Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/04021

 

2024 10 02 182/ШШ2024/04021

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

  Нэхэмжлэгч: Хт байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч тоотод байрлах, ******* /РД:*******/-нд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтран ажиллах гэрээний үүрэгт 6,397,930 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******нд холбогдуулан 6,397,930 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Марис Трейд ХХК нь арьсан цүнх, жижиг эдлэлийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг. Энэ үйл ажиллагааныхаа хүрээнд хариуцагч компанитай 2020 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу үйлдвэрлэгч компани болох ******* компани нь өөрийн үйлдвэрлэсэн арьсан цүнх болон жижиг эдлэлийг хариуцагч компанийн нэрийн дэлгүүрүүдээр худалдаалах, хариуцагч компани нь тус Марис трейд компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өөрийн нэрийн дэлгүүрүүд дээр сурталчлан таниулж, борлуулах үүргийг хүлээж байсан.

Хариуцагч компани бүтээгдэхүүнүүдийг дэлгүүрүүдээр борлуулж, борлуулалтын мэдээ тайлангаа тухай бүрд нь харилцан тооцоо нийлж, акт үйлддэг байсан. Энэ гэрээний харилцаа нь 2020 оны 01 сарын 13-ны өдрөөс үргэлжлээд 2020 оны 12 сард дуусгавар болсон байдаг. Өөрөөр хэлбэл гэрээ нь улирлаар байгуулагдаад, сунгагдаад хамгийн сүүлд 2020 оны 04 дүгээр улирлыг дуустал энэ гэрээний харилцаа үргэлжилсэн байдаг.

Гэрээний хэрэгжилтийн явцад талуудын хооронд хэд хэдэн удаа тооцоо нийлэх акт үйлдсэн. Хамгийн сүүлд 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтран ажиллах гэрээнд заасан сар тутамд хариуцагч компанид шилжүүлэхээр тохирсон 200,000 төгрөгийг хассан дүнгээр тооцоо нийлж, 2021 оны 1 сарын 14-ний өдрийн байдлаар 10,651,960 төгрөгийн тооцоог нийлж, эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Үүнээс хойш 3,785,490 төгрөг, 468,540 төгрөгийн буюу 2 удаагийн падаанаар бараа бүтээгдэхүүний буцаан татан авалт хийсэн байдаг. Тухайн үед ковидын нөхцөл байдлаас болоод бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор үйл ажиллагаа цаашид үргэлжлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байсан. 2021 оны 01 сарын 14-ний өдрийн 10,651,960 төгрөгийн үлдэгдлээс буцаан авалт хийсэн 4,254,030 төгрөгөө хасаж, одоо нэхэмжилж байгаа 6,397,930 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.

Нэхэмжлэгч нь хариуцагч компанитай 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 13 тоот гэрээ, 2020 оны 04 сарын 06-ны өдрийн 20/05 тоот гэрээнүүдийг байгуулсан. Үүн дээр нэмж хэлэхэд Монгол шевро ХХК нь хариуцагч компанитай 2019 оны 11 сард гэрээ байгуулж ажиллаж байсан байдаг. Энэ гэрээний тооцоог Марис Трейд ХХК хүлээж аваад 11 сарын 15-ны өдрөөс хойш хариуцагчтай тооцоо нийлээд явсан байдаг.

Иймд *******ноос хамтран ажиллах гэрээний үүрэгт хүлээсэн борлуулсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 6,397,930.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Тус компани нь 2020 оны 01 сарын 13-ны өдөр Марис Трейд ХХК-тай Хамтран ажиллах гэрээ дугаар 13-г байгуулсан байна. Талууд нь хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр Марис Трейд ХХК нь Монголд үйлдвэрлэсэн арьсан гар урлал болон савхин жижиг зүйлсийн бараа бүтээгдэхүүнийг 2020 оны 01 сарын 13-ны өдрөөс эхлэн гэрээнд заасны дагуу бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж эхэлсэн. Манай компани нь 2019 онд анх Монголд үйлдвэрлэсэн Монголын Брэнд болсон бараа бүтээгдэхүүнийг хамтарсан нэрийн барааны нэртэй дэлгүүрээр үйл ажиллагааны урсгал зардал, нэмүү өртөг үйлдвэрлэн байршуулж, хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн. Уг гэрээнд талууд нь бараа бүтээгдэхүүний төлбөрийг бараа бүтээгдэхүүнийг борлуулсны дараа төлөх үүргийг хүлээсэн байх ба гэрээнд заасан үүргийн дагуу борлуулагч тал болох *******ны дэлгүүр нь сар бүрийн 25-30-ны хооронд тооцоо нийлсэн акт үйлдэн нийлүүлэгч нь тооцоо нийлсэн актын дагуу нэхэмжлэлээ худалдан авагч талд шилжүүлнэ гэж заасны дагуу 2020 оны 1 сараас эхлэн Хас банкны тоот дансаар шилжүүлж эхэлсэн байна. Хамтран ажиллах гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч Марис Трейд ХХК нь бараа бүтээгдэхүүнийг ХНД-т нийлүүлсэн байх ба үүнээс хойш 2020 оны 6 сард үйл ажиллагаагаа зогсоох хүртэл барааны үнийг шилжүүлсэн ба барааг буцаалтаар өгсөн байна. Үүнээс гадна Марис Трейд ХХК-ийн үлдэгдэл бараанаас борлуулалт хийгдсэн даруйд нь борлуулагдсан барааны үнийг шилжүүлсэн байна. Мөн талуудын хамтран ажиллах гэрээний 5.2-т: Нийлүүлэгч нь нэгдэн бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн болон түүнд дөхөж очих хамгийн хямд үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах болж байгааг үндэслэн сар бүрийн Гэрээний хураамж болох 200.000 төгрөгийг Тэнгэр Монголия ХХК-ийн Улаанбаатар хотын банкны тоот данс руу шилжүүлэх байсан. Гэтэл Марис Трейд ХХК нь дээрхи төлбөрийг манай ХНД-ийн дансанд огт шилжүүлээгүй өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэлгүй явж ирсэн.

2.2. Нэхэмжлэгч нь анх 2019 оны 11 сарын 4-ний өдөр Монгол Шевроо компаниараа ХХК-иараа хамтран ажиллах гэрээг байгуулж, 2020 оны 01 сарын 13-ны өдөр 13 тоот гэрээг *******-иараа байгуулж хамтарч ажилласан. 2019 оны 11 сарын 04-ний өдөр байгуулагдсан гэрээний хугацаагаар авч үзээд хамгийн сүүлд 2021 оны 6 сарын 29-ний өдөр гэрээ байгуулсан. Энэ хугацаагаар тооцоолол гаргахад хариуцагч компани нь Марис Трейд ХХК-д 6,397,000 төгрөгийг төлж барагдуулах үндэслэлгүй байхгүй. 2019-2020 он, 2020-2021 он хүртэл 200,000 төгрөгийн хураамжтай байсан. 2019 оны 10 сард анх энэ хоршоотой харилцъя гэдэг хүсэлтийг удаа дараа ирүүлж байсан бөгөөд хариуцагч компани хүсэлтийг нь хүлээж авсан. 2 компанийнхаа нэрээр гэрээ байгуулж, 2 том талбай буюу 2 том лангууг авч бараа бүтээгдэхүүнээ тавьж борлуулж байсан. Хавтаст хэрэгт авагдсан тооцоо нийлсэн актаас харахад 6 сарын хураамж хасагдсан байдаг. Үүнээс хойш огт төлөөгүй байгаа. Нэхэмжлэгч нь цар тахалтай холбоотой үед хүрч ирээд бараа бүтээгдэхүүнээ авчихдаг, авсныхаа дараа зарлагын баримт үйлдээд гар хөлийн үсэг зуруулаад ирье гэж авч яваад, авчирч өгдөггүй гэх мэтчилэн бизнесийн байгууллагад байж үл болох зүй бус итгэл эвдсэн байдлуудыг удаа дараа гаргаж байсан. Хавтаст хэргийн 84 дүгээр хуудаст Энхжаргал захирлын гаргасан тайлбар байгаа. 01 сарын 15-ны өдрөөс төлнө гэсэн агуулгатай зүйл өөрсдөө дур мэдээд бичсэн байгаа. Энхжаргал захирал үзээд миний бичгийн хэв биш, би ингэж бичээгүй гэсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний хураамжуудыг хасуулмаар байна. 2020 оны 11 сарын 03-ны өдрөөс 2021 оны 6 сарын 30-ны өдрийг хүртэлх 2,100,000 төгрөгийг хасаж тооцоход нэхэмжлэгч компанид төлөх өр төлбөр байхгүй байна. Үүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрмөөр байна. Монгол шевро ХХК-ийн гэрээний хураамжийг төлж барагдуулмаар байна. Тус хураамжийг төлүүлэхээр манай компани авлагатай болж байгаа. Нэхэмжлэгч компанийн компанийн гаргасан хууль бус үндэслэлгүй, тооцоо, дансаа мэддэггүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3, 50/

3.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, /хх 12/

3.3. 2022.01.15-ны өдөр *******-д хүсэлт гаргах нь гэх баримт /хх 5/

3.4. Тооцооны үлдэгдлийн баталгаа, түүний хавсралт /хх 6, 51-66/

3.5. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаар Хамтран ажиллах гэрээ /хх 7-11/

3.6. Итгэмжлэл /хх 45/

3.7. *******-ийн Хаан банкны дансны хуулга /хх 67-67/

3.8. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/04203 дугаар шийдвэр /хх 90-91/

3.9. Монгол Улсын Засгийн Газрын 2020.02.13-ны өдрийн 63 дугаар, 2020.12.30-ны өдрийн 238 дугаар тогтоол /хх 148-150/.

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм /хх 30-36/

4.2. Итгэмжлэл /хх 111/

4.3. Хариу тайлбар /хх 28-29/

4.4. Тооцооны үлдэгдлийн баталгаа, түрээсийн хураамжийн дэлгэрэнгүй /хх 125-126/

4.5. 2019.11.04-ний өдрийн 13 дугаар Хамтран ажиллах гэрээ /хх 139-145/

4.6. Түрээсийн хураамжийн дэлгэрэнгүй /хх 146/

4.7. *******ны даргын 2021.01.04-ний өдрийн 2021-01/т11 дугаар тушаал /хх 147/.

 

5. Хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгч *******-иас 2020.04.06-ны өдрийн 20/05 дугаар Хамтран ажиллах гэрээг гаргуулж хэрэгт хавсаргасан. /хх 151-153/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч *******нд холбогдуулж, хамтран ажиллах гэрээний үүрэгт 6,397,930 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүх хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 4,254,030 төгрөгөөр ихэсгэсэн бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ихэсгэсэн шаардлагаасаа татгалзаж, шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.

 

Шүүх нэхэмжлэгч *******-ийн хамтран ажиллах гэрээний үүрэгт 6,397,930 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Марис Трейд ХХК нь арьсан цүнх, жижиг эдлэлийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг бөгөөд хариуцагч компанитай 2020 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу үйлдвэрлэгч компани болох ******* компани нь өөрийн үйлдвэрлэсэн арьсан цүнх болон жижиг эдлэлийг хариуцагчийн нэрийн дэлгүүрүүдээр худалдаалах, хариуцагч нь ******* компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өөрийн нэрийн дэлгүүрүүд дээр сурталчлан таниулж, борлуулах үүргийг хүлээж байсан. ******* нь борлуулсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 6,397,930 төгрөгийг төлөөгүй учир нэхэмжлэгч нь шаардах эртэй гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь үгүйсгэж маргасан. Үүнд: Хамтран ажиллах гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч ******* нь сар бүр 200,000 төгрөгийн хураамжийг манай хоршоонд төлөх ёстой. Гэвч нэхэмжлэгч нь 6 сарын хураамж л төлсөн. Анх нэхэмжлэгч нь -иараа 2019.11.04-нд хамтран ажиллах гэрээг байгуулсан. Хамтран ажиллах гэрээний харилцаа 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилсэн. болон ******* нарын хураамжийг тооцоход манай хоршоо төлөх өр төлбөргүй, авлагатай гарч байгаа гэж тайлбарласан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 2020.01.13-ны өдөр 13 дугаар Хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь брэндийн зохих шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх,

хариуцагч нь нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг өөрийн хоршооны хамтын нэрийн дэлгүүрт байршуулан нийлүүлэгчийн нэрлэсэн үйлдвэрийн үнээр худалдах, худалдах ажлыг зохион байгуулах үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь хамтарсан нэрийн дэлгүүрт нэгдэн бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн болон түүнд дөхөж очих хамгийн хямд үнээр бараа борлуулж байгааг үндэслэн сар бүрийн гэрээний хураамж буюу хамтын нэрийн дэлгүүрийн үйл ажиллагааны зардал, түрээс, цалин, ашиглалтын зардал, НӨАТ-аас бусад татвар, бусад үйл ажиллагаатай холбоотой зардлууд багтсан 200,000 төгрөгийг төлөхөөр,

хариуцагч нь харилцан тооцоо нийлсэн акт үйлдсэний дараа нийлүүлэгчийн нэхэмжлэлийн дагуу худалдагдсан бараа, бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос борлуулалтын 10 хувийг авахаар тохиролцсон байна.

 

Талуудын гэрээний агуулгаас үзвэл ******* нь өөрийн бараа бүтээгдэхүүнийг *******ны хамтын нэрийн дэлгүүрт нийлүүлж борлуулах, тус хоршоо нь бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах үйл ажиллагааг гүйцэтгэсний үр дүнд талууд борлуулсан бараа бүтээгдэхүүний ашгийг 90, 10 хувийн харьцаагаар хуваарилж, хамтын үйл ажиллагааны үр дүнд ашиг олох зорилготой байна.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэв.

 

4.2. Талууд 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаар гэрээний дараа 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 20/05 дугаар хамтран ажиллах гэрээг байгуулсан байх бөгөөд эдгээр гэрээнүүдээр нэг ижил харилцааг зохицуулсан буюу хамтран ажиллах гэрээний харилцаа үргэлжилсэн байна.

 

Дээрх гэрээнүүдийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т зааснаар талууд 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр улирлыг дуустал хамтран ажилласан байх бөгөөд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.1-д заасан үндэслэлээр талуудын хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон байна.

 

Зохигчид хамтран ажиллах гэрээ байгуулсан үйл баримт болон 6,397,930 төгрөгийн үнийн дүнд маргаагүй.

 

Харин хамтран ажиллах гэрээний 5.2-т заасан сарын хураамж 200,000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

4.3. Хамтран ажиллах тухай 13 болон 20/05 дугаар гэрээнүүдийг шинжлэн судалбал:

гэрээнүүдийн 5 дугаар зүйлийн 5.2-т Нийлүүлэгч нь ХНД-т нэгдэн бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн болон түүнд дөхөж очих хамгийн хямд үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах болж байгааг үндэслэн сар бүрийн гэрээний хураамж болох 200,000 /хоёр зуун мянган/ төгрөгийн анхны төлбөрийг гэрээ батлагдмагц Тэнгэри Монголия хоршооны Улаанбаатар хотын банкны тоот данс руу шилжүүлнэ гэж,

5.3-т Талууд сар бүр тооцоо нийлсэн акт үйлдэнэ. Нийлүүлэгч нь тооцоо нийлсэн актын дагуу нэхэмжлэл худалдагч талд илгээнэ гэж,

5.4-т Борлуулагч нь тооцоо нийлсэн акт үйлдсэний дараа нийлүүлэгчийн нэхэмжлэлийн дагуу худалдагдсан бараа, бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос борлуулалтын 10% болон 5.2-д заасан дүнг (эхний сарынхаас бусад) суутган үлдэгдэл дүнг нийлүүлэгчийн Хаан банкны тоот данс руу шилжүүлнэ гэж тус тус заасан байна.

 

Тодруулбал нэхэмжлэгч нь гэрээ батлагдмагц эхний сарын 200,000 төгрөгийн хураамжийг төлөх бөгөөд эхний сарынхаас бусад хураамжийг хариуцагч нь тооцоо нийлсэн акт үйлдсэний дараа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дагуу худалдагдсан бараа, бүтээгдэхүүний борлуулалтын орлогын 10% болон 200,000 төгрөгийн хураамжийг суутган авч, үлдэгдэл дүнг нийлүүлэгчид шилжүүлэхээр тохирсон байна.

 

Өөрөөр хэлбэл эхний сараас бусад хураамжийг нэхэмжлэгч нь төлөх биш харин хариуцагч борлуулалтын орлогоос суутган авч үлдэхээр зохицуулсан байна.

 

Зохигчид хамтран ажиллах гэрээгээ дүгнэж дараах байдлаар тооцоо нийлсэн байна. Үүнд:

1. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд сторе монголиа нь 17,878,320 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав. /хх 51/

2. 2020 оны 04 дүгээр сарын 6-ны өдрөөс 9 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд сторе ХНД нь 4,383,853 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав. /хх 66/

3. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Тэнгэри сторе нь 10,651,960 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав гэжээ. /хх 6/

 

Ийнхүү тооцоо нийлэхдээ борлуулалтын орлогын 10 хувь, сарын хураамж 200,000 төгрөгийг тус тус хариуцагч нь суутган тооцож, төлбөл зохих дүнг тооцсоны эцэст хариуцагч Тэнгэри Монголия Хоршоо нь 10,651,960 төгрөгийн төлбөрийн өртэй гарсан болох нь хавтаст хэргийн 52-64 дүгээр талд авагдсан баримтууд болон тооцоо нийлсэн актуудаар нотлогдож байна.

 

Нөгөө талаар хариуцагч нь гэрээний хугацаанд сар бүрийн 200,000 төгрөгийн хураамжийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй байсан, энэ үүргээ биелүүлээгүй, хамтран ажиллах гэрээ 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хэрэгжсэн гэх татгалзлаа баримтаар нотлоогүй бөгөөд хавтаст хэргийн 125-126, 146 дахь талуудад авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа, түрээсийн хураамжийн дэлгэрэнгүй тооцоо гэх нэг талын баримтыг шүүх үнэлэх боломжгүй.

 

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

4.4. Тооцоо нийлснээс хойш буюу 2022.01.15-ны өдөр хариуцагч *******ны дарга нь Тэнгэри Монголия Хоршооны тооцоо нийлсэн актад 2020.12.21-ний өдрийн 3,785,490 төгрөг, 468,540 төгрөгийн дүнг падааныг нь олж хасуулахаар болов. Падааны эх хувийг 2022.01.21-ний дотор олж явуулна. Үлдэгдэл тооцоог 70 хувь бартераар, 30 хувийг мөнгөөр хийх хүсэлтэй байна. Бартерын барааг 3 сарын хугацаанд барагдуулах, мөнгөний тооцоог 3 сарын хугацаанд барагдуулах хүсэлтэй байна. 01.21-ний өдрийн дотор падааныг олж явуулаагүй тохиолдолд тооцсон үнийн дүнгээс хасаж тооцохгүй болохыг зөвшөөрч байна гэх хүсэлтийг нэхэмжлэгчид гаргасан байна. /хх 5/

 

Гэвч Тэнгэри Монголия Хоршоо нь мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч нь 6,397,930 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Тооцоо нийлсэн хугацаа, хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ын хүсэлт зэргээс үзэхэд зохигчид нь -ийн байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хамтран ажиллах гэрээний төлбөр тооцоог оруулан нийлсэн гэж үзэхээр байх бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэл бүхий байна гэж үзэв.

 

Иймд хариуцагч *******ноос хамтран ажиллах гэрээний үүрэгт 6,397,930 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 200,337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ноос улсын тэмдэгтийн хураамжид 117,317 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8-д заасныг баримтлан хариуцагч *******ноос 6,397,930 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 200,337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ноос 117,317 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА