Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/40

 

П.О*******т холбогдох эрүүгийн

                                                                хэргийн тухай

 

Бан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ерөнхий шүүгч Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар

 

Прокурор, М.Сайнзаяа,

Шүүгдэгч П.О*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал,

Хохирогч С.М******* /цахим/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батхүү /цахим/, П.Цэцгээ /цахим/,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбан нарыг оролцуулан

 

Бан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэлийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/239 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.М*******ын өмгөөлөгч Ц.Батхүү, П.Цэцгээ нарын гаргасан давж заалдах гомдлоор П.О*******т холбогдох 2215000000198 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Д.О.

 

П.О******* нь 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Бан аймгийн Могод сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.М*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Бан аймгийн Прокурорын газраас: П.О*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Бан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Шүүгдэгч Х******* овогт П*******ийн О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О*******ыг 3 /гурав/ сарын хугацаагаар Бан аймгийн Б******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.О******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Энэ хэрэгт шүүгдэгч П.О******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.О*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О*******аас 9.208.884 /есөн сая хоёр зуун найман мянга найман зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ... дүгээр хороо ...... тоотод оршин суух хохирогч С.М*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 5.000.000 /таван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж,

 Шүүгдэгч П.О*******аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Батхүү, П.Цэцгээ нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хариуцлага гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэлээгүй тухайд:

Хохирогч С.М*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан шүүгдэгч П*******ийн О*******ын гэм буруу шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож тогтоогдсон ч шүүхээс түүнд оногдуулсан “зорчих эрхийг хязгаарлах” ял хугацааны хувьд хэт богино буюу хөнгөдсөн байгаад хохирогч С.М******* гомдолтой байгаа.

Учир нь анхан шатны шүүх “...эрүүл мэндэд нь 2, 3-р нугалмуудын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун 1, зүүн 1-р шүдний баралт, буйланд шарх, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан... гэж зөвхөн шинжээчийн дүгнэлтэнд дурдсан гэмтлийн талаар дурдаад хохирогч С.М*******ын эрүүл мэндэд цаашид нөлөөлж болзошгүй ...2 үений нурууны голын зөөлөн эд диск дээр бүрхүүл урагдалтай ханзарсан, I өнчин тархины хажууд усан уйланхай үүссэн гэсэн дүрс оношилгоо шинжилгээний баримтыг үнэлээгүй орхигдуулсан нь (уг баримтыг шүүх хуралдааны шатанд шүүхэд өгсөн, мөн хохирогч мэдүүлэгтээ дурдсан) шүүхээс оногдуулсан ялын хугацаанд нөлөөлсөн.

П.О*******ын учруулсан гэмтлийн улмаас хохирогч удаан хугацаагаар хэвтэрт хөдөлмөрлөх чадваргүй байгааг шүүгдэгч мэдсээр байж, хамгийн наад зах нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд тогтоогдсон хохирлыг төлөөгүй, түүнчлэн сэтгэл санааны ямар ч дэмжлэг үзүүлээгүй, уучлалт гуйгаагүй, үл тоосон байдлаар хандаж байсанд хохирогч гомдолтой байгаа, П.О*******т эрүүгийн ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй байхад шүүхийн оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй буюу хөнгөдсөн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчимд нийцээгүй юм.

2. Хор уршгийг буюу өмгөөлөгчид төлсөн хөлсийг хэрэгсэхгүй болгосон тухайд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2-т энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж зааснаар хохирогч С.М******* өмгөөлөгч бид нарт төлсөн өмгөөллийн хөлсийг “хор уршигт тооцож” шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам"-ын 2.6.6-д “...төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр олгохоор заасан", "Төлбөрийн чадваргүй хохирогчид улсын өмгөөлөгч томилсон тохиолдолд үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор заасан байх тул төлбөрийн чадвартай хохирогч нь сайн дурын үндсэн дээр өмгөөлөгч авсан тохиолдолд үүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож гаргуулах хууль зүйн үндэслэлгүй, иргэд хоорондын сайн дурын чөлөөт сонголтын үндсэн дээр хийгддэг хэлцэл байна” гэсэн дүгнэлтийг хийж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болсон юм. Учир нь: Дээрхи тогтоолд зааснаас бусад хохирогчийн хувьд өмгөөллийн үйлчилгээний хөлсийг гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон шүүгдэгчээс огт гаргуулан авах эрхгүй гэсэн ойлголт биш юм.

Журмын дээрх заалтын гол агуа нь Хууль зүйн туслалцааны тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулиудын хүрээнд хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй авах хүнд хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлэхээр хуульчилсантай холбоотойгоор тусгайлан журамласан заалт бөгөөд шүүх төлбөрийн чадвартай хохирогч нь сайн дурын үндсэн дээр өмгөөлөгч авсан тохиолдолд хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож гаргуулах хууль зүйн үндэслэлгүй, иргэд хоорондын чөлөөт сонголтын үндсэн дээр хийгддэг хэлцэл гэж дүгнэж өмгөөллийн үйлчилгээний хөлс нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосонд хохирогч гомдолтой байгаа.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.9-д ...өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй гэсэн хуулиар хамгаалагдсан эрхийн дагуу хохирогч С.М******* өмгөөлөгчөөр өмгөөлүүлсэн эрх зүйн туслалцаа авсныг шүүх буруу мэтээр үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Түүнчлэн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч, өмгөөлүүлсний үйлчилгээний хөлсийг эрүүгийн хэрэгт гаргаагүй тохиолдолд хэрхэн яаж уг хор уршгийг арилгуулах талаар ч шийтгэх тогтоолдоо зааж өгөөгүй нь хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.

Хохирогч С.М******* нь хуульч мэргэжилгүй, хууль эрх зүйн мэдлэггүй тул Монгол Улсын Үндсэн хууль болон ЭБШХ-д заасан өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлж, өмгөөлөгч авч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсныг шүүхээс хохирогчийг буруутгах үндэслэл болохгүй. Шүүгдэгч П.О******* хохирогчийг ямар ч шалтгаангүйгээр зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулж хохироогоогүй бол түүний гэмт үйлдлээс үүссэн хүндэвтэр гэмтлийн улмаас хөдөлж чадахгүй удаан хугацаагаар хэвтэрт орж сэтгэл зүйн хүнд дарамтад ороогүй бол өмгөөлөгчөөс хууль, эрх зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх шаардлага гарахгүй байснаас гадна өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс төлж, давхар хохирохгүй байсан зэрэг бодит байдлыг шударга ёсны үүднээс харгалзан үзэж хор уршгийн асуудлыг бүрэн хэмжээгээр шийдвэрлэж, хохирогч С.М*******ын эрхийг хамгаалж өгөхийг хүсье. Мөн шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хуулиар олгосон боломжийг ашиглах талаар саналаа илэрхийлээгүйг дурдав.” гэв.

 

Хохирогч С.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ гэмтлээс болж удаан хугацаагаар эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Надаас нэг ч удаа уучлалт гуйж утсаар залгаж яриагүй. Хэрэг болдог өдөр шүүгдэгчээс болиоч гээд гуйгаад байхад чамайг ална гэж заналхийлж над руу улам дайрч зодсон. Ажил, гэр ахуй амьдрал маань хэцүү байна. Би их гомдолтой байна. Буцаад эрүүл байсан шигээ ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа. Эмчийн зүгээс гам сайн барьж их хөдөлгөөн хийж болохгүй, хүнд хүчир ажил хийж болохгүй гэсэн байгаа. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Иймд давж заалдах гомдлыг маань хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв. 

 

Шүүгдэгч П.О******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Өөрийн төрсөн дүүгээс өөрцгүй хүнийг гэмтээсэндээ үнэхээр их гэмшиж харамсаж байна. Надад үнэхээр хэцүү байна. Хийсэн үйлдэлдээ үнэхээр их харамсаж байна. Хохирогч С.М*******аас дахин дахин уучлалт гуйж байна. Надад бас их хэцүү байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн байгаа. Энэ гэмт хэргийн ялын хувьд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн ялын 3 төрөл байдаг. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан байдал, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцаа дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн байх ба С.М*******ын эрх, эрх чөлөөнд халдаж бие махбодод нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг нь харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Ийм учраас ял багадсан байна, ялыг нэмэгдүүлж өгнө үү гэсэн хохирогчийн өмгөөлөгчийн санал, дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг тусгаж өгсөн байгаа. Зүйлчлэлийг өөрчлөх, ялыг хүндрүүлэх асуудал нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнд тусгагдаагүй учраас давж заалдах гомдлыг хууль бус гэж үзэж байна. Хохирол төлбөрийн хувьд ганцхан өмгөөллийн хөлсөн дээр гомдол гаргасан. Анхан шатны шүүх хохирол, хор уршгийн тал дээр хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Хохирогч тал өөрт ашигтай байдлаар хуулийн зүйл заалтыг тайлбарлаад байна. Монгол улсын Засгийн газрын баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох журмаар зөвхөн төлбөрийн чадваргүй этгээдэд өмгөөлөгч томилж өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлсэн бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хохиролд тооцохоор зааж өгсөн зүйл заалт юм. Гэтэл хохирогчийн өмгөөлөгч буруу тайлбарлаад байна. Аливаа нэг гэмт хэргийн хохирогч нь хэдэн ч өмгөөлөгч авч болохоор хуульчилсан байгаа. Харин өмгөөллийн хөлс зардлын хувьд улс даяар нэгдсэн тогтсон жишиг гэж байхгүй. Өөрөөр хэлбэл хэдэн ч өмгөөлөгчийг хэдэн ч төгрөгөөр авсныг хэн ч хэлж мэдэхгүй. Хэдэн зуун сая төгрөг нэхэмжлэхийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Харин анхан шатны шүүх өмгөөлөлийн хөлсийг хангахгүй талаар тайлбар дүгнэлтдээ “Төлбөрийн чадваргүй хохирогчид улсын өмгөөлөгч томилсон тохиолдолд үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор заасан байх тул төлбөрийн чадвартай хохирогч нь сайн дурын үндсэн дээр өмгөөлөгч авсан тохиолдолд үүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож гаргуулах хууль зүйн үндэслэлгүй, иргэд хоорондын сайн дурын чөлөөт сонголтын үндсэн дээр хийгддэг хэлцэл байна” гэсэн нь үнэхээр хуульд нийцсэн үндэслэл бүхий байна. Ийм учраас Засгийн газраас энэ заалт дээр хязгаарлалт тогтоож өгсөн байгаа. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн өмгөөллийн хөлсийг хангахгүй орхиж бусад бүх хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч П.О******* сая шүүхийн хэлэлцүүлэгт болон анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээж, хийсэн хэрэгтээ гэмшиж төрсөн дүүгээс өөрцгүй хүнд гэмтэл учруулсандаа их харамсаж байгаа гэдгээ хэллээ. Ингэж байгаа нь хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/239 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв

 

Прокурор М.Сайнзаяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилсан байгаа. Шүүгдэгч П.О******* нь хохирогч С.М*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Шинжээч дүгнэлтдээ эрүүл мэндийн хувьд эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж дурдсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг арилгуулахаар 254,500 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нараас нийт хохиролд 14,130,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүн дээр мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан 254,500 төгрөгийг нэмж нэхэмжилнэ гэдгээ илэрхийлсэн. Анхан шатны шүүх нийт нэхэмжлэлийг бүрэн хянаад өмгөөллийн хөлс 5,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, бусад хохирлыг бүгдийг нь хангаж шийдвэрлэсэн. Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн нэхэмжилсэн бүх нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө илэрхийлсэн. Гэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч өмгөөллийн хөлсийг төлөхгүй гэж санал дүгнэлтээ гаргасан. Улсын яллагчийн зүгээс өмгөөллийн хөлс 5,000,000 төгрөгийг шүүгдэгч нь төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгчээс уг мөнгийг гаргуулах нь зүйтэй байна гэсэн санал, дүгнэлтийг гаргаж оролцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байгаа. Анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү“ гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хохирогч С.М*******ын өмгөөлөгч Ц.Батхүү, П.Цэцгээ нарын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийн үйл баримт болон хэрэгт ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн тогтоосон байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх үед хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага ноцтой зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх Эрүүгийн хуулийг хэргийн үйл баримтад зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

Бан аймгийн Могод сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.М*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь  болох нь:

Хохирогч С.М*******ын “...О******* нь машины урдуур орж ирж зогсоод намайг явуулахгүй машины хаалга онгойлгож татаж буаад машинаас холдож байгаад юм яръя гэхээр нь дагаад явж байтал янз бүрээр хэл амаар доромжлоод, хэрүүл өдөж байгаад хавирч газар унагаад нүүр лүү нэг удаа өшиглөж дээд нэг үүдэн шүдийг хугалсан /унасан/. Тэгэхээр нь би та миний шүдийг хугалчихлаа гэж хэлтэл дахин машины араар орж юм ярина гээд мөрнөөс татаад байхаар нь дагаад ортол би угаасаа чамд хорсож явдаг та нарыг бүгдийг чинь ална гэж хэлээд дахин хавирч унагаагаад гараараа нүүр лүү цохиод хөлөөрөө миний хоёр хавирга руу өшиглөөд байсан тухайн үед миний 2 хавирга хугарчих шиг болсон тэгэхээр нь би О*******ыг одоо боль гэж хэлтэл намайг ална гэж хэлээд миний гар утсыг аваад дээлийг тайлж угаасаа чамайг алъя гэж бодсон би Т******* шиг байж чадна гээд инээгээд байсан. Тухайн үед дахин үүдэн дээд шүдний нэг нь хугарсан /унасан/ байсан ...” гэх мэдүүлэг, /хх-н 6 дугаар тал/,

Гэрч Э.С*******ийн “М*******, О******* хоёр нь хоорондоо архи ууж байгаад хэрэлдээд байж байтал О******* нь М*******ын нүүр лүү цохиод шүдийг нь хугалсан чинь М******* нь миний хоёр шүдийг хугалаад хаячихлаа гэсэн чинь О******* нь чи яасан бааштай янгууч пизда вэ гэж хэлээд О******* нь М*******ын дээр гарч сууж байгаад цохиж байгаад хавиргыг нь гэмтээсэн чинь М******* ах миний хоёр шүд хоёр хавирга хугалчихлаа одоо болно гэж хэлсэн чинь О******* нь Т******* Э*******ыг алсан шиг ална гэж хэлээд дахин нүдээд байсан. Тухайн үед очоод салгах гэсэн чинь бид нарыг ойртох юм бол ална гэж хэлээд архины шил бар******* дайраад байсан. Тэгээд М******* ах босож ирээд машинаа унаад зугтаагаад яваад өгсөн” гэх мэдүүлэг, /хх-н 9-10 дугаар тал/,

Гэрч С.М*******ын “...гар утсаар манай дүү М******* нь над руу залгаад намайг О******* зодчихлоо миний хоёр шүдийг ба цохисон, цээжээр өвдөөд амьсгалж чадахгүй байна хамгийн түрүүн намайг зодчихоод дараагийн хүнийг ална гэж хэлээд Тын ухаа гэх морийг унаад бусад хүмүүсийг хөөгөөд явчихаар нь уг хүнээс зугтаагаад машинаа унаад Та ах дээр ирээд Та ахын утсаар ярьж байна гэж хэлсэн” /хх-н 17-18 дугаар тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 11017 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “С.М*******ын биед 2, 3-р нугалмуудын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун 1, зүүн 1-р шүдний баралт, буйланд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун 1, зүүн 1-р шүдний баралт гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги 10%-иар алдагдуулна” гэх дүгнэлт /хх-н 25-26 дугаар тал/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хохирогч С.М*******ын өмгөөлөгч Ц.Батхүү, П.Цэцгээ нарын ...шүүхийн оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй буюу хөнгөдсөн. ... өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч, өмгөөлүүлсний үйлчилгээний хөлсийг эрүүгийн хэрэгт гаргаагүй тохиолдолд хэрхэн яаж уг хор уршгийг арилгуулах талаар ч шийтгэх тогтоолдоо зааж өгөөгүй нь хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна” гэж давж заалдах гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.  

Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч П.О*******ыг дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, П.О*******т хуульд заасан төрөл, хэмжээний дотор 3 сарын хугацаагаар Бан аймгийн Б******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3, 1.4 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг тус тус хангасан, анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн Зургаадугаар бүлэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл, журмыг хуульд зааснаар баримталсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг баталсан ба тус журмын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцно” гэж заасан.

Хохирогч С.М******* нь хууль зүйн туслалцаа авах эрхийнхээ хүрээнд өөрийн сонгож авсан өмгөөлөгчтэй харилцан тохирч төлсөн 5.000.000 төгрөгийн өмгөөллийн хөлс нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол биш бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул хохирогчийн өмгөөлөгч Ц.Батхүү, П.Цэцгээ нарын “...өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч, өмгөөлүүлсний үйлчилгээний хөлсийг эрүүгийн хэрэгт гаргаагүй тохиолдолд хэрхэн яаж уг хор уршгийг арилгуулах талаар ч шийтгэх тогтоолдоо зааж өгөөгүй...” гэсэн агуа бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, хохирогч Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцогдох хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн шүүхээс хохирогчийн гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Ц.Батхүү, П.Цэцгээ нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Бан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/239 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч С.М*******ын өмгөөлөгч Ц.Батхүү, П.Цэцгээ нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.АРИУНЦЭЦЭГ

 

            

                                       ШҮҮГЧ                                   С.ЦЭЦЭГМАА

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ