Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2024/03556

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 03 182/ШШ2024/03556

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ......................... давхарт байрлах, А ХХК /РД:0000000/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С ХХК /РД:0000000/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Т /РД:000000000/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

А ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...С ХХК нь манай компанитай 2023.10.27-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу манай компани С ХХК-д 2023.10.29, 2023.11.01-ний өдрүүдэд 1 тонн нь 230,000 төгрөгийн үнэлгээтэй асфальтобетоноос 601,9 тонныг нийлүүлсэн. Нийлүүлсэн асфальтобетоны нийт үнэ 138,437,000 төгрөг болсон. С ХХК нь 2023.10.29-ний өдөр lexus NX300 маркийн 0000 .... улсын дугаартай автомашиныг 80,000,000 төгрөгт үнэлэн өгсөн. Уг автомашиныг 2023.10.30-ны өдөр А ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгсөн ба 2023.10.31-ний өдөр автомашины дугаарыг сольж 0000 ...... улсын дугаартай болгосон. С ХХК нь гэрээний төлбөрөөс 2023.10.29-ний өдөр 20,000,000 төгрөг, 2023.11.01-ний өдөр 20,000,000 төгрөгийг төлж 18,437,000 төгрөгийг төлөөгүй байна.

Мөн гэрээний төлбөрт тооцон өгсөн lexus NX300 маркийн 0000 .... улсын дугаартай автомашин нь эвдрэлтэй байсан тул өнөөдрийн байдлаар оношилгоо засварын зардалд нийт 13,847,400 төгрөг зарцуулсан байна. С ХХК-иас гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 18,437,000 төгрөгийг гэрээний алданги хэсэгт заасны дагуу төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн алдагдал болох 9,900,669 төгрөгөөс Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алдангийг 9,218,500 төгрөг болгон багасгаж, автомашины засвар оношилгооны төлбөрт гарсан зардал 13,847,400 төгрөг, нийт 41,502,900 төгрөгийг нэхэмжлэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүх 2024.07.09-ний өдрийн 183/ШЗ2024/15616 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Шүүгчийн захирамжид С ХХК нь ................. тоот хаягт бүртгэлгүй бөгөөд уг хаягт оршин байрладаггүй болох нь .............. 11-р хорооны Засаг даргын тодорхойлолт, шуудангийн магадлагаа зэргээр тогтоогдсон гэжээ.

Иймд С ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж оршин байгаа газрыг тогтоож өгнө үү... гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.07.26-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 3 х/,

-2024.04.26-ны өдрийн А-40-24/88 тоот итгэмжлэл /хх-ийн 4 х/,

-Улсын бүртгэлийн 00000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 5 х/,

-2023.10.27-ны өдрийн Н-ХУ-23/106 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 6-7 х/,

-Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-ийн 8 х/

-Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.09-ний өдрийн 183/ШЗ2024/15616 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 9 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Т-ын оршин суугаа /байрлах/ газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар А ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Т шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2023.10.27-ны өдрийн Н-ХУ-23/106 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-нд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Т-ын оршин суух /байрлах/ хаягийг ......... тоот гэж тодорхойлсны дагуу А ХХК нь гэрээний үүрэгт 41,502,900 төгрөг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.09-ний өдрийн 183/ШЗ2024/15616 дугаартай шүүгчийн захирамжаар С ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Т нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй /байрладаггүй/... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 9 х/,

 

С ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Т нь А ХХК-тай 2023.10.27-ны өдөр Н-ХУ-23/106 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулан 138,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах А ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 6-7 х/,

 

С ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Т нь 2023.10.27-ны өдөр Н-ХУ-23/106 дугаартай Худалдах, худалдан авах гэрээнд тусгагдсан дээрх хаягт ...бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй /байрладаггүй/... болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.09-ний өдрийн 183/ШЗ2024/15616 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, А ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Т-ийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд А ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Т-ын оршин суугаа /байрлах/ газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж /байрлаж/ байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С ХХК /РД:00000000/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Т /РД:0000000000/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар С ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Т-ыг эрэн сурвалжлах, оршин суугаа /байрлах/ газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж /байрлаж/ байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА