Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2017/0762

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
 

Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат би Ирмүүнбармат ХХК-ийн нэхэмжлэлтэй, Батлан хамгаалах яаманд холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн дэд хурандаа Ш.Батдаваа би Батлан хамгаалах яамнаас олгосон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 28 дугаар зүйлд заасан эрхийн дагуу нэхэмжлэгч Ирмүүнбармат ХХК-ийн нэхэмжлэлээсээ татгалзах, Батлан хамгаалах яамнаас тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, тендерийн баримт бичгийн үнэ 50,000 /тавин мянга/ төгрөг, хуулийн зөвлөгөө авсан 50,000 /тавин мянга/ төгрөг нийт 170,200 /зуун далан мянга хоёр зуу/ төгрөгийг нэхэмжлэгч талд хариуцагчаас олгохоор эвлэрлийн гэрээ байгууллаа. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Ирмүүнбармат ХХК-ийн нэхэмжлэлтэй, Батлан хамгаалах яаманд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож, Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д ... хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх, эрхтэй, 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.4-т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн байна.

Хариуцагч Батлан хамгаалах яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Батдаваа нь нэхэмжлэгч Ирмүүнбармат ХХК-ийн төлөөлөгч Н.Зоригтбаатартай харилцан тохиролцсоноо баталгаажуулж 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Батдаваад Батлан хамгаалах яамнаас 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр олгосон итгэмжлэлийн дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч Ирмүүнбармат ХХК, хариуцагч Батлан хамгаалах яам нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасныг баримтлан Ирмүүнбармат ХХК-ийн нэхэмжлэлтэй, Батлан хамгаалах яаманд холбогдох Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.3-т заасны дагуу 55.4.1, 55.4.2-т заасныг үндэслэн сайтар хянан үзэж эдгээр хууль зөрчсөн тендерүүд дээр яаралтай арга хэмжээ аван түдгэлзүүлж, улмаар бүхэлд нь хүчингүй болгож дахин тендер явуулах шийдвэр гаргаж хууль зөрчсөн буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцох, эсхүл тендерийн материал худалдаж авахад төлсөн 100000 /нэг зуун мянга/ төгрөг, тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, мөн эдгээр тендерүүдэд манай компани гадаадын түншүүдтэйгээ хамтран оролцсон нөхцөлд ямар нэгэн зөрчил дутагдалгүй, оролцохгүй байх ямар ч шалтгаан байхгүй, санхүүгийн боломж, ажлын туршлага, чадварын мэдээллээр өндөр хуулийн дагуу оролцох бүрэн боломжтой байсан бөгөөд уг тендерүүдээс гадаадын түншүүдтэйгээ хамтран ирээдүйд олох байсан /улсад татвар хураамжаа бүрэн төлөөд/ цэвэр ашиг болох 60,000,000 /жаран сая/ төгрөг олох бүрэн боломжтой, магадлалтай байсан тул энэ мөнгөний тавин хувь болох 30,000,000 /гучин сая/ төгрөг, нийт 30,170,200 /гучин сая нэг зуун далан мянга хоёр зуу/ төгрөгөөс хариуцагч Батлан хамгаалах яамнаас 15,085,100 /арван таван сая наян таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч Ирмүүнбармат ХХК, хариуцагч Батлан хамгаалах яам нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ