Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Чулуунчимэг,

Улсын яллагч: А.Амгалан

Шүүгдэгч: Р.Рыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Рт холбогдох 1729000610049 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Р нь 2017 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын 1 дүгээр багийн Хөөвөр 14-02 тоотод иргэн Б.Бямбасүрэнгийн эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Р мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм хэрэгт холбогдохгүй ” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, 6 хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6-р хуудас/,

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Б.Бямбасүрэнгийн өгсөн “...Би мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч оролцуулахгүй. ...Доржханд тухайн үед их согтсон байсан. Доржханд хэн нэгнийг онож гэмтээе гэж тэр аягыг шидээгүй юм. Аяга ширээн дээр цохигдож хагараад, хагарсан хэлтэрхий нь ойролцоо сууж байсан миний нүдний доор оночихсон юм У.Доржхандын энэ үйлдэлд би ямар нэг гомдол,санал байхгүй, намайг ямар санаатай  биш гэж бодож байна... Р гэх хүн надад сая нийтдээ 400.000 /Дөрвөн зуун мянга/ төгрөгийг бэлнээр өгсөн.  Тиймээс миний хохирол бүрэн барагдсан. Одоо надад бусдаас нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй санал байхгүй байна. ...Хэргийн материалтай танилцана. Шүүх хуралдаанд оролцохгүй...” /хх-ийн 10-11-р хуудаст/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч У.Доржхандын өгсөн: “... Нэг мэдэхэд гадаа Бямбасүрэн бид хоёр үснээсээ зулгаасан, дээр дороо орсон байсан, тэгээд тэр Анхаа, Болдмаа нар биднийг салгаж салгаж байсныг санаж байна. Яагаад хэрэлдэж маргалдснаа мэдэхгүй юм... Би түүнийг огт санахгүй байна үстэж зууралдаж  байснаа санаж байна, өөр юм санахгүй байна. Би авч очсон пивоноос  уусан, архи бол байгаагүй. Биднийг очиход Бямбасүрэнтэй хамт ажилладаг гэх хүүхэн,залуу хоёр байсан. Архи гаргаагүй, тэр хоёр ч архи авч орохыг би хараагүй. Тэгээд ч Бяибасүрэн гэртээ архи дарс байсан бол Болдмаа бид нар луу  юм байна уу гэж асуухгүй байлгүй дээ, юм байна уу гэж асуусан учраас л бид нар дэлгүүр хаахаас өмнө гээд л 10 лааз пиво аваад очсон юм....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Н.Болдмаагийн өгсөн:”...Тэр үед баяраа гээд байсан залуу нь Бямбасүрэнгийн нүүр лүү дэвссэн гэсэн. Тэрийг би хараагүй юм. Доржханд надруу залгаад гэртээ хүрээд ирээч гэхээр нь би яваад очсон юм. Тэгээд би тэднийд очтол Доржханд болон Анхаа,Баяраа гэх хоёр залуугийн хамт 3уулаа байж байсан. Тэгээд би тэднийд ороод байж байхад Бямбасүрэн мөн над руу залгаад гэртээ хүрээд ирээч гэсэн. ...... Анхаа,Баяраа нарыг өчигдөр л танилцсан. Доржханд л таньдаг юм шиг байсан.  Утсаар дуудахаар л очсон юм. Доржханд л согтуу  байсан би архи пиво уугаагүй юм. Говь газ  гэдэг компанид ажилладаг гэсэн.  Тэр хоёр Доржхандын хашаанд ачааны машин тавьсан байсан. Маркийг нь мэдэхгүй. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Н.Мягмарсүрэн өгсөн: “...би тэднийг салгах гэж байтал баяраа гэсэн байх нэг бор залуу нь гэнэт Бямбасүрэнгийн нүүр лүү дэвсчихсэн юм. ...Баяраа гэдэг бор залуу нилээн согтуу байсан Анхаа гэдэг нь тэрийгээ чи болиоч ээ гээд л байсан, зодоон маргаанд оролцоогүй. ....Би говь газ ХХК-д ажилладаг юм Анхбаярын танил Доку буюу Доржханд гэдэг хүүхнийд ирсэн. Доржханд машин дуудсан, тэгэхэд нэг жижиг тэрэгтэй махлаг шар хүүхэн ирсэн. Говь караокед орж 30 минут дуулж хүний 2 лааз пиво уусан. Бид гурав машинаа явуулчаад буцаж дуудсан. Гэрийн эзэн гэх хүүхний нүүр рүү нь дэвсээгүй гараараа цохисон нь үнэн. Анхбаяр л тэр эмнэлэгт ажилладаг гэх хүүхэн Доку буюу Доржхандыг таньдаг......” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 212 дугаартай шинжээчийн

  1. Б.Бямбасүрэнгийн биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхи уруулын дээд хэсэгт зулгаралт, баруун хацар, шанаа, зүүн 5-р хуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” /хх-ийн 23-р хавтаст/

Р.Рын яллагдагчаар өгсөн: ”...Намайг Б.Бямбасүрэн гэх эмэгтэйг гэмтээсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан тогтоолыг би уншиж танилцлаа. Намайг яллагдагчаар татсан үндэслэлийг би хүлээн зөвшөөрч өөрийн гэм буруугаа ойлгож байна. Анхбаяр архи уугаагүй дан пиво уусан.Тэгээд бүгд согтоцгоогоод Доку тэр айлын эмэгтэй /Б.Бямбасүрэнг хэлж байна/ хоёр юунаас болсныг нь мэдэхгүй хэрэлдэж эхэлсэн. Тэгээд маргалдаад гадагшаа гарцгаасан. Тэр айлд байсан залуу намайг нэг удаа цохиод авахаар нь би түүнийг зөрүүлээд . Би тэр залууг дахин цохих гэж байгаад бидний дундуур орж салгах гэсэн Бямбасүрэнгийн нүүр рүү нь хоёр удаа цохьчихсон юм. Түүнээс болж Бямбасүрэн гэдэг эмэгтэйн биед гэмтэл учирсан байх гэж бодож байна. Надаас өөрөөр Бямбасүрэнг цохиж зодож гэмтээсэн хүн байгаагүй. Доржханд түүнтэй хэрэлдэж маргалдаад байсан болохоос түүнийг зодож цохиж харагдаагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/

Шүүгдэгч Р.Рын иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 32-р хуудас/,

Сүхбаатар дүүрэг 18 дугаар хорооны засаг дарга  Ц.Цогт-Одын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 34-р хуудас/

Шүүгдэгч  Р.Рын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-р хуудас/,

Шүүгдэгч Р.Рын гурван талаас нь харуулсан гэрэл зураг болон түүний товч мэдээлэл /хх-ийн 36-37-р хуудас/

Шүүгдэгч Р.Рын арилжааны банкуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-ийн 41-49-р хуудас/,

Хохирогч Б.Бямбасүрэнгийн Эмнэлгийн магадлагаа /хх-ийн 50-р хуудас/,

Хохирогч Б.Бямбасүрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар, шүүгдэгч Р.Раас хохирол төлбөрт 400,000 төгрөг бэлнээр авсан тухай тэмдэглэл /хх-ийн 53-р хуудас/, Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Р.Р нь 2017 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын 1 дүгээр багийн Хөөвөр 14-02 тоотод иргэн Б.Бямбасүрэнгийн эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд Р.Рыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Бямбасүрэн нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн  байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Р.Рт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар1,2 зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Рэнбүүгийн Рыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Р 700 /долоон  зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000/ долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Р  оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000/ зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 2 / хоёр / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Р.Р нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Р.Р нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,хохирол төлбөрт , хохирогч Б.Бямбасүрэнд 400,000 төгрөг төлсөн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй  болохыг дурдсугай.

6.Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримт байхгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Р.Рын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Р.Рт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА