Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/54

 

 

 

Л.Сид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Б.С,

Шүүгдэгч: Л.С

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Золбоо нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа даргалж хийсэн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Л.Сийн давж заалдсан гомдлоор шүүгдэгч Л.Сид холбогдох 2220000000112 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: овогт ** С урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч Л.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 26-ны 19 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Баянтүншлэг дэлгүүр ард сууж байсан иргэн Д.Шын самсунг Жи-6 маркийн гар утас, иргэний үнэмлэх, банкны 2 картыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Л.Саас шүүгдэгч Л.Сид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч овогт ** Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ** Сийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сид оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сийн цагдан хоригдсон 27 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Соос 208,300 төгрөгийг гаргуулж, хохирогч Д Шт олгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт хадгалж,

 

Энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Сид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.С давж заалдсан гомдолдоо: “...Д.Шт 208,300 төгрөгийн хохирол учруулсандаа маш их гэмшиж байна. Мөн шүүхээр тогтоосон хохирлыг төлж барагдуулсан. Би анх удаа хэрэгт холбогдож байна. анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ... Анх би байцаагдаж байхдаа шүүх хурлаар хэргийг шийдвэрлэнэ гэж мэдээгүй. 14 хоног байцаагдаж байсан. Удаад байхаар нь би Багануур дүүрэг рүү ажлаар явсан. ... Би анхан шатны шүүх хуралдаанд хохирол барагдуулаагүй орсноос болж би 6 сарын хорих ял авсан. Оршин суух хаяг байхгүй гэж байсан. Би найзындаа байж ажил хийдэг байсан. Би банканд мөнгө төлдөг. Одоогоор 3 сар орчим төлөөгүй байна. Тэрэндээ санаа зовж байна. Ял шийтгэлийг маань хөнгөлж өгөөч гэж гомдлоо гаргасан. Цагдан хорих байранд 2 сар 27 хонож байна. .... Дээрх бүгдийг харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэжээ.

 

            Прокурор Б.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүй хууль бусаар авсан гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Үүнийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэсэн. Ингэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчимд нийцүүлж гэмт хэрэг үйлдсэн шинж, хохирлоо төлсөн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж 6 сарын хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Сийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Л.Саас шүүгдэгч Л.Сийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 26-ны 19 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Баянтүншлэг дэлгүүр ард сууж байсан иргэн Д.Шын самсунг Жи-6 маркийн гар утас, иргэний үнэмлэх, банкны 2 картыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу “дээрэмдэх” гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт  үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд  шилжүүлжээ.

 

2. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Л.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  бусдын эд хөрөнгийг “дээрэмдэх” гэмт хэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Тодруулбал шүүгдэгч Л.С нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Шын гар утас, иргэний үнэмлэх, банкны картыг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан“ гэсэн дээрэмдэх гэмт хэргийн шинжид нийцсэн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Сийг ийнхүү  гэм буруутайд тооцохдоо хохирогч Д.Шын мэдүүлэг /хх26-27/, гэрч Б.Бын мэдүүлэг /хх34-35/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх12-19/ камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх20-21/, хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх38-40/ зэрэг нотлох баримтыг үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгаж үнэлэх журмыг зөрчөөгүй, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж,  хязгаарласан,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч шүүгдэгч Л.С нь өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцож, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулахгүйгээр, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явуулахаар шийдвэрлэсэн болно.

 

4. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Сид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг шүүгдэгч эс зөвшөөрч ял хөнгөрүүлэх агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасныг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Учир нь шүүгдэгч Л.С нь гэм буруугийн талаар маргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, анхан шатны шүүхээс тогтоосон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн буюу хохирогч Д.Шт  208,300 төгрөгийг төлсөн баримтыг /хх 137/ давж заалдсан гомдолдоо хавсаргаж ирүүлсэн, мөн тэрээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн Борхойн 14 дүгээр гудамжны 5 тоот хаягт оршин суудаг талаарх багийн ажлын албаны бүртгэл мэдээллийн ажилтны тодорхойлолт /хх138/ зэргийг үндэслэн анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан  “Шударга ёсны зарчим” болон  Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцнэ.

 

Мөн шүүгдэгч Л.С нь  өмнө нь нийт 27 хоног, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд 60 хоног, нийт 87 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялаас хасах нь  зүйтэй болно.

 

Иймд шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/92 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “ ... 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ” гэснийг,

 

“ 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэж,

 

 3 дугаар заалтыг хүчингүй болгож, заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сийн цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялаас цагдан хоригдсон нийт 27 хоногийг хассугай.” гэж нэмж,

 

4 дүгээр заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь

хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сийн цагдан хоригдсон 27 хоногийг эдлэх ялд нь

оруулан тооцсугай.” гэснийг,

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх хугацаанд шүүгдэгч Л.Сийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Сийн давж заалдсан гомдлыг хангасугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Л.Сийн цагдан хоригдсон 60 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, зорчих эрхийг хязгаарлах ялаас хасч, шүүгдэгч Л.Сид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, сулласугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БОЛОРМАА

 

                                              ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                                   

                                                                                                  Н.БАТЧИМЭГ