| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/03436/И |
| Дугаар | 182/ШШ2024/03555 |
| Огноо | 2024-09-02 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2024/03555
2024 09 02 182/ШШ2024/03555
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ................ тоот хаягт оршин суух, Ж овогт Н.Д /РД:00000000000/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............ тоот хаягт оршин суух, Ш овогт М.Н /РД:00000000/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ц, хариуцагч М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч М.Н-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ц нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1....Талууд 2013.06.20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлттэй байх хугацаанд 2014.07.24-ний өдөр охин Н.М, 2016.06.17-ны өдөр хүү Н.Б нар төрсөн. Талууд 2019.03.14-ний өдөр дугаар 184/ШШ2019/00694 тоот Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, охин Н.М, Н.Б нарыг нэхэмжлэгч Н.Д-гийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн. Хариуцагч нь тухайн үед хүүхдийн тэтгэлэгт сар бүр 100,000 төгрөг төлөхөөр тохиролцож, нэхэмжлэгч нь тэтгэлэг тогтоолгох тухай шаардлагаас татгалзсан. Гэтэл хариуцагч нь сар бүр хүүхдийн тэтгэлэгт төлнө гэсэн 100,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд нэг ч удаа төлөөгүй байна.
Иймд хариуцагчаас охин Н.М, хүү Н.Б нарт хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү... гэв.
2.Хариуцагч М.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Н.Д-тай 2013.06.20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2019.03.14-ний өдрийн 184/ШШ2019/00694 тоот Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, түүнээс хойш охин Н.М, хүү Н.Б нарыг нэг нэгээр нь аав, ээжийнх нь асрамжид үлдээх гэсэн боловч хамтад нь өсгөх шийдвэрийг харилцан тохиролцож, тухайн үед шаардлагатай хашаа, байшин, автомашин, шаардлагатай үед хэрэгцээт мөнгийг олгож байсан. Гэрлэлтээ цуцлуулснаас хойш охин Н.М, хүү Н.Б хоёрыг надтай хөдөө байгаа нэрийдлээр уулзуулдаггүй. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд 2, 3 удаа уулзуулсан. Иймд хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзаж байна... гэв.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.05.21-ний өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 3 х/,
-2024.05.16-ны өдрийн 0592 дугаартай итгэмжлэл /хх-ийн 4 х /,
-Н.М-ын Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 5 х/,
-Н.Б-гийн Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 6 х/,
-2024.05.07-ны өдрийн 55 тоот ............... сумын Эрүүл мэндийн ...эрүүл бойжиж байгаа... тодорхойлолт /хх-ийн 7-8 х/,
-2024.05.07-ны өдрийн 501 тоот ............... дугаар хорооны Засаг даргын ...ам бүлийн болон оршин суугаа хаягийн... тодорхойлолт /хх-ийн 9 х/,
-2024.04.26-ны өдрийн ............... сумын Ерөнхий боловсролын сургуулийн Тодорхойлолт /хх-ийн 10 х/,
-2019.03.13-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Н.Д, М.Н нарын хүсэлт /хх-ийн 11 х/,
-2019.03.14-ний өдрийн 184/ШШ2019/00694 дугаартай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх-ийн 12-15 х/,
-2024.08.08-ны өдрийн 1143 дугаартай итгэмжлэл /хх-ийн 60 х/,
-2019.10.08-ны өдрийн ЗГ/201944759020 дугаар Ипотекийн зээлийн гэрээ, түүний хавсралт /хх-ийн 70-74 х/,
-2024.08.28-ны өдрийн Нийслэлийн ерөнхий боловсролын ........ дүгээр сургуулийн тодорхойлолт /хх-ийн 75 х/,
-2024.08.21-ний өдрийн 12 тоот .......... сургалтын төвийн тодорхойлолт /хх-ийн 76 х/,
-2024.08.20-ны өдрийн ............. сургалтын төвийн тодорхойлолт /хх-ийн 77 х/ зэрэг баримтуудыг,
4.Хариуцагч нь тайлбар, татгалзалтайгаа холбогдуулан хариу тайлбар /хх-ийн 21 х/,
-Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 22-57 х/ зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч М.Н-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, талуудын тайлбараар 2013 онд гэр бүл болж, 2014.07.24-ний өдөр охин Н.М, 2016.06.17-ны өдөр хүү Н.Б нар төрж, 2019 онд гэрлэлтээ цуцлуулсан болох нь улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн CVL2411960001009886, CVL24119600010098878 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанууд, 184/ШШ2019/00694 дугаартай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, зохигчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.
4.Хариуцагч М.Н нь охин Б.У, Б.У нарыг өөрийн төрсөн хүүхэд гэдэгт маргаагүй боловч нэхэмжлэгч Н.Д нь хүүхдүүдтэй маань уулзуулдаггүй учраас тэтгэлэг төлөхгүй гэж маргасан.
5.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, мөн 26.2.2-т зааснаар ...эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх...-ээр хуульчилсан байх тул хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иймд хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, 2014.07.24-ний өдөр охин Н.М, 2016.06.17-ны өдөр хүү Н.Б нарыг тэжээн тэтгүүлэх, тэтгэлгийн хэмжээг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6.2014.07.24-ний өдөр охин Н.М, 2016.06.17-ны өдөр хүү Н.Б нар нь одоо эх Н.Д-гийн асрамжинд эрүүл энх өсөн бойжиж байгаа учраас Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар асрамжийг тогтоож шийдвэрлэх шаардлагагүй тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1‑т зааснаар нэхэмжлэгч Н.Д нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч М.Н-аас хүүхдийн тэтгэлгийн жилд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 117,106 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.
Үндэсний статистикийн хорооны даргын 2024.03.01-ний өдрийн А/29 тоот тушаалаар 2024 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг Улаанбаатар хотод 454,200 төгрөгөөр тогтоосон байх тул хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн хэмжээг уг дүнгээс тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 135 дугаар зүйлийн 135.2.8-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014.07.24-ний өдөр охин Н.М, 2016.06.17-ны өдөр хүү Н.Б нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг М.Н-аар тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч М.Н-аас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3.2014.07.24-ний өдөр охин Н.М, 2016.06.17-ны өдөр хүү Н.Б нар нь эх Н.Д-гийн асрамжид байгаа болохыг дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2.2-т заасны дагуу Н.Д, М.Н нар нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хариуцагчийг хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгчид даалгасугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч М.Н-аас хүүхдийн тэтгэлгийн жилд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 117,106 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА