| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2018/0004/Э |
| Дугаар | 03 |
| Огноо | 2017-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Чулуунчимэг,
Улсын яллагч: Д.Ганчимэг,
Шүүгдэгч: Г.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Сундуй нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шар овгийн Ганжуурын Гт холбогдох 1729000780046 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг “Сүлжээ” гэх газраас зүүн тийш км-т 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цагийн үед иргэн Д.Сайнбаяртай маргаж, улмаар бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6-р хуудас/,
Хохирогч Д.Сайнбаярын өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө 10 цагийн үед надруу Мөнхөө гэдэг хүн хөтөч Ганц модноос яриад Сүлжээн дээр манай нэг машин эвдрээд 3 хонож байна. Би очоод жолоочид нь бэлэн байсан солих нумнуудыг нь хийх гээд байж байтал Г гэх хүн ногоон фургонтай хүрч ирээд наад юмнуудаа бүгдийг нь авна лалруудын юмыг хийх гээд яадаг юм бэ би багажнуудаа авмаар байна гээд домакратаа буулгах гээд байхаар нь би тэр хүнд чи хэсэгхэн байж бай ах нь өөрийнхөө домакратаа суурилуулъя гэхэд та нар багажтайгаа ирсэн юм байгаа биздээ новшнууд минь гэсэн. Манай энхэрийг чи ямар дээрэлхүү юм бэ гэхэд гартаа барьж байсан домакратны ишээрээ цохих гэж далайгаад салаавч гаргаад байхаар нь би боль гэж хэлтэл намайг цохиж зодсон. Тэгээд би Ханбогд суманд ирж эмнэлэгт үзүүлээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-12 хуудас/
Г.Гийн гэрчээр өгсөн:”... 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр намайг гэртээ байж байхад нэг танихгүй жолооч Сүлжээнээс зүүн тийг 5 км-т нүүрс тээврийн автомашинынх нь нум нь гуплчихсан машин нь унах гээд байна гэж ярьсан. Тэгээд би тэр хүний машины нумыг нь сольж өгөөд ажлын хөлсөндөө 1000 юань авахаар тохироод 2 өдөр оролдоод Хятадруу захисан нум нь таарахгүй болохоор нь больё гээх орхиод явсан. Тэгээд 11 дүгээр сарын 14-ний өглөө би тэр машин дээр очиход өөр засварчин ирчихсэн миний лоом, торцов, лапаткыг ашиглаад дугуй задалж байхаар нь би багажаа авмаар байна хурдал та нар юмаа авчирсан юм байгаа биздээ гэхээд уурлахад Сайнаа гэдэг засварчны эхнэр нь намайг чи яасан дээрэлхүү хулгайч вэ гэхээр нь би та нарын юуг хулгайлсан юм гэхэд Сайнаагийн эхнэр чи Цагаанхадан дээр архи уугаад дампуураад явж байсан гэхлээр нь би тэр хүнлүү салаавч өгтөл Сайнаа багажаа тавиад чи миний авгайн өөдөөс салаавч өгдөг хэн бэ гээд чулуу шидээд намайг бариад авсан. Бид хоёр барилцаж аваад дээр доороо орж зууралдаж унасан. Тэгээд надтай хамт явсан Цэнгэн гэдэг залуу бид хоёрыг салгасан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/
Гэр В.Цэнгэнбадрахын өгсөн:”...2017 оны 11 дүгээр сарын 12-нд Цогтцэций сумаас хүний гэр ачиж ирээд буцах гэж байтал Г гэдэг залуу надад Сүлжээнээс зүүн тийш хүний машин засах гэсэн юм машинаараа багаж зөөгөөд өгөөч бууцах бензинийг чинь мөнгийг өгье гэхээр нь би тэгье гээд бид хоёр тэр өдрөө 4 домакрат, нэг обуд, ойр зуурын ивээс төмөр аваад Сүлжээнээс урагшаа эвдэрсэн машин дээр очоод би Гтай хамт тэр машиныг янзлах гэтэл таарахгүй сэлбэг ирчихэж гээд буцаад Сүлжээ орж нумыг нь гагнуураар тасдаж шулуулаад тавих гэтэл болохгүй байсан тэгээд бид хоёр өглөө ирж багажаа авна гэж хэлээд явсан. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө Г бид хоёр багажийг нь авахаар эвдэрсэн машиныг байгаа газарт очиход засварчин эхнэртэйгээ байсан. Тэгээд Г багажаа дөхүүлж өгөөд би машиндаа ачиж дуусчихаад Г засварчны эхнэртэй хэрэлдэж байгаад нэг мэдэхэд засварчинтай барилцаад авчихсан байхаар нь би бууж очоод тэр хоёрыг салгаад засварчны эхнэр нөхрөө аваад явж байгаа харагдсан. Тэгээд би машиндаа суусан Г ухарч яваад миний машины буруу талын урд талаар суугаад хаалгаа хаатал засварчин залуу хаалгыг онгойлгоод Гийг зуураад авсан. Тэгээд тэр хоёр зууралдаж ноцолдож байгад Г яв гэхээр нь би хөдлөөд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/
Гэрч Ш.Лхагвацэрэнгийн өгсөн:” .... 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Ганц модноос Мөнхөө гэдэг эмэгтэй надруу яриад манай нэг машин Сүлжээнээс наашаа 10 км-т эвдэрчихээд 4-5 хоночихлоо Сайнаа та хоёр очоод янзлаад өгөөч гэсний дагуу манай нөхөр бид хоёр эвдэрсэн машин дээр очсон. Тухайн үед тэр машины чиргүүлийг 2 домакратаар өргөчихсөн байсан. Тэгээд цаанаас нь фургон машин ирж байхаар нь жолооч нөгөө засварчин ирж байна та ирэхээр нь учирлаж хэлээд одоо ивүүр тавиад домакратыг чинь гэж хэлээрэй гэсэн. Тэр хүмүүс ирээд багажнуудаа аваад домакрат буулгах гээд эргүүлэхээр нь би чи яаж байгаа юм бэ аваар хийх нь байна, энэ залууг ингэж олон хонуулчихаад бид нар домакрат юм аа зөрүүлж тавьчихаад чинийхийг өгье гэхэд чиний хүн чанартай гэж юу байдаг юм бэ гээд Хуягаа гэдэг залуу надруу домакратны ишээр далайсан. Хуягаа гэдэг залуу манай нөхөрлүү янз бүрээр хэлээд намайг доромжлоод байхаар нь манай нөхөр чи зүгээр байгаа эмэгтэй хүнийг доромжлоод байгаа вм бэ гэхэд тэр залуу Сайнбаярыг цохьчихоод машинлуугаа яваад орчихсон. Сайнбаяр чи яагаад хүнийг цохьдог юм бэ гээд машиных нь хаалгыг онгойлгоод ч миний нүдийг сохлох шахлаа гээд зууралдаж байгаад ёо ёо гээд нэг нүдээ дараад машинаас нь чирэгдэж байгаад сугараад үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/
Хохирогчийн биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн №241 дугаартай шинжээчийн
Яллагдагч Г.Гийн өгсөн:” ... Би Ханбогд сумын нутагт нүүрс тээврийн замын дагуу Сүлжээ гэх газраас урагш 5 км-т эвдрээд зогссон нүүрсний машинд 11 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд жолоочийнх нь гуйснаар завсар хийлцсэн юм. Тэр машинд захьсан сэлбэг нь таарахгүй мөн машин засуулсан урьдчилгаа мөнгө өгөхгүй байхаар нь би засвар хийхээ больё, машин домакратсан домакратаа үлдээгээд явсан. Маргааш нь би дүмакратаа авахаар очиход Цагаан хаднаас Сайнаа гэдэг засварчин ирчихсэн миний багажийг ашиглаад засвар хийж байсан. Би тэднээс багажаа авъя гэхэд Сайнаагийн эхнэр Лхагвацэрэн “чи яасан дээрэлхүү муу хулгайч вэ” гэж янз бүрээр хэлээд байхаар нь “ би чиний юмыг хулгай хийсэн үү” гэж би түүнд хэлсэн. Тэгтэл нөхөр Сайнаа нь гартаа барьсан лоом дорцовоо газар тавиад газраас чулуу аваад надруу шидчихээд дайрч ирээд бид хоёр барилцаж аваад дээр доороо ороод ноцолдсон. Тэр үед надтай хамт явсан Цэнгэнбадрах биднийг салгасан. Тэгээд машиндаа суугаад явах гэтэл Сайнбаяр надаас зуураад багалзуур шахсан, би түүнийг тавиулах гээд чулуутай гараараа түүний гарлуу түлхэж өөрөөсөө салгах үед миний гар хальтирч түлхэлт таараад Сайнбаярын нүүрлүү би чулуутай гараараа нэг удаа л цохьчихсон юм. Сайнбаяр миний баруун хөлнөөс зуурч машиныг дагаж хэсэг явж байгаад үлдээд хоцорсон. Түүнээс хойш дахин зодоон цохион болоогүй. Эхнэр нь “чамайг цагаан махыг чинь гартал цагдаагийн үүдэнд суулгаж байгаад эмчилгээний мөнгөө гаргуулж авна” гэж хэлээд тэд явцгаасан. Түүнээс хойш бид дахин уулзаагүй, утсаар ч холбогдоогүй байгаа ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-32 хуудас/
Шүүгдэгч Г.Г нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг “Сүлжээ” гэх газраас зүүн тийш км-т 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цагийн үед иргэн Д.Сайнбаяртай маргаж, улмаар бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Сайнбаяр нь шүүгдэгчээс 2,500,000 төгрөг нэхэмжилсэн байх боловч хохирогчийн гаргаж өгсөн нотлох баримт нь шаардлага хангахгүй байгаа тул тэдгээрийг үнэлэхгүй орхиж, хохирогч Д.Сайнбаяр нь хохирол төлбөрийн баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл байхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Г урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Шар овогт Ганжуурын Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000/ таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан 500 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000/ таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 1 / нэг / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Сайнбаяр нь хохирол төлбөрийн баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Г.Гийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА