| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03795/И |
| Дугаар | 182/ШШ2024/04194 |
| Огноо | 2024-10-14 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 182/ШШ2024/04194
2024 10 14 182/ШШ2024/04194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ч тоот хаягт оршин суух Р овогт Ц Х /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х тоотод оршин суух, Б овогт Н Б /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.Х,
Хариуцагч Н.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагч Н.Бд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Ц.Х миний бие 2014 онд Н.Бтэй танилцаж хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаандаа 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр охин Б.С төрсөн. Хурим хийхээрээ гэрлэлтээ батлуулна гэж бодож байсан ч гэрлэлтээ бүртгүүлээгүй. Зан харьцааны таарамжгүй харилцааны улмаас бид хоёр 2019 оноос тусдаа амьдарч байгаа. Цаашид хамт амьдрах боломжгүй. Охин маань миний асрамжид өсөж бойжиж байгаа. Иймд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.
2. Хариуцагч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Хтай 2014 онд танилцаж хамтран амьдарч 2016 онд охинтой болсон. Гэрлэлт батлуулаагүй байсан ба таарамж муу цаашид хамт амьдрах хүндрэлтэй байсан учраас 2019 он хүртэл охинтойгоо хамт байсан. Тусдаа амьдрах болсноос хойш охиндоо тодорхой хэмжээний мөнгө тэтгэлгийг өгч ирсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Урьд нь өгч байсан мөнгө зөвхөн охинд зарцуулагдаагүй байсан гэж үзээд охины нэр дээр хадгаламжийн данс нээж 18 нас хүртэл хийх хэрэгтэй байна гэв.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Сийн эрүүл өсөж бойжиж буй тодорхойлолт, Б.Сийн төрсний гэрчилгээний хуулбар, Нийслэлийн ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн тодорхойлолт, Ч дүүргийн дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг хавсаргаж ирүүлсэн байна.
4. Хариуцагч Н.Б нотлох баримтаар хариу тайлбар гаргасан болно.
Үндэслэх нь:
1. Нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагч Н.Бд холбогдуулж хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгч талын гарган өгсөн баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь Н.Бтэй 2014 оноос хамтран амьдарч байгаад зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2019 оноос тусдаа амьдарч байгаа. Тусдаа амьдарснаас хойш охин Б.С миний асрамжид өсөж торниж байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй учир хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэж шаардах эрхээ тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.
4. Нэхэмжлэгч Ц.Х, хариуцагч Н.Б нар нь 2014 оноос хамтран амьдарч, тэдний дундаас 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр охин Б.С төрсөн болох нь зохигчдын тайлбар, охин Б.Сийн төрсний гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч Ц.Х, Н.Б нар нь 2019 оноос хойш тусдаа амьдарсан, охин Б.С эхийн асрамжид эрүүл бойжиж байгаа, талууд цаашид хамт амьдрах, эвлэрэх боломжгүй, охин Б.Сийг эх Ц.Хын асрамжид үлдээхэд маргаангүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн зүйлийн 21.5 дахь хэсэгт Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж тус тус заасан.
Б.С нь эх Ц.Хын асрамжид байгаа хэдий ч Н.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх ... нь иргэн бүрийн журамт үүрэг, мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээж, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах адил тэгш үүрэгтэй.
Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж заасны дагуу хариуцагч Н.Б нь охин Б.Сийг тэжээн тэтгэх үүрэгтэй.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Б.Сийг 11 нас хүртэлх тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Бээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ц.Х нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар ... төлүүлнэ гэж заасны дагуу хариуцагчаас хүүхдийн тэтгэлгийн жилд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 102,156 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.
Үндэсний статистикийн хорооны даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/29 тоот тушаалын хавсралтаар 2024 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг Улаанбаатар хотод 454,200 төгрөгөөр тогтоосон байх тул хариуцагчаас гаргуулах хүүхдүүдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн хэмжээг уг дүнгээс тооцов.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Б.Сийг 11 нас хүртэлх тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Бээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д тус тус зааснаар хариуцагч Н.Бээс хүүхдийн тэтгэлгийн жилд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 102,156 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
3. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийг ажиллагаа явуулахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА