Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Шүүгдэгч Ц.М, Ц.Р, /өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.М, Ц.Р нарт холбогдох эрүүгийн 1729000830043 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.М, Ц.Р нар нь бүлэглэн, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах “Гашуун Сухайт” хилийн боомтоор 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Нордбенз маркийн 86-19 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 36-00 БЧ чиргүүлийн тэвшинд хязгаарласан бараа болох 5,804,400 төгрөгийн үнэлгээтэй 2073 кг ямааны махыг нуун улсын хилээр хууль нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Р мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/

Гаалийн ерөнхий газрын Гашуун сухайт дахь Гаалийн газрын даргын 01/300 дугаар албан бичиг /хх-ийн 6 дугаар хуудас/

Бараа, тээврийн хэрэгслийг саатуулж, гаалийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-9 дүгээр хуудас/

Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15 дугаар хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15 дугаар хуудас/

Бараа, бүтээгдэхүүний устгах тухай хурлын тэмдэглэл, акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-19 дүгээр хуудас/

Хохирогч А.Бат-Өлзийгийн: ”...Би 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Гашуунсухайт дахь гаалийн газрын нүүрс тээврийн гарах чиглэлд хяналт тавьж ажиллах явцад 86-19 ӨМӨ улсын дугаартай Нордбенц маркийн машины 36-00 БЧ дугаарын чиргүүлийн нүүрсэн дотор 2073 кг хэмжээтэй ямааны ястай махыг нууж явсныг хяналт шалгалтын явцад илрүүлсэн. Тухайн машиныг Цэдэв овогтой Мөнхсайхан гэх хүн жолоодож явсан. Тэгээд холбогдох материалыг бүрдүүлж цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн. Гаалийн байгууллагыг төлөөлсөн хохирогчоор намайг томилсон тул би энэ хэрэгт мэдүүлэг өгч байна. ...надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол байгүй байна. ...Би хэргийн материалтай танилцъя. Шүүх хуралд оролцохгүй... Уг зүйл нь 80 боодол бүхий 2073 кг жинтэй ямааны хөлдөөсөн мах байсан. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-25 дугаар хуудас/

Ц.Рын гэрчээр өгсөн мэдүүлэг: “...Би тэр махаа гэртээ хар өнгийн уутаар ороож скочдоод орой 01 цаг өнгөрч байхад гудамжинд явж байсан портерт махаа ачиж, Хайрхан дээр байсан Мөнхсайханы машин дээр ачиж, портерийн жолоочид 20,000 төгрөг өгсөн. ... Би Мөнхсайхан руу утсаар залгаж машин дээр чинь мах ачсан гэж хэлсэн... Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Мөнхсайхан “над руу утсаар яриад гааль дээр баригдчихсан байна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/

Ц.Мы гэрчээр өгсөн мэдүүлэг: “...манай нутгийн Рэнцэнханд гэдэг хүн 86310233 гэсэн дугаараас залгаад “машины чинь тэвшин дээр хэдэн шуудайтай мах тавьсан байгаа шүү” гэхээр нь “чи хэдийг тавьсан юм бэ?” гэхэд “цөөхөн, цөөхөн би таныг фактлуулахгүй” гэж хэлсэн” ...Хучлага хуулаад гаргахад 82 ширхэг ууттай, 2 тонн гаруй мах байна гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

Гэрч О.Эрдэнэбулганы: “...Я.Мөнхсайхан нь энэ машинаар гурван рейс хийсэн бөгөөд 11 дүгээр сарын 22-ны өдөр тухайн машинаар нүүрс тээвэрлэж Монголын гааль дээр явахад нь машины чиргүүлээс 2 тонн гаруй мах илэрч саатуулагдан шалгагдаж байгаа юм байна. Машин олгосон хүн болон манай компаний зүгээс Мөнхсайханы мах нууж тээвэрлэж явсан үйлдлийг бол мэдээгүй. Мөнхсайхан гэх хүн тухайн хятад хүнээс машин хүлээж аваад нүүрс тээвэрлэх талаар аман тохиролцоотой байсан ба өөрөө дураараа хууль бусаар ашиг олохоор мах нууж явсан байна. Энэ хүн Божманайзууд ХХК-тай байгуулсан ямар нэгэн гэрээ энэ тэр байхгүй юм билээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 154 дугаар махны төрөл тодорхойлох тухай дүгнэлтэд “1. Хураагдсан мах нь малын мах мөн байна. 2. Мэдрэхүйн эрхтний үзлэгээр ясны бүтэц, өөхөн бүрхүүлийн тогтцоос хархад ямааны мах мөн болох нь тодорхой байна. 3. Мэдрэхүйн эрхтний үзлэгээр ямааны мах нь цэвэр уутанд ууталж савалсан, элдэв гаж үнэргүй, хөлдүү цэвэр шинэ тарган мах байна.” /хх-ийн 34-35 дугаар хуудас/

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №187/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/

Шүүгдэгч Ц.Мы яллагдагчаар өгсөн: “...Намайг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг би уншиж танилцлаа. Үндэслэлийг би хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед “Божманайзууд” ХХК-ийн эзэмшлийн 86-19 ӨМӨ улсын дугаартай Нордбенц машины нүүрс ачсан 36-00 БЧ дугаарын чиргүүлд 83 ширхэг ууттай нийт 2 тонн гаруй хэмжээтэй ямааны махыг нууж БНХАУ-руу оруулах гэж яваад Гашуунсухайтын боомт дээр баригдсан. Тэдгээр ямааны махыг манай нутгийн Рэнцэнханд намайг эзгүй байхад тэр машинд авч ирж ачсан юм. Түүнийгээ надад хэлсэн байсан. Хил гаалиар баригдахгүй гарчих байх гэсэн бодлоор явж байгаад гаалийн ажилтнуудад баригдсан...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/

Шүүгдэгч Ц.Рын яллагдагчаар өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Цагаан хаданд явж байгаад ногоон өнгийн  Пройтер машинтай мах худалдаж байсан хүнтэй уулзаад мах худалдаж авах талаар ярилцсан. Ямааны махыг нэг кг-г нь 2300/хоёр мянга гурван зуу/-н төгрөгөөр бодож авахаар болсон. Тэр үед надад 4,000,000 төгрөг байсан юм. Тэгээд тэр мөнгөндөө тааруулаад 83 ширхэг ямааны гулууз махыг нийтдээ 3,900,000 төгрөг орчим төгрөгөөр худалдаж авсан. Тэдгээр махыг надад мах худалдаалсан хүмүүсийн Пройентер маркийн машинд ачаад тэр шөнөдөө Цагаан хаднаас урагш Хайрханы орчмын очерт зогсож байсан Нордбенц машины чиргүүлийн нүүрсэн дээр гаргаж ачсан. Намайг мах аваад очиход жолооч Мөнхсайхан ах машин дээрээ байгаагүй. Би өдөр нь Мөнхсайхан ахтай утсаар ярихдаа машин дээр чинь жаахан юм тавьчихъя гэж хэлсэн. Мөнхсайхан ах “тэг, тэг” гэсэн. Би Мөнхсайхан ахад тоо ширхгийг нь нарийн хэлж ярилгүй 2 тонн махаа нүүрсний машин дээр нь авч ирж аччихсан юм. Би 217 оны 11 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнийн 01 цагийн үед махыг авч ирж нүүрсний машинд ачсан юм...”гэх мэдүүлэг /хх-н 50-51 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Ц.М, Ц.Р нар нь бүлэглэн, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах “Гашуун Сухайт” хилийн боомтоор 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Нордбенз маркийн 86-19 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 36-00 БЧ чиргүүлийн тэвшинд хязгаарласан бараа болох 5,804,400 төгрөгийн үнэлгээтэй 2073 кг ямааны махыг нуун улсын хилээр хууль нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, Гаалийн ерөнхий газрын Гашуун сухайт дахь Гаалийн газрын даргын 01/300 дугаар албан бичиг /хх-ийн 6 дугаар хуудас/, Бараа, тээврийн хэрэгслийг саатуулж, гаалийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-9 дүгээр хуудас/, Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15 дугаар хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15 дугаар хуудас/,  Бараа, бүтээгдэхүүний устгах тухай хурлын тэмдэглэл, акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-19 дүгээр хуудас/,  Хохирогч А.Бат-Өлзийгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-25 дугаар хуудас/, Ц.Рын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/, Ц.Мы гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, Гэрч О.Эрдэнэбулганы мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 154 дугаар махны төрөл тодорхойлох тухай дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №187/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/ шүүгдэгч Ц.М, Ц.Р нарын яллагдагчаар болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.М, Ц.Р нарыг улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн материалд хохирогч А.Бат-Өлзий нь “...ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 22-25 дугаар хуудас/ гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Ц.М, Ц.Р нар нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдууллаа.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй бөгөөд шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц.М, Ц.Р нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шивчин овогт Цэдэвийн Мөнхсайхан, Зуун богд овогт Цэдэндамбын Рэнцэнханд нарыг улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М, Ц.Р нарыг тус тус 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М, Ц.Р нарт оногдуулсан500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.М, Ц.Р нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч Ц.М, Ц.Р нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Ц.М, Ц.Р нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.М, Ц.Р нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА