Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/03

 

 

 

 

 

    2022         12             21                                       2023/ДШМ/03  

 

 

А.Мт холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Т.Мөнх-Амгалан,

            шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Д.Батбилэг,

            нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/1645  дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Мын өмгөөлөгч Д.Батбилэгийн гаргасан давж заалдах гомдлоор А.Мт холбогдох эрүүгийн 2206040902889 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Их Монгол овгийн А.М, 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт ...........................;

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 399 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,

            Шүүгдэгч А.М нь 2022 оны 6 дугаар сараас 8 дугаар сарын 3-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Имарт худалдааны төвийн 1 давхарт байрлах “Technozone” ХХК-ийн Имарт-1 салбарт хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр байгууллагаас итгэмжлэн хариуцуулж өгсөн 14 ширхэг гар утсыг өөртөө завшиж, бусдад нийт 24.876.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Их Монгол овгийн Алтансүхийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар А.Мт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч А.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч А.Маас 21.359.000 төгрөг гаргуулж хохирогч “Technozone” ХХК-д олгож шийдвэрлэв.

            Шүүгдэгч А.Мын өмгөөлөгч Д.Батбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.М нь 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 399 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан хэдий ч энэ нь тохиолдлын шинжтэй хохирогчийн илт буруутай үйлдлийн улмаас дээрх хэрэгт холбогдсон. Нэг удаагийн алдааны улмаас түүний хувийн байдлыг бүхэлд нь тогтоох боломжгүй. А.М нь хэрэгт холбогдсон цагаасаа эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлыг бүрэн барагдуулахаа илэрхийлсээр ирсэн. Мөн хохирогч, хуулийн этгээд “Technozone” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхзул нь анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо А.Мт хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэх хүсэлт гаргаж байсныг харгалзан үзвэл Г.Мөнхзул болон А.М нар нь тодорхой хугацаанд хамт ажиллаж байсны хувьд түүний хувийн байдалд үндэслэн дээрх хүсэлтийг гаргасан гэж харж байна. А.Мын эх, эгч нар нь “Technozone” ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах тухай” хэлцлийг байгуулсан бөгөөд тус хэлцлийн хүрээнд хохирогчид учирсан хохирлыг тодорхой хуваарийн дагуу төлөх юм. Дээрх хэлцлийг байгуулахад хохирогч талаас А.Мт ямар нэгэн гомдол саналгүй, түүнд хорих ял эдлүүлэх санаа зорилго байхгүй, гагцхүү компанид учирсан хохирлоо төлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан. Өөрөөр хэлбэл, А.М нь хорихоос өөр төрлийн ял шийтгэл хүлээснээр, ажил хийж, холбогдогч талтай байгуулсан хохирол барагдуулах хэлцлийн дагуу төлөгдөх төлбөрийг эх болон эгч нарын хамт төлөлцөж хохирогчийг бүрэн бодитоор хохиролгүй болгож, хохирогчийн гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрх нь сэргэх боломж үүснэ гэж үзэж байна. Энэ нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нөхцөл байдалд бүрэн тохирно гэж үзэж байна. А.М болон түүний гэр бүлийн зүгээс хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлөхөө илэрхийлж, хохирогч талтай харилцан тохиролцон хохирол барагдуулах тухай хэлцлийг байгуулж, улмаар хохирогч тал гомдолгүй тухайгаа илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасан нөхцөл байдал үүссэн хэмжээн дүгнэж байна.

            А.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас энэ төрлийн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэг хэлбэрээр саад учруулаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулахаа илэрхийлж энэ тухай хэлцлийг хохирогч талтай байгуулсан, тэтгэврийн насны эхийн хамт амьдардаг зэргийг харгалзан үзэж давж заалдах шатны шүүхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж, эрх зүйн байдлыг нь дээрдүүлж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч А.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн хийсэн үйлдэлдээ маргаагүй. Би хоригдож байх хугацаандаа ихийг бодож эргэцүүллээ. Найзуудынхаа зааж өгсөн тоглоомд хэт их автаж, өөрийгөө болон бусдыг хохироосондоо маш их харамсаж байна. Миний бие хоригдохоосоо өмнө тасралтгүй 3 жил нийгмийн даатгал төлсөн, бусдад учруулсан хохирол төлбөрөө өөрийн цэвэр ариун хөдөлмөрөөр төлж барагдуулахыг хүсэж байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү хэмээн эрхэм шүүгч нараас гуйж байна. Бусдад хохирол учруулсандаа маш их харамсаж байна, намайг уучлаарай. ...” гэв.

            Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...А.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэж прокуророос 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан. Шүүгдэгчид уг саналын хүрээнд 1 жилийн хорих ял оногдуулсан. Эрүүгийн хариуцлагын зорилго нь тухайн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд гол зорилго оршиж байгаа. Иймд анхан шатны шүүхээс 1 жилийн хорих оногдуулсан нь үндэслэл бүхий  байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, оролцогчоос гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч А.М нь 2022 оны 6 дугаар сараас 8 дугаар сарын 3-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Имарт худалдааны төвийн 1 давхарт байрлах “Technozone” ХХК-ийн Имарт-1 салбарт хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр байгууллагаас итгэмжлэн хариуцуулж өгсөн 14 ширхэг гар утсыг өөртөө завшиж, бусдад нийт 24.876.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М "... 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдөр худалдааны зөвлөх А.Мын ээлж дээр бараа материалын тооллого хийхэд худалдааны зөвлөх А.М болон Бямбадэлгэр нарын итгэмжлэн хариуцуулсан 14 ширхэг гар утас дутсан байсан. Уг гар утаснуудын хайрцаг лац нь задарсан бөгөөд доторх гар утаснууд нь байхгүй байсан. Тэгээд энэ талаар А.Маас асуухад өөрөө эдгээр гар утаснуудыг хувьдаа ашиглахын тулд байгууллагаас авч ломбардад тавьсан гэдгээ хэлсэн. ...”/1хх 206-207/ гэх мэдүүлэг нь:

хүүхдээсээ асуусан чинь манай хүүхэд надад хандаж хэлэхдээ “тиймээ би 10 гаран гар утсыг нь авсан юмаа” гэж хэлсэн, “тухайн гар утаснуудыг ломбардуудад тавиад мөнгө болгоод компьютероор тоглоод алдсан юмаа, уучлаарай” гэж надад хэлсэн. Тэгээд би хүүхдээсээ аль ломбардад тавьсан талаар асуухад “хаа сайгүй тавьсан, нэг гар утсыг 300.000 төгрөгөөс 500.000 төгрөгийн хооронд тавьсан” гэж хэлсэн, тэгээд би хүүхдэдээ хандаж хэлэхдээ “миний цалин буухаар хоёулаа зах зухаас нь гар утаснуудыг авах уу” гэж хэлсэн чинь манай хүүхэд надад хандаж хэлэхдээ “тухайн гар утаснууд одоо зарагдсан байх, би 7 сараас хойш тухайн гар утаснуудыг ломбардад тавьсан, одоо байхгүй зарагдсан байх” гэж, мөн надад хандаж хэлэхдээ “манай хүүхдийн байгууллагын хүмүүс өөрсдөө наадмын амралтаар амралтанд яваад өөрийг нь ажил дээр нь үлдээгээд 2 хүний ажил хийлгэсэн, тэрэнд нь манай хүүхдийн уур нь хүрээд гар утаснуудыг хулгай хийгээд ломбардад тавсан” гэж надад манай хүүхэд надад хэлсэн. ...”/1хх 18/,

шүүгдэгч А.Мын яллагдагчаар өгсөн: "... Би 2022 оны 6 дугаар сарын Пэёон аппликейшнээр 3.000.000 төгрөгийн зээл авч койн худалдаж авсан. Тэгээд миний авсан койн хувьцаа унасны улмаас алдагдалд орж би өрөнд орсон. Тэгээд 2022 оны 6 дугаар сарын дундуур “Samsung S 22 Ultra” 128 gb-ийн гар утас 1 ширхгийг байгууллагын шүүгээнээс авсан. Дараа нь уг гар утсаа Хүнсний 4-т байрлах “найман хад гэсэн нэртэй ломбардад 2.400.000 төгрөгөөр барьцаалан зээлдүүлж тавьсан. Дараа нь “Samsung galaxy” А53 загварын гар утсыг ажлын шүүгээнээс аваад улмаар Хүнсний дөрвийн “Эф-1 гэх нэртэй ломбардад 500.000 төгрөгөөр тавьсан. Дараа нь хоёр дахь “Samsung galaxy” А53 загварын гар утсыг бас Хүнсний дөрвийн “эф-1 гэх нэртэй ломбардад 500.000 төгрөгөөр тавьсан. Дараа нь “huawei nova 9” загварын гар утас 1 ширхэг ажлын шүүгээнээс авч хүнсний дөрөвт байрлах нэрийг нь мэдэхгүй ломбардад 700.000 төгрөгөөр тавьсан. Дараа нь гурав дахь “Samsung galaxy” А53 загварын гар утсыг ажлын шүүгээнээс аваад улмаар сансарт байрлах ломбардад 500.000 төгрөгөөр тавьсан. Дараа нь 1 дэх “Samsung galaxy АЗЗ загварын цэнхэр гар утсыг ажлын шүүгээнээс аваад хүнсний дөрвийн “эф-1 ломбардад 350.000 төгрөгөөр тавьсан. Дараа нь “Samsung galaxy АЗЗ загварын цэнхэр өнгөтэй гар утсыг ажлын шүүгээнээс аваад хүнсний дөрвийн “Альфа гэх нэртэй ломбардад 350.000 төгрөгөөр тавьсан. Дараа нь “Samsung galaxy АЗЗзагварын ягаан гар утсыг ажлын шүүгээнээс аваад Хүнсний найман Анд ломбардад 300.000 төгрөгөөр тавьсан Дараа нь 1 дэх “Samsung galaxy АОЗ Коор загварын гар утсыг ажлын шүүгээнээс аваад сансрын “Банбан” ломбардад 80.000 төгрөгөөр тавьсан. Дараа нь 1 дэх “Samsung galaxy А13загварын гар утсыг ажлын шүүгээнээс аваад Сансарын нэрийг нь мэдэхгүй ломбардад 200.000 төгрөгөөр тавьсан. Дараа нь “Samsung galaxy А13 загварын гар утсыг ажлын шүүгээнээс аваад Сансарын “Банбан” ломбардад 200.000 төгрөгөөр тавьсан. Дараа нь 2 дахь “Samsung galaxy АОЗ Коор загварын гар утсыг ажлын шүүгээнээс аваад сансрын нэрийг нь мэдэхгүй ломбардад 100.000 төгрөгөөр тавьсан. Дараа нь 2 дахь “Samsung S 22 Ultra” 128 gb-ийн гар утсыг ажлаас аваад Сансарын Банбан ломбардад 2.200.000 төгрөгөөр тавьсан. Би нэрийг нь мэдэхгүй, ломбардууд дээр очвол байршлыг нь сайн зааж өгч чадна. Би эдгээр гар утаснуудаас “Samsung galaxy АЗЗ загварын 2 ширхэг цэнхэр өнгийн гар утас, “Samsung galaxy А13 цэнхэр өнгийн 1 ширхэг гар утаснуудыг өнөөдөр буюу 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдөр буцаан өгсөн. Бусад үлдсэн гар утаснуудыг удаахгүйгээр 8 сардаа багтаагаад өгөх болно. Би энэ үйлдэл ээ хүлээн зөвшөөрч байгаа, мөн тухайн байгууллагаас авсан гар утаснуудын хохирлыг буцаан 2-3 сарын дотор бүрэн барагдуулах болно. ...” /1хх 203/ зэрэг мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Итгэмжлэн хариуцсан этгээд гэдэгт аливаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар албан тушаалын хувьд үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.

Хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээс үзэхэд, А.М нь 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Имарт худалдааны төвийн 1 давхарт байрлах “Technozone” ХХК-ийн Имарт-1 салбарт худалдааны зөвлөхөөр ажиллаж байх үедээ буюу 2022 оны 6 дугаар сараас 8 дугаар сарын 3-ны өдрийн хооронд итгэмжлэн хариуцуулж өгсөн 14 ширхэг гар утсыг өөртөө  авсан байсан нь тогтоогдсон тул түүнийг бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд гэж үзнэ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Мын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, нийт 24.876.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байх бөгөөд түүний гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

Хэдийгээр шүүгдэгч А.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад “Technozone” ХХК-д учруулсан 21.400.000 төгрөгийн хохирлоос “хохирол барагдуулах хэлцлийн дагуу” 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг, 12 дугаар сарын 2-ны өдөр мөн 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үлдэх 19.400.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч 14 удаагийн үйлдлээр, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан үйлдэлд анхан шатны шүүхээс 1 жилийн хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдалд тохирсон байх тул ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй байна.

            Иймд “...хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгөхийг” хүссэн шүүгдэгч А.Мын өмгөөлөгч Д.Батбилэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/1645 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Мын өмгөөлөгч Д.Батбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                                Т.ШИНЭБАЯР

                                    ШҮҮГЧ                                               М.ПҮРЭВСҮРЭН

 

                                    ШҮҮГЧ                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ