Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/53

 

 

 

Б.Цид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Б.С /зайнаас цахимаар/,

Хохирогч:  Э.А /зайнаас цахимаар/,

Хохирогчийн өмгөөлөгч: Ж.Ч /шүүх хуралдааны танхимаас/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч:С.Э /зайнаас цахимаар/

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Золбоо нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа даргалж хийсэн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.Аын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Цид холбогдох 2220000000112 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Ц  урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч Б.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 31-ний 23:00 цагийн үед Дорноговь аймгийн *** багийн нутаг дэвсгэр, сумын төвийн баруун талын захын блокон хашааны дэргэд иргэн Э.Атай таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, 2 удаа хутгалсны улмаас баруун гуяны урд болон доод хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Л.Саас шүүгдэгч Б.Цид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Т. Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Батсүхийн Цийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505 1. 510 дугаар зүйлийн 510.1. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Цоос 333,500 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд тушаалгаж, хохирогч Э.Аын нэхэмжлэлийн шаардлагаас 5,660,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн гадуураа хуйтай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

 

Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.А нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

 Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Э.А давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. ...Хохирогч Э.А миний бие нь Б.Цид 2022 оны 08 сарын 31-ний 23 цагийн үед сумын төвөөс зайдуу хашааны дэргэд 7 см болон 2см 2 удаа баруун гуяны урд болон доод хэсэгт 2 удаа санаатайгаар хутгалуулж, уг газраас зугтсан. ... Их хэмжээний цус алдсан, явж чадахгүй байтал цуг ажилдаг хүн маань ирж сумын эмнэлэгт хүргэж өгсөн. ... Сумын анхан шатны тусламж үзүүлсэн эмчийн дүгнэлт нь цус алдалт ихтэй, шоконд орсон, хүчилтөрөгч залгаж яаралтай анхан шатны арга хэмжээ авсан. ... аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтайгаар үзүүлж, зураг авахуулж, мөн 1 оёдол задалж дотор нь 3.5 см зузаантай цус хурсан байсан. Үүнийгээ дахин шахаж цэвэрлүүлж гуурс тавиулж, сумын эмнэлэгт тавьсан, 1 оёдол нь 7 оёдол болж хүндэрсэн. Б.Ц болон ар гэр нь Э.А намайг эмнэлэгт үзүүлж харуулж явахад ганц ч удаа дагаж яваагүй. Ийм хэрэг хийчхээд хүний ёсоор өөрөө болон ар гэрийнхэн ирж уучлалт гуйж уулзаагүй. ...Гэнэт олон нийтийн үзвэр үйлчилгээний газар айлгаж байгаа юм шиг өөрийнхөө дүү болох Ганбаяраар дуудуулж гудамжинд уучлалт гуйж байна гэж хэлсэн. ...Энийг би доромжлол гэж үзэж байна. ... Цаашдаа мэргэжлийн эмнэлэг болох Цэргийн нэгдсэн эмнэлэг болон хувийн эмнэлгээр Б.Цийг дагуулж явах хүсэлтэй байна.

 

2. ... Хохирогчийн зүгээс шүүгдэгч Б.Цийг хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хандаж, эрүүгийн хариуцлагыг прокурортой тохиролцсон шүүхэд хэргийг шилжүүлснийг хохирогч миний бие хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Э.А миний бие энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардал нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Цийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний арга хэмжээ авсанд миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие сэтгэл санаа болон бие махбод, шарх сорив үүссэн тул гомдолтой байна. ... ялыг хүндрүүлэх хүсэлтэй байна.

 

3. ... Дотуур цус алдалттай, 7 см зузаантай, 2,5 см зузаантай, дотор цус алдалт ихтэй байсан. Гэмтлийн хөнгөн зэрэг гэсэн зүйлд гомдолтой байгаа. ... Миний хувьд цэргийн хүн болохоор “Энхийг сахиулах ажиллаагаа”-нд үүрэг гүйцэтгэхээр явах боломжгүй бол биш, сорви, шархтай болсон. Мэс засалтай гэж эмч нар дээр яригдаад байгаа. Дээрээс нь хэлэхэд буруу ташаа мэдээлэл манай ерөнхий газар руу хүргэснээс болж ажлын байран дээрээ асуудалтай, дарамттай байгаа. Би өөрөө хүн хутгалчихсан юм шиг, хэрэгт холбогдсон юм шиг байгаа. ... Иймд миний бие энэ хэргийг дахин хянаж үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэж байна.” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...1. Анх үзсэн эмч нь гүн нь 7 см гүнтэй байна гэсэн байхад энэ талаар шинжээч эмчийн дүгнэлтэд ч дурдагдаагүй байдаг. Аймгийн эмнэлгийн гэмтлийн эмч шархыг хэдэн см гүнтэй байгаа талаар үзээгүй байдаг. Үүнийг яагаад үзээгүй байдаг вэ гэхээр Г эмч Улаанбадрах сумын анх үзсэн эмч хоёрыг асуулгах нь зүйтэй байсан. Энэ талаар тодруулах ёстой байсан. Шинжээч эмчээс 7 см гүн, 2,5 см гүн гэдэг шинжээчийн эмчийн хөнгөн зэргийн гэмтэл гэдэгт нөлөөлөх эсэх талаар асуугаагүй, тодруулаагүй байдаг. Энэ зүйл дээр хохирогч гомдолтой байгаад байдаг. 7 см гүнтэй хутгалчхаад тэнд нь цусан хураа үүссэн байсныг Аймгийн Нэгдсэн эмнэлэгт нээж гуурс тавьж эмчилгээ хийлгэж эдгэрүүлсэн байдаг. Гэмтлийн зэрэг өөрчлөх эсэх асуудал дээр шинжээч эмчээс тодруулаагүй. ... Эдгээр байдлаар зөрүүтэй байхад тодруулаагүй байж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу юм гэж үзэж байгаа.

 

2. Анхан шатны шүүхийн тогтоолд шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр оруулж ирснийг, хэргийг шийдвэрлэсэн нь хохирогчийн зүгээс буруу юм гэж үзээд байгаа. Хохирогч мөрдөн шалгах ажиллагаа дуусахад хэргийн материалтай танилцсан байдаг. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхгүй гэж хүсэлтээ өгсөн байдаг. Ердийн журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү, маш их гомдолтой гэсэн байдаг.

 

Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар дүгнэлт нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн эсвэл нөлөөлөхүйц болохуйц эсвэл ноцтой зөрүүтэй байвал гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Хохирогч Аын өөрийнх нь мэдүүлэгт бас авагдсан байдаг. Түүний ар гэрийнхэн гэмтээд эмнэлэг явахад нь бензин, тос, гарах зардлыг эхний ээлжинд гаргах болно гэж Б.Цийн ээж нь уучлалт гуйсан байдаг. Мөн Ц 1 удаа уучлалт гуйсан гэдгээ хэлдэг. Мөн дүгнэлтийн асуудлыг ярьж байна. Мөрдөн байцаалтын явцад болон шүүх хуралдааны явцад нэмэлт шинжилгээ хийлгэсэн байдаг. Аймагт үзүүлсэн эмчийн бичгийн баримтуудыг гаргаж ирж нэмэлт шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулсан байдаг. ... нэмэлт шинжээчийн дүгнэлтийг өнөөдөр зөвшөөрөхгүй байсан юм бол тэр үедээ яагаад гомдол гаргаагүй юм бэ. Огт гомдол гаргаагүй байдаг. Хохирол төлбөрийн, мөнгөний асуудал дээр хохирол нэхээд хохирлоос шалтгаалаад гомдолтой гэх асуудлыг анхан шатны шүүх хуралдаан дээр ярьдаг. Бид нар хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэхээр хүсэлтээ өгөхөөс өмнө энэ асуудал дээр ямар нэгэн зүйл огт тавьж, ярьж байгаагүй. ... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдлын хувьд бодит дүгнэлт хийсэн. Хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. ... Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

            Прокурор Б.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “... Энэ хэргийг шүүх шийдвэрлэхдээ шүүгдэгчийг 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгож хэргийг шийдвэрлэсэн байдаг. Мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтын хүрээнд шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй байна гэж үзээд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал харагдсан гэж үзэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналыг гаргаж байна. ” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хохирогч Э.Аын давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Л.Саас шүүгдэгч Б.Цийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 31-ний 23:00 цагийн үед Дорноговь аймгийн *** багийн нутаг дэвсгэр, сумын төвийн баруун талын захын блокон хашааны дэргэд иргэн Э.Атай таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, 2 удаа хутгалсны улмаас баруун гуяны урд болон доод хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт  үйлджээ.

 

Мөн шүүгдэгч Б.Ц нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт /хх128/ гаргасныг 2022.09.30-ны өдрийн 35 дугаартай Прокурорын тогтоолоор /хх136/ хангаж, улмаар прокуророос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  дэх 1 хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар санал гаргасныг шүүгдэгч Б.Ц зөвшөөрснөөр прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

2. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Цид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял  оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцсэн, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан  “Шударга ёсны зарчим” болон  Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцсэн.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэх болон үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй.

 

Тодруулбал шүүгдэгч Б.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг буюу 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн *** багийн нутаг дэвсгэрт хохирогч Э.Атай таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний баруун гуяны урд болон доод хэсэгт 2 удаа хутгалж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх03-09/, хохирогч Э.А /хх13-14, 33-34/, гэрч Э.Э /хх21-22/, Н.Т /хх29-30/ нарын мэдүүлэг, хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх 39-40, 61-62/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, анхан шатны шүүх эдгээр нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шалгаж үнэлэх журамд нийцсэн.

 

3. Хохирогч Э.Ааас энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бичгээр гаргасан гомдолдоо “...хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэнд гомдолтой, ... шүүгдэгч Б.Цид ... ялыг хүндрүүлэх хүсэлтэй ...” гэсэн ба давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч болон түүний өмгөөлөгч нь шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах гэсэн агуулга бүхий тайлбар, саналыг гаргасан боловч эдгээрийг хүлээн авч хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

3.1. Учир нь анхан шатны шүүх шүүгдэгч Б.Цийн хүсэлтийг үндэслэн прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулж, шүүгдэгчид прокуророос санал болгосон ялыг оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй, шүүгдэгчид оногдуулсан ял нь эрүүгийн хариуцлагын зорилго, үр нөлөө, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.

 

Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял нь сонгох боломжтой буюу нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж болохоор боловч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь  прокуророос санал болгосон ялыг яллагдагч зөвшөөрснөөр шүүхээс түүнд прокурорын энэхүү ялын саналын хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг онцлогтой.

Улмаар анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Цид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 4.3, 4.6, 5 дахь хэсэгт тус тус заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх”, “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх”, “прокурорын саналын хүрээнд ... эрүүгийн хариуцлага хүлээлгэх” зэрэг шаардлагад нийцсэн байна.

 

3.2. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг талаас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл нь яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргах явдал бөгөөд нөгөө талаас энэхүү ажиллагааны үед “... яллагдагчийн хүсэлтэд хохирлоо төлсөн баримтыг хавсаргана, ... гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх ...” зэргээр хохирогчийн эрхийг хангах учиртай.

 

                Хохирогч Э.А нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлттэй танилцаж /хх127/ хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэйгээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан нийт хохирол, нэхэмжлэлийн шаардлагаа /хх126/ нийт 846,980 төгрөг гэж тодорхойлж, шүүгдэгчээс төлсөн 349000 төгрөгийг хасч, нийт 497,980 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Ц 2022.10.06-ны өдөр төлсөн /хх159/ байна.

 

                Мөн хохирогч Э.А нь анхан шатны шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ “... бие махбодь, эд материал, сэтгэл санаа тайван бус ажлаа хийхэд хүндрэлтэй ...” гэсэн үндэслэлээр  Б.Цоос 5,000,000 төгрөг нэхэмжилж, түүний өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд энэхүү  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг сэтгэл санааны хохирол гэж тодорхойлоод өмгөөлөгчид төлсөн зардалд нийт 660,000 төгрөгийг нэхэмжилжээ.

 

                Анхан шатны шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хувьд “... хэрэгт нотлох баримтын хүрээнд нотлогдоогүй, ... өмгөөлөгч авсан нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан бодит хохирол гэж үзэх үндэслэлгүй ...” гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож, харин цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэжээ.

 

                Ийнхүү анхан шатны шүүхийн иргэний нэхэмжлэлийн талаарх дүгнэлтүүд нь  хохирогчийн гэм хорыг арилгуулах эрхийг зөрчөөгүйн гадна Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 230 дугаар зүйлийн 230.1-т тус тус нийцсэн, иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4, 36.5 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

                Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй ба шүүгдэгч Б.Цид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс хохирогчийн эрх ашгийг зөрчсөн, түүний хуульд заасан эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

                3.3. Түүнчлэн хохирогч болон түүний өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах” тухай тайлбар, саналын үндэслэл нь “шинжээч дүгнэлт гаргахдаа хохирогчийн гуянд 7 см гүн нэвтэрсэн шархыг болон цусан хуралт үүсэж зүслэг хийснийг харгалзаагүй” гэсэн агуулгатай гэж үзэхээр байна.

 

                Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хохирогч Э.Аын биед учирсан гэмтлийг тогтоохоор эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийж 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 04/200 дугаартай дүгнэлт /хх39-40/, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэмэлт шинжилгээ хийж  04/200 /нэмэлт/ дугаартай дүгнэлт  /хх61-62/-үүд гарсан байна.

 

                Уг дүгнэлтүүдэд шинжилгээний явц хэсэгт “... гуяны доод хэсэг өвдөгний дээд хэсэгт 2 см өргөнтэй 7 см гүнтэй зүсэгдсэн шархтай ..., баруун гуяны дүрэгдсэн шархнууд арьсан доорх цусан хураа ...” гэж дурдаж, дүгнэлт хэсэгт “... баруун гуяны урд болон доод хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо ...” гэснээс тус тус үзэхэд шинжээч эмчийг шинжилгээ хийхдээ гуянд нэвтэрсэн шархны гүн болон гуяны өөхөн эдийн доор үүссэн цусан хуралтыг харгалзаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйн гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэж дахин шинжилгээ хийлгэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

 

                Иймд хохирогчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Э.Аын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БОЛОРМАА

 

                                              ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                                  

                                                                                                  Н.БАТЧИМЭГ