Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 360

 

Г.В-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, С.Пүрэвсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч В.Удвал, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хаалттай хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 20 дугаар магадлалтай, Г.В-т холбогдох эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б, түүний өмгөөлөгч В.Удвал нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 2003 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Г.В нь Эрүүгийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Г.В-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Г.В-т оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж хорих ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б 6,020,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч иргэний хариуцагч Ш.М нь баталгаа гаргаж шүүхэд ирүүлсэн тул нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд прокуророос өсвөр насны шүүгдэгч Г.В-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Өсвөр насны шүүгдэгч Г.В-ыг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Өсвөр насны шүүгдэгч Г.В-ыг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж, 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.В-ыг 10 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Г.В-т оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж хорих ялыг 5 жилийн хугацаагаар биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.” гэснийг, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.В-ыг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж, 3 дахь заалтын “...5 жил...” гэснийг “...2 жил...” гэж, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.В-т 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ шийтгэх тогтоолд хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай” гэсэн нэмэлт заалт оруулж, 4 дэх заалтын “...түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай” гэснийг “...дурдсугай...” гэж, 6 дахь заалтын “...устгасугай...” гэснийг “...зохих байгууллагад шилжүүлсүгэй” гэж, 9 дэх заалтын “...хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй” гэснийг “...хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Шүүгдэгч Г.В нь 55 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.В-ыг суллаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б, хохирогчийн өмгөөлөгч В.Удвал нар хамтран гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Өсвөр насны шүүгдэгч Г.В нь төрсөн аав Л.Г-ыг алахыг хүсч санаатай алсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байхад давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийн зүйчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэргийн газрын үзлэгээс харахад орондоо орсон байдалтай хэвтэж эсхүл унтаж байсан байх болзошгүй байдаг. Эндээс дүгнэхэд гэмт хэрэг гарах цаг хугацаанд ямар нэгэн зодоон гараагүй, амгалан тайван байсан болох нь нотлогдож байна. Мөн түүнчлэн хэргийн холбогдогч Г.В нь ээждээ хэрэг гарахаас өмнө “...аавыгаа унтаж байх үед нь сүхээр цохиод алчихмаар санагддаг гэж...” хэлж байсан гэх мэдүүлэг болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Т /хх-32-33/, гэрч Л.Э, /хх-85/, Ш.М /хх-79-80/ нарын мэдүүлгүүдийг дүгнэхэд талийгаачийн амь насыг хохироох үйлдэл хийхдээ буюу буугаар буудахдаа Г.В-ын сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан байх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Давж заалдах шатны шүүх хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээг илүү ач холбогдолтойгоор үзэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Уг нотлох баримт нь хэт нэг талыг барьсан, юуг хэрхэн яаж үнэлж хийсэн нь тодорхойгүй, зөвхөн хэрэгт холбогдсон насанд хүрээгүй яллагдагч Г.В-аас асууж, хариулт авч асуумж байдлаар үнэлгээг гаргасан байдаг. Талийгаач Л.Г нь өсвөр насны шүүгдэгч Г.В болон түүний ойр дотны хүн болох хоёр дүүгийнх нь бие махбодид халдсан, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл болох хүний амарч унтах цаг болоогүй байхад унтахыг шаардсан, гэрэлгүй орчинд хоол идүүлсэн, утсаар хүсээгүй хүнтэй нь яриулсан зэрэг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байна гэж дүгнэсэн нь хэт явцуу дүгнэлт болжээ. Тухайн үед дээрх нөхцөл байдал болсон байхыг үгүйсгэхгүй боловч Г.В болон түүний 2 дүүгийнх нь бие махбодид халдсан зодсон цохисон асуудал нь тогтоогдоогүй, энэ талаар зөвхөн Г.В л хэлж байгаа болохоос биш мөрдөн байцаалтын явцад тэдний биед ямар нэгэн үзлэг хийгээгүй, тэдний биед гэмтэл бэртэл болон зодсон асуудал тогтоогдоогүй байдаг. Давж заалдах шатны шүүх нь Шүүх сэтгэц гэм судлалын магадлагааны оношийн үндэслэлдээ ...байнгын айдас, сэтгэл түгшилтээс болж түр зуур сэтгэл цочирдолд орсон ... гэсэн боловч, дүгнэлтдээ ... хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан, тэр үедээ өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгон удирдаж чадаж байсан гэж бодитой дүгнэсэн байхад анхаарч үзээгүй байна. Санаа, сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг нь сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан байхаар хуульчилжээ. Г.В-ын дээрх үйлдэл нь хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж, нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байхад хэргийн үйл баримтыг дутуу үнэлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлээр зүйлчилж хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэлээ. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.  

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч В.Удвал хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх Г.В-т холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу “Сэтгэл санаа цочрон давчдсаны улмаас хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, талийгаачийг 22 цагийн үед нас барсан гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Үүнээс өмнө буюу цаг хугацааны хувьд 22 цаг болохоос өмнө санаа сэтгэл цочрон давчидсан байдал байдаггүй. Талийгаач Г-ыг хүүхдүүдээ зоддог, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан нь тогтоогдсон гэж давж заалдах шатны шүүх үзсэн. Энэ байдлыг ганцхан В л мэдүүлдэг. Өмнө нь хүүхдээ зоддог, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсныг үгүйсгэхгүй. Хэрэгт В гол мэдүүлгийг өгсөн, харин хоёр дүүг нь бага насны хүүхдүүд тул мэдүүлэг аваагүй. В “...намайг зодсон, бас дүү нарыг зодсон, орой 8 цаг болж байхад унт гэсэн” гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл гэмт хэрэг 22 цагт гарсан байдаг нь цаг хугацааны хувьд үүний дараа 2 цаг өнгөрсөн байдаг. Дүү нарыг зодсон гэдэг боловч яг зодсон эсэх нь тогтоогдоогүй. В болон ойр дотны хүн нь хүчирхийлэл, дарамтад орсон шинж чанарыг үгүйсгэхгүй боловч Г.Вын сэтгэл санаа хоромхон зуурт цочрон давчидсан, өөрийгөө удирдах чадваргүй болсон гэдэг нь нотлогдоогүй. Давж заалдах шатны шүүх “Шүүх сэтгэц, эмгэг судлал”-ын шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна гэж үзсэн. Гэтэл энэ байдлыг үгүйсгээд өөрийгөө удирдаж чадаж байсан гэсэн дүгнэлт бас байдаг. Мөн В өмнө нь “аавыгаа ална” гэж хэлж байсан талаар гэрч нар мэдүүлдэг. В өсвөр насны хүүхэд ч том хүн шиг сэтгэдэг, биеэ даасан гэдгийг гэрч Мөнхцэцэг мэдүүлдэг боловч санаа сэтгэл гэнэт цочрон давчидсан, сэтгэл зүйн асуудал хоромхон зуурт болсон асуудал биш гэж үзэж байна. Хэрвээ санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэж үзэж байгаа бол В энэ гэмт хэргийн субьект биш. Иймд давж заалдах шатны шүүх буруу дүгнэлт хийсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн зөв дүгнэлт хийсэн. Харин энэ хэргийн хувьд В 16 насанд хүрээгүй байсан тул субьект нь биш юм. Өмгөөлөгчийн зүгээс анхнаасаа санаа сэтгэл цочрон давчдсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэсэн байр суурьтай байсан. Гэр бүлийн байнгын хүчирхийлэлтэй байсан гэдэг нь тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтээр тухайн нөхцөл байдалд өгсөн дүгнэлтээс үзэхэд, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, сэтгэл санааны цочролд орсон байх боломжтой гэсэн байдаг. Мөн гэмт хэргийг санаатай үйлдсэн гэдгийг нотолсон нотолгоо байхгүй. Тухайн өдөр санаа сэтгэл цочрон давчихдаар үйл явдал болсон байдаг. В-ыг өөрийг нь болон дүүг нь зодсон, түүнээс өмнө ээжийг нь нүдэн дээр нь зодож, байнгын хүчирхийлэлтэй байсан нь хэргээс тодорхой харагддаг. В 14 нас 3 сартай байхдаа энэ гэмт хэргийг үйлдсэн. Удвал өмгөөлөгч цаг хугацаа яриад байдаг. Тухайн өдөр амь хохирогч гэр бүлийн хүчирхийллийн үйлдлээ давтахад В сэтгэл зүйн хямралд орж, сэтгэл санааны хэвийн байдал нь хоромхон зуурт алдагдсан байдаг. Энэ нь буугаар буудсан үйл явдлаа мэддэггүй, “нэг мэдэхэд буудсан байсан” гэсэн Вын тайлбараас ч мөн харагддаг. Давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд тохирсон шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Харин сэтгэл санаа цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийн субьект нь 16 хүрсэн байхыг шаарддаг тул уг асуудлыг анхааран үзэж Г.В-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн хэлсэн саналдаа “...Өмгөөлөгч нарын зүгээс Г.В-ыг анхнаасаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байснаас сэтгэл санаа нь цочрон давчдаж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байсан. Ер нь хүүхдийн эрхийг хамгаалдаг мөртлөө хүүхдийн эрх зөрчигдөөд байгаа ийм нөхцөл байдалд цаг хугацааг ярихаас илүү хүүхэд ямар орчинд байсан бэ гэдэгт анхаарлаа хандуулах ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Харин уг хэргийн субьект нь биш байхад Г.В-т ял шийтгэсэн нь үндэслэл муутай болсон” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Өсвөр насны шүүгдэгч Г.В нь өөрийн төрсөн эцэг Г-ыг ан агнуурын зориулалттай буугаар толгой руу нь буудаж санаатай алсан хэмээн прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн хүрээнд анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байхад давж заалдах шатны шүүх үүнийг няцаалгүйгээр “Шүүх сэтгэц судлал”-ын шинжээчийн дүгнэлтийн хэсгээс иш татаж санаа сэтгэл нь цочрон давчидсан гэсэн нэг өгүүлбэрийг дурдаж зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилсөн байна. Өмгөөлөгч нарын хэлж байгаагаар Г.В болон түүний дүү нарыг зодсон асуудал болж өнгөрснөөс хойш 2 цагийн дараа үйлдэгдсэн нь хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлт, бусад баримтаар тогтоогдсон. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд, Г.В-ыг өөрийг нь болон дүү нарыг зодсонд хорсож үйлдсэн байхаар харагддаг. Гэмт хэрэг үйлдсэний дараа “...цонхоор гарсан, ...хаалгаа түгжээд гарсан” гэсэн мэдүүлгүүд хэрэгт авагдсан байдаг. Эдгээр байдлаас дүгнэхэд санаа сэтгэл хүчтэй цочрон давчдсан гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн байх тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б, түүний өмгөөлөгч В.Удвал нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Г.В-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Өсвөр насны шүүгдэгч Г.В нь 14 нас 2 сар 26 хоногтойдоо буюу 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн үед Архангай аймгийн Чулуут сум,.... тоот өөрийн гэртээ төрсөн эцэг Л.Г-ыг ан агнуурын зориулалттай, “Тигр” загварын хагас автомат буугаар толгой руу нь буудаж алсан үйл баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд өсвөр насны шүүгдэгч Г.В-ын гэм бурууг хянан хэлэлцэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх дээд шатны прокурор Д.Жамбалсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд өсвөр насны шүүгдэгч Г.В нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдсаны улмаас дээрх гэмт хэргийг үйлдсэн нь “Бие махбодын болоод сэтгэл зүйн хүчирхийлэлтэй, байнгын айдас түгшүүртэй орчинд амьдарч байснаас түр зуур сэтгэл нь цочролд орсон” гэх Шүүх сэтгэц, гэм судлалын магадлагааны оношийн үндэслэл, хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ зэргээр нотлогдсон, Г.В нь хэрэг хариуцах чадвартай боловч тухайн магадлагааны оношийн үндэслэлд байнгын айдас, сэтгэл түгшилтээс болж түр зуур сэтгэл цочролд орсон,

Г.В-ын эцэг, эх нь гэр бүл болсон үеэс эхлэн эцэг Л.Г-ын зүгээс Г.В болон түүний ойр дотны хүн болох эх, хоёр дүүгийнх нь бие махбодид удаа дараа халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан, үүнээс шалтгаалан эцэг, эх нь тусдаа амьдарч байсан, гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн өдөр хохирогч Л.Г нь хүү Г.В болон түүний хоёр дүүгийнх нь бие махбодид халдсан, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл болох хүний амарч унтах цаг болоогүй байхад унтахыг шаардсан, гэрэлгүй орчинд хоол идүүлэх, утсаар хүсээгүй хүнтэй нь буюу өөрийн эр эмийн холбоотой эмэгтэй хүнтэй яриулах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь нотлогдсон гэсэн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн гэж хяналтын шатны шүүх үзэв.

Учир нь, өсвөр насны шүүгдэгч болон түүний төрсөн эх Ш.М, мөн дүү нар болох бага насны Г.А, Г.Ө нар нь амь хохирогчийн зүй бус харьцаа буюу гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртдөг байсан бөгөөд гэмт хэрэг гарсан өдөр амь хохирогч нь сэтгэл зүйн болоод бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, Г.В, Г.А нарын эрх чөлөөнд халдсаны улмаас Г.В-ын санаа сэтгэл гэнэт хүчтэй цочрон давчидсан байх нөхцөл байдал хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

Санаа сэтгэл хүчтэй цочирч давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг, цочрон давчдах шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэлтэй холбоотой, хүлээгдээгүй нөхцөл байдалд үүсч, түргэн зуур болдог онцлогтой.

Түүнчлэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэгт байдалд оруулж, тийм нөхцөл байдалд орсон гэмт этгээдийн сэтгэл зүй тодорхой цаг хугацаанд тэсэрч, сэтгэл санааны хүчтэй цочролд орж, улмаар хүнийг алах, хүнд гэмтэл учруулахад хүргэдгээрээ “хүнийг алах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргээс ялгагддаг болно.

Г.В-ын хувьд хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн шууд нөлөөнд өмнө нь болон тухайн цаг үед ч байсан болох нь тогтоогдсон тул давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилснийг үндэслэлтэй гэж үзэв.

Харин Г.В нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй байхад давж заалдах шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэж хууль зөрчсөн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “14-өөс 16 хүртэлх насны хүн”-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэмт хэргүүдийг тоочин заасан бөгөөд үүнд Г.В-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тусгагдаагүй, энэ гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээх этгээд нь 16 насанд хүрсэн байх шаардлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилжээ.  

Шүүгдэгч Г.В нь гэмт хэрэг үйлдэх үедээ 14 нас 2 сар 26 хоногтой буюу үйлдсэн гэмт хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй байсан нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул “шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах насанд хүрээгүй” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 20 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.В-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б, түүний өмгөөлөгч В.Удвал нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                    ШҮҮГЧ                                                С.БАТДЭЛГЭР

                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН