| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2018/0005/Э |
| Дугаар | 05 |
| Огноо | 2017-12-28 |
| Зүйл хэсэг | 20.14.2., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Шүүгдэгч Фу Д /FU DUXUE/,
Орчуулагч Одманлай,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Фу Дд /FU DUXUE/, холбогдох 1729000740042 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1969 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нингша Хотон Үндэстний өөртөө засах орны Люнг Дей суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, яс үндэс хятад, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “Таван толгой транс” ХХК-ийн Энк коксын үйлдвэрт засварын ахлах ажилтай, ам бүл 5, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт БНХАУ-ын Юн Чиюан хотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Фу Д /FU DUXUE/, /РД:Е12257352/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч БНХАУ-ын иргэн Фу Д //Fu Duxue/ нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Гашуун сухайт хилийн боомтоор каффейн буюу эмийн түүхий эдийг хууль бусаар Монгол улсын хилээр импортолсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Фу Д /FU DUXUE/, мэдүүлэхдээ: “ Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна Дахин ийм үйлдэл гаргахгүй гэв.
Шалгалт хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-р хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16-р хуудас/
Эд мөрийн баримтаар” 5 ширхэг Хятад үсэгтэй сонингийн цаасанд дөрвөлжилж боосон нийтдээ 130гр хэмжээтэй цагаан өнгийн нунтаг зүйл, хуйлж ороосон 9,5 см өргөнтэй, 15,55 м, 11,52 м урттай 2 хэсэг тугалган цаас, гадна талаар нь шар өнгийн тамхины ишээр бөгжилж, хуйлсан 10 см урттай 2 ширхэг улаан эрээн өнгийн цаас”-ыг тооцсон тухай тогтоол /хх-ийн 19-р хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Жамъянсэнгийн өгсөн: ”...2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр намайг импортын зорчигчийн орох урсгалд хяналт шалгалтын ажлын байран дээр байхад 15 цагийн үед Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн Фу Дгийн гар цүнхнийх арын цахилгааныг нь татаж үзэхэд 2 боодол тугалган цаас байхаар нь нарийвчилсан үзлэг хийхийн тулд зорчигчийн биед үзлэг хийх арын өрөөндөө дагуулан орж биед нь үзлэг хийхэд хоёр хөлнийхөө шилбэний доод хэрэгт оймсныхоо дотор талд гадна талаар нь гялгар цаасанд ороож дотуур нь сонингийн цаасанд боосон нунтаг цагаан өнгийн зүйл байхаар нь хураан авч цагдаагийн байгууллагад шилжүүлсэн... Фу Д нь 130 грамм МиМи гэх нунтаг цагаан өнгийн зүйлийг биедээ авч хилээр нэвтрэхийг завдсан. Надад нэхэмжлэх зүйл болон, хохирол гомдол байхгүй. ... хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд суухгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Болортуяагийн өгсөн: ”...Коффейн нь Монгол Улсын бүртгэлд эмийн түүхий эд гэдэг нэршлээр бүртгэгдсэн. Хэрэв тухайн каффейны хэрэглэн ашиглах тохиолдолд эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрлөөр хэрэглэх, ашиглах эрхгүй байдаг. Монгол улсад эм, эмийн түүхий эд бүртгэх үйл ажиллагаа Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 13 дугаар тушаалаар баталсан журмын дагуу явагддаг ба мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий эм ханган нийлүүлэх байгууллага, үндэсний эмийн үйлдвэр болон тухайн гадаадын үйлдвэрийг Монголд төлөөлөх хууль ёсны эрхтэй төлөөлөгчийн газар нь Улсын бүртгэлд эм, эмийн түүхий эд бүртгүүлэх хүсэлтийг гаргадаг. Улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, эмийн түүхий эдийг экспортлох болон импортлох асуудал нь Эрүүл мэндийн Сайдын 2011 оны 343 дугаар тушаалаар зохицуулагддаг ба уг тушаалын нэгдүгээр хавсралтаар лиценз хүсэгч нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн тусгай зөвшөөрөлтэй байгууллага байхыг заасан. Хувь хүн эм, эмийн түүхий эдийг гар дээрээс худалдан борлуулах болон худалдаалах зорилгоор гаднаас импортлох эрхгүй ба энэ талаар эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн холбогдох заалтад хуульчлан өгсөн байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10847 дугаартай шинжээчийн
4.Уг бодисын найрлагад байгаа түүхий эдүүдэд Монгол улсад импортлохыг хориглосон, эмчилгээнд хэрэглэхийг хориглосон түүхий эд байгаа эсэх гэсэн асуулт нь манай лабораторийн тодорхойлох хүрээнд хамаарахгүй болно.”
гэсэн дүгнэлт /хх-ийн 37-38-р хуудас/
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1248, дугаартай албан бичиг /хх-ийн 40-41-р хуудас/
Шүүгдэгч Фу Дгийн яллагдагчаар өгсөн: “...Өнгөрсөн 10-р сард ажил дээрээ ковш засварлаж байгаад унаснаас болж зүрхний орчимд өвддөг болсон. Тэгээд урагшаа хятад руу гарч 10 хоног эмчлүүлж байтал коксын үйлдвэрээс “ажилдаа ир” гээд дуудсан тул буцах болоод Ганц модны боомтод ирээд жижиг дэлгүүрээс эм авахаар орсон. Өвчин намдаах эм гээд сонингийн цаасанд ороосон 5 боодол нунтаг цагаан зүйлийг /МиМи/ мөнгөн цаас, цаасан соруулын хамт 110 юаниар худалдан авсан. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Монгол улс руу нэвтрэхдээ би тэдгээр зүйлсийг оймсныхоо түрийнд нууж хийж яваад гаалийн ажилтнуудад баригдсан. Би урьд нь энэ каффейн буюу МиМи гэх бодисыг Монгол улсад зарж борлуулж, түгээж байгаагүй. ”гэсэн мэдүүлэг /хх-н 48-49-р хуудас/
Шүүгдэгч Фу Дгийн гадаад паспорт болон Монгол улсад оршин суух үнэмлэхийн хуулбар /хх-ийн 80,81-р хуудас/
Шүүгдэгч Фу Дгийн урдаас нь болон гурван талаас харуулсан гэрэл зураг, товч мэдээлэл /хх-ийн 64-р хуудас/
Шүүгдэгч Фу Дгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-р хуудас/
“Хун си бао” дүүрэг “лю чүэн” сум “Тиэн шуй хө” тосгон, тосгоны зөвлөл 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №53 дугаар тодорхойлолт /хх-ийн 73-р хуудас/
LIU-QUAN Цагдаагийн газрын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Хэрэг зөрчлийн тухай” тодорхойлолт /хх-ийн 76-р хуудас/
“Таван толгой транс” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 17/235 дугаартай тодорхойлолт /хх-ийн 79-р хуудас/
Шүүгдэгч Фу Дгийн нарын Арилжааны банканд харилцах, зээл, хадгаламжтай эсэх талаарх лавлагаа /хх-ийн 55-57-р хуудас/
Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх В.Төгсбаярын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/01 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 98-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч БНХАУ-ын иргэн Фу Д //Fu Duxue/ нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Гашуун сухайт хилийн боомтоор каффейн буюу эмийн түүхий эдийг хууль бусаар Монгол улсын хилээр импортолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Шалгалт хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-р хуудас/,Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16-р хуудас/, Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Жамъянсэнгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/, Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Болортуяагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10847 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38-р хуудас/, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1248, дугаартай албан бичиг /хх-ийн 40-41-р хуудас/, Шүүгдэгч Фу Дгийн яллагдагчаар болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Фу Д /FU DUXUE/-г каффейн буюу эмийн түүхий эдийг хууль бусаар Монгол улсын хилээр импортолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгч Фу Д /FU DUXUE/-нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн МиМи гэх 130 гр жинтэй мөнгөлөг цаас гадна талаар нь шар өнгийн тамхины ишээр бөгжилж, хуйлсан 10см урттай 2 ширхэг улаан эрээн өнгийн цаас, нунтаг цагаан өнгөтэй каффейн буюу эмийн түүхий эдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Фу Д /FU DUXUE/-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Фү Дг /FU DUXUE/ эмийн түүхий эдийг хууль бусаар Монгол улсын хилээр импортолсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Фү Дг 5,500 /таван мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 /таван сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Фү Дг /FU DUXUE/-д оногдуулсан 5,500 /таван мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 /таван сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Шүүгдэгч Фү Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5.Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Фү Дгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн МиМи гэх 130 грамм жинтэй мөнгөлөг цаас гадна талаар нь шар өнгийн тамхины ишээр бөгжилж, хуйлсан 10 см урттай 2 ширхэг улаан эрээн өнгийн цаас, нунтаг цагаан өнгөтэй каффейн буюу эмийн түүхий эдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комиссид даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Фү Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА