Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/05

 

 

 

 

 

 

 

    2

 

Д.Н, Н.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ундармаа,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан, 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/802 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Ундармаа 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дугаартай прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн Д.Н, Н.Н нарт холбогдох эрүүгийн 2211000001426 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ................. овгийн Д.Н /......./, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр .................... төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, ..................тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

2. .......... овгийн Н.Н /.................../, ...... оны ... дугаар сарын ....-ны өдөр .................. төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, зүтгүүрийн техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт, .................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

Н.Н, Д.Н нар нь бүлэглэн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр сургуулийн барилга дээр ажиллаж байхдаа хохирогч Б.Өтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг гараараа болон төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл, нуруу бүсэлхийн цус хуралт, хүзүүний зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Н, Н.Н нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Н-ийг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Боржигин овогт Дамдиндоржийн Нямхүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нг 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдаж, хохирогч Б.Ө нь энэ гэмт хэргийн учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.   

Прокурор Д.Ундармаа эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Хавтаст хэрэгт хохирогч Б.Ө нь “... Тэгээд гадаа гарснаа уурлаж газраас турбо аваад та нарыг ална шүү гээд манай ажилчид болон над руу дайрахаар нь биеэ хамгаалж хорьж цааш нь түлхэж тухайн хүнтэй маргаж байхад цаанаас хамт ирсэн хүү нь гэх залуу ирээд надтай маргаж намайг нүүр рүү гараараа нэг удаа цохиход нь би түүнийг зөрүүлээд толгой дух хэсэг рүү нь толгойгоороо мөргөсөн. Тэгээд барьцалдаад байж байтал тухайн залуугийн аав нь барьж байсан турбогоор миний нуруу хэсэг рүү цохиж намайг уруул хэсэг рүү тухаараа мөргөсөн...” /хх 23-24/ гэж мэдүүлсэн.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 10174 дугаартай “...Б.Ө-ийн биед уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл, нуруу бүсэлхийн цус хуралт, хүзүүний зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 37-38/ нь хохирогчийн мэдүүлгийг давхар нотолсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон баримтын агуулга, улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тогтоолд тусгахаар заасан байхад 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ802 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Нямдоржийг цагаатгахдаа яллах дүгнэлтийн үндэслэл болсон хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн шүүх “...дэргэд байсан хүмүүс салгах зорилготой байсныг гэрчилж, тэдгээр хүмүүс нь мөн маргааныг зогсоох зорилготой байжээ. Н.Н нь хохирогчийг аавыгаа төмрөөр цохих гэж байгааг мэдэж, хохирогчийн биеэ хамгаалах үйлдлийг хориглон зориудаар хөдөлгөөнийг хорьж, барьж байгаад цохиулсан болох үйлдлээрээ...” гэж хэрэгт авагдаагүй үйл баримтыг таамаглан дүрсэлж, үүнийг үнэн бодит мэтээр дүгнэлт хийн, “Н.Нийг гэмт хэргийн санаа зорилго буюу субьектив шинжгүй тул гэмт хэргийн шинжгүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Шүүхийн тогтоолд дурдсан дэргэд байсан гэх гэрч нь Н.Нийн хохирогч Б.Ө-ийг цохисон эсхүл цохиогүй талаар мэдүүлээгүй байхад шүүх мэдүүлгийг үндэслэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Нийг цагаатгасан нь үндэслэлгүй юм.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ802 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Д.Н, Н.Н нарт холбогдох эрүүгийн 2211000001426 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Д.Н, Н.Н нарын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ. 

Д.Н нь 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр сургуулийн барилга дээр ажиллаж байхдаа хохирогч Б.Өтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан харилцан заамдалцсан, тэр хоёрыг салгасан Н.Нтой Б.Ө нь үргэлжлүүлэн ноцолдсон, энэ үед Д.Н нь газраас төмөр труба авч Б.Ө-ийг цохиж эрүүл мэндэд нь “...уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл, нуруу бүсэлхийн цус хуралт, хүзүүний зулгаралт, цус хуралт...” гэсэн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан  болох нь:

хохирогч Б.Ө-ийн: “... аав нь гэх Д.Н нь барилгын гадаа над руу уурлаад цамцны захнаас заамдаж аваад миний хоолойг боох үед тэнд байсан ажилчид салгасан. Тэгтэл Д.Н нь газарт байсан хаягдал труба аваад над руу ална гээд дайрахаар нь өөрийхөө биеэ хамгаалж Д.Нг өөрөөсөө түлхсэн юм. ...Ингээд хүү Н.Н нь намайг заамдахаар нь би адилхан заамдалцаад зууралдаад байж байх үед аав нь гэх Нямхүү нь миний араас нуруу хэсэг рүү барьж басйан трубагаар 1 удаа хүчтэй цохингуутаа уруул, ам хэсэг рүү духаараа 1 удаа хүчтэй мөргөсөн. ...  ” /хх 23-24/,

гэрч Б.Эрдэнэтулгын: “...Аав нь гэх Нямхүү нь Өлзийсуурьтай маргалдаж зууралдаад эхэлсэн энэ үед хүү нь салгах гээд дундуур нь орж байсан чинь Өлзийсуурь Нямдоржийн толгой хэсэг рүү нь 1 удаа мөргөж байгаа харагдсан. Бид нар ч хажуугаас нь салгах гэж оролдсон үнэхээр дийлдэхгүй байсан. Нямдорж гээд хүү нь Өлзийсууриас аавыгаа салгах гээд зууралдаж маргалдаж байх үед нь Нямхүү гэх аав нь төмөр трубагаар Өлзийсуурийн нуруу хэсэг рүү нь трубаг махийтал нь цохичиход Өлзийсуурийг эргээд харах үед нь нүүр, ам хэсэгт нь толгойгоороо хүчтэй мөргөчихсөн юм...” /хх 28/,

гэрч А.Д “...Хүү нь салгах гээд ирсэн, тэр хоёр нь салахгүй зууралдаад байсан. Тэр үед Б.Ө аавыг нь тавьчихаад хүүгийнх нь цамцнаас зуураад тавихгүй зууралдаад байсан.Энэ үед аав нь труба шиг төмөр газраас аваад Б.Ө-ийн нуруу хэсэгт 1 удаа төмрөөр махийтал цохисон. Тэгэнгүүтээ угсруулаад Өлзийсуурийн ам, шүд хэсэг рүү нь толгойгоороо мөргөчихсөн юм. ...” /хх 30/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 10174 дугаартай “...Б.Ө-ийн биед уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл, нуруу бүсэлхийн цус хуралт, хүзүүний зулгаралт, цус хуралт гэмтлүуд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх 37-38/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 10167 дугаартай “...Н.Нийн биед хүзүү, цээжинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. ...”  /хх 40-41/ гэх шинжээчийн дүгнэлтүүд зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Анхан шатны шүүхийн прокуророос:

шүүгдэгч Н.Нид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

шүүгдэгч Д.Нд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргээр хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Нгийн “...хохирогч Б.Өтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зууралдаж ноцолдсон, Б.Ө хүү Н.Нтой нь заамдалцсхан байгаа Б.Ө-ийн нуруу хэсэгт турбагаар цохиж, толгойгоороо нүүр хэсэг рүү нь мөргөж эрүүл мэндэд нь “...уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл, нуруу бүсэлхийн цус хуралт, хүзүүний зулгаралт, цус хуралт...” гэсэн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан...”үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжтэй байна.

Шүүх шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. 

Хэрэгт Н.Нийн аав Н.Нямхүүтэйгээ бүлэглэн Б.Ө-ийн биед халдсан, Б.Ө-ийн биед гэмтэл учруулахаар үйлдэл хийсэн талаар нотлох баримт байхгүй байх тул анхан шатны шүүхийн шүүгдэгч Н.Нийг цагаатгахдаа хийсэн “...Шүүгдэгч Н.Н нь өөрийн төрсөн эцэг Д.Нг хохирогч Б.Өтай маргалдан, улмаар зууралдан авахад өмөөрч, салгах зорилгоор дундуур нь орж хохирогчтой зууралдан авсан байх ба хэрэг учрал болох үед тэдгээрийн дэргэд байсан хүмүүс салгах зорилготой байсныг гэрчилж, тэдгээр хүмүүс нь мөн маргааныг зогсоох зорилготой байжээ. Мөн шүүгдэгч Н.Нийн үйлдлийн улмаас хохирогч бие дэх гэмтлийн аль нэг учирсан болох нь тогтоогдохгүйгээс гадна Н.Нийн  үйлдлээрээ бүлэглэх санаа, сэдэлт тогтоогдохгүй байна. ...” гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв, тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд Н.Нийг цагаатгасныг эсэргүүцэн бичсэн прокурор Д.Ундармаагийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/802 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Ундармаагийн бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.    

  2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ШИНЭБАЯР

              ШҮҮГЧ                                                         М.ПҮРЭВСҮРЭН

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ