| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/03530/И |
| Дугаар | 182/ШШ2024/03554 |
| Огноо | 2024-09-02 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2024/03554
2024 09 02 182/ШШ2024/03554
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .................... тоот хаягт оршин суух, Б овогт Э.М /РД:0000000000000/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:.................. тоот хаягт оршин суух, ТБ овогт Д.Б /РД:00000000000/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.М, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч Д.Б-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1....Миний бие Д.Б-тай 2016 онд танилцаж, улмаар хамт амьдрах болсон. Бидний хамт амьдрах хугацаанд 2018.07.26-ны өдөр охин Б.У, 2023.05.04-ний өдөр охин Б.У-О нар төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2024 оноос хойш тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хоёр охин маань миний асрамжид байгаа...
Цаашид хамт амьдрах боломжгүй тул охин Б.У, Б.У-О нарт тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна... гэв.
2.Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бид 2016 онд танилцаж, улмаар хамт амьдрах болсон. 2018, 2023 онд тус тус 2 охинтой болсон. Зан харьцааны тааламжгүй байдлын улмаас 2024 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Хүүхдүүддээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй... гэв.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 2 х/,
-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 3 х/,
-Б.У-О-гийн Төрсний бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 4 х/,
-Б.У-ын Төрсний бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 5 х/,
-2024.04.22-ны өдрийн Хүний их эмч С.Э-ын ...эрүүл өсөж бойжиж байгаа... тодорхойлолт /хх-ийн 6-7 х/-уудыг хавсаргаж ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч Д.Б-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, талуудын тайлбараар Э.М, Д.Б нар нь 2016 онд танилцаж, 2016-2024 он хүртэл хамтран амьдарч байсан бөгөөд тэдний дундаас 2018.07.26-ны өдөр охин Б.У, 2023.05.04-ний өдөр охин Б.У-О нар төрсөн болох нь иргэний улсын бүртгэлийн 0000000000, 000000000000 дугаартай төрсний гэрчилгээнүүд, зохигчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.
3.Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно гэж заасны дагуу 2018.07.26-ны өдөр төрсөн охин Б.У, 2023.05.04-ний өдөр төрсөн охин Б.У-О нарын эцэг нь ТБ овогт Д.Б /РД:00000000000/, эх нь Б овогт Э.М /РД:0000000000000/ нар болохыг Захиргааны журмаар тогтоож, .............. дүүргийн Улсын бүртгэлийн ажилтан 2018.08.06-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын төрсний бүртгэлийн 0000000000 дугаарт, .............. дүүргийн Улсын бүртгэлийн ажилтан 2023.05.22-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын төрсний бүртгэлийн 000000000000 дугаарт тус тус бүртгэж гэрчилгээ олгожээ. /хх-ийн 4-5 х/
4.Хариуцагч Д.Б нь охин Б.У, Б.У-О нарыг өөрийн төрсөн хүүхэд гэдэгт маргаагүй тул Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар ...эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргийн дагуу... хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, 2018.07.26-ны өдөр төрсөн охин Б.У, 2023.05.04-ний өдөр төрсөн охин Б.У-О нарыг тэжээн тэтгүүлэх, тэтгэлгийн хэмжээг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.2018.07.26-ны өдөр төрсөн охин Б.У, 2023.05.04-ний өдөр төрсөн охин Б.У-О нар нь одоо эх Э.М-гийн асрамжинд эрүүл энх өсөн бойжиж байгаа учраас Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар асрамжийг тогтоож шийдвэрлэх шаардлагагүй тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1‑т зааснаар нэхэмжлэгч Э.М нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Д.Б-аас хүүхдийн тэтгэлгийн жилд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 117,106 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.
Үндэсний статистикийн хорооны даргын 2024.03.01-ний өдрийн А/29 тоот тушаалаар 2024 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг Улаанбаатар хотод 454,200 төгрөгөөр тогтоосон байх тул хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн хэмжээг уг дүнгээс тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 135 дугаар зүйлийн 135.2.8-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2018.07.26-ны өдөр төрсөн охин Б.У, 2023.05.04-ний өдөр төрсөн охин Б.У-О нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Д.Б-аар тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч Д.Б-аас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3. 2018.07.26-ны өдөр төрсөн охин Б.У, 2023.05.04-ний өдөр төрсөн охин Б.У-О нар нь эх Э.М-гийн асрамжид байгаа болохыг дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2.2-т заасны дагуу Э.М, Д.Б нар нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хариуцагчийг хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгчид даалгасугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч Д.Б-аас хүүхдийн тэтгэлгийн жилд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 117,106 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА