Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/04

 

 

 

 

 

 

 

 

 

Д.О, П.Ю, С.О, Ц.С,

М.О, Б.А, Ж.Б,

Д.Д, М.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

яллагдагч М.М, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал,

яллагдагч С.О, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа,

яллагдагч Ж.Бгийн өмгөөлөгч Э.Түвдэн,

яллагдагч Д.О, түүний өмгөөлөгч О.Санчирбал,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан, 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЗ/2949 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Дүүрэнбилэг 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 82 дугаартай прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн Д.О, П.Ю, С.О, Ц.С, М.О, Б.А, Ж.Б, Д.Д, М.М нарт холбогдох эрүүгийн 1902008130359 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Д.О. ..............................................

2000 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж шийтгэгдсэн,

2. П.Ю..............................................., ял шийтгэлгүй,

3. С.О. .................................................., ял шийтгэлгүй, 

4. Ц.С, ............................................ял шийтгэлгүй,  

5. М.О, ............................................... ял шийтгэлгүй,   

6. Б.А, ............................................ял шийтгэлгүй,  

7. Ж.Б, ...........................................ял шийтгэлгүй,

8. Д.Д, ................................................ ял шийтгэлгүй,

9. М.М, ...................................................,

 2010 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж шийтгэгдсэн;

Яллагдагч Д.О нь нийтийн албан тушаалтан буюу “...” сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн ....................ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт, албан өрөөндөө хахууль өгөгч П.Югийн Цэргийн хөгжмийн сургуульд элсэн орох ур чадварын шалгалтад тэнцээгүй Э.Г-ыг тус сургуульд элсэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр С.Огээр дамжуулан П.Югаас 1.000.000 төгрөгийн, хахууль өгөгч М.Огийн Цэргийн хөгжмийн сургуульд элсэн орох ур чадварын шалгалтад тэнцээгүй Л.Б-ийг тус сургуульд элсэн суралцуулах ашиг сонирхлын үүднээс 2018 оны 7 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд М.Огээс 500.000 төгрөгийн, хахууль өгөгч Ж.Бгийн Цэргийн хөгжмийн сургуульд элсэн орох ур чадварын шалгалтад тэнцээгүй Б.Ба-г тус сургуульд элсэн суралцуулах ашиг сонирхлын үүднээс 2018 оны 7 дугаар сард Ж.Бгаас 500.000 төгрөгийн, хахууль өгөгч Б.Аийн Цэргийн хөгжмийн сургуульд элсэн орох элсэлтийн шалгалт өгөөгүй Б.Бийг тус сургуульд элсэн суралцуулах гэсэн сонирхлын үүднээс 2018 оны 9 дүгээр сард Б.Аээс 2.000.000 төгрөгийн, хахууль өгөгч Ц.Сгийн Цэргийн хөгжмийн сургуульд элсэн орох элсэлтийн шалгалт өгөөгүй Г.Ж-г тус сургуульд элсэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс 2018 оны 09 дүгээр сард Ц.Сгаас 600.000 төгрөгийн, хахууль өгөгч Д.Дгийн Цэргийн хөгжмийн сургуульд элсэн орох элсэлтийн шалгалт өгөөгүй О.Бийг тус сургуульд элсэн суралцуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс 2018 оны 10 дугаар сард М.Маар дамжуулан Д.Дгаас 500.000 төгрөгийн нийт 5.100.000 төгрөгийн хахууль тус тус авч “..” сургуулийн захирлын 2018 оны “элсэлтийн журмыг тодотгон батлах тухай” А/158 дугаар тушаалын 4.3, 4,5 дахь хэсгийг тус тус зөрчиж тус сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Хөтөлбөрт, хуваарилан суралцуулах тухай” Б/249 дугаартай тушаалын Цэргийн хөгжмийн сургуулийн Үлээвэр хөгжимчин мэргэжлээр суралцах сурагчдын нэрсийн жагсаалтад багтаан, суралцуулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн,

яллагдагч П.Ю нь 2018 оны 7 дугаар сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “..” сургуулийн Хөгжмийн сургуулийн элсэлтийн шалгалт өгөөд тэнцээгүй Э.Гыг тус сургуульд суралцуулж, түүнд давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлын үүднээс тус сургуулийн захирал Д.Од албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан С.Огийн “Хаан банк” дахь 5753521872 тоот дансаар 1.000.000 төгрөг шилжүүлж хахууль өгсөн,

яллагдагч Ц.С нь 2018 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “..” сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтад тэнцээгүй Г.Ж-г тус сургуульд элсүүлж давуу байдал бий болгох зорилгоор Цэргийн хөгжмийн сургуулийн захирал Д.Од албан тушаалын байдалтай нь холбогдуулан албан өрөөнд нь 600.000 төгрөгийн хахууль өгсөн,

яллагдагч М.О нь “..” сургуулийн Цэргийн хөгжмийн сургуульд элсэн орох ур чадварын шалгалтад тэнцээгүй Л.Б-г тус сургуульд элсэн суралцуулж, түүнд давуу байдал бий болгох зорилгоор 2018 оны 7 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” сургуулийн Цэргийн хөгжмийн сургууль дотор Д.Од албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500.000 төгрөгийн хахууль өгсөн,

яллагдагч Б.А нь 2018 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “...” сургуулийн Хөгжмийн сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт өгөөгүй Б.Бийг тус сургуульд элсүүлж давуу байдал бий болгох зорилгоор Цэргийн хөгжмийн сургуулийн захирал Д.Од албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний албан өрөөнд нь 2,000,000 төгрөгийн хахууль өгсөн,

яллагдагч Ж.Б нь “..” сургуулийн Хөгжмийн сургуульд элсэн орох ур чадварын шалгалтад тэнцээгүй Б.Баярмагнайг тус сургуульд элсэн суралцуулж, түүнд давуу байдал бий болгох зорилгоор 2018 оны 7 дугаар сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “...” сургуулийн Цэргийн хөгжмийн сургууль дотор сургуулийн захирал Д.Од албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500,000 төгрөгийн хахууль өгсөн,

яллагдагч Д.Д нь 2018 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “..” сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт өгөөгүй О.Бийг тус сургуульд элсүүлж давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор тус сургуулийн цэргийн албаны офицер, дамжааны захирагч М.Маар дамжуулан Цэргийн хөгжмийн сургуулийн захирал Д.Од албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500,000 төгрөгийн хахууль өгсөн,

яллагдагч С.О нь нийтийн албан тушаалтан буюу “..” сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн жагсаалын даргаар ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцээгүй Э.Гыг “..” сургуулийн Хөгжмийн сургуульд элсүүлж давуу байдал бий болгох гэсэн П.Югийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор түүнээс өөрийн 5753521872 тоот дансаар 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, дээрх мөнгийг тус сургуулийн захирал Д.Од 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр дамжуулан өгч П.Югийн хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

яллагдагч М.М нь нийтийн албан тушаалтнаар буюу “..” сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн цэргийн албаны офицер, дамжааны захирагчаар ажиллаж байхдаа Д.Дгийн 2018 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “..” сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн эпсэлтийн шалгалт өгөөгүй О.Бийг тус сургуульд элсүүлж давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор Цэргийн хөгжмийн сургуулийн захирал Д.Од албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгсөн 500.000 төгрөгийн хахуулийн мөнгийг Д.Од дамжуулан өгч Д.Дг хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн Прокурорын газраас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Од, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан П.Ю, Д.Д нарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С.О, М.М нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц.С, М.О, Б.А, Ж.Б нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

“...1. 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 91 дугаартай Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд /4 дүгээр хх-09-15х/: М.О, Б.А, Ж.Б, Ц.С, Д.Д нарын Д.Од мөнгө өгч байгаа үйлдлийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог бүрэн шалгаж тогтоогоогүй байна гэх магадлалд дурьдсан зүйлийг шалгаж, тогтоогоогүй байна. Учир нь, анхнаасаа эдгээр хүмүүс хандив өгсөн гэж мэдүүлдэг, мөн дахин мэдүүлэг өгөхдөө хандив өгсөн гэж мэдүүлдэг. Иймд /хандив/ гэж ойлгож мөнгө өгсөн юм уу эсхүл /авилгал/ гэж ойлгож мөнгө өгсөн юм уу гэдэг үйлдэл оролцоог нь шалгаж тогтоох.

  1. Засварын төлбөр гэх 8.000.000 төгрөгийг Үндсэний Батлан Хамгаалахын Их сургуулиас Цэргийн Хөгжмийн сургуульд цохолтоор өгсөн гэж мэдүүлдэг 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр олгосон гэх боловч тухайн мөнгийг хэн, хэзээ олгосон, хэн хэзээ хүлээн авсан, хэн хэзээ юунд захиран зарцуулсан талаар хэрэгт авагдаагүй. Мөн яллагдагч Д.О нь 2018 оны 8, 9 сард сургуулийн засвар үйлчилгээг хийсэн гэж мэдүүлдэг. Засвар үйлчилгээ хийсэн нь тогтоогддог хэдий ч ямар эх үүсвэрээр хийгдсэн, төлбөр тооцоо хэзээ яаж хийгдсэн эсэх нь тодорхойгүй байх тул төлбөрийн тооцоог шалгах.
  2. Хавтаст хэрэгт ажилчдаас хандив авсан гэсэн /яллагдагч М.Мын 2хх-ийн 50-51-р тал/, болон /яллагдагч Д.Одсүрэнгийн 3хх-ийн 142-143-р тал/ нар гэсэн гэрчийн мэдүүлгүүд байдаг. Цэргийн Хөгжмийн сургуулийн 22 ажилтанаас хандив авч засвар үйлчилгээ хийсэн юм уу, хэдэн төгрөгийн хандив авсан эсэх нь тодорхойгүй байх тул шалгаж тогтоох шаардлагатай байна гэж үзлээ. ...” гээд хэргийг прокурорт  буцааж ,хэргийг очтол яллагдагч Д.Од авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй буюу С.О, П.Ю нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, П.Ю, С.О, Ц.С, М.О, Б.А, Ж.Б, Д.Д, М.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.   

Прокурор А.Дүүрэнбилэг бичсэн прокурорын эсэргүүцэлдээ:

“1.М.О, Б.А, Ж.Б, Ц.С, Д.Д нар нь хандив өгсөн гэж мэдүүлэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар М.Огийн хүүхэд Л.Б, Ж.Бгийн хүүхэд Б.Баярмагнай нар нь “..” сургуулийн Цэргийн хөгжмийн сургуульд элсэн орох ур чадварын шалгалтад тэнцээгүй, мөн Б.Аийн хүүхэд Б.Б, Ц.Сгийн хүүхэд Г.Ж, Д.Дгийн хүүхэд О.Б нар нь “Хөгжимдөх урлаг” мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрийн элсэлтийн шалгалтыг өгөөгүй байна.

Түүнчлэн, Дээд боловсролын тухай хууль, Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/194 дугаартай тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”, Батлан хамгаалахын сайдын 2017 оны а/178 дугаартай тушаалаар баталсан “...” сургуулийн дүрэм зэрэгт шалгалт өгөөгүй, өгсөн боловч тэнцээгүй иргэдээс хандив авч сургуульд суралцуулахаар тусгагдаагүй боловч нэр бүхий сурагчид тус сургуульд элсэн суралцаж байсан үйл баримт тогтоогдсон.

Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд зохих журамд заасны дагуу шалгалт өгсөн боловч тэнцээгүй, шалгалт өгөөгүй хүүхдүүдийг сургуульд элсэн суралцуулахын тулд хандив нэрээр Д.Од мөнгө өгч байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр буюу яллагдагч нар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.О, Б.А, Ж.Б, Ц.С, Д.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 91 дугаар магадлалын бүрэн биелсэн гэж үзэхээр байна.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, Д.О нь Цэргийн хөгжмийн засварын ажлыг хийж гүйцэтгэсний дараа “..” сургуулийн санхүүгийн албанаас 8,000,000 төгрөг авсан нөхцөл байдал тогтоогдох боловч энэ баримт нь хахууль авах гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм.

Мөн Цэргийн хөгжмийн сургуульд засвар хийсэн, засварын ажилд олгосон санхүүжилтийг хэн, хэзээ, олгосон, хэн хэзээ хүлээн авсан, юунд зарцуулсан талаарх баримтууд 5 дугаар хавтаст хэргийн 153-192 дугаар талд авагдсан байхад шүүгчээс дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж хэргийг прокурорт буцаасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “шүүх... нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 35.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Улсын яллагч яллах дүгнэлтийг уншиж сонсгосноор шүүхийн хэлэлцүүлэг эхэлнэ.”, 35.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Шүүгдэгч, гэрч, шинжээчээс мэдүүлэг авах, нотлох баримтыг шинжлэн судлах хүсэлт гаргасан тал эхэлж асуулт тавьж, шинжлэн судална.” гэж заасан.

Гэтэл шүүхээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтыг судалж, үнэлэх ёстой байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэг “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангаж ажиллагаа”-ны үе шатанд нотлох баримтыг судалж, үнэлэн хэргийн прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33, 35 дугаар бүлгүүдийг хольж шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2022/Ш3/2949 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

яллагдагч М.Мийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 82 дугаартай эсэргүүцэлд шүүгчийн захирамжийн 1, 2 дахь заалтыг бүхэлд нь эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн байна. Үүнээс үзвэл 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 91 дугаартай магадлалд заасан ажиллагааг хийгээгүй гэсэн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, магадлалд М.Мыг хэрэгт холбогдуулан шалгах талаар заалт байдаггүй, М.О, Б.А, Ж.Б, Ц.С, Д.Д нарыг дурдсан байдаг. М.М хэрэгт 4-5 удаа гэрчээр мэдүүлэг өгч байгаад хэргийг 2021 оны 11 дүгээр сард шүүхэд шилжүүлэх үед яллагдагчаар татсан байдаг. Дагиймаа нь Одгэрэл гэдэг хүнд хахууль өгсөн, авсан талаар хангалттай нотлох баримт байхгүй. Д.Д нь  М.Мтай үгсэн тохиролцсон эсхүл М.Маас давуу байдал үүсгэхийг хүсэж харилцан тохиролцож, хахууль өгөхөд нь М.М түүнийг дэмжигч, хамжигчаар оролцсон үйлдэл энэ хэрэгт тогтоогдоогүй. Ийм байхад прокурорын яллах дүгнэлт, хэрэгт цугларсан байдлаар яллагдагчаар татсан байдал нь урьдчилан амлаж давуу тал бий болгосон гэж М.Мыг шүүхэд шилжүүлэх саналтай оруулж ирсэн. Энэ нь 2021 оны 12 сарын 2-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд хэргийг прокурорт буцаах захирамжаар тогтоогдож байна. Мөн М.Мыг тодорхой үйлдэл хийх, өмгөөлүүлэх эрхийг нь зөрчсөн асуудлуудыг дурдаж буцаасан байдаг. Хэргийг буцааснаас хойш мөн тодорхой хугацаанд бид прокурор болон Авлигатай тэмцэх газарт санал хүсэлтүүдийг гаргаж байсан. Буруутгаад байгаа эдгээр гэрчүүдийн мэдүүлгүүд хангалтай гэж үзэж байгаа бол энэ хүмүүсээ нүүрэлдүүлэн байцаалтад орьё, шаардлагатай бол дахин мэдүүлэг авах санал миний мэдүүлэг дээр байдаг ч үүнийг хүлээж аваагүй. Үүнээс үндэслээд хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн байх үед шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргаж, хэргийг шүүхээс прокурорт буцаасан нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Юуг нь үндэслэлтэй гэж үзэж байна гэхээр гэмт хэргийн сэдэл, санаа зорилго, гэм буруугий хэлбэрийг М.Мын хувьд хангалттай тогтоосон гэж үзэхгүй байгаа учраас магадлалын заалт болон бусад байдлаараа хэрэгт дахин ажиллагаа хийх гэсэн шүүгчийн заалтын нэг дэх хэсгийг үндэслэлтэй гэж үзэж байна. Хоёрдугаарт,  гэмт хэрэг хэдийд, хаана яаж үйлдэгдсэн талаар мөн хэрэгт холбогдсон нотолгоо баримтаар тогтоож өгсөн байх ёстой. Хандив мөн үү биш үү гэдгийг мөн цаг хугацааны байдлаар тогтоох ёстой гэж үзэж байна. Мөн энэ үйлдэл 8, 9, 10 дугаар сарын алинд хамаарагдаж байгааг нарийвчлан тогтоох шаардлагатай. Өмнөх 8.000.000 төгрөгийг сүүлд батлан хамгаалах яамнаас авсан байлаа гэхэд ямар санхүүгийн эх үүсвэрээр засварыг хийгээд байгааг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтийн үндэслэл нь Д.О нь тухайн цэргийн хөгжмийн сургуулийнхаа нийт 22 ажилтнаас сургуулийн ойтой холбоотой хандив авсан асуудал байдаг. Энэ нь сургуулийн ажилтнуудаас ч байж, сурагчдын ар гэрээс ч байсан ямар зорилгоор хандив авсан бэ. Энэ нь хэлбэржсэн ямарваа нэг шийдвэрийн дагуу явагдаж байна уу, үгүй юу гэдгийг нарийвчлан тогтоох шаардлагатай. Сургуулийн ажилчдаас авсан хандив нь эрүүгийн хэргийн шинжгүй, сурагчдын ар гэрээс авсан хандив нь эрүүгийн шинжтэй гэж үзэж байгаа бол үүнийг ялгаж, салгаж тодорхой болгож, шийдвэрлэх ёстой. Иймд прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан, гэм буруугийн шүүх хурлаар тэрийг ялгаж салгаж шийдвэрлэх эсхүл хандив, засвартай холбогдолтой гэм буруугийн сэдэлт, санаа зорилго, бусад зүйлийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байсан учраас хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

яллагдагч М.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна...” гэв.

яллагдагч С.Огийн өмгөөлөгч Б.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

яллагдагч С.О тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

яллагдагч Д.Оийн өмгөөлөгч О.Санчирбал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-т зааснаар мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан. Гол үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа гэж хууль зүйн хүрээнд гаргасан. Мөрдөн шалгах ажиллагаа нь мөрдөгчийн бие даасан болон прокурорын зөвшөөрлөөр хийгддэг ажиллагаа юм. Хавтаст хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотолбол зохих байдлыг тогтоодог. Яллах дүгнэлтэд Д.О гэх хүн бусдаас авлигал аваад байна. Ямар сэдэлт, зорилгын хүрээнд авлига авсан гэдэг асуудал үүссэн юм. Тухайн сэдэлт, зорилгыг тогтоох арга хэмжээний хувьд 5 дугаар хавтаст хэрэгт Үндэсний батлан хамгаалах их сургуулиас 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 8.000.000 төгрөгийн засварын ажлын санхүүжилтийг Д.Од гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд 2018 оны 7, 8, 9 сард Д.Оээс худалдан авалт хийгээд сургуулийн засварын үйл ажиллагаанд мөнгийг зарцуулсан. Тэгэхээр төрийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг байгууллага 10 дугаар сард тухайн мөнгийг гаргасан атлаа Д.О хаанаас санхүүгийн эх үүсвэр гаргаад сургуулийн засвар хийсэн ийм асуудал үүсээд байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирол, хор уршигтай холбоотой асуудлыг ярихаар Үндэсний батлан хамгаалах их сургууль нэг талаас, Д.О болон бусад оролцогч нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд зааснаар мэдүүлгийн эх сурвалжаа заадаг. Мэдүүлгийн эх сурвалжийг бид харьцуулах замаар шинжлэн судлаад үнэлэх гэхээр ямар сэдэлт, зорилгын хүрээнд гэмт хэрэг үйлдэгдсэн талаар шүүхийн хэлэлцүүлгийн нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөнгө өгөөд, аваад байгаа дээрх бүх л ажиллагаа нь нотолбол зохих байдал болон сэдэлт, зорилгод хамаарч байсан. Энэ үүднээс яагаад 10 дугаар сард мөнгө олгох болов, 7, 8 дугаар сард Д.О ямар хөрөнгөөр сургуулийн засвар хийв гэсэн асуудал байсан. Мөн нийт 5 сая гаруй төгрөгийн хохирол, хор уршиг яригдаж байгаа. Тухайн мөнгийг Д.О өөртөө зарцуулж байна уу, Үндэсний батлан хамгаалах их сургуульд зарцуулаад байна уу гэсэн асуудал үүссэн. Үүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр байсан уу, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хариуцах этгээд байсан уу гэдэгт шүүхийн хэлэлцүүлэгт нөхөн гүйцэтгэх боломжгүй учир өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гаргаад цааш нь шалгуулах нь зүйтэй гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байсан. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй...” гэв.

яллагдагч Д.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг эсэргүүцэж байна...” гэв.

яллагдагч Ж.Бгийн өмгөөлөгч Э.Түвдэн тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.О, П.Ю, С.О, Ц.С, М.О, Б.А, Ж.Б, Д.Д, М.М нарт холбогдох эрүүгийн 1902008130359 дугаартай хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Анхан шатны шүүхээс яллагдагч Д.О, П.Ю, С.О, Ц.С, М.О, Б.А, Ж.Б, Д.Д, М.М нарт холбогдох эрүүгийн 1902008130359 дугаартай хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан:

-М.О, Б.А, Ж.Б, Ц.С, Д.Д нарын Д.Од мөнгө өгч байгаа үйлдлийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог бүрэн шалгаж тогтоогоогүй буюу /хандив/ гэж ойлгож мөнгө өгсөн юм уу эсхүл /авилгал/ гэж ойлгож мөнгө өгсөн юм уу гэдэг үйлдэл оролцоог нь шалгаж тогтоох,   

- Засварын төлбөр гэх мөнгийг хэн, хэзээ олгосон, хэн хэзээ хүлээн авсан, хэн хэзээ юунд захиран зарцуулсан, засварыг ямар эх үүсвэрээр хийгдсэн, төлбөр тооцоо хэзээ яаж хийгдсэн эсэх нь тодорхойгүй байх тул төлбөрийн тооцоог шалгах,

- Цэргийн Хөгжмийн сургуулийн 22 ажилтанаас хандив авч засвар үйлчилгээ хийсэн юм уу, хэдэн төгрөгийн хандив авсан эсэх нь тодорхойгүй байх тул шалгаж тогтоох шаардлагатай гэсэн үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагагүй,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Шүүх нь шүүхээс шийдвэр гаргах боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, процесс ажиллагааны зөрчлийг арилгах, эсхүл хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх шалтгаантайгаар хэргийг прокурорт буцаах эрхтэй ба бусад асуудлыг шүүх хэргийн оролцогчдын мэтгэлцээнийг ханган хэлэлцүүлж, хөндлөнгийн байр сууринаас хандаж, эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэлт дүгнэлт өгөн шийдвэрлэх ёстой. 

Мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэрэгт буй баримтын хүрээнд яллагдагч Д.О, П.Ю, С.О, Ц.С, М.О, Б.А, Ж.Б, Д.Д, М.М нарт холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. 

Иймд Яллагдагч Д.О, П.Ю, С.О, Ц.С, М.О, Б.А, Ж.Б, Д.Д, М.М нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэсэн прокурор А.Дүүрэнбилэгийн бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Харин одоо хэрэглэж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд хэргийг буцаах шийдвэрийг давж заалдах шатны шүүх гаргахгүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйл “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, ... зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж заасны дагуу яллагдагч Д.О, П.Ю, С.О, Ц.С, М.О, Б.А, Ж.Б, Д.Д, М.М нарт холбогдох эрүүгийн хэрэгт прокуророос яллах дүгнэлтээ дахин үйлдэж, яллагдагч нарт гардуулан хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэх нь зүйтэй байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЗ/2949 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ