарын 04-ний өдрийн 568, 2014 оны 09 сарын 12-ны өдрийн 841 дүгээр лавлагаа, цэргийн батлахын хуулбар, 1975 онд шагнуулсан баярын бичгийн хуулбар, хүсэлт гаргагчийн хүсэлт, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч ***** 1968 оны 08 сарын 15-ны өдрөөс 1980 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Улаан туг нэгдэлд давсны ажилчин, туслах үйлдвэрт манаач, малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн архивын тасгийн 2014 оны 06 сарын 04-ний өдрийн 568, 2014 оны 09 сарын 12-ны өдрийн 841 дүгээр лавлагаа, цэргийн батлахын хуулбар, 1975 онд шагнуулсан баярын бичгийн хуулбарууд, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ***** 1968 оны 08 сарын 15-ны өдрөөс 1980 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Улаан туг нэгдлийн давсны ажилчин, туслах үйлдвэрт манаач, малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ