Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2024/03521

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 30 182/ШШ2024/03521

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,

 

Нэхэмжлэгч: .................... өөрийн байранд байрлах, Т ББСБ ХХК /РД:0000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .............................. тоот хаягт оршин суух, Н.А /РД:000000000, иргэний бүртгэлийн дугаар: 000000000000000/,

 

Хариуцагч: ......................... тоот хаягт оршин суух, Ц.Т /РД:00000000000/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 7,267,602 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Т ББСБ ХХК нь 2019.08.12-ны өдөр 019080220059 дугаартай зээлийн гэрээгээр Н.А-д 3,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээл төлөх үүргийг хамтран гүйцэтгэхээр Ц.Т-тай гэрээ байгуулсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй байсан бөгөөд гэрээний хугацаа 2021.08.12-ны өдөр дууссан. Гэвч хариуцагч нар нь тухайн хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд 2020.02.05-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байна.

Иймд хариуцагч нар нь 2024.03.22-ны өдрийн байдлаар зээл 2,562,612 төгрөг, үндсэн хүү 3,913,325 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 782,665 төгрөг, гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 7,267,602 төгрөг төлөх үүрэгтэй байгаа тул уг төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: ...Тус шүүхэд хянагдаж байгаа Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.А, Ц.Т нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,267,602 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийн ажиллагааны явцад хариуцагч Ц.Т-аас татгалзаж, хариуцагч Н.А-тай доорх нөхцөлөөр эвлэрч байна. Үүнд: нэхэмжлэлийн шаардлага болох 7,267,206 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, 10 сарын хугацаанд буюу сард 726,760 төгрөгөөр төлөхөөр тохиролцож, эхний 9 сарын хугацаанд 726,760 төгрөгөөр, сүүлийн 1 сарын хугацаанд 726,762 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцож, хүлээн зөвшөөрөв. Хариуцагч Н.А нь 726,760 төгрөгийг эхний 9 сарын хугацаанд буюу 2024.09.25-2025.05.25-ны өдрийг хүртэлх хугацаанд, 2025.06.25-ны өдөр 726,762 төгрөгөөр төлж дуусгахаар харилцан тохиролцож эвлэрэв... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Н.А, Ц.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,267,602 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Т-т холбогдох шаардлагаасаа татгалзаж, Н.А-гаас зээлийн гэрээний үүрэгт 7,267,602 төгрөгийг гаргуулахаар шаардсан байх ба хариуцагч нь уг мөнгийг 2024.09.25-2025.05.25-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 726,760 төгрөгөөр, 2025.06.25-ны өдөр 726,762 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Т ББСБ ХХК-иас 2024.08.23-ны өдөр А.Т-д 3 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 24/987 дугаартай итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч нь хариуцагч Н.А-тай эвлэрлийн гэрээ байгуулж, төлөх хугацааны хувьд харилцан тохиролцжээ.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч Н.А-гаас тэмдэгтийн хураамжид 65,640 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 65,640 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.04.16-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131,280 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Н.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,267,602 төгрөгийг 2024.09.25-2025.05.25-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 726,760 төгрөгөөр, 2025.06.25-ны өдөр 726,762 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Н.А-гаас тэмдэгтийн хураамжид 65,640 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 65,640 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.04.16-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131,280 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Т-т холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА