| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04542/И |
| Дугаар | 182/ШШ2024/03557 |
| Огноо | 2024-09-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 182/ШШ2024/03557
2024 09 03 182/ШШ2024/03557
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
.................. давхарт байрлах, С ХХК /РД:00000000/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С ХХК /РД:00000000/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд У.Б /РД:00000000/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
С ХХК-ийн захирал Б.Х шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Манай байгууллага нь оффис түрээсийн үйл ажиллагаа явуулдаг. С ХХК нь 2018.03.21-ний өдөр Түрээсийн гэрээ байгуулж, манай байгууллагын өмчлөлийн Нийслэлийн ............... тоот байрны 1 давхарт Кофе шоп-ын зориулалтаар 42,5 м.кв талбай, 21, 22-р давхаруудыг бар, рестораны зориулалтаар, 21, 22-р давхаруудын нэг сарын түрээсийн төлбөрийг 15,000,000 төгрөг байхаар, кофе шопын зориулалттай талбайн нэг сарын түрээсийн төлбөрийг ,1,600,000 төгрөгөөр, жилийн дараагаас Кофе шоп-ын зориулалттай, нэг сарын төлбөрийг 2,500,000 төгрөгөөр тооцон тус тус түрээслэхээр харилцан тохиролцсон. Мөн тухайн хариуцагч байгууллага нь зээлийн гэрээ байгуулан нэг сарын 1 хувийн хүү тооцохоор тохиролцож, 70,000,000 төгрөг, С ХХК-ийн ерөнхий захирал С.Б-өөс 10,000,000, нийт 80,000,000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн хүүгийн хэмжээнд 700,000 төгрөгийг хоёр удаа С ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Х-гийн дансанд шилжүүлсэн. Хариуцагч байгууллагад гэрээний үүргээ биелүүлж, түрээс болон зээлийн төлбөрийг гүйцэтгэхийг удаа дараа сануулж, албан бичиг, нэхэмжлэлийг хүргүүлж байсан боловч үл тоомсорлон гэрээний үүргээ гүйцэтгэхгүй байсаар өр төлбөр үүсгэсэн. 2019.10.31-ний өдрийн хоёр байгууллагын Тооцоо нийлэх актаар 274,320,051 төгрөгийн өр төлбөр гарсныг харилцан баталсан.
Ингээд хариуцагч байгууллагатай байгуулсан түрээсийн болон зээлийн гэрээг цуцалж, түрээсийн байруудыг суллуулан авч, зээлийн төлбөрийн хүү, зээлийн үндсэн төлбөр, түрээсийн гэрээний төлбөр, хугацаа хэтрүүлсэн хоног тутмын 0,01 хувийн алданги тооцож нийт 483,922,280 төгрөгийг нэхэмжилж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч тус шүүхийн 2020.07.27-ны өдрийн 181/ШЗ2020/09649 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч байгууллага нь ............ тоот хаягт үйл ажиллагаа явуулдаггүй буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд С ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж оршин байгаа газрыг тогтоож өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.08.02-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 3 х/,
-2024.08.03-ны өдрийн 10 тоот итгэмжлэл /хх-ийн 4 х/,
-Улсын бүртгэлийн 0000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 5 х/,
-Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.27-ны өдрийн 181/ШЗ2020/09649 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 6-7 х/,
-2018.05.23-ны өдрийн зээлийн гэрээ, түүний хавсралт /хх-ийн 8-10 х/,
-Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 11 х/
-С ХХК-ийн 2019.07.19-ний өдрийн 19/169 тоот Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 12 х/,
-2018.03.21-ний өдрийн түрээсийн гэрээ /хх-ийн 13-23 х/,
-С ХХК-ийн 2018.05.23-ны өдрийн 01/123 тоот албан бичиг /хх-ийн 24 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд У.Б-ын оршин суугаа /байрлах/ газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар С ХХК-ийн захирал Б.Х шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн С ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд У.Б-ын иргэний үнэмлэхийн хуулбарт түүний оршин суух /байрлах/ хаягийг .............. тоот гэж тодорхойлсны дагуу С ХХК нь 483,922,280 төгрөг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.27-ны өдрийн 181/ШЗ2020/09649 дугаартай шүүгчийн захирамжаар С ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд У.Б нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй /байрладаггүй/... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 6-7 х/,
С ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд У.Б нь С ХХК-тай 2018.03.21-ний өдөр Түрээсийн гэрээ, 2018.05.23-ны өдөр зээлийн гэрээг тус тус байгуулан 70,000,000 төгрөгийн зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээнүүдтэй холбоотой нэхэмжлэл гаргах С ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 8-10, 13-23 х/,
С ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд У.Б нь түүний иргэний үнэмлэхийн хуулбарт тусгагдсан дээрх хаягт ...бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй /байрладаггүй/... болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.27-ны өдрийн 181/ШЗ2020/09649 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, С ХХК-ийн захирал Б.Х-гийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд С ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд У.Б-ын оршин суугаа /байрлах/ газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж /байрлаж/ байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С ХХК /РД:0000000/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд У.Б /РД:00000000/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар С ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд У.Б-ыг эрэн сурвалжлах, оршин суугаа /байрлах/ газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж /байрлаж/ байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА