Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2024/0500

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: *** ХХК

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г***

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Ц.Л*** /цахимаар/

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар захирамжийг хүчингүй болгуулах бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г*** ирсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л*** /цахимаар/ оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1.Нэхэмжлэгч *** ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдууланНийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

          2. Хэргийн үйл баримтын талаар

          2.1. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт *** м.кв талбай бүхий газрыг орон сууцны зориулалтаар эзэмших эрх олгож, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар захирамжаар *** ХХК-ийн орон сууцны зориулалт бүхий *** м.кв газрын ойн сан бүхий газарт хамаарах *** м.кв газрыг хасаж, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжийн хавсралтын 47 дахь заалтын *** гэснийг *** гэж өөрчилсөн.

          2.2. Нэхэмжлэгчээс 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШЗ2023/8357 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.

          3.Нэхэмжлэгч *** ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

          “Манай компани Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт нийт *** м.кв талбай бүхий газрыг орон сууцны зориулалтаар эзэмшиж тухайн газарт ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө батлуулан Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй 100.000 айлын орон сууцны хөтөлбөрийн дагуу эрх бүхий эрх бүхий байгууллагуудаас архитектор төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлүүд болон барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авч ажиллаж байна.

          Уг төслийн хүрээнд 2012 оноос 2022 он хүртэл *** орон сууцны хотхоны 412 айлын 8 блок орон сууц, 216 автомашины газар доорх нэгдсэн зогсоол, 190 автомашины нэгдсэн зогсоол, 2 давхар 4 блок бүхий оффис үйлчилгээний зориулалттай барилга байгууламж, 1 давхар 2 блок бүхий оффис үйлчилгээний барилгыг барьж Улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан.

          2018 оноос барьж эхэлсэн ***-2 орон сууцны хотхоны 144 айлын 3 блок орон сууц, 90 автомашины нэгдсэн зогсоолыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тус эзэмшил газар дээр *** ХХК-тай хөрөнгө оруулах замаар хамтран ажиллах гэрээ байгуулж, тус компанийн эзэмшиж буй газраас ***м.кв авч өөрийн эзэмшлийн ***м.кв талбай дээрээ нийлүүлэн нийт ***м.кв талбай бүхий газар дээр спорт заалны ***м.кв хэмжээтэй 1 давхар нийт ***м.кв барилга, фитнесийн барилга ***м.кв хэмжээтэй 2 давхар нийт ***м.кв хэмжээтэй барилга, усан бассейны барилга ***м.кв хэмжээтэй 1 давхар нийт 861м.кв талбайтай 3 блок барилгыг барьж байгуулсан. Спорт цогцолборын нийт талбай ***м.кв болон *** төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулж бариад спорт заал болон фитнесийн зориулалтай барилгыг барьсан.

          Нийслэлийн Засаг даргаас анх газар эзэмшүүлсэн, улмаар газрын эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, Газрын тухай хуульд заасан үүргээ биелүүлж газрын төлбөрөө төлсөн, эзэмшиж буй газар дээрээ зориулалтын дагуу ашиглаж холбогдох зөвшөөрөл, техникийн нөхцөлүүд, барилга барихтай холбоотой шаардагдах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Гэтэл нийслэлийн Засаг даргын зүгээс 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар захирамжаар уг газарт өмч, үл хөдлөх хөрөнгө бий болгосны дараа манай газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчилж ***1 м.кв газрыг хасаж шийдвэрлэж байгаа асуудал нь бүгдэд ойлгомжтой төрийн нэрийн дор явагдаж буй дээрэм тонуул боллоо. Бидний зүгээс уг захирамжийг нийт 2 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

          *** ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан нь захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмыг зөрчсөн тухайд:

          Захиргааны байгууллага нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-д зааснаар “хууль дээдлэх” үндсэн зарчим Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг баримталж ажиллах үүрэгтэй. Гэтэл орон сууцны хотхоны барилга байгууламж барьж Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад бага ч гэсэн хувь нэмэр оруулж байхад захирамж гарган газар эзэмших эрхийн талбайн хэмжээг ***1 м.кв талбайг хасаж шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй ба Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” 1 4.2.6-д “бусдыг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах", 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчмуудыг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.

          Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх хуулийн үндэслэл байхгүй болохоос гадна ойн сан бүхий газарт хамаарах ***1 м.кв газрыг хасаж захирамж гаргахдаа хариуцагч хууль зөрчсөн. Хариуцагч нь мэдэгдэл өгөхдөө Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр 6 дугаар зүйлийн 6.2.4, 6.2.5 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтыг зөрчсөн, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаарч байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн гэж заасан атлаа захирамж гаргахдаа өөр үндэслэл буюу Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 6-р зүйлийн 6.2.4 дэх заалт, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх заалт, 29 дүгээр зүйлийн 29.1.10-д заасан заалтыг баримталсан байгаа. Энэ нь анхнаасаа гэрээг цуцлах өөр зорилго буюу ойн сан бүхий газар гэсэн үндэслэлийг албаар бий болгосон байдал тогтоогдож байна.

          Газрын тухай хуулийн 21.2.3-т “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, төрийн эрх бүхий байгууллага бүтээн байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна.” гэж зааснаар анх 2008 онд нийслэлийн Засаг дарга *** ХХК-д орон сууцны зориулалтаар *** м.кв газар эзэмших эрх олгосон, дараа нь тус компаниас *** м.кв газрыг эрх шилжүүлэх гэрээний дагуу *** ХХК-д шилжүүлж 2010.07.06-ны өдрийн *** дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрээний үндсэн дээр 5 жилийн хугацаагаар Эзэмших эрхтэй болсон. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын *** дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 10 жилээр сунгах захирамж гарсан. Хариуцагч нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар нягталж, шалгасны үндсэн дээр газар эзэмших эрх шилжүүлэх шийдвэрээ гаргасан юм.

          Нийслэлийн Засаг даргын 2010 оны 204 тоот захирамжаар “***” ХХК нь *** м.кв газрыг өөрийн мэдэлд эзэмшүүлэхээр үлдээж үлдсэн газрыг хувь нийлүүлэгчдэд шилжүүлж эзэмшүүлсэн. Үүнд: ***гийн 100 хувь хувьцаа эзэмшдэг *** ХХК-д *** м.кв газрыг, ***дын 100 хувь хувьцаа эзэмшдэг Идэр интернэшнл ХХК-д *** м.кв газрыг, ***ын 100 хувь хувьцаа эзэмшдэг *** ХХК-д *** м.кв газрыг тус тус эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлсэн. 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар бүхий Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл зөвшөөрч батлах тухай тогтоолоор Нийслэлийн Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний үндсэн шийдлийг хэрэгжүүлэх, дэд бүтцийн шугам сүлжээнд ойр байрлалтай гэр хорооллыг барилгажуулах зорилгоор Хан-Уул дүүргийн 1,11 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нийт 500.0 га нутаг дэвсгэрт хийгдсэн Зайсан толгой орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг зөвшөөрч баталсан.

          Тус ерөнхий төлөвлөгөөний дагуу *** ХХК нь *** ХХК-тай хамтран дараах хөрөнгө оруулалтыг хамтран гаргаж инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг барьж байгуулсан. Тухайлбал:

          1.УСУГ-ын Техникийн нөхцөл олгох комиссын 2008 оны 07-р сарын 07-ны өдрийн *** тоот техникийн нөхцөлийн дагуу 1000 метр урт цэвэр усны шугам татаж, төвийн бохир усны ф1000мм-ийн шугамд холбохын тулд 2500 метр урт шугам хоолойг барьж ашиглалтад оруулсан. Тус ажлыг сантехник угсралтын Гикон ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийт 1,150,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн.

          2.ТЭХЯ-ны Техникийн нөхцөл олгох комиссын 2008 оны 10-р сарын 30-ны өдрийн *** тоот техникийн нөхцөлийн дагуу гадна дулааны шугамын холболтыг 12-р магистраль шугамаас нийт 1100 метр урт шугам хоолойг татаж 3 ширхэг нэгдсэн ЦТП-г суурилуулсан. Тус ажлыг сантехник угсралтын Модерн Смарт, ГМ, Мэргэн Хангал зэрэг компаниудаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийт 3,100,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн.

          3.Эрчим хүчний яамны Техникийн нөхцөл олгох комиссын 2014 оны 8-р сарын 29-ний өдрийн *** тоот техникийн нөхцөлийн дагуу гадна дулааны холболтыг 1а магистраль шугамаас нийт 3500м урт ф400 шугам хоолойг 4,500,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн.

          4.*** ТӨХК-ийн 2009 оны 06-р сарын 10-ны өдрийн 17/2009 тоот техникийн нөхцөлийн дагуу 110/10/6 кв-ын Өмнөд дэд станцаас 6000квт чадалтай 6500 метр урт хос кабель шугам татаж шинээр 1 ширхэг РП, 3 ширхэг хуваарилах байгууламж барьж орон сууцны хорооллыг цахилгаанаар тэжээж байна. Тус ажлыг цахилгаан хангамжийн тусгай зөвшөөрөлтэй ***, ****, *** зэрэг компаниудаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийт *** төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн.

          5 Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу *** гүүрнээс *** хүртэлх нийт төлөвлөж буй 3.45 км урт авто замын ажлаас 2010 онд 700 метр авто замыг хатуу хучилттай болгож, 2014 онд 2700 метр замыг хатуу хучилттай болгох ажил явагдаж байна. Тус замын ажлыг авто зам барих тусгай зөвшөөрөл бүхий *** ХХК, *** ХХК, *** ХХК, *** ХХК зэрэг компаниудаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийт 2,050,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн.

          6.*** ТӨК-ийн 2008 оны 08-р сарын 13-ны өдрийн ** тоот техникийн нөхцөлийн дагуу холбоо дохиолол, телефон, радио, интернет, Катв, теле хяналтын системийн кабель утсыг 1000 метрийн урт сувагчлал хийн ашиглалтад оруулсан.

          7.Улаанбаатар хотын *** гүүрнээс *** хүртэлх орон сууцны хорооллын үерийн хамгаалалтын зураг төслийг *** ХХК-иар хийлгүүлэн эрх бүхий байгууллагуудтай зөвшилцөн 2013 онд тус далангийн зурагт нэмэлт өөрчлөлт оруулан зураг төслийн ****-иар хийлгүүлэн Барилга, хот байгуулалтын яамны барилга хөгжлийн төвөөр магадлал хийгдэн 2018 онд 2700метр урт сууриараа 3 м өргөн 4 м өндөр арматурчилсан бетонон үерийн даланг *** ХХК-аар 2,500,000,000 төгрөгийн өртгөөр барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн.

          8.2004 онд *** ХХК-аар орон сууц, худалдаа үйлчилгээний хороолол барих төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг 2013 онд *** ХХК-аар дахин байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгэж тухайн газарт үнэлгээний үндсэн дээр орон сууцны хороолол барихад татгалзах зүйлгүй гэсэн дүгнэлт гарсан. 2019 онд Байгаль орчны сургалт-судалгаа, үнэлгээ болон зөвлөгөө үйлчилгээний *** ХХК-аар байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тодотгол тайланг хийлгэсэн.

          9.Монголын номер нэг ногоон орчинтой орон сууцны хороолол болох үүднээс 200,000 орчим модыг тарьж ургуулсан. Манай компани Улаанбаатар хотод хамгийн орчин үеийн шийдэл бүхий амьдрахад тааламжтай, эрүүл ногоон орчинтой орон сууцны шинэ суурьшлын бүсийг барьж байгуулах болно.

          10.Богд Хан уулын нэгэн хэсэг болох Их Тэнгэрийн баруун талын *** нүцгэн уулыг ойжуулахаар 1,200,000,000 төгрөгийн төсөвтэй төслийг *** ХХК-тай хамтран хэрэгжүүлж өнөөдрийн байдлаар төсөл 90% хэрэгжиж, тарьсан 30,000 мод, бут, сөөг 95 хувийн ургалттай байна.

          11.Хатан Туул голын хөвөөгөөр *** ХХК-тай хамтран 120,000 ширхэг төрөл бүрийн мод, бут, сөөгийг тарьж ургуулан ногоон бүсийн эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэн ажиллаж байна.

          *** ХХК, *** ХХК, *** ХХК-ийн барьж байгуулсан ***, *** зэрэг орон сууцны хотхоны нь оршин суугчдынхаа эрүүл, эрч хүчтэй амьдралд зориулж теннис, сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөгийн ногоон талбай, Монголдоо анхдагч скейт гулгуурын талбай, гүйлтийн болон дугуйн зам зэрэг төрөл бүрийн спорт тоглоомын талбай, хөл бөмбөгийн талбай, 25 метрийн урттай 3 зам бүхий усан бассейн, фитнесс клуб, аэробек, спорт бүжгийн танхим бүхий спорт цогцолбортой, 2 ширхэг хиймэл нуур зэргийг байгуулсан болно.

          Бид 1997 оноос Хан-Уул дүүргийн 17-р хорооны \хуучнаар 11-р хороо нутаг дэвсгэрт Монгол Улсын газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн нийслэлийн Засаг даргын гаргасан шийдвэрийг үндэслэн олгогдсон газар дээрээ гэрээний нөхцөлийн дагуу орон сууцны зориулалтаар ашиглан газар эзэмшигчийн эрх, үүргээ зохих ёсоор биелүүлсээр ирсэн.

          Манай компани Хан-Уул дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт өөрийн барьж буй *** орон сууцны хотхоны хойд талд байрлах нийтийн эзэмшлийн 2.14 га газарт спортын талбай болон бусад тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхээр Нийслэлийн хот, төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраар 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар болон спорт талбайн тохижилтын эскиз зураг зэргийг батлуулсан. Батлагдсан эскиз зургийн дагуу тухайн газарт *** ХХК-аар ерөнхий төлөвлөгөө болон ажлын зураг хийлгэж Барилга хот байгуулалтын яамны барилгын хөгжлийн төвөөр хянуулж магадлал хийлгэсэн. Тухайн тохижилтын ажлын төлөвлөгөөний дагуу *** ХХК-тай тохижилтын ажлын болон үерийн далангийн хашаа барих ажил гүйцэтгэх гэрээг мөн *** ХХК-тай Эрчим хүчний барилга угсралтын гэрээг байгуулж ажиллаж байна.

          Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд:

          Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар захирамжид баримталсан хууль зүйн үндэслэлийг авч үзвэл Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Засаг дарга энэ хууль бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 4.1.5-д “хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх”, 6 дугаар зүйлийн 6.2.4-т “ойн сан бүхий газар”, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно. 17 дугаар зүйлийн 17.2.1-д ойн тухай хууль тогтоомж, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, 29 дугаар зүйлийн 29.1.10-т ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах гэсэн заалтыг үндэслэн Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** ХХК-ийн орон сууцны зориулалт бүхий *** м.кв газрын ойн сан бүхий газарт хамаарах ***1 м.кв газрыг хасаж, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжийн хавсралтын “***” дахь заалтын “***” гэснийг “***” гэж өөрчилсүгэй гэж захирамжилсан байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл “Оролцогчийг сонсох”, 27 дугаар зүйл “Сонсох ажиллагаа явуулах” тухай зохицуулалтыг үндэслэсэн байх боловч захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 25,26.27 дугаар зүйлд зааснаар оролцогчийг сонсох, энэ талаар нотлох баримт цуглуулах ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй.

          Манай компани Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34-1-д “...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, гэж тус тус заасны дагуу газар эзэмшиж байна. Түүнчлэн Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4 зааснаар ойн сан бүхий газар нь үргэлж байгаа байдлаараа байх ёстой бус нийтээр ашиглах шинжийг агуулж байдаг учраас нийтээр ашиглах журмыг хэрэгжүүлж, төрийн байгууллагууд шийдвэрээ гаргасан. Энэ газар дээр үйлчилгээтэй орон сууцны цогцолбор хотхон барьсан, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, спорт заал ашиглалтад орж, нийтээр ашиглах, олон нийтийн хэрэгцээг хангах шинжээ хадгалж байгаа, хууль зөрчигдсөн зүйл огт байхгүй юм. Тийм ч учраас төрийн холбогдох байгууллагууд барилга барих, цэвэр, бохир ус, цахилгаан, дулааны шугам сүлжээнд холбогдох бүх зөвшөөрлийг зохих ёсоор өгсөн байгаа.

          Манай эзэмшлийн газар дээр буюу Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо \хуучнаар 11-р хороо *** гүүрнээс *** хүртэл 27.3 га газар дээр Төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг 2013 онд *** ХХК-аар, 2019 онд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тодотгол тайланг *** ХХК-аар тус тус хийлгэсэн.

          Манай компани Монгол улсын холбогдох хууль, журмын дагуу тухайн газрыг эзэмшиж байгаа ба Газрын тухай болон Ойн тухай хуулийн ямар нэгэн заалт болон бусдын газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй. Төрийн зүгээс гаргасан шийдвэрээ гэнэт өөрчилж, бидний хийсэн бүтээн байгуулалт, олон хүний хөдөлмөр, итгэл найдварыг үгүй хийж байгаа энэ үйлдлийг хууль бус гэж үзэж, шүүх зөрчигдсөн эрхийг хамгаална гэдэгт найдаж байна.

          Иймд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

          4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       “2008 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл зөвшөөрч батлах тухай 18 дугаар тогтоолын хавсралт зураг дээр байгаа 500 га газар байгаа. 2008 оноос эхлэн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 18 дугаар тогтоолоор анх газрын зөвшөөрлүүд олгогдож эхэлсэн юм. Энэ тогтоолыг үндэслэж манайх газар эзэмших зөвшөөрөл олгогдсон байгаа юм. Энэ 500 га газарт манай маргаан бүхий газар хамаарч байгаа. Энэ тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа манай гол барьж байгаа тогтоол юм. Яагаад байгаль орчны үнэлгээ хийлгэсэн гэхлээр эхлээд Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас зөвшөөрөл авахын тулд ерөнхий үнэлгээ хийлгээд ерөнхий үнэлгээгээр зөвшөөрвөл нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагагүй байдаг. Усан сан бүхий газар байгаа учраас *** гүүрнээс *** хүртэл нарийвчилсан үнэлгээ заавал хийлгэнэ гэсний үндсэн дээр 2013 онд, 2019 онд 27,3 га газар дээр хийлгэсэн юм. Маргаан бүхий газрыг анх 1997 онд газар эзэмших эрхийг авсан. Би өмнө 2010 онд хуваасан гэж ярьж байсан. 1997 он, 2008 он нийтдээ 5 захирамж гарсан. 2015 онд газар эзэмших гэрчилгээг сунгасан. Сунгахдаа барилгын зөвшөөрөл олгох мэргэжлийн зөвлөлийн хурлаар бүх зөрчлүүдийг арилгаж газар ашиглах гэрчилгээг сунгуулсан. Өмнөх жилээс бургасны асуудлыг ярьж эхэлсэн. Би нэг л зүйл ярьдаг. Улаанбаатар хотын их тэнгэр, бага тэнгэр, зуслангийн бүсүүдэд нийтдээ 15,000 орчим барилга барьсан байдаг юм. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар ашиглах, эзэмших эрх олгохдоо шударга ёс, эрх тэгш байдлаар газар эзэмших эрх олгооч. Ганцхан *** ХХК-ийн газар эзэмших эрхийг бүү цуцлаач гэдэг зүйлийн хэлдэг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч удирдлагын түвшинд тохиролцоод гэж хэлж байна. Гэтэл тохиролцол биш юм. 5000 м.кв бургастай хэсгийг цэцэрлэгт хүрээлэн бүхий хэсэг болгоод бургастай хэсэг дээр барилга барихгүй хэвээр нь хадгалаад наад талаар нь далан хийгээд нийтийн эзэмшлийн газар болгоё гэж хэлцэл хийсэн боловч шууд 17,000 га газрын хассан юм. Ойн сан бүхий газар гэж хэлж байгаа боловч 15,000 орчим байшин барилга байдаг гэсэн судалгаа байгаа. Тийм учраас газар эзэмших, ашиглах эрх олгохдоо шударга ёс, эрх тэгш байдлыг хангаасай гэж л хүсэж байна” гэв.

          5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л*** шүүхэд гаргасан тайлбартаа:

          “*** ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02- ны өдрийн *** дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 17 дугаар (хуучнаар 11) хорооны нутаг дэвсгэрт байрлах *** м.кв газрыг орон сууцны зориулалтаар 10 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн.

          Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай *** дугаар захирамжаар *** ХХК-ийн орон сууцны зориулалт бүхий *** м.кв газрын ойн сан бүхий газарт хамаарах ***1 м.кв газрыг хасаж, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02- ны өдрийн *** дугаар захирамжийн хавсралтын 47 дахь заалтыг *** гэснийг *** болгон өөрчилсөн болно.

          Дээрх захирамжийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2.4 дэх хэсэг, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтыг тус тус үндэслэн газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчилсөн.

          Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01-08/3009 дугаар албан бичгээр хүргүүлсэн болно. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

          6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх *** ХХК-д мэдэгдэх, сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлэхдээ усан сан бүхий газар Захиргааны ерөнхий хуулийг барьж газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Үүний дараа *** ХХК-ийн зүгээс нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны удирдлагуудтай ирж уулзаад юу гэж ярьдаг гэхээр манайх газар эзэмших хүсэлттэй байна. Харин ойн сан бүхий газарт орсон хэсгийг хасагдсан байдлаар зөвшилцье гэдэг тайлбарыг *** ХХК-ийн зүгээс удирдлагуудтай ирж уулзаад үүний дараа *** ХХК-ийн зүгээс тавьсан үндэслэлийг хүлээж авч газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй. Харин газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай захирамжийг гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон мэтээр тайлбарлаад байна. Үүнийг залруулж байна. Нийслэлийн хил зааг болон ундны усны онцгой хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсүүд 2016 он болон 2022 онуудад сайдын хамтарсан 50 дугаар тогтоол гарч усан сан бүхий онцгой хамгаалалтын бүсийг тогтоосон. Усан сан бүхий хамгаалалтын бүсэд давхцалтай байгаа. Онцгой хамгаалалтын бүсэд талаар сонсох ажиллагааны мэдэгдэлд дурдсан. Үүний дараа *** ХХК-ийн зүгээс хүрэлцэн ирээд юу гэж тайлбарладаг гэхээр ойн сан бүхий газар, усан сан бүхий газарт хамааралтай байгаа хэсгийг хүчингүй болгуулъя. Газраа бүхэлд нь хүчингүй болгох боломжгүй байна гэдэг уулзалтыг нийслэлийн Газрын зохион байгуулалтын албанд ирж уулзаад ойн сан бүхий газарт хамааралтай хэсгийг хүчингүй болгож хасаж, захирамж гаргуулахаар тохиролцсоны үндсэн дээр нийслэлийн Засаг даргаас ойн сан бүхий газартай хамааралтай хэсгээр талбайн хэмжээг хассан. Ойн тухай хуульд ой тэлэн ургах бүсийг тогтоосон байдаг. Ой тэлэн ургах бүсийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн хурлын тогтоолоор баталсан. Ойн сан бүхий газрын хориглолт хамгаалалтын бүсэд талбайн хэмжээ өөрчилж хассан газар нь ой тэлэн ургах бүсэд хамаарсан гэж тогтоосон. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны тогтоолоор ойн сан бүхий газарт хамаарч эхэлсэн. *** ХХК болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга нарын Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсний дараа *** ХХК-ийн зүгээс ирж уулзаад манай газар эзэмших эрхийг битгий хүчингүй болгооч ойн санд давхцалтай байгаа газраа хүчингүй болуулъя. *** ХХК-ийн зүгээс тус газар дээр илүү талбайн зөрчилтэй байсан. Тус зөрчлөө арилгаад газар эзэмших талбайн хэмжээг өөрчлүүлээд харилцан тохиролцсон байдаг. Кадастрын зургийн талбайн баруун болон зүүн талд мөн бургастай байгаа хэсэг талаар илүү талбай хашаалсан зөрчилтэй байдаг юм. Зөрчил арилгах арга хэмжээ хийгдээгүй. Ойн сан бүхий газарт хамааруулсан хэсгийг Засаг даргын захирамжаар талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Үүний дараа шүүхэд *** ХХК-ийн зүгээс тохиролцоо анхнаасаа байгаагүй мэтээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ойн тухай хуульд зааснаар талбайн хэмжээ өөрчлөөд байгаа *** м.кв газар нь ойн сан тэлэн ургах газарт хамаарч байгаа. Эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон үйл баримтууд байгаа. Нийслэлийн Засаг даргын зүгээс ойн тэлэн ургах бүсэд хамаарсан хэсгээр талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Нэхэмжлэгч *** ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдууланНийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр маргасан:

          2.1. Нийслэлийн Засаг даргын 2015 онд тус компанид *** м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлж, уг газрыг зориулалтын дагуу ашиглаж байтал 2023 оны *** дугаар захирамжаар *** ХХК-ийн газраас ***1 м.кв газрыг ойн сан бүхий газарт хамаарсан гэх үндэслэлээр хасаж, газрын хэмжээг өөрчилсөн нь хууль бус.

          2.2. Хариуцагч нь усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаарч байна гэсэн мэдэгдэл өгсөн атлаа захирамж гаргахдаа өөр үндэслэл буюу ойн сан бүхий газар гэсэн үндэслэл заасан нь үндэслэлгүй.

          2.3.2008 онд Нийслэлийн Засаг дарга *** ХХК-д орон сууцны зориулалтаар *** м.кв газар эзэмших эрх олгож, тус компаниас *** м.кв газрыг *** ХХК-д 2010 оны *** дугаар захирамжаар газар эзэмших эрх шилжүүлэн олгосон бөгөөд 2015 оны *** дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 10 жилээр сунгасан атлаа 2023 онд үндэслэлгүйгээр газар эзэмших эрхэд халдсан.

          3.Нэхэмжлэгч *** ХХК-д нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт *** м.кв талбай бүхий газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлж, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар /1х.х-28/ захирамжаар дээрх эзэмшил газраас ***1 м.кв газрыг хасаж шийдвэрлэсэн байна.

          4.*** ХХК-д хүргүүлсэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаар мэдэгдэлд /1х.х-25/ “Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр 6 дугаар зүйлийн 6.2.4, 6.2.5 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтыг зөрчсөн, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаарч байх тул ...” эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэжээ.

          5.Нэхэмжлэгч нь эзэмшил газартаа Цэцэрлэгт хүрээлэн бүхий орон сууцны хотхон барих *** дугаар /1х.х-142/ Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газраас, *** дугаар Барилгын ажлын зөвшөөрлийг нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас тус тус авч, /1х.х-143/ 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгуулсан.

           6.Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар тогтоолоор /1х.х-16,17/ Зайсан толгой орчмын  хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл батлагдсан бөгөөд уг тогтоолд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу нэхэмжлэгч компанийн эзэмшил газар хамрагдсан байна.

          7.Тус ерөнхий төлөвлөгөөний дагуу *** ХХК нь *** ХХК-тай Хамтран ажиллах гэрээний дагуу 1х.х-29/ инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг барьж байгуулсан тухайлбал, *** гүүрнээс *** хүртэлх орон сууцны хорооллын үерийн хамгаалалтын бетонон даланг хийж гүйцэтгэсэн, орон сууц, худалдаа үйлчилгээний хороолол барих төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг 2013 онд хийлгэж дүгнэлт гаргуулсан, 2019 онд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тодотгол тайланг хийлгэсэн гэх нөхцөл байдлын талаар хариуцагч маргаагүй.

          8.*** ХХК нь эрх бүхий этгээдээс олгосон газар эзэмших эрх, гэрээ гэрчилгээний дагуу Газрын тухай хуульд газар эзэмших нөхцөл журмыг зөрчөөгүй байхад хариуцагчаас Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4 зааснаар ойн сан бүхий газарт хамааруулсан гэх үндэслэлээр газрыг хэмжээг хассан нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөнджээ.

          9.*** ХХК нь эзэмшил газрынхаа ойн санд хамаарсан гэх бургастай хэсэг болох 5000 м.кв газрыг цэцэрлэгт хүрээлэн болгож барилга барихгүй хэвээр нь хадгалах, далан хийж, эзэмшил газраас тусгаарлаж нийтийн эзэмшлийн газар болгох талаар нийслэлийн Газрын албатай  хэлцэл хийсэн гэх боловч маргаан бүхий актаар ***1 м.кв газрыг хассан байна.

          Мөн хариуцагчаас *** ХХК-д хүргүүлсэн газар эзэмших эрх цуцлах тухай мэдэгдэлд усан сан бүхий газарт хамаарсан талбайн газар эзэмших эрхийг цуцлах тухай дурдсан боловч маргаан бүхий захирамжид ойн тэлэн ургах бүсэд хамааруулан эзэмшил газраас хасаж хэмжээг өөрчилсөн байгаа нь ойлгомжгүй болжээ.

          10.Шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр *** ХХК-ийн эзэмшил газрын зүүн урд талд байгаа бургастай газрыг эзэмшил газраас тусгаарласан бетонон далан хийсэн байдалтай байгаагаас үзэхэд уг газрыг ойн сан бүхий газрын тэлэн ургах бүс гэж үзэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй.

          Түүнчлэн нэхэмжлэгчийн эзэмшил газрын хөрш залгаа газрыг бусдын эзэмшилд өгч, барилга байшин баригдсан үйл баримт нийтэд илэрхий байх тул тэдгээртэй ижил нөхцөл байдалд байгаа нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хэсэгчлэн хасах нь шударга ёс, эрх тэгш байдлыг зарчим, бодит байдалд нийцэх эсэхийг хариуцагчаас анхаарч үзэх, тодруулах шаардлагатай.

          11.Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 204 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар албан бичгээр “...ойн сан бүхий газартай 23246 м.кв талбайгаар давхцалтай” гэж, Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар албан бичгээр “ойн сан бүхий газартай давхцалтай” гэж тус тус ирүүлсэн боловч ямар шийдвэрээр хэзээ, хэрхэн ойн сан бүхий газарт хамааруулсан талаар дурдаагүй байна.

          Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны  50 дугаар тогтоолоор усан сан бүхий онцгой хамгаалалтын бүсийг тогтоосон боловч ойн сантай холбоотой асуудлыг зохицуулаагүй.

          12.Засгийн газрын 1996 оны 326 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн эргэн тойрны ногоон бүсэд хамаарах ойн заагт маргаан бүхий *** ХХК-ийн эзэмшил газар хамаараагүй,  Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4-т "ойн сан бүхий газар”, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д “Байгаль орчны тэнцэл, хүн амын эрүүл ахуйн нөхцөлийг хангах зорилгоор нийслэл, хот, тосгоны ногоон бүсэд хамаарах ойн заагийг дор дурдсанаар тогтооно:”, 8.5.1.”нийслэлийн ногоон бүсэд хамаарах ойн заагийг Засгийн газар”; гэж зааснаар ойн сан бүхий газарт хамааруулсан шийдвэрийг хариуцагчаас гаргаж ирүүлээгүй.

          13.Нийслэлийн Засаг даргаас дээр дурдсан нөхцөл байдлуудыг бүрэн тогтоолгүйгээр *** ХХК-ийн газар эзэмших эрхийн талбайн хэмжээг хасаж өөрчилсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчимд нийцээгүй бөгөөд болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын зөрчих бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй байх тул нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар захирамжийг бодит нөхцөл байдлыг тогтоож, дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.5.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *** ХХК-ийн газар эзэмших эрхийн талбайн хэмжээг хасаж, өөрчилсөн нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар захирамжийг бодит нөхцөл байдлыг тогтоож, дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас *** ХХК-ийн газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчилсөн шийдвэрийг дахин гаргах замаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэх, хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар захирамж хүчингүй болох бөгөөд шүүхийн шийдвэрээр тогтоосон 1 сарын хугацаа нь энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоологдохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

         

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.АДЪЯАСҮРЭН