Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2024/04179

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 10

182/ШШ2024/04179

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч байрлах, ******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 188,183,875 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь *******-д холбогдуулан 188,183,875 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Манай компани *******-иас зарласан тендерт шалгарч 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ЭТТ-2019/658 дугаар Өвлийн хувцас худалдах худалдан авах гэрээ байгуулсан. *******-д холбогдуулан 4 төрлөөр нэхэмжлэл гаргасан. Нэгт: Алдангитай холбоотой асуудал дээр бид хугацаа хэтрүүлж өгснөө мэдэж байгаа. Тэр үед Хятадад ковид цар тахал гарч, хорио цээр тогтоож 2019 оны 11 дүгээр сараас хойш гадаад дотоодын нислэгээ зогсоосон. Монгол Улс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс карантин тогтоож, Ухань хотод байсан оюутнуудаа татаж авсан. Энэ бүгдийг Хятад улс дэлхийгээс нууж байсан зүйлийг би мэдэхгүй. Бид Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимд хандаж ер нь энэ алдангийг тооцох ёсгүй, давагдашгүй хүчин зүйл тулгарсан гэдэг үүднээс гэрээнд тусгагдсан заалтын дагуу манайх алдангид төлсөн 43,899,875 төгрөгийг эргүүлж авмаар байна гэдэг шаардлага тавьж байгаа. ******* 2020 оны 1 дүгээр сараас хойш 2021 оны 6 дугаар сар хүртэл алдангийг 72,464,975 төгрөгөөр бодож явсан. Гэв гэнэт 2021 оны 6 дугаар сард манайхтай тооцоо нийлдэг өдөр 43,899,875 төгрөг болгоход нь тэр үед манайх санхүүгийн хүнд байдалд орсон байсан учраас энэ алдангийг хүлээн зөвшөөрч мөнгөө гаргуулж авсан. Манайх давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг 2020 оны 7 дугаар сард гаргасан байдаг. Үүнийг ерөөсөө ******* авч хэлэлцээгүй. Бид 5 сарын хугацаанд ямар ч санхүүгийн урсгалгүй болсон учраас аргагүй эрхэнд 43,899,875 төгрөгийг хүлээн зөвшөөрч гэрээ дүгнэсэн актад гарын үсэг зурсан.

Хоёрт: ******* манайхтай харилцаж, алдангийн хэмжээг ярилцаж тохиролцсон зүйл байхгүй. Манайх албан хүсэлт өгдөг ч тэд үгүй ээ, бид 72,464,975 төгрөгийн алданги тооцно гээд байдаг. Өөр ямар нэгэн тайлбар өгдөггүй. Манай компани гэрээгээр тохирсон бараа болох зузаан цамц, өвлийн хүрэм, өмд, хантааз, комбинзоныг 2019 оны 11 сарын 12-ны өдөр, 12 сарын 09-ны өдөр, 12 сарын 16-ны өдөр, 12 сарын 30-ны өдөр тус тус Захиалагчид хүлээлгэн өгсөн байдаг. Хариуцагч №ЭТТ-2019/658 тоот гэрээний төлбөрийг 2021 оны 5 сарын 20-ны өдөр алдангийг суутган тооцож 340,000,125 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч гэнэтийн давагдашгүй хүчин зүйл болох ковид-19 цар тахлын улмаас бараа нийлүүлэх хугацаа 30 хоногоор хэтэрснийг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээний хугацааг дээрх үндэслэлээр сунгахгүй, алданги нэхэмжилж нэг жил таван сарын хугацаанд төлбөр төлөх үүргээ удаашруулсан. Энэ хугацаанд манай компани болон миний гэр бүл асар их эдийн засгийн уналтад орж төлбөл зохих зээлийн хүү, алдангиа төлж чадаагүй, үүнээс болж хэвийн төлөлттэй байсан зээлийн гэрээ цуцлагдаж, ковид-19 цар тахлын үед ажил, орлогогүй болж, өөрийн орон байраа хүртэл худалдан борлуулж өр төлбөрөө төлсөн. Мөн Тэлмэн Хас ББСБ-с 2019 оны 11-р сарын 01-ний өдөр 2 сарын хугацаатай сарын 3.5%-н хүүтэй 50,000,000 төгрөгийн зээл авсан ба тухай зээлийг 2021 оны 1-р сарын 15-ны өдөр төлж барагдуулсан. Авсан зээлийн хугацаа хэтэрсэн бөгөөд уг зээлийн хүү алданги болох 29,914,000 төгрөгийн өр үүссэн. Үүнийг өөрийн эхнэрийн нэр дээрх Сүхбаатар дүүргийн 1-р хороо Чагдаржавын 42-57 тоот 56м2 2 өрөө байрыг 2021 оны 1-р сарын 15-ны өдөр худалдан борлуулж төлж барагдуулсан. Хэрвээ ******* хугацаандаа мөнгөө төлсөн байсан бол бид Тэлмүүн Хас ББСБ-аас авсан зээлээ нэг сар, хоёр сарын хэтрэлттэй төлөхөд 29,914,000 төгрөгийн хүү, алдангийн торгуульд орохгүй, өөрсдийн амьдарч байсан орон байраа зарахгүй байсан. *******-ийг санаатайгаар манай төлбөр тооцоог хэн хариуцаж байгаа нь мэдэгдэхгүй хаясан гэж үзэж байгаа учраас 29,914,000 төгрөгийг шаардаж байгаа.

Гуравт: Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөөгүй хугацаанд бид төлбөрөөс нь хүү нэхэмжлэх ёстой гэж үзэн 104,448,000 төгрөг нэхэмжилж байна. Энэхүү үнийн дүнг 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 384,000,000 төгрөгөөс сарын 1,6% хүү тооцон бодож гаргасан юм.

Дөрөв: Бид гэрээнд огт тусгагдаагүй гурван хос иж бүрэн 41 хувцасны үнэ 9,922,000 төгрөгийг шаардаж байгаа. Тухайн үед *******-ийн тендерийн үйл ажиллагаа хариуцсан ажилтан ******* гэдэг хүн намайг хэлтсийн дарга *******тай уулзуулж 40 ажилтны хувцсыг яаралтай оёж өгөх санал тавьсны үндсэн дээр бид энэ хувцсыг нь оёж өгсөн. Би энэхүү төлбөрийг төлөх талаар хариуцагч компанийн 1072 хувьцааны хэлтсийн дарга ******* гэж хүн анх надтай холбогдсон хувь чатаар нь шаардан асууж байсан. Миний зүгээс ******* руу хүсэлт гаргах болгондоо үүнийг тусгасан. Тухайн үед би Хятад улс руу *******-ийн хувцсыг үйлдвэрлэх даавууны материалын захиалга авахаар явсан байсан. тэр үед манай ажилчид 41 хувцсыг тушаагаад баримт үйлдсэн байсан. Тэр баримт алга болчхоод олдохгүй байгаа нь гол асуудал болоод байна. Манай компани *******-ийн тендерт оролцох боломж, хүчин чадалтай аж ахуйн нэгж болсон байсан. Энэ компанийн хайхрамжгүй үйлдлээс болоод манай компани жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас авсан зээлээ төлж чадахгүй хэмжээнд хүрснээр манайхыг шүүхэд өгч одоо бид нар барьцаа хөрөнгөөрөө хохирох гээд сууж байна. Тухайн үед энэ компани манай төлбөрийг төлчихсөн бол бид нар хугацаанд нь төлбөрөө төлөөд ямар ч асуудалгүй явж байх байсан. Бид хохирол амсчхаад байна. Иймд манай компанийн хувьд үндсэн 4 шаардлагаар хуулийн хүрээнд нэхэмжлэл гаргаж болох юм байна гэдэг үүднээс нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хариуцагчаас 188,183,875 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

******* 2019 онд нээлттэй тендер сонгон шалгаруулалт зарлахад 5 компани оролцож ******* нь шалгарч 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 658 тоот өвлийн хувцас худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Өөрөөр хэлэх юм бол 3800 ширхэг өмд, хантааз, цамц гэх мэт хувцаснуудыг захиалаад 60 хоногийн дотор нийлүүлэх нөхцөлтэй гэрээг анх байгуулсан. Гэрээний хэрэгжилтийн шатад нийлүүлэгч компани гэрээнд заасан цаад хугацаа буюу 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 3800 ширхэг хувцсыг Эрдэнэс толгойтолгой ХК-д нийлүүлж хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Энэ гэрээгээр нийлүүлэгчид гэрээнд заасан хугацаанд ******* тухайн хувцасны төлбөр төлөхөөр *******-тай худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Нэхэмжлэгчийн хувьд гэрээнд заасан хугацаанд хувцсаа нийлүүлж чадаагүй. Өөрөөр хэлэх юм бол 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор эдгээр хувцсыг нийлүүлэх ёстой байсан боловч 11 дүгээр сарын 11-ний өдөр 200 ширхэг хувцас, бусдыг нь 12 дугаар сарын 9, 16-ны өдөр, хамгийн сүүлд 12 дугаар сарын 30-ны өдөр нийлүүлсэн. Энэ талаар хавтаст хэргийн 38-аас 41 дүгээр тал дээр байгаа. Гэрээний хариуцлагын заалт буюу 6.1 дээр гэрээнд заасан үүрэг хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд алданги тооцно гэж талууд харилцан тохиролцож гэрээгээ байгуулсан. Үүний дагуу гэрээнд гэрээний гүйцэтгэл, үүргийн үнийн дүнгийн 0,5%-аар алданги тооцох ийм зохицуулалттай. Энэ хүрээнд ******* нь гэрээ дүгнэх актын төсөл тооцоог хийгээд нэхэмжлэгч компанид 2020 оны 1 сард хүргүүлсэн. *******-ийн зүгээс алдангийг эхний ээлжид 72,000,000 төгрөгийн үндсэн төлбөрөөс хасаж тооцно гэдэг ийм тооцоололтой гэрээ дүгнэсэн актын төсөл нэхэмжлэгч компанид хүргүүлсэн. Ингээд үндсэндээ талуудын хооронд үл ойлголцол үүссэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс алданги тооцохгүй байх саналыг тавьсан. *******-ийн зүгээс алданги тооцохгүй байх үндэслэл байхгүй. Гэрээгээр талууд нэгэнт харилцан тохиролцсон. ******* нь төрийн өмчийн оролцоотой, хуулийн этгээдийн хувьд аудитын, санхүүгийн ямар нэгэн шалгалт ордог учраас нэгэнт гэрээгээр тохиролцсон асуудал дээр алданги үүсэх нь зайлшгүй. Хугацаа хэтрүүлсэн гэдгээ нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөг. Энэ хугацаа хэтрүүлсэн үндэслэлээ ковид цар тахалтай холбож тайлбарладаг боловч үндсэндээ 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэхэд хувцаснуудаа хүлээлгэж өгөх ёстой байсан. Тэр үед монголд ковид цар тахлын тухай ойлголт ерөөсөө сөхөгдөж яригдаагүй, эхлээгүй байсан. 2020 оны сүүлээс дөнгөж яригдаж эхлээд 2021, 2022 онд ковидын асуудал үүссэн. Энэ нь гэрээгээр хүлээсэн үүрэг, хугацаа хойшлуулах үндэслэл болохгүй. Нэгэнт гэрээ сунгагдаагүй, хугацаа дууссан. Нийлүүлсэн бүтээгдэхүүнүүд нь 8-аас 29 хоногийн хугацаа хэтэрсэн байгаа учраас тухайн үед гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги тооцохоор болсон. Нэхэмжлэгч алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байснаас болж хугацаа явсан. Өөрөөр хэлэх юм бол аль аль тал тооцоо нийлээгүй. Ингээд 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр тооцоо нийлж, үндсэн төлбөрөөс алданги 43,899,875 төгрөг хассан. Бусад төлбөрийг ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу гэрээн дээрээ төлбөрийг тооцоо нийлсэн акт үүссэнээс хойш буюу нэхэмжлэгч талаас хувцасны төлбөрийн нэхэмжлэл ирүүлснээс хойш төлбөрийг төлнө гэдэг нөхцөлтэй гэрээ байгуулагдсан. Ингээд 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр тооцоо нийлж үндсэндээ гэрээ дүгнэх акт үйлдсэн. Гэрээ дүгнэх актаараа 43,899,875 төгрөгийн алдангийг хасаж тооцоод бусад төлбөрийг нэхэмжлэгч компанид нэхэмжлэл ирүүлснээс хойш гэрээнд заасан хугацаандаа төлбөрийг шилжүүлсэн байгаа. Нэхэмжлэгч ажилчдын хувцастай холбоотой зүйл ярьдаг. Гэрээн дээр үүнтэй холбоотой ямар нэгэн зохицуулалт, заалт байхгүй. Гэрээнд нэмэлт өөрчлөлт орсон зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс энэ хувцасны тоо хэмжээний талаар зөрүүтэй хэлдэг. Хавтаст хэрэгт авагдсан албан бичгүүд дээр 41 хувцас, 49 хувцас гэх мэт янз бүр бичигдсэн байдаг. ******* хувьд тухайн цаг үед ажиллаж байсан хүмүүстэй холбоотой мэдээлэл байхгүй. Хэнтэй холбогдоод ямар хувцсыг хэзээ авсан. Хэн нь захиалсан гэх мэт нөхцөл байдлууд нь үндсэндээ тодорхойгүй. 2022 онд удаа дараа ирсэн бичгүүдээс харахад энэ талаар огт ярьж байгаагүй. Сүүлд гэрээ дүгнэснээс хойш 40 хэдэн хүний хувцасны асуудал ярьдаг. Хэрвээ гэрээнд заагаагүй нэмэлтээр ажил хийлгээд ийм хувцас авчихсан байгаа бол гэрээн дээрээ нэмэлт өөрчлөлт орсон байх ёстой. Энэ хувцсыг хүлээлгэж өгсөн, авсан баримтыг бүртгэх ёстой. Энэ баримт байхгүй байгаа учраас бид энэ төлбөрийг төлөх ямар нэгэн үндэслэл байхгүй. Бид үндсэн гэрээний төлбөр болон түүнээс суутгах алдангийн төлбөрийг суутгаад үлдсэн төлбөрийг шилжүүлье ээ гэж гэрээний үүрэг хүлээсэн. Магадгүй танайд 40 хэдэн ажилтны хувцас хүлээлгэж өгсөн баримт байгаа бол тэр баримтаа манайд ирүүлээч. Түүнийг нь үндэслээд бид олгох боломжтой гэдэг ийм албан бичиг хүртэл хүргүүлж байсан. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар ямар нэгэн баримтыг ирүүлээгүй. Хүлээлгэж өгсөн гэх баримтыг ирүүлээгүй учраас тэр 9,922,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч 43,899,875 төгрөгийн алданги төлөх ёсгүй байсан байна гэдэг асуудал ярьдаг. Нэхэмжлэгчийн зүгээс хугацаа хэтрүүлж нийлүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Алданги тооцох эсэх асуудал нь нийлүүлэгчээс үл хамаарах шалтгаан буюу гэрээгээр талууд эрх үүрэг, хариуцлагаа тодорхойлж, хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Энэ хүрээнд хугацаа хэтэрсэн гэдэг нь үйл баримтаар тогтоогддог. Хэтрүүлээгүй гэж нэхэмжлэгч тал маргаагүй. Өөрсдөө хүлээн зөвшөөрөөд тухайн алдангийг тооцоод хасуулаад тооцоо нийлсэн. Нэхэмжлэхийнх нь дагуу Эрдэнэс тавантолгой ХХК төлбөрийг нь төлсөн. Тэгэхээр үүнийг ямар нэгэн үндэслэлгүй гэж үзэж байна. Эдний компани хугацаандаа төлбөрөө төлөөгүй учраас орон байраа зарсан, бусад газраас зээл авсан, зээлийн эрсдэлд орсон, хүү, алдангийн төлбөр төлсөн гэж байгаа боловч энэ хавтаст хэрэг дээр авагдсан Жэй эй эйч ХХК-ийн талаар зээлийн гэрээтэй холбоотой ямар нэгэн баримт байхгүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлээр нөхөн алданги шаардах эрхтэй гэж байгаа боловч энэ бол гэрээний үүрэгтэй холбоотой асуудал. ******* нь гэрээний үүргээ бүрэн биелүүлж ажилласан. Гагцхүү тооцоо нийлэх асуудал дээрээ аль аль тал нь нийлж чадаагүй учраас хэдэн төгрөг төлөхийг ******* алдангиа хасаад төлбөрөө төлнө гэсэн. Нэхэмжлэгч үүнийг зөвшөөрөөгүй. Ингээд алдангийн хэмжээн дээр маргаан гараад 2021 оны 5 дугаар сард эцсийн байдлаар тооцоо нийлсэн. Үүний дагуу төлбөрийг шилжүүлээд төлбөр тооцоо бүрэн төлөгдсөн. Өөрөөр хэлбэл талуудын гэрээний үүрэг 2021 оны 5 дугаар сард дууссан. Нэхэмжлэгчийн шаардах эрх 2021 оны 5 дугаар сараас хойш 2024 он хүртэл хуулийн 3 жилийн хугацааны асуудлыг анхаарч үзэх ёстой. Гэрээний үүргийг биелүүлээгүй гэж байгаа боловч энэ гэм хортой холбоотойгоор бусдаас авсан зээл, хүү, алдангийг төлөх ёстой гэж үзэж байгаа тохиолдолд гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчил байх ёстой. *******-ийн хувьд ямар нэгэн ийм зөрчил байхгүй учраас бусдаас авсан зээл, хүү төлөлттэй холбоотой асуудал дээр үүрэг хүлээхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Дээрх үндэслэлийн дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 4/,

3.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар /хх 5-7/,

3.3. 2019.09.30-ны өдрийн Өвлийн хувцас худалдах худалдан авах гэрээ /хх 8-9/,

3.4. 2021.05.17-ны өдрийн Гэрээ дүгнэсэн акт /хх 10/,

3.5. 2019.12.30-ны өдрийн Бараа хүлээлцсэн акт /хх 11/,

3.6. 2020.07.20-ны өдрийн №02/353 дугаар Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ /хх 12/

3.7. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 2020.08.17-ны өдрийн 02/907 дугаар албан бичиг /хх 13/

3.8. Монгол Улсын Сангийн Яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагчийн дүгнэлт /хх 14-15/

3.9. *******-ийн албан бичиг /хх 16, 84-85, 87-91,95-100, 102-103, 105-110/

3.10. -н албан бичиг /хх 83, 86, 92-94, 101, 104/

3.11. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 111/

3.12. 2019.11.01-ний өдрийн Зээлийн гэрээ /хх 112/

3.13. 2021.01.15-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээ /хх 113-114/.

 

4.Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 20/

4.2. Итгэмжлэл /хх 21/

4.3. Хариу тайлбар /хх 26-27/

4.4. 2019.09.30-ны өдрийн Өвлийн хувцас худалдах худалдан авах гэрээ, түүний хавсралт /хх 28-35/

4.5. Ажил хүлээлцсэн баримт /хх 36-37/

4.6. *******-н зарлагын баримт /хх 38-41/

4.7. Алданги тооцсон тухай баримт /хх 42/

4.8. *******-н нэхэмжлэх /хх 43/

4.9. Төлбөр төлсөн баримт /хх 44-45/

4.10. -ийн албан бичгүүд /хх 46-47/

4.11. *******-н албан бичиг /хх 54/.

 

5. Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр гэх фэйсбүүк хаягаас Дашзэвгийн ******* гэх хаяг руу илгээсэн зурвасуудад үзлэг хийж тэмдэглэлээр бэхжүүлсэн. /хх 63-64/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******-ийн 188,183,875 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Эрдэнэс тавантолгой ХХК-д холбогдуулан 2019.09.30-ны өдрийн ЭТТ-2019/658 дугаар гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ хожимдуулсны алдангид 192,000,000 төгрөг, гэрээнд заагаагүй бараа болох 41 ажилтны хувцасны төлбөр 9,922,000 төгрөг, нийт 201,922,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2019.09.30-ны өдрийн ЭТТ-2019/658 дугаар гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ хожимдуулсны алдангид 192,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрчилж, хариуцагч -иас үндэслэлгүйгээр төлсөн суутгуулан төлсөн алданги 43,899,875 төгрөг, гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол 29,914,000 төгрөг, хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү 104,488,000 төгрөг, гэрээнд заагаагүй бараа болох 41 ажилтны хувцасны төлбөр 9,922,000 төгрөг, нийт 188,183,875 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

2. Нэхэмжлэгч ******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ хэрэгжүүлсэн. Үүнд:

1. ******* болон нарын хооронд байгуулсан 2019.09.30-ны өдрийн ЭТТ-2019/658 дугаар гэрээний дагуу манай компани нь хариуцагч байгууллагад өвлийн хувцас нийлүүлэх үүрэг хүлээсэн. Энэ үүргээ хугацаа хожимдуулж гүйцэтгэсэн нь гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал бий болсонтой холбоотой, үүнийгээ Монголын Худалдаа Аж үйлдвэрийн танхимаас олгосон гэрчилгээгээр нотолсон байхад үл хэрэгсэж үндэслэлгүйгээр 43,899,875 төгрөгийн алданги тооцсон,

2. Дээрх гэрээнд заагдаагүй 41 ажилтны хувцсыг хариуцагч компанийн хүсэлтийн дагуу яаралтайгаар оёж нийлүүлсэн атал энэхүү хувцасны төлбөр 9,922,000 төгрөгийг төлөөгүй,

3. Үндэслэлгүйгээр алданги тооцож явсаар гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ 1 жил 5 сарын дараа биелүүлснээс үүдэн манай компанийн санхүүгийн байдал хүндэрч зээлийн хугацаа хэтэрсэн хүү, алданги 29,914,000 төгрөгийн өр үүссэн,

4. Үндэслэлгүйгээр алданги тооцож явсаар төлбөр төлөх үүргээ 1 жил 5 сарын дараа гүйцэтгэсэн тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасны дагуу хариуцлагын шинжтэй хүү шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэж маргасан. Үүнд: Нэхэмжлэгчийн хувьд 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор эдгээр хувцсыг нийлүүлэх ёстой байсан боловч 11 дүгээр сарын 11-ний өдөр 200 ширхэг хувцас, бусдыг нь 12 дугаар сарын 9, 16-ны өдөр, хамгийн сүүлд 12 дугаар сарын 30-ны өдөр нийлүүлсэн. Гэрээний хариуцлагын заалт буюу 6.1-д гэрээний гүйцэтгэл, үүргийн үнийн дүнгийн 0,5%-аар алданги тооцох ийм зохицуулалттай. Энэ хүрээнд *******-ийн зүгээс алданги 72,000,000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасаж тооцох гэрээ дүгнэх актын төсөл нэхэмжлэгч компанид 2020 оны 1 сард хүргүүлсэн. Ингээд үндсэндээ талуудын хооронд үл ойлголцол үүссэн байдаг. Нэхэмжлэгч хугацаа хэтрүүлсэн үндэслэлээ ковид цар тахалтай холбож тайлбарладаг боловч үндсэндээ 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэхэд хувцаснуудаа хүлээлгэж өгөх ёстой байсан. Тэр үед монголд ковид цар тахлын тухай ойлголт ерөөсөө сөхөгдөж яригдаагүй, эхлээгүй байсан. Гэрээ дүгнэснээс хойш 40 хэдэн хүний хувцасны асуудал ярьдаг. Энэ хувцсыг хүлээлгэж өгсөн, авсан баримт байгаа бол тэр баримтаа манайд ирүүлээч. Түүнийг нь үндэслээд бид олгох боломжтой гэдэг ийм албан бичиг хүртэл хүргүүлж байсан. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар ямар нэгэн баримтыг ирүүлээгүй. ******* нь гэрээний үүргээ бүрэн биелүүлж ажилласан, ямар нэгэн зөрчил байхгүй учраас бусдаас авсан зээл, хүү төлөлттэй холбоотой асуудал дээр үүрэг хүлээхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэнэ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Нэхэмжлэгч ******* болон Эрдэнэс Тавантолгой ХК нар нь 2019.09.30-ны өдөр Өвлийн хувцас худалдах, худалдан авах ЭТТ-2019/658 дугаар гэрээ байгуулж, гэрээний 5.3-т зааснаар ******* нь гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн хугацаанд буюу 2019.10.30-ны өдрийн дотор 900 ширхэг зузаан цамц, 900 ширхэг өвлийн хүрэм, 900 ширхэг өвлийн өмд, 900 ширхэг өвлийн хантааз, 200 ширхэг өвлийн комбинзон нийлүүлэх үүрэг хүлээж, гэрээний 3.1, 3.2-т зааснаар нь гэрээний төлбөр 384,000,000 төгрөгийг нийлүүлэгчийн нийлүүлсэн барааг хүлээн авч, барааг хүлээлцэн, гэрээ дүгнэсэн акт үйлдсэнээс хойш нийлүүлэгчийн нэхэмжлэхийг үндэслэн төлөх үүрэг хүлээсэн байна. /хх 28-35/

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагджээ.

 

4.2. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч байгууллагын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 19/160 дугаар албан бичигт /хх 102/ Манай компанийн зүгээс танайхаас 2019 оны 09-р сарын 18-ны өдөр ирсэн 08/2316 дугаар бүхий гэрээ хийх эрх олгосон албан бичиг ирсэн өдөр БНХАУ-д материалын захиалга өгсөн боловч тус захиалга нь 10-р сарын 07-ны өдөр хүртэл хойшлогдсон бөгөөд энэ нь БНХАУ-д 2019 оны 10-р сарын 01-с 2019 оны 10-р сарын 07-н хүртэл бүх нийтийн амралт таарч үйлдвэрүүд захиалга авахгүй байсан болно. Материалын захиалгыг 2019 оны 10-р сарын 07-нд өгсөн бөгөөд танай өнгөний кодны дагуу тусгайлан зориулж хүний биед хор нөлөөгүй, цахилгаанждаггүй, будгийн тогтвор сайтай эко даавууг захиалсан болно. Тус материалууд нь 2019 оны 10-р сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод ирсэн бөгөөд бидний зүгээс захиалгуудыг үйлдвэрлэж байгаа болно гэж,

2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 19/170 дугаар албан бичигт /хх 16/ Манай компанийн зүгээс танайхаас 2019 оны 09-р сарын 18-ны өдөр ирсэн 08/2316 дугаар гэрээ хийх эрх олгосон албан бичиг ирсэн өдөр БНХАУ-д материалын захиалга өгсөн боловч тус захиалга нь 10-р сарын 07-н хүртэл хойшлогдсон бөгөөд энэ нь БНХАУ-д 2019 оны 10-р сарын 01-с 2019 оны 07-н хүртэл бүх нийтийн амралт таарч үйлдвэрүүд захиалга авахгүй байсан болно.

Материалын захиалгыг 2019 оны 10-р сарын 07-нд өгсөн бөгөөд танай өнгөний кодны дагуу тусгайлан зориулж хүний биед хор нөлөөгүй, цахилгаанждаггүй, будгийн тогтвор сайтай эко даавууг захиалсан болно. Тус материалууд нь 2019 оны 19-ний өдөр Улаанбаатар хотод ирсэн бөгөөд бидний зүгээс захиалгуудыг үйлдвэрлэж байгаа болно. Иймд бидний ажлыг ойлгож гэрээнд заасан нийлүүлэх хугацааг 2019 оны 11-р сарын 30-н хүртэл сунгаж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна гэж гэрээнд заасан бараа нийлүүлэх хугацааг сунгах талаах хүсэлт гаргасан байна.

 

Энэхүү хүсэлтийг хариуцагч Эрдэнэс Тавантолгой ХК хүлээн авч, бараа нийлүүлэх хугацааг 2019.11.30-ны өдрөөр тогтсон байна.

 

4.3. Нэхэмжлэгч ******* нь 2019.11.12-ны өдөр 200 ширхэг өвлийн комбинзон, 2019.12.09-ний өдөр 489 ширхэг өвлийн хүрэм, 489 ширхэг өвлийн өмд, 2019.12.16-ны өдөр 245 ширхэг өвлийн хантааз, 2019.12.30-нд 411 ширхэг өвлийн хүрэм, 411 ширхэг өвлийн өмд, 655 ширхэг өвлийн хантааз, 900 ширхэг поло цамц, 230 ширхэг үнэгний зах, нийт 4900 ширхэг 384,000,000 төгрөгийн хувцсыг Эрдэнэс Тавантолгой ХК-д хүлээлгэн өгч, талууд хүлээлцсэн талаарх баримт үйлдсэн байна. /хх 11, 36-41/

 

Дээрх бараа хүлээлцсэн байдлаас үзэхэд нийлүүлэгч тал болох ******* нь бараа нийлүүлэх хугацааг 8-29 хоногоор хэтрүүлсэн байх бөгөөд энэхүү хугацаа хэтэрсэн үйл баримтад талууд маргаагүй.

 

4.4. Харин нийлүүлэгч хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр захиалагч нь хугацаа хэтэрсэн хоногт алданги тооцож, төлбөрийн үүргээ гүйцэтгэх талаар мэдэгдсэнээр талуудын хооронд маргаан үүсжээ.

 

Улмаар талууд тохиролцоонд хүрч 2021.05.17-ны өдөр Гэрээ дүгнэсэн акт үйлдсэн байна. Тус актаар нийлүүлэгчийн хугацаа хэтрүүлсний алдангид 43,899,875 төгрөгийг тооцож, захиалагчийн төлбөл зохих төлбөрийг 340,000,125 төгрөг гэж тооцоо нийлж, баталгаажуулжээ. /хх 10, 42/

 

Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-т Тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээнэ, 466.3.-т Тооцооноос үүссэн үлдэгдлийг төлснөөр тооцоо нийлэх гэрээний шаардлагыг хангасанд тооцно гэж заасан.

 

Талууд ийнхүү тооцоо нийлснээр Эрдэнэс Тавантолгой ХК нь гэрээ дүгнэсэн актын 2.3-т заасны дагуу 340,000,125 төгрөгийг 2021.05.20-ны өдөр нэхэмжлэгч *******-д төлсөн байна. /хх 45/

 

 4.5. Нэхэмжлэгч компанийн зүгээс санхүүгийн хүндрэлтэй байсны улмаас дээрх тооцоог нийлэхээс аргагүй байсан, гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал тулгарсан, гэрчилгээ гарсан байхад хариуцагч байгууллага үл тоомсорлосон гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэж хуульчилсан бөгөөд хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах талаар үед хэрэглэгдэх заалт юм.

Өөрөөр хэлбэл гэрээ дуусгавар болсон тохиолдолд хэрэглэгдэхгүй буюу нэхэмжлэгч нь 2019.12.30-ны өдрийг хүртэл хугацаанд ийнхүү нөхцөл байдал үүссэн тохиолдолд мэдэгдэх, нотлох үүрэгтэй байна.

 

Энэ талаар талуудын байгуулсан гэрээний хавсралт 1 гэрээний ерөнхий нөхцөлд заасан байх бөгөөд ерөнхий нөхцөлийн 16-д хуваарийг сунгах харилцааг зохицуулсан байх ба 16.2-в-д ГЕН-н 22 дугаар зүйлд заасан гэнэтийн болон давагдашгүй хүчний нөхцөл байдал үүсвэл сунгахаар тусгажээ.

Ийнхүү сунгах нөхцөл бий болбол ерөнхий нөхцөлийн 16.3-т Гүйцэтгэгч 16.2-т заасан нөхцөл байдал бий болсны улмаас бараа нийлүүлэлтийн хуваарь ямар нэг байдлаар хоцорч болох тухай захиалагчид нэн даруй бичгээр мэдэгдээгүй, эдгээр нөхцөл байдал бий болсныг нотлон харуулаагүй тохиолдолд16.2-г үл харгалзах ба хуваарийг сунгахгүй гэж заажээ.

 

Нэхэмжлэгчээс гэрээнд заасан бараа нийлүүлэх хугацааг 2019.11.30-ны өдрийг хүртэл сунгах хүсэлтийг гаргаснаас хойш 2019 оны 12 дугаар сарын 30-ний өдөр барааг нийлүүлж дуусах хүртэл хугацаанд хариуцагч компанид давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн талаар мэдээлээгүй, гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл бий болсныг нотлоогүй байх тул хүндэтгэн үзэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл үүргийн гүйцэтгэлийн хугацаа хоцроосон шалтгаанаа хожим Бид 2019.9.30-ний өдөр танайтай гэрээ байгуулсан ч 2019.10.1-нээс 10-нийг дуустал БНХАУ-ын баяр таарч бүх нийтээр амарсан тул материалуудын захиалгыг 2019.10.15-наас 20-ны хооронд хийж урьдчилгаа төлбөрийг бүрэн төлж 15-30 хоногт үйлдвэрлэхээр тохирч баталгаажуулсан ч үйлдвэрлэсэн компани нь бараагаа хожимдуулж сүүлийн дотрын дулаалгатай ширмэл болон полипресс материалуудыг 55 хоногийн дараа буюу 12 сарын 15-нд нийлүүлсэн юм. Ингэж хугацаа хоцроосноо тэд түүхий эдийн нийлүүлэлт, болон өмнөд нутгуудад хүйтэрсний улмаас манан ихээр үүсэн дотоод тээвэрлэлт зогссон гэх мэтээр биднээс шалтгаалахгүй давагдашгүй хүчин зүйлүүдийг тоочин тайлбарлан биднийг ихээр хохироосон юм Мөн үндсэн туслах материалуудын захиалгын ажлаа хариуцан хянаж хятад улсад 2 сар ажиллах хугацаандаа захирал ******* миний бие муудаж Бээжинд яаралтай хагалгаа хийлгэн эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэж эмчлүүлсэн зэрэг шалтгаануудын улмаас гэрээний үүргээ хоцроон гүйцэтгэсэндээ гүнээ хүлцэл хүсэж байна ... гэж тайлбарласан, /2020.01.22-ны өдрийн 20/05 тоот, 2020.02.14-ний 20/31 тоот, 2020.02.28-ны өдрийн 20/74 тоот албан бичиг хх 54-55, 95,105-106/

2020.06.30-ны өдөр Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд хандаж, 2020.07.20-ны өдрийн 02/353 дугаар Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг гаргуулсан байх бөгөөд гэрчилгээнд дурдсан нөхцөл байдал нэхэмжлэгчийн хариуцагч компанид хүргүүлсэн дээрх албан бичгүүдэд дурдсан шалтгаан нөхцөл ижилгүй байх ба Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал буюу Форс мажор-ын нөхцөл үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. /хх 12/

 

Иймд алдангид төлсөн 43,899,875 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

5. Нэхэмжлэгч ******* нь барааг 2019.12.30-ны өдөр нийлүүлж дууссан ч Эрдэнэс Тавантолгой ХК нь гэрээний төлбөрийг 2021.05.20-ны өдөр нэхэмжлэгч *******-д төлсөнд хариуцагчийн буруугаас болоогүй байна.

 

Талуудын гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т Төлбөрийг нийлүүлэгчийн нийлүүлсэн барааг Захиалагч хүлээн авч, барааг хүлээлцэн, гэрээ дүгнэсэн акт үйлдсэнээс хойш Нийлүүлэгчийн нэхэмжлэгчийг үндэслэн төлнө гэж заажээ.

Ийнхүү хариуцагч нь алданги тооцсон талаарх тооцооллыг нэхэмжлэгчид хүргүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс алданги тооцохгүйгээр төлбөрийг олгохыг хүссэнээр үл ойлголцолд хүрч улмаар нэхэмжлэгч *******-ийн 2021.05.18-ны өдрийн нэхэмжлэхийн дагуу хариуцагч нь 2021.05.19-ний өдөр 340,000,125 төгрөгийг төлсөн байна.

Өөрөөр хэлбэл талууд тооцоо нийлж чадаагүйн улмаас төлбөр төлөлт удааширсан байх бөгөөд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан.

 

Иймд нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар шаардсан зээлийн хугацаа хэтэрсэн хүү, алданги 29,914,000 төгрөг,

иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар шаардсан 104,448,000 төгрөгийг тус тус хангах үндэслэлгүй байна.

 

6. Нэхэмжлэгчээс гэрээнд заагдаагүй 41 ажилтны хувцасны төлбөр 9,922,000 төгрөгийг шаардлага гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг хийх байдлаар үйл баримтыг тогтоож болно.

Нэхэмжлэгчийн гэх фэйсбүүк хаягаас Дашзэвгийн ******* гэх хаягаар харилцсан зурваст үзлэг хийсэн боловч 41 ажилтны хувцсыг нийлүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Нэхэмжлэгч нь гэрээнд заагдаагүй 41 ажилтны хувцсыг нийлүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө нотолж, нотлох баримтыг цуглуулж, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, нотлоогүй болно.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,167,560 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул *******-д холбогдох, 188,183,875 төгрөг гаргуулах тухай *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,167,560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА