Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 102/2016/02469/И |
Дугаар | 001/ХТ2016/00937 |
Огноо | 2016-09-22 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2016/00937
Д.Буянхишигийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/02569 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1046 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч Д.Буянхишигийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Д.Бадамхандад холбогдох,
1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 8 дугаар сард хариуцагч Д.Бадамханд нь надаас нөхрийг чинь нотариатч болгож өгнө гээд нөхрийн маань бүх баримтыг авч явсан. Ингээд манай нөхөр 2015 оны 10 сард ажил орох болж бичиг баримтаа авах гэхэд юу юугүй ажил чинь бүтэх гэж байна, түр хүлээж бай гээд бичиг баримтыг өгөөгүй. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нотариатч болгоход урьдчилгаа гэж 1 000 000 төгрөгийг авсан. Нийгмийн даатгалын дэвтэрт 6 сарын бичилт хийлгүүлэх шаардлагатай гэж хэлсэн. Ингээд миний бие зөвшөөрөөд 6 сарын бичилт хийлгэх мөнгө гэж 140 000 төгрөг, нийт 1 140 000 төгрөгийг Д.Бадамханд эгчид гэрийнхээ гадаа өгсөн.2016 оны 1 дүгээр сарын сүүлээр Д.Бадамханд руу ярьж энэ ажил чинь бүтэхгүй юм байна, бичиг баримтыг нь авна гэж ярьснаар бичиг баримтыг ирж өгсөн. 2015 оны 4 дүгээр сараас эхлэн нийт 5 сарын бичилтийг нийгмийн даатгалын дэвтэрт хийлгэсэн байсан. Би өчигдөр лавлагаа авсан. Манай нөхөр 9 сараас эхлэн нийгмийн даатгалтай гэрээ байгуулан сайн дурын нийгмийн даатгал төлж байгаа. Ийм учраас 140 000 төгрөгийг хасч үлдэгдэл 1 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул уг мөнгийг Д.Бадамхандаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Д.Буянхишиг нь 1 140 000 төгрөг өгч, Д.Буянхишигийн нөхөр Л.Дашдэлэгийн нийгмийн даатгалын дэвтэрт 2015 оны төлөлт хийж өгөөч гэж өгсөн. 1 140 000 төгрөгийг тухайн өдрийн 22.00 цагт иргэн н.Ганчимэгт өгсөн ба Л.Дашдэлэгийн нийгмийн даатгалын дэвтрийг шинээр гаргаж, 2015 оны шимтгэлийг төлж, зохих журмын дагуу бичиг баримтыг бүрдүүлж, 2016 оны 01 дүгээр сард буцааж өгсөн. Д.Буянхишиг нь ажлын хөлсөнд өгсөн мөнгөө ажил бүтсэний дараа нэхэж байгаа нь маш увайгүй аашилж байгаа үйлдэл юм. Миний бие 1 140 000 төгрөгийг аваагүй. Д.Буянхишиг, н.Ганчимэг нарт зуучилж өгсөн. Д.Буянхишигийн нэхэмжилсэн 1 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/02569 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Д.Бадамхандаас 1 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Буянхишигт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бадамхандаас улсын тэмдэгтийн хураамжид 28 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Буянхишигт олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1046 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/02569 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 28 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.
Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Д.Бадамханд намайг нэхэмжлэгч Д.Буянхишигийн нөхөр Л.Дашдэлэгт нотариатын эрх авч өгөхөөр тохиролцож хөлсөнд нь 1 сая төгрөг авсан гэж хийсвэр дүгнэлт хийж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн нь хууль буруу хэрэглэсэн ба болсон үйл баримтыг бодитой тогтоож чадаагүй гэж үзэж байна.Өөрөөр хэлбэл, миний бие нь Д.Буянхишигийн нөхөр болох Л.Дашдэлэгийн нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгөөч гэж гуйсны дагуу л түүний хүссэнээр ажлыг нь бүтээж гүйцэтгэж өгсөн. Түүнээс биш нотариатын тусгай зөвшөөрлийн талаар огт яриагүй байдаг. Энэ талаараа ч анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхэд тайлбараа тодорхой өгч байсан. Д.Буянхишиг бид хоёрын хооронд ажил гүйцэтгүүлэх, гүйцэтгэх хэлцэл амаар хийгдсэн ба энэхүү хэлцэл биелэгдсэн тул миний бие хөлсөнд төлсөн нэг сая төгрөгийг төлөхгүй гэж үзэж байна. Ямар ч нийгмийн даатгалын байцаагч Д.Буянхишигийг 5 сарын төлөлт нөхөж өгөөч гээд 140 000 төгрөг өгөхөд нөхөж өгөхгүй. 1 сая төгрөг өгье нөхөөд өгөөч гэхэд 5 сарын төлөлтийг нөхөж өгсөн байна. Тэгээд ч нотариатчийн тусгай зөвшөөрлийг хууль зүйн яамнаас сонгон шалгаруулалт явуулж сайдын гарын үсэгтэй зөвшөөрөл олгогдсоноор эрх үүсдэг. Хэн нэгэн этгээд хууль бус аргаар хөөцөлдөж уг эрхийг авах боломжтой эсэхийг Д.Буянхишиг нь Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч хүн байж мэдэх л ёстой. Хуульчдын нэр хүндийг унагааж, гутааж, хүмүүст хахууль өгөн мөнгөөр ажлаа бүтээлгэсний дараа өгсөн мөнгөө буцаан нэхэмжилж луйвар хийж явдаг нь энэ хүний хүн чанар юм боловуу.Иймд анхан шатны шүүхийн 102/ШШ2016/02569 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 1046 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож гомдлыг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан зохицуулалтаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй болжээ.
Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй ба хариуцагчийг нэхэмжлэгчийн өмнө гэрээний үүрэг хүлээгээгүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр, магадлал хууль зөрчөөгүй байна.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байдаг тул шүүх уг эрх зүйн хэм хэмжээг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болгосон нь зөв болжээ.
Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх ба хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Д.Бадамханд, Д.Буянхишиг нарт эрх бүхий байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж байгаа гэх баримт хэрэгт авагдаагүй, үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс төлбөр гаргуулах тухай иргэний хэргийн шийдвэр эрүүгийн журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулахад саад болохгүй тул албан тушаалын гэмт хэрэг шалгаж байгаа гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн хүсэлтийг хангах боломжгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/02569 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1046 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН