Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 8

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Соёлмандах (ҮД:0857),

хохирогч Ж.Бат-Оюун,

насанд хүрээгүй гэрч Б.Эрдэнэбат,

шүүгдэгч Ж.Баттулга, Ц.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Жамбалын Баттулга, Боржигин овогт Цэцгээгийн Анхбаяр нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1707000040004 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15 цаг 35 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 18 дугаар гудамжны 635 тоотод оршин суух,

а/. Налайх дүүргийн шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 37 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, эдлээгүй үлдсэн 4 сар 8 хоног хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

б/. Налайх дүүргийн шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 2-т зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 1998 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 37 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас тэнсэгдсэн 4 сар 8 хоногийн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 8 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

регистрийн УД76061617 дугаартай, Боржигон овогт Жамбалын Баттулга нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - өөрийн эхнэр Ц.Анхбаяртай бүлэглэж 2017 оны 06 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Налайх дүүргийн 2 дугаар хороо, 9 дүгээр байрны 77 тоотод өөрийн төрсөн эгч болох Ж.Бат-Оюунтай хувийн таарамжгүй харьцаа буюу эцгийнхээ толгойг залгисан шоронгийн хадаас минь гэж хэлээд түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

2. Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, худалдагч нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 18 дугаар гудамжны 635 тоотод оршин суух, регистрийн ЕЙ85061814 дугаартай, Боржигин овогт Цэцгээгийн Анхбаяр нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - өөрийн нөхөр Ж.Баттулгатай бүлэглэж 2017 оны 06 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Налайх дүүргийн 2 дугаар хороо, 9 дүгээр байрны 77 тоотод хадам эгч болох Ж.Бат-Оюунтай хувийн таарамжгүй харьцааны улмаас болж маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Баттулга, Ц.Анхбаяр, тэдний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулан, талуудын хүсэлтээр шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Баттулга, Ц.Анхбаяр нар нь бүлэглэж 2017 оны 06 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Налайх дүүргийн 2 дугаар хороо, 9 дүгээр байрны 77 тоот Ж.Баттулгын төрсөн эгч Ж.Бат-Оюуны гэрт түүнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас болж маргалдан, Ж.Баттулга нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохиж, Ц.Анхбаяр нь дундуур нь орж Ж.Бат-Оюуныг үсдэж газар унаган өшиглөж тархи доргилт, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, нүүр, толгойн хуйх, баруун мөр, баруун шагайн үенд зөөлөн эдийн няцрал зэрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Баттулгын өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 23-ны шөнө эгч “Дэнжид айлд байна” гээд намайг дуудахаар нь очиход согтуу байсан. Тухайн өдөр ажил тарсан манай барилгын ажилчид намайг дуудахаар нь би эгчийг орхиод явсан. Тэгээд тэр оройдоо гэртээ ирэхэд хэрүүл маргаан болсон байсан. Эгч манай гэрт агсам тавьж, ой хүрээгүй хүүхэд рүү ус цацаж, “та нарыг толгой бүтэн амьдрахыг чинь харна аа” гээд хэл амаар доромжилсон гэсэн. Эгч маань бөө учир гал тогооны шүүгээн дээр байсан давс, элсэн чихрийг тарнидаад шидсэн байсан. Тэгээд манайд тарнидаад цацсан зүйлийг хамж аваад эгчийн гэрт буцааж цацсанаас зодоон болсон. Шүүгдэгч Ц.Анхбаяр эгчид гар хүрээгүй. Намайг эгчийг цохих үед “боль” гээд салгаж байсан. Эрт дээр үеэс бөөгийн хараалыг цус гаргаж тайлдаг гэлцдэг учир би хохирогчийн хамар луу нь 2-3 удаа цохиж цус гаргасан ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Анхбаярын өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө хадам эгч Ж.Бат-Оюун, хүү Б.Эрдэнэбатын хамт манай гэрт ирээд дүү Ж.Баттулгыг асуусан. Би “мэдэхгүй” гэхэд хадам эгч намайг “янхан, гичий минь өөр өөр эцгийн 5 хүүхэд гаргасан байж чи муу миний дүүгийн толгой дээр шээж амьдарсан” гэж хэл амаар доромжилж, надад агсам тавьсан. Би тэр үед хэрүүл маргаан хийгээгүй, хүүхдээ тэврээд сууж байхад хадам эгч намайг үсэдсэн. Тэгээд хадам эгч манай хашааны урд хаалгаар гарахад зөрөөд хойд хаалгаар Ж.Баттулга орж ирээд надаас “юу болсон” талаар асууж мэдээд, гэрт цацсан зүйлийг хамж аваад эгчийнхээ гэрт очиж цацсан. Тэгээд хараалыг арилгах үүднээс Ж.Баттулга эгчийнхээ хамар луу нь 2-3 удаа цохисноос биш хадам эгчид гэмтэл учиртал зодоогүй. Би хадам эгчид гар хүрээгүй. Тухайн үед Б.Эрдэнэбат цагдаа дуудсан. Намайг хадам эгч үсдээд доош нь дарах үед гаднаас 2 цагдаа орж ирсэн. Дуудлагын цагдаа “танай эгч согтуу байна, та хоёр ингэж болохгүй, маргааш учраа ол” гэж хэлээд нөхөр бид хоёрыг явуулсан. ... Би нөхөр Ж.Баттулгатай хамт хадам эгчийгээ зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Бат-Оюуны өгсөн: “... Манайх 10 шарын наадам толгой гэх газарт газрын маргаантай байсан юм. Тухайн өдөр 17-18 цагийн орчим намайг гэртээ байхад газрын хүмүүс таксидаж ирээд авсан. Нисэхийн хороонд айлд очиж газрын асуудлын талаар ярилцахдаа пиво уусан. Тухайн үед би дүү Баттулга руу залгасан. Манай нөхөрт найз нь банкны барьцаанд байсан машинаа түр унаж бай гээд өгсөн юм. Нөхөр согтуугаар унаж яваад цагдаагийн байгууллагад баригдаад асуудал үүсгээд байхаар нь би машины түлхүүрийг 1 сар гаруй нуусан. Ж.Баттулга, Ц.Анхбаяр хоёр “эгч ээ та машинаа хашаан дотроо зүгээр байлгаж байхаар би унаад халтуур хийж, танд өдөрт мөнгө өгч байя” гээд машиныг байнга гуйхаар нь би дүү Ж.Баттулгад итгээд 10 литр бензинтэй машинаа хүлээлгэж өгсөн. Гэтэл Ж.Баттулга 3 сар гаруй хэл сураггүй алга болсон. Дамаа хүний машин учир найз нь машинаа авъя гэж нөхрийг минь дарамталж байсан. Ж.Баттулга руу залгахаар “би сүлжээгүй газарт явж байна, завгүй байна, эргээд залгая” гэж хэлдэг байсан. Сүүлдээ би аргаа бараад машинаа авах гэж Ж.Баттулгын гэрт очсон. Тухайн үед гэртээ Ц.Анхбаяр хүүхдүүдийн хамт зурагтаа үзэж байсан. Намайг гэрт халамцуу ороход Ц.Анхбаяр “пизда минь би танай дүүг хаанаа юугаа хийж янхандаж явааг мэдэхгүй, янхан авгай минь чи хэзээ машинтай байсан юм бэ, машинаа шүүхдээд ав” гэж хэл амаар доромжилсон. Ц.Анхбаярыг хүүхдээ тэврээд орон дээр сууж байхад би хажууд нь суусан. Тэгсэн Ц.Анхбаяр хоолны шүүгээ рүү очиж над руу юм авч цацсан. Би юу цацсаныг нь мэдээгүй. Над руу дахиж ус цацаад “чи гар пизда минь, чи хэзээ машинтай байсан юм бэ, шүүхдээд ав” гэж хэлсэн. Тэгэхэд манай хүү намайг “явъя” гэж хэлээд гэрээс гарсан. Тухайн үед би Баттулгын гэрт хэл ам хийсэн. Намайг согтуу гэртээ унтаж байхад Ж.Баттулга, эхнэрийн хамт ирж намайг зодсон. Манай хүүг жижиг өрөөнөөс гарч ирээд “Тулгаа ах аа юу болоод байгаа юм бэ” гэж хэлэхэд “та нар манай гэрт будаа авч очоод тарнидаж цацдаг хэн бэ, эцгийнхээ толгойг залгисан шоронгийн хадаас” гэж хэл амаар доромжилж, хоолойг нь боосон байсан. Өчигдөр Анхбаяр, Батцэцэг нар согтуу “танай голомтыг шаах гэж ирлээ” гэж хэлээд манай гэрт орж ирэхээр нь би хамтран амьдрагчаасаа ичсэн. Өчигдөр ирэхдээ Батцэцэг нь Ж.Баттулга, Ц.Анхбаяр нар намайг зодсон гэдгийг мэдсэн. Би Ц.Анхбаяраас “би танай гэрт будаа барьж орсон юм уу” гэж асуухад “Баагий эгч ээ та эмэгтэй хүний хор шарыг мэдэх үү, таныг машинаа авна гэхээр чинь би Баттулгад худлаа хэлсэн” гэж тайлбарласан. Би Ц.Анхбаярт “ухаантай хүн уучилж амьдардаг юм” гэж хэлсэн. Өчигдөр Төгөлдөрийн ээж рүү шүүгдэгч нар утасдаж, хэл амаар доромжилсон байсан. Би Төгөлдөрийн ээжээс үнэхээр их ичиж байна. Төгөлдөрийн ээжээс уучлалт гуймаар байна. Манай дүү нар эцэг, эхээ хүндлэхээ больсон, бүгд нийлж архи уудаг. Намайг өргөдөл гаргаснаас хойш Ж.Баттулга дахиж зодсон. Тэр хэрэг нь захиргааны журмаар шийдвэрлэгдсэн. Миний хүүхдийн сэтгэл санааг ямар болгосноо шүүгдэгч нар мэдэхгүй байна. Миний дүү нар учир надад гомдох зүйл байхгүй, мөн нэхэмжлэх зүйлгүй ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй гэрч Б.Эрдэнэбатын өгсөн: “... Ээж бид хоёр Ж.Баттулга ахын гэрт очиход Ц.Анхбаяр эгч хүүхдүүдтэйгээ байсан. Ээж Ж.Баттулга ахыг асуухад Ц.Анхбаяр эгч “мэдэхгүй” гэсэн. Ээж утсаар ярьж байхдаа хараалын үг хэлэхэд Ц.Анхбаяр эгч өөрийг нь хэлсэн гэж ойлгоод ээжтэй маргалдсан. Ц.Анхбаяр эгч ээж рүү цагаан ууттай зүйл цацахад ээжийн өвөр дээр унасан. Ээж өврөө гөвөхөд орон дээр унасан. Би “Ж.Баттулга ах байхгүй юм чинь явъя” гэж хэлээд ээжийг дагуулаад гэр лүүгээ явсан. Би гэртээ хариад ээжийг унтуулаад гарч “Пи-Си” тоглосон. Тэгээд гэрт буцаж ороод ахыгаа хүлээгээд жижиг өрөөндөө байж байхад гаднаас Ж.Баттулга ах, эхнэрийн хамт орж ирээд Ж.Баттулга ах ээжийг цохиж зодохоор нь би “болиоч дээ та яах гээд байгаа юм бэ” гэхэд Ж.Баттулга ах намайг “эцгийнхээ толгойг залгисан шээс минь, чи яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд шидсэн. Тэгээд тухайн үед цагдаа сэргийлэх гэж яваагүй, нэг сарын дараа цагдаа дээр очиход намайг “шүүх эмнэлэгт үзүүл” гэж хэлсэн. Би нэг сар өнгөрсөн юм чинь өвчингүй болсон гээд эмнэлэгт үзүүлээгүй ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Бат-Оюуны 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...эхнэр Ц.Анхбаяр нь над руу ус цацах гээд ирэхээр нь хүү маань явъя гээд гарнаас татаад аваад гарсан тэндээс гараад шууд гэр лүүгээ алхаад гэртээ ирсэн. Тэр үед пиво уучихсан байсан болохоор салхинд гараад манарчихсан юм шиг байна лээ, гэртээ ирээд шууд унтаад өгсөн. Тэгээд унтаж байтал гэнэт хөнжлөөр маань намайг битүү ороогоод дээрээс хүн дэвссэн, тэгэхээр нь “болиоч ээ” гээд орилсон тэр үед хүү Б.Эрдэнэбат жижиг өрөөнөөс орж ирсэн тэгтэл Ж.Баттулга “чи эцгийнхээ толгойг залгисан шоронгийн хадаас минь” гээд хоолойг гараараа боогоод хана руу түлхсэн тэр үед хамарнаас цус гарсан, тэгтэл эхнэр Ц.Анхбаяр нь орж ирээд “наадахыгаа алаач” гээд байсан Ж.Баттулга нь “эцгийнхээ толгойг залгисан шоронгийн гурван хадаас минь үнэн биз дээ” гээд орилоод хүү рүү маань дайраад байхаар нь дундуур нь ороод  салгах гэтэл эхнэр Ц.Анхбаяр нь намайг гараараа үсэдсэн, Ж.Баттулга нүүр рүү маань гараараа мангасдаад түлхээд газар унагасан, тэр үед би эхнэрийнх нь үснээс зөрүүлээд зулгаатал Ж.Баттулга намайг татаж аваад дахин газар унагаад дээрээс хөлөөрөө гэдэс болон баруун талын хөл рүү дэвссэн, энэ үед эхнэр Ц.Анхбаяр нь миний биеийн бүх хэсэг рүү өшиглөсөн, тэр үед Ж.Баттулга эхнэрийгээ хориод “боль” гэхэд “наадахыгаа гүйцээчих, наад хэдийгээ зайлуулаад байраа аваач, гурван хүүхдийг нь асрамжийн газарт өгөөд байраа ав гэж хэлээ биз дээ” гээд орилоод байсан, тэр үед хүүхэд маань гарч гүйгээд цагдаа дуудсан юм. ...бага хүү Б.Эрдэнэбат байсан зодуулсны дараахан нөхөр Соронзонболд, хүү Б.Эрдэнэ, түүний найз Зориг нь байсан. Мөн орцны нэг давхарын Андууш гэдэг хүн цагдаад дуудлага өгсөн байсан. ..”Би гомдолтой байна. Би Ж.Баттулгаас 3.000.000 төгрөг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр тал/,

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “... тийм ээ бүлэглэж зодсон. Би яг хэн нь цохиод надад гэмтэл учруулсанг ялгаж хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан намайг бүлэглэж хоёулаа зодсон. Үүнийг хүү Б.Эрдэнэбат нь харсан байгаа. Би хүн гүтгэхгүй үнэн болсон асуудлыг л хэлж байна. Би гомдолтой байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 86 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Эрдэнийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “...Би 2017 оны 06 дугаар сарын 23-ны орой найзуудтайгаа гадуур явж байгаад орой 02 цагийн үед гэртээ орчихоод ирье гэж хэлээд  гэртээ орж иртэл дүү Б.Эрдэнэбат уйлчихсан сууж байсан. Ээж Ж.Бат-Оюун нь орон дээрээ хэвтэж байсан зүүн талын нүд орчмоор нь хавдаад хөхөрчихсөн хацар нь хавдсан байдалтай хамар амнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд юу болсон талаар асуухад дүү маань ээжтэйгээ унтаж байтал шөнө хаалга нүдээд байхаар нь очоод хартал Ж.Баттулга ах эхнэртэйгээ хамт орж ирээд ээжийг толгой дээгүүрээ хөнжилөө нөмрөөд унтаж байхад нь өшиглөж зодсон гэсэн тэгэхээр нь юунаас болоод зодож байгааг асуухад машины асуудлаас болоод зодсон гэж ярьсан эхнэр Ц.Анхбаяр нь хэрүүлийг эхлүүлсэн юм билээ. Ж.Баттулга ах эхлээд өшиглөөд зодсон гэсэн. Тэгээд Ц.Анхбаяр эгч бас үснээс нь зулгаагаад зодсон гэсэн. Ээжийн биед Ж.Баттулга ах, Ц.Анхбаяр эгч хоёр хоёулаа нийлж зодож гэмтэл учруулсан юм билээ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.Эрдэнэбатын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “... Би тэр өдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ээж Ж.Бат-Оюун над руу утсаар яриад “намайг Нисэхийн хорооноос ирээд авчих” гэхээр нь очсон, орой 22 цагийн үед очиж аваад тэндээс Ж.Баттулга ахынх руу явна гээд тэднийд очсон, тэднийд очиход Ж.Баттулга ах байхгүй эхнэр нь Анхаа эгч байсан. Тэгээд Ж.Баттулга ахыг асуухад “үүрээр гараад үдшээр орж ирдэг, танай янхан дүүг яаж мэддэг юм бэ” гэж хэлсэн. Тэгээд ээж “чи яагаад байгаа юм бэ” гэхээр нь “хүүхдүүд нь унтаж байна явъя” гэхэд ээж “хэдэн минут хүлээгээд байя” гэтэл Анхаа эгч ээж рүү ус цацаж элдвээр хэлж доромжилсон. Тэгээд би ээжийгээ аваад гэртээ ирээд ээж том өрөөнд унтаж байсан би жижиг өрөөнд ахыгаа хүлээгээд хэвтэж байтал хаалга тогшсон, тэгээд онгойлготол Ж.Баттулга ах, Ц.Анхаа эгч хоёр орж ирсэн, тэгээд том өрөө рүү орсон би жижиг өрөөнд ороод байж байтал гэнэт пид пад гээд явчихсан, тэгэхээр нь ороод хартал ээжийн толгой дээр Ж.Баттулга ах хөлөөрөө дэвсэж байсан, Анхаа эгч хажууд нь үснээс нь зулгаачихсан байж байхаар нь “та чинь яагаад байгаа юм бэ, хар шөнөөр орж ирчихээд” гэхэд Ж.Баттулга ах “эцгийнхээ толгойг залгисан гурван шээс чинь юу гээд хуцаад байгаа юм бэ” гээд над руу ирээд намайг гараараа хоолойг боогоод хана руу шахсан, тэр үед ээж маань босож ирээд “чи боль” гэж хэлтэл “байр суллаж өг” гээд ээжийг маань зодож эхэлсэн. Үснээс нь зулгаагаад толгойгоор нь газар мөргүүлээд өшиглөж цохиж зодсон. Тэр үед би гарч зугтаагаад цагдаа дуудсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,

2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: “... эхнэр Ц.Анхбаяртай нийлж зодсон юм. Ж.Баттулга ах ээжийг үсдээд чирээд өшиглөж зодож байсан. Ц.Анхбаяр эгч үсдээд газар унагаад хана мөргүүлж гараараа цохиж зодож байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08шэ/334 тоот:

1. Ж.Бат-Оюуны

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад яллагдагч Ж.Баттулгын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “... над руу дайрч давшилахаар нь “зайл чиний асгасан юм чинь” гээд хамар луу нь гараараа 2-3 удаа цохьсон. Тэгээд гарах гэтэл хойноос зууралдаад маажих гэж дайраад байхаар нь түлхэж унгачихаад гараад явсан. ... Миний хувьд цоо эрүүл байсан, манай эхнэр Анхбаяр ч цоо эрүүл байсан. Манай эгч Ж.Бат-Оюун өөрөө нэлээн согтуу байх шиг байсан. ... Ж.Бат-Оюуны биед гэмтэл учирсныг хүлээн зөвшөөрнө. Харин би өөр газар гуя, мөр, баруун шагай руу огт цохиогүй, өөрөө унаж тусаад л гэмтээгүй юм бол  ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад яллагдагч Ц.Анхбаярын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “... манай нөхөр орж ирээд болсон байдлыг ойлгоод эгчийгээ очиж 2-3 удаа нүүр лүү нь гараа атгаж зодсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 95 дугаар тал/,

           Ж.Баттулгын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-37 дугаар тал/,

           Ц.Анхбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 102 дугаар тал/,

           Ц.Анхбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103 дугаар тал/,

        Ж.Баттулгын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 30, 33-35, 41-47, 52-57, 104-106, 110 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ж.Баттулга, Ц.Анхбаяр нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол ...” гэж заасан бөгөөд уг зүйлчлэлд бүлэглэсэн үйлдэл нь багтаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлах үндэслэлгүй гэж үзэв.

Харин тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлтдээ шүүгдэгч нарт тус бүр 241 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтайгаар шүүхэд ирүүлсэн боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч нар нь “удахгүй тогтсон ажил хөдөлмөр эрхлэх гэж байгаа тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхэд хүндрэлтэй байна. Иймд торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч,   

шүүгдэгч Ж.Баттулга, Ц.Анхбаяр нар бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгч нарын хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан ял оногдуулж,

улмаар одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа боловч торгох ялыг биелүүлэхээ илэрхийлсэн бөгөөд тэдний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Ж.Бат-Оюун “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 6, 7, 8, 9, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Жамбалын Баттулга, Боржигин овогт Цэцгээгийн Анхбаяр нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Жамбалын Баттулга, Цэцгээгийн Анхбаяр нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Баттулга, Ц.Анхбаяр нарт тус бүр оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Баттулга, Ц.Анхбаяр нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ж.Баттулга, Ц.Анхбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Ж.Бат-Оюун “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Баттулга, Ц.Анхбаяр нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЛУВСАНДОРЖ