| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/03434/И |
| Дугаар | 182/ШШ2024/03485 |
| Огноо | 2024-08-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 182/ШШ2024/03485
2024 08 27 182/ШШ2024/03485
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,
Нэхэмжлэгч: ................................ тоот хаягт байрлах, Ц ББСБ ХХК /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................................. тоот хаягт оршин суух, О.У /РД:0000000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 533,012 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.У нь 2020.12.11-ний өдөр манай ББСБ-ын KMOBIMN цахим зээлийн үйлчилгээнд №32478 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 300,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 24,900 төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн.
Бидний хооронд байгуулагдсан зээлийн эрх нээх гэрээний 4 дүгээр зүйлийн 2.2-т Зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг, түүнд ногдох шимтгэлийн хамт үл маргах журмаар төлөх, 4 дүгээр зүйлийн 2.3-т Зээл, зээлийн шимтгэлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хүү төлөх гэж заасан. Мөн Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн эрх нээх гэрээний 5 дугаар зүйлийн 1.5-д зааснаар Зээл болон зээлийн шимтгэлийг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь төлүүлэх эрхтэй гэж заасан.
Гэтэл зээлдэгч О.У нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна. Зээлдэгч нь 2024.05.06-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 299,675 төгрөг, шимтгэлийн үлдэгдэл 4,874 төгрөг, хүүгийн үлдэгдэл 228,552 төгрөг, нийт 533,012 төгрөгийн өр төлбөртэй байна.
Иймд хариуцагч О.У-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 533,012 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.У шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Ц ББСБ ХХК-иас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл нь 533,012 төгрөг байна. Уг төлбөрийг 2024.09.30-ны дотор 266,506 төгрөг, 2024.10.31-ний дотор 266,506 төгрөгөөр төлж барагдуулна... гэжээ.
Нэхэмжлэгч Ц ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн тайлбартай танилцаж, төлбөр төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц ББСБ ХХК нь хариуцагч О.У-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 533,012 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч О.У нь нэхэмжлэлийн шаардлага болох 533,012 төгрөгийг 2024.09.30-ны дотор 266,506 төгрөг, 2024.10.31-ний дотор 266,506 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Ц ББСБ ХХК-иас 2024.05.07-ны өдөр Б.Ц-д 1 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 01/1607 дугаартай итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч нь хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.
Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч О.У-аас тэмдэгтийн хураамжид 8,325 төгрөг, улсын төсвийн орлогоос 8,325 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.05.08-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,650 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч О.У нь нэхэмжлэлийн шаардлага болох 533,012 төгрөгийг 2024.09.30-ны дотор 266,506 төгрөг, 2024.10.31-ний дотор 266,506 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Ц ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч О.У-аас тэмдэгтийн хураамжид 8,325 төгрөг, улсын төсвийн орлогоос 8,325 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.05.08-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,650 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА