| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/01778/И |
| Дугаар | 182/ШШ2024/03421 |
| Огноо | 2024-08-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 182/ШШ2024/03421
2024 08 16 182/ШШ2024/03421
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ............. тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч ............. хаягт оршин суух Х.А /РД:0000000000/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................................ байрлах, АГ-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 25,000 ам.доллар буюу 84,396,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Д,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.А нь хариуцагч АГ-т холбогдуулан гэрээний үүрэгт 25,000 ам.доллар буюу 84,396,250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. ...Х.А 2018.07 дугаар сард Монгол улсын Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, АГ хамтран зохион байгуулсан гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэгтэйгээр суралцуулах уралдаант шалгаруулалтын нэг, хоёр дугаар шатанд тус тус тэнцсэн бөгөөд 2018.07.17-ны өдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.С-аас гадаадад 100 хувь тэтгэлэгтэй суралцах эрхийн батламжийг гардан авсан.
Үүний дараагаар АГ-тай 2018.07.19-ний өдөр 18/06 дугаартай урт хугацааны гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу 2019.01.01-ний өдрөөс эхлэн Канад улсын Бритиш Колумбиа мужийн Саймон Фрейзер их сургуульд Хүрээлэн буй орчны инженер-ийн чиглэлээр сурч эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл үргэлжлүүлэн суралцаж байна.
Гэрээнд заасан үүргээ биелүүлж суралцах хугацаандаа сургалтын хөтөлбөрийн шаардлагыг тогтоосон хугацаанд хангаж, жил бүрийн сургалтын төлөх албан ёсны нэхэмжлэлийг авч АГ-т тухай бүр хүргүүлж ирсэн. Эдгээр нэхэмжлэлийн дагуу тус газраас сургалтын төлбөрийг 2018- 2019, 2019-2020, 2021-2022 оны хичээлийн жилийн төлбөрүүдийг төлж ирсэн.
Гэтэл 2022-2023 оны хичээлийн жил буюу 4 дэх жилийн төлбөрийн нэхэмжлэлийг сурлагын дүн, төлбөр шилжүүлэх зааврын хамтаар 2021.03.21-ний өдөр А.Г-ын Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Ө.Н-д цахим хаягаар илгээсэн. Мөн дахин 2022.02.21, 08.24-нд тус тус сурлагын дүн, сургалтын төлбөрийн нэхэмжлэлийг тус газрын мэргэжилтэн Г.А нарт цахим хаягаар илгээсэн боловч өнөөдрийг хүртэл 4 дэх жилийн сургалтын төлбөр болох 25,000 ам.доллар төлөгдөөгүй учраас өөрийн боломжоор хичээл сонголт хийж үргэлжлүүлэн суралцсаар байна...
Дээрх урт хугацааны сургалтын гэрээний 3.8-д Суралцагч нь гэрээний дагуу сурч буй сургуулиасаа дараа жилийн сургалтын төлбөр төлөх албан ёсны нэхэмжлэлийг заавал авч ирэх үүргийг хүлээх бөгөөд гэрээнд заасан сургалтын төлбөрийг сургуулын дансанд хугацаанд нь шилжүүлэхийг АГ-аас шаардах эрхтэй гэж заасны дагуу дээрх мөнгөн дүнг Канад улсын Бритиш Колумбиа мужийн Саймон Фрейзер Их Сургуулийн дансанд шилжүүлж өгөх хүсэлтийг бичгээр 2023 онд А.Г-ын даргад гаргасан боловч ямар нэгэн хариу өгөөгүй.
Үүний дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад 2023 онд гомдол гаргасан бөгөөд гомдолдоо АГ болон Х.А нарын хооронд байгуулсан 2018.07.19-ний өдөр 18/06 дугаартай урт хугацааны гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж ирсэн, суралцагчийн 2022-2023 оны хичээлийн жил буюу 4 дэх жилийн төлбөрийг ямар нэгэн шалтгаангүйгээр төлөхгүй удааж байгаа болон төлбөрийг шилжүүлж өгөх хүсэлтийг тус тус гаргасан.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд миний гаргасан гомдлыг хүлээн авч 2023 онд Х.А-гийн хүсэлтийг холбогдох хууль болон гэрээнд заасны дагуу шийдвэрлэж өгөхийг А.Г-ын даргад хүргүүлсэн.
Гэтэл А.Г-ын дарга өнөөдрийг хүртэл 2018.07.19-ний өдөр 18/06 дугаартай урт хугацааны гэрээнд заасан үүргээ зөрчсөн бөгөөд гэрээний 2.10-т заасан сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлэг, гадаад оронд амьдрах үеийн байрны зардал, эрүүл мэндийн даатгал, ном, сурах бичгийн зардал хариуцах буюу сургалтын зардлыг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй...
Иймд АГ болон Х.А нарын хооронд байгуулсан 2018.07.19-ний өдөр 18/06 дугаартай урт хугацааны гэрээнд заасны дагуу суралцагчийн 2022-2023 оны хичээлийн жил буюу 4 дэх жилийн төлбөрт 25,000 ам.доллар буюу нийт 84,396,250 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
2.Хариуцагч А.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...АГ болон Х.А нарын хооронд 2018.07.19-ний өдөр Урт хугацааны гэрээ 18/06 дугаартай гэрээ байгуулсан.
Нэг талаас А.Г-ыг төлөөлөн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, нөгөө талаас Х.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу батлан даагч Г.Ц нар харилцан тохиролцож гэрээг 2018.08.30-ны өдрөөс эхлэн 2018-2019, 2019-2020, 2020-2021,2021-2022 оны хичээлийн жил байхаар 2022.08.31-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр байхаар байгуулсан.
Гэрээний 2.1-д ...АГ нь энэхүү гэрээний 1.6-д заасан хугацааны сургалтын зардлыг хариуцна..., 2.5-д ...Сургалтын гэрээний сургалтыг суралцагчийн сурлагын дүн, сургуулийн албан ёсны тодорхойлолтыг үндэслэн ОХУ болон БНХАУ-д суралцагч нарт тухайн жилийн 08.25-ны дотор, харин бусад оронд суралцагсдын гэрээг мөн дээрх шаардлагын дагуу тухайн суралцагчийн хичээлийн улирал эхэлсэн огноог харгалзан хийнэ..., 2.6-д ...гэрээ сунгагдаагүй тохиолдолд суралцагчийн дараа жилийн төлбөрийг шилжүүлэхгүй... гэж харилцан тохиролцож тус гэрээ байгуулсан...
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.03.14-ний өдөр 579,931 төгрөг төлсөн баримт /хх-ийн 5 х/,
-2024.02.28-ны өдрийн 0091 бүртгэлийн дугаартай Д.Х-д олгосон итгэмжлэл /хх-ийн 6 х/,
-Ам.долларын ханшийн лавлагаа /хх-ийн 7-9 х/,
-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.27-ны өдрийн 128/ШЗ2024/1875 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 14-15 х/,
-2014.04.16-ны өдрийн 24/30 дугаартай Хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 22-23 х/,
-Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага /хх-ийн 59 х/,
-Саймон Фрейзер их сургууль руу төлбөрийн шилжүүлэг хийх заавар /хх-ийн 63 х/,
-Хичээлийн дүнгийн хуудас, төлбөр хүлээн авсан баталгаа /хх-ийн 64, 65 х/,
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024.05.01-ний өдрийн А/50 дугаартай Төлөвлөгөө батлах тухай тушаал, түүний хавсралтууд /хх-ийн 134-135 х/,
- А.Г-ын 2024.06.04-ний өдрийн 5/2502 тоот Албан бичиг /хх-ийн 136 х/,
-2022.07.20-ны өдрийн №00000289 дугаартай Төлбөрийн хүсэлт, Төсвийн байгууллагын гадаад хөрвүүлгийн гүйлгээний мэдүүлгүүд /хх-ийн 136 хуудасны ар төл, 137, 138-139 х/,
2023.08.23-ны өдрийн Баталгаа гаргах тухай /хх-ийн 140 х/ зэрэг баримтуудыг,
4.Хариуцагч тайлбар татгалзтайгаа холбогдуулан 2024.04.01-ний өдрийн 1/1442 дугаартай албан бичгээр Б.М-д олгосон итгэмжлэл /хх-ийн 18 х/,
-Хариу тайлбар /хх-ийн 24-25 х/,
-2018.07.19-ний өдөр 18/06 дугаартай Урт хугацааны сургалтын гэрээ /хх-ийн 60-62 х/,
5.Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2024.05.06-ны өдрийн 182/ШЗ2024/08301 дугаар Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар 2018.11.12, 2019.10.10, 2021.03.02, 2022.07.07-ны өдрүүдийн Сургалтын гэрээний хяналтын хуудас /хх-ийн 76, 78, 80, 84 х/,
-Төсвийн байгууллагын гадаад хөрвүүлгийн гүйлгээний мэдүүлгүүд /хх-ийн 77, 79, 81 х/
- И-мэйл хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 69-71 х/,
-Х.А-гийн 2022.08.18, 2022.08.25, 2022.09.22-ны өдрүүдэд А-ын даргад гаргасан өргөдөл, хүсэлт, тайлбар /хх-ийн 85, 86, 87 х/,
-2023.06.16, 2023.08.17-ны өдрүүдийн АГ-т гаргасан гомдол /хх-ийн 88-89 х/,
-2018.07.19-ний өдөр 18/06 дугаартай Урт хугацааны сургалтын гэрээ /хх-ийн 94-97 х/,
-Х.А-гийн 2021-2023 оны хичээлийн жилийн төлбөрийн нэхэмжлэл, сургалтын дүнг хариуцагчид хүргүүлсэн И-мэйл хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэл, хавсралт баримтууд /хх-ийн 105-108, 109-132 х/,
-гэрч М.У, Г.А нарын мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 149-153 х/,
-2024.06.11-ний өдрийн 128/ШЗ2024/10815 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар А.Г-ын 2023.11.01-ний өдрийн 1/5153 тоот Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн албан бичиг, Авлигатай тэмцэх газрын 2024.07.02-ны өдрийн 03/11366 тоот албан бичгүүдийг тус тус шүүхийн журмаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Х.А нь хариуцагч АГ-т холбогдуулан гэрээний үүрэгт 25,000 ам.доллар буюу 84,396,250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, 2024.05.13-ны өдөр 4 дэх жилийн сургалтын төлбөр 25,000 ам.доллар буюу 84,396,250 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
а. Талуудын хооронд 2018.07.19-ний өдөр байгуулагдсан 18/06 дугаартай Урт хугацааны сургалтын гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.7-д заасны дагуу сургалтын төлбөрийг сургуулийн дансанд хугацаанд нь шилжүүлэхийг АГ-аас шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.
3.Хариуцагч АГ нь талуудын хооронд байгуулсан 2018.07.19-ний өдрийн 18/06 дугаартай Урт хугацааны сургалтын гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.6, 2.8-д заасны дагуу гэрээний хугацаа сунгагдаагүй, хугацаа дууссан, мөн суралцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу батлан даагч нь суралцагчийн сурлагын дүн, сургуулийн албан ёсны тодорхойлолтыг АГ-т байгууллагын албан ёсны цахим хаягаар ирүүлээгүйгээс сүүлийн жилийн сургалтын төлбөр 25,000 ам.доллар буюу 84,396,250 төгрөгийг шилжүүлэх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Зохигчийн хооронд 2018.07.19-ний өдөр 18/06 дугаартай Урт хугацааны сургалтын гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээний 2, 3 дугаар зүйлд зааснаар АГ нь нэхэмжлэгчийг 2018.08.30-ны өдрөөс 2022.08.31-ний өдрийг хүртэл хугацаанд Канад улсын Бритиш Колумб мужийн Саймон Фрейзерийн их сургуульд Уул уурхайн нөхөн сэргээлт-ийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй суралцаж төгсөх хүртэл сургалтын төлбөр, амьдрах байрны болон эрүүл мэндийн даатгалыг тухайн сургуулиас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу сургуулийн дансанд шилжүүлэх, Х.А нь А.Г-ын сонгосон болон зөвшөөрсөн сургуульд гэрээнд заасан мэргэжлээр гэрээний хугацаанд суралцаж төгсөх, төгсч ирээд сургалтын гэрээ байгуулсан төрийн захиргааны байгууллагаас томилсон газарт болон уул уурхай, газрын тосны салбарт гурваас дээш жил тогтвор суурьшилтай ажиллах үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 94-97 х/,
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзэх ба 2018.07.19-ний өдөр 18/06 дугаартай Урт хугацааны сургалтын гэрээ-нд талууд хүсэл зоригийн илэрхийллээ болгон гарын үсгээ зурж, тамга даран баталгаажуулж хуулийн шаардлага хангасан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.
Тодруулбал гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд зохигч хэн алин нь дээрх гэрээг байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр гэдэгт маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна гэж,
мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж тус тус заасан.
Энэхүү зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Х.А нь урт хугацааны сургалтын гэрээний үүрэг буюу 4 дэх жилийн сургалтын төлбөрийг төлөх үүргийг гүйцэтгүүлэхийг хариуцагч АГ-т холбогдуулан гаргах эрхтэй байна.
Дээрх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6-д суралцагчийн сургалтын нийт үргэлжлэх хугацаа 4 жил байна, 2 дугаар зүйлийн 2.1-д АГ нь энэхүү гэрээний 1.6-д заасан хугацааны сургалтын зардлыг хариуцна, 2.3-т АГ нь суралцагчийн 2.10-д заасан сургалтын төлбөр, ...хариуцна, 2.4-т Сургалтын төлбөр ... тухайн сургуулиас ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу сургуулийн дансанд шилжүүлнэ..., 3 дугаар зүйлийн 3.1-д Суралцагч нь 2018.08.30-ны өдрөөс 2022.08.31-ний өдөр хүртэл Канад улсын Бритиш Колумб мужийн Саймон Фрейзерийн их сургуульд Уул уурхайн нөхөн сэргээлт-ийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй суралцаж төгсөх, 3.7-д Суралцагч нь гэрээний дагуу сурч байгаа сургуулиасаа дараа жилийн сургалтын төлбөр төлөх албан ёсны нэхэмжлэлийг заавал авч ирэх үүргийг хүлээх бөгөөд гэрээнд заасан сургалтын төлбөрийг сургуулийн дансанд шилжүүлэхийг АГ-аас шаардах эрхтэй гэж тохиролцжээ.
5.Хариуцагч АГ нь нэхэмжлэгчийн 2018-2019, 2019-2020, 2020-2021 онуудын сургалтын төлбөрт тус тус 25,000 ам.долларыг шилжүүлсэн, мөн нэг жилийн сургалтын төлбөр нь 25,000 ам.доллар байдаг талаар зохигч маргаагүй тул шүүх энэ асуудалд дүгнэлт өгөх шаардлагагүй.
6.Харин талуудын маргааны зүйл нь 2018.07.19-ний өдрийн 18/06 дугаартай Урт хугацааны сургалтын гэрээ-ний дагуу нэхэмжлэгч Х.А-гийн Канад улсын Бритиш Колумб мужийн Саймон Фрейзерийн их сургуульд суралцах 4 дэх жилийн төлбөр болох 25,000 ам.доллар буюу 84,396,250 төгрөгийг шаардах эрхтэй эсэх, гэрээний хугацаа дууссан эсэх талаар байна.
7.Нэхэмжлэгч Х.А нь талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д заасны дагуу сурч байгаа сургуулиасаа дараа жилийн сургалтын төлбөр төлөх албан ёсны нэхэмжлэлийг хариуцагч байгууллагад илгээх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
Учир нь хэрэгт авагдсан 2022.07.07-ны өдрийн Сургалтын гэрээний хяналтын хуудаст АГ-тай Урт хугацааны сургалтын гэрээ байгуулан Канад улсын Бритиш Колумб мужийн Саймон Фрейзерийн их сургуулийн бакалаврт суралцагч Х.А, сургалтын төлбөрийг шилжүүлэхээр материалыг хүлээн авсан ТЗУХ-ийн ахлах нягтлан бодогч, хүлээн авсан 2022.06.22 гэсэн баримт /хх-ийн 84 х, хүснэгтийг харуулав/
| № | Суралцагчийн мэдээлэл | Тайлбар | Албан тушаал | Гарын үсэг (он, сар, өдөр) |
|
1 | Сургалтын гэрээний сунгалт, баталгаажилт хийгдсэн эсэх | Санхүүд 10,000$ шилжүүлье | ТЗУХ-ийн дарга | Б.Д |
|
2 | Сургуулиас ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу сургуульд шилжүүлэх, суралцагчид олгох | 2021-2022 оны хичээлийн жилийн төлбөр 25,000$ -4 дэх жил 10,000$ шилжүүлэх боломжтой | ТЗУХ-ийн сургалт хариуцсан мэргэжилтэн | Г.А |
|
3 | Өмнөх онд төлбөр шилжүүлсэн эсэх, шилжүүлсэн огноо | Сүүлийн жилийн төлбөрөөс 10,000$ шилжүүлэх боломжтой | ТЗУХ-ийн ахлах нягтлан бодогч | Х.Ч |
гэрч Г.А-ийн шүүх хуралдаанд өгсөн ...Эхний 3 жилийн төлбөр шилжсэн. Сүүлийн жилд манай байгууллагын сургалтын төлбөрийн төлөвлөгөө батлагдсан. Удирдах албан тушаалтан солигдсон, сургалттай танилцах шаардлагатай болсон. Бүгдийг танилцуулж, 10,000 долларын төлбөр гарсан. Сургуулийн хуучин дансаар өгсөн байсан. Энэ нь манай байгууллага руу буцаж, орж ирсэн. Эргээд сургалтын төлбөр төлөх гэтэл гэрээний хугацаа дууссан. Ковид-19 цар тахлын улмаас ихэнх оюутнуудын гэрээний хугацаа 1-2 жилээр сунасан. Манай дээр АТГ-аас шалгалтууд ирээд, хойшлогдсон. Тэгээд АГ нь хяналт, шалгалтын дүгнэлт ирсний дараа оюутнуудын төлбөрийг гаргаж эхлье гэж ярьсан..., Х.А тухайн бүрт нь нэхэмжлэх болон дүнг шаардсан хугацаанд явуулж байсан..., Сургалтын санд орж ирж байгаа мөнгө нь аж ахуйн нэгжүүдээс орж ирдэг. 1 компани нь 50,000 доллар байдлаар сургалтын санд шилжүүлдэг. Үүнээс орж ирсэн мөнгөн дүнгээс хамаарч, бүтнээр шилжүүлэх тохиолдол бага байдаг... гэх мэдүүлэг,
мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн 4 дэх жилийн сургалтын төлбөрт 10,000 ам.доллар буюу 31,597,000 төгрөгийг 2022.07.20-ны өдөр шилжүүлсэн болох нь Төлбөрийн хүсэлт №00000289 гэх баримтаар тус тус тогтоогдож байна.
Дээрх баримтуудаас үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.6, 2.8-д заасны дагуу гэрээний хугацаа сунгагдаагүй, хугацаа дууссан, мөн суралцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу батлан даагч нь суралцагчийн сурлагын дүн, сургуулийн албан ёсны тодорхойлолтыг АГ-т байгууллагын албан ёсны цахим хаягаар ирүүлээгүйгээс суралцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу батлан даагч нь суралцагчийн сурлагын дүн, сургуулийн албан ёсны тодорхойлолтыг АГ-т ирүүлээгүйгээс гэрээний 5.1-д заасан дагуу гэрээний сунгалт хийгдээгүй, гэрээний хугацаа дууссан учраас сүүлийн жилийн сургалтын төлбөр 25,000 ам.долларыг шилжүүлэх боломжгүй... гэсэн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.
8.Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, 204.2-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэжээ.
Талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.8-д сургалтын гэрээг цуцлах талаар тохиролцсон байгаа боловч энэхүү гэрээ нь хиймэгц биелэх бус харин урт хугацааны гэрээ байх тул энэ төрлийн гэрээг цуцлахад хэн аль нь үүргээ зөрчсөн, зөрчлийг арилгах талаар урьдчилан сануулах учиртай. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2022.08.31-ний өдөр дуусгавар болохоор тусгагдсан байгаа боловч гэрээний үүргийн зөрчлийн улмаас зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулсан, гэрээг цуцлах талаар саналаа хариуцагч нь нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасан.
Нэхэмжлэгч Х.А нь сургалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д заасны дагуу суралцагчийн сурлагын дүн, сургуулийн албан ёсны тодорхойлолтыг хариуцагч АГ-т хүргүүлж байсан, 4 дэх жилийн сургалтын төлбөрийг шилжүүлэх талаар гэрээний хугацаа дуусахаас өмнө хариуцагч байгууллагын даргад 2022.08.18, 2022.08.25-нд тус тус өргөдөл /хх-ийн 85, 86 х/ гаргаж байсан талаарх баримтууд болон гэрч Г.А-ийн ...Х.А-гийн суралцах хугацаанд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас ихэнх оюутнуудын гэрээний хугацаа 1-2 жилээр сунасан... гэх талаар мэдүүлэг, мөн хариуцагчаас нэхэмжлэгчийн 4 дэх жилийн сургалтын төлбөрт 10,000 ам.доллар буюу 31,597,000 төгрөгийг 2022.07.20-ны өдөр Канад улсын Бритиш Колумб мужийн Саймон Фрейзерийн их сургууль руу шилжүүлсэн зэргээс үзэхэд зохигчийн байгуулсан гэрээг сунгагдсан, нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэхээр байна.
9.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасны дагуу 2018.07.19-ний өдрийн 18/06 дугаартай Урт хугацааны сургалтын гэрээ-гээр хүлээсэн үүргээ талууд зохих ёсоор харилцан биелүүлэх үүрэгтэй.
Нэхэмжлэгч Х.А гэрээнд заасны дагуу суралцагчийн сурлагын дүн, сургуулийн албан ёсны тодорхойлолтыг хариуцагч АГ-т хүргүүлэх үүргээ хэрэгжүүлсэн байхад хариуцагч нь түүний 4 дэх жилийн сургалтын төлбөрийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж тус тус заасны дагуу хариуцагч нь Х.Агийн 4 жилийн сургалтын төлбөрийг төлөх үүрэггүй гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Иймээс хариуцагч АГ-аас Х.А-гийн 4 дэх жилийн сургалтын төлбөр 25,000 ам.доллар буюу 84,396,250 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх үндэстэй байна.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, ... тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 2024.03.13-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаагаар 1 ам.долларыг 3,375.85 төгрөгөөр тооцож 4 дэх жилийн сургалтын төлбөр болох 25,000 ам.доллар буюу 84,396,250 төгрөгөөр тогтоосны дагуу хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
11.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.03.14-ний өдөр төлсөн 579,931 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 579,931 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн, 115.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 206 дугаар зүйлийн 206.1, 225 дугаар зүйлийн 225.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х.А-гийн 4 дэх жилийн сургалтын төлбөр 25,000 ам.доллар буюу 84,396,250 төгрөгийг АГ-аас гаргуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.03.14-ний өдөр төлсөн 579,931 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 579,931 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА