Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 6

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Б.Батбаяр,

шүүгдэгч Б.Алтанхуяг, Ц.Цэдэвсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Нумаа овогт Батбаярын Алтанхуяг, Бага Монгол овогт Цэнд-Аюушийн Цэдэвсүрэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1707001450069 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 цаг 06 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн мэдээлэл технологийн 5 дугаар курст суралцдаг, ам бүл 4, ээж, эмээ, ахын хамтаар Баянзүрх дүүргийн 1 дугаар хороо 2 дугаар хэсгийн 97 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн УХ95101316 дугаартай, Бага Монгол овогт Цэнд-Аюушийн Цэдэвсүрэн.

Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тасгийн пулемотчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 350 дугаар ангид тасгийн пулемотчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 4 дүгээр гудамж, 83 тоотод оршин суух, урьд Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2009 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар захирамжаар 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосон, регистрийн ЗЛ90041818 дугаартай, Нумаа овогт Батбаярын Алтанхуяг.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б.Алтанхуяг нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ууж согтуурсан байхдаа буюу 2017 оны 8 дугаар сарын 21-ний шөнө Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо Гандан-Уулын 4 дүгээр гудамжинд Ц.Цэдэвсүрэнтэй бүлэглэн М.Гансэлэмийг зодож, тархи доргилт, хамар ясны хугарал, хамрийн таславчийн муруйлт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч Ц.Цэдэвсүрэн нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ууж согтуурсан байхдаа буюу 2017 оны 8 дугаар сарын 21-ний шөнө Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо Гандан-Уулын 4 дүгээр гудамжинд Б.Алтанхуягтай бүлэглэн М.Гансэлэмийг зодож, тархи доргилт, хамар ясны хугарал, хамрийн таславчийн муруйлт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч Б.Алтанхуяг, Ц.Цэдэвсүрэн нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Алтанхуяг, Ц.Цэдэвсүрэн нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ 2017 оны 8 дугаар сарын 21-ний  шөнө Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо Гандан-Уулын 4 дүгээр гудамжинд хохирогч М.Гансэлэмийг бүлэглэн зодож түүний биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Алтанхуягийн өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 21-нд хамт ажилладаг Саранхүү хэдэн хүнд зодуулчихлаа гээд Налайх дүүрэг 5 дугаар хороонд Городокт над дээр хүрээд ирсэн. Тэгээд Ганаагийн машинтай хамт явж байтал Горохийн салаанд тэр залуучуудтай тааралдсан. Тэр машинд хоёр залуу явж байгаад нэг нь буугаад зугтаасан. Би зугтаасан залуугийн араас хөөж байгаа ирсэн чинь Цэдэвсүрэн Гансэлэмтэй зууралдсан байхаар нь би ирээд нэг цохьсон. Би Гансэлэмийг танихгүй, Саранхүүг зодсон залуу гэж бодоод цохьсон” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Цэдэвсүрэнгийн өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 22-ны орой 23 цагийн үед найз Ган-Эрдэнэтэй хамт Саранхүүг ажлаас нь авах гээд очиход Саранхүү зодуулсан байсан. Тэр орой Саранхүүг зодсон хүүхдүүдийг нь Городокт хүлээж байгаад ирэхгүй болохоор нь буцаад явж байгаад Гансэлэмтэй тааралдсан. Бас нэг жижигхэн хүүхэд байсан. Би машинаас буугаад Гансэлэмийг түрүүлж цохьсон. Саранхүү надад Гансэлэмийг өөрийгөө зодсон гэж хэлсэн. Намайг цохиход Гансэлэм газар унасан. Дахиад цохих гэхэд би татаж унадаг өвчтэй гэж хэлэхээр нь цохихоо больсон. Тэгээд Алтанхуяг ирсэн” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Гансэлэмийн өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 21-ний орой 23 цаг 4 минутын үед миний бие найз Пүрэвдоржийн гэрээс гараад Налайх дүүргийн 5 дугаар хороо Гандан-Уулын 4 дүгээр гудамжний 17 тоот гэртээ харих гээд явж байгаад найз Эрдэнэбаатартай тааралдсан. Тэр Зэвсэгт хүчний 35 дугаар ангид ажилладаг нэг залууд зодоод өшиглөөд байхаар нь би “боль” гээд найзыгаа салгаад аваад явсан. Тэгээд би Эрдэнэбаатартай хамт машинтай Тэрэлжийн горхийн баруун салаа ороод буцаад гродок очоод байрнаас гэр рүүгээ ганцаараа алхаад явж байхад шөнө 01 цаг өнгөрч байхад Эрдэнэбаатарт зодуулсан залуу дахиад зургаан залуугийн хамтаар надтай тааралдангуутаа “найзыгаа олж ир” гээд  намайг тал талаас зодож цохисон” гэх мэдүүлэг,

/хх-ийн 7 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Н.Саранхүүгийн өгсөн: “Миний бие 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороо Гандан-Уул гэх газар найз Одхүүгийн гэрт жорлонгийн нүх ухах гэж очоод нүхийн ухаж өгчөөд орой 21 цагийн үед тус Гандан-Уулын хэддүгээр гудамжний үзүүр гэдгийг нь мэдэхгүй байна гудамжний үзүүрт байдаг саадан дээр очиж найз Одхүү, Балжинням, Заяахийморь, Алтанхуяг нарын хамт 2 том пиво уусан юм. Бид нар пиво уучихаад би Балжинням, Заяахийморь хоёртой Заяахийморийн гэрт очих гээд явж байтал замд нэг Приус 2 маркийн машин гэрлээ тусгаснаа машин дотроос зүс таних Гансэлэм болон танихгүй 2 залуу бууж ирээд Гансэлэм нь намайг заамдаж аваад яг юу ярьж хэлснийг нь санахгүй байна надтай юм ярьж байхад цуг бууж ирсэн хоёр залуу нь намайг шууд цохиж унагаагаад зодсон. Тэр үед Гансэлэм тэр 2 залуугаа надаас салгаад аваад явсан. Тэд нарыг явсны дараа намайг хотоос ирж авахаар дуудуулсан байсан миний найз Цэдэвсүрэн нь машинтай ирээд намайг ирж авсан ба бид 2 Одхүүгийн гэрт очиж Алтанхуягийг аваад намайг зодсон Гансэлэм болон түүний найз нартай уулзах гэж хайж явтал гудамжний үзүүрт Гансэлэм болон намайг зодсон нэг намхан залуутай таарсан. Тэгсэн нөгөө намхан залуу бид нарыг харчихаад зугтаагаад явсан. Харин Гансэлэм ганцаараа үлдсэн юм. Би машинаас бууж Гансэлэмтэй уулзаж яагаад намайг зодсон талаар өөрөөс нь асууж ярилцах гэтэл хажуунаас манай найз Алтанхуяг, Цэдэвсүрэн нар орж ирээд Гансэлэмийг шууд зодсон ба тэр үед би Алтанхуяг, Цэдэвсүрэн нарыг боль гэж хэлээд зодохыг болиулж, тэр нарыг салгаад аваад явсан юм” гэх мэдүүлэг,

/хх-ийн 10-11 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Эрдэнэбаатарын өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр би найз Улаанаагийнд хөзөр тоглож байгаад орой 23:00 цагийн үед тэдний гэрээс гарч гэр рүүгээ харих замдаа Гандан-Уулын 4 дүгээр гудамжны харалдаа байдаг хүүхдийн тоглоомын саадаар дайрч гарсан юм. Ингэж явахдаа би саадан дотор сууж байсан хэдэн залуусын дундуур гарч явсан юм. Яагаад дундуур нь гарч явсан гэхээр тэр саадаар хүүхдийн талбайг дайрч гарахгүй бол тойрч явах гээд байдаг болохоор би саадаар тэр залуусын голоор гараад явтал тэр залуусын нэг нь миний араас “энэ хэн юм” гэж нэгэндээ хэлтэл нэг нь араас нь “аан нэг бацаан байдаг юм аа” гэж хэлж өөр хоорондоо инээлдэж намайг доромжилсон, мөн тэр залуусын нэг нь “Гансэлэмээсээ бид нарыг асуугаарай” гэж хэлээд томроод байхаар нь би юм хэлэлгүй цаашаа явж гэртээ орчихоод тэндээсээ гарч найзууд болох Төгсзул, Гансэлэм нартай уулзаж болсон асуудлаа хэлээд найз нарынхаа хамт нөгөө сааданд сууж байсан залуучуудтай уулзах гээд очих замдаа гудамжинд нөгөө залуусын  гуравтай таараад Төгсзул бид 2 Саранхүү гэх тэр намхан нуруутай залууг нь ганц нэг цохисон харин нөгөө 2 нь хөдлөхгүй болохоор нь цохиж зодоогүй. Тэгээд бид нар яваад өгсөн ба бид хэд төв замын хажууд байдаг МТ шатхуун түгээх станцад очоод буцаж Гандан-Уул орж Төгсзул гэр рүүгээ ороод харин Гансэлэм бид 2 харих гээд явж байтал нөгөө залуус машинтай ирж Гансэлэм бид хоёрыг зодох гэхэд нь би зугтаасан ба тэр хойгуур Гансэлэмийг тэд нар зодсон байсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 16-17 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №08шэ/454 дүгээр:

  1. Гансэлэмийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй." гэх дүгнэлт,

/хх-ийн 33 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 54, 55 дугаар тал/

Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн тодорхойлолт,

/хх-ийн 56 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 58, 59 дүгээр тал/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт,

/хх-ийн 60 дугаар тал/

Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2009 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар захирамжийн хуулбар /хх-ийн 67-68 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Алтанхуяг, Ц.Цэдэвсүрэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд тэдэнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Б.Алтанхуяг, Ц.Цэдэвсүрэн нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Алтанхуяг, Ц.Цэдэвсүрэн нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналыг харгалзан Ц.Цэдэвсүрэнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр, Б.Алтанхуягт 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Алтанхуяг, Ц.Цэдэвсүрэн нар нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Бага Монгол овогт Цэнд-Аюушийн Цэдэвсүрэн, Нумаа овогт Батбаярын Алтанхуяг нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Цэдэвсүрэнг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр, Б.Алтанхуягийг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Цэдэвсүрэнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд, Б.Алтанхуягт оногдуулсан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр тогох ялыг 6 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ц.Цэдэвсүрэн, Б.Алтанхуяг нарт мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримт, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Ц.Цэдэвсүрэн, Б.Алтанхуяг нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Цэдэвсүрэн, Б.Алтанхуяг нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                              

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ